| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 184/2019/00683/И |
| Дугаар | 184/ШШ2019/01327 |
| Огноо | 2019-05-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 184/ШШ2019/01327
| 2019 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 184/ШШ2019/01327 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааыг шүүгч Л.Оюунцэцэг даргалж, шүүгч Т.Батсүх, Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УБ хот, СБД, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, ш т 00 а байр, 00 тоот хаягт оршин суух Б овогт Н-ийн З /регистрийн дугаар: ЧБ00000000/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ хот, СХД, 00 дүгээр хороо, м-ийн гудамж, 00 байр, 000 тоот хаягт оршин суух Ж овогт Д-н Х /АА00000000/-д холбогдох
Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөнөөс учруулсан хохирол 21 870 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:
Би Н.З-гийн төрсөн эгч нь, дүү маань 1993 оноос хойш одоог хүртэл гадаадад амьдарч байна. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хоро, Баянцагааны 8 дугаар гудамж, 8 тоот хашаа байшинг эцэг эх маань 1983 онд хятад иргэнээс худалдан аваад нас барах хүртлээ амьдарсан юм. Хашаа байшин эзэнгүй үлдээд ******* эмээгээр харуулж байсан. Би эмээд хоол ундыг зөөж байнга эргэж байдаг байсан. 2003 оны 1 сарын 17-нд ******* ******* эмээгээс дээрх хашаа байшинг худалдах, худалдан авах гэрээг байгуулсныг нотариатч Д.Х нотариатын үйлдэл хийхдээ “тухайн эд хөрөнгө зохих байгууллагад бүртгэгдсэн тухай бүртгэлд иргэний үнэмлэх, бичиг баримтыг шалгана“ гэсэн заалтыг зөрчсөн. Энэ талаар ...Нотариатын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн 2013.4.08-ны өдрийн №1 дугаартай шийдвэрээр тогтоогдсон. Үүнээс болж Н.З хашаа байшин эд хөрөнгөөр хохирсон. 10 гаруй жил шүүхээр хөөцөлдөөд өмч хөрөнгийг биет байдлаар авах боломжгүй болсон. Иймд учирсан хохирол болох 3 тал хашаа, хашаан дотор байсан өвлийн 3 өрөө сууцны хохиролд 20 000 000 сая төгрөг, хариуцагчийг эрэн суравлжлахад тушаасан тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 800 000 төгрөгийг нийт 21 870 200 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм. Н.З-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрт хамааралгүй асуудлаар олон удаа иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байдаг. 2003 оны 1 сарын 17-нд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ нь *******, ******* нарын хооронд байгуулагдсан байдаг. Үүнийг гэрчлэхдээ тухайн хүмүүсийн өрхийн бүртгэлийг үндэслэн гэрчилсэн юм. Энэ гэрээг 2016 оны 04 сарын 27-нд шүүхээр шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Н.З дээрх гэрээнд ямар ч хамааралгүй, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 8 дугаар гудамж 8 тоот хашаа байшинг Н.З өмчлөх эрхгүй бөгөөд өмчлөгч биш гэж тогтоосон байдаг. Надад нотариатын хууль бус үйлдлээс болж хариуцлага тооцсон асуудал байхгүй. 2013 оны 4 сарын 08-ны өдрийн №1 тоот “Монголын нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн шийдвэр” гэсэн нь өөрөө үндэслэлгүй гарсан. Нотариатчдын танхимын “шийдвэр” гэсэн нэртэй эрхийн акт гаргадаггүй юм. Хэрэв сахилгын шийтгэл ногдуулсан бол эрхийн акт нь өөр нэрээр гардаг юм. Би тухайн үед гомдол гаргаагүй нь миний алдаа болсон байна. Олон жил үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаа юм. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.З-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д нь хариуцагч Д.Х-д холбогдуулан иргэн *******, ******* нарын хооронд 2003 оны 1 сарын 17-нд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг гэрчлэхдээ нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөнөөс учруулсан хохирол гэж 3 тал хашаа, хашаан дотор байсан өвлийн 3 өрөө сууцны үнэ 20 000 000 сая төгрөг, хариуцагчийг эрэн суравлжлахад тушаасан тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 800 000 төгрөгийг нийт 21 870 200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Д.Х нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй *******, ******* нарын хооронд 2003 оны 1 сарын 17-нд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг гэрчилсэн болохоос Н.З гэдэг хүнтэй холбоотой гэрээг гэрчлээгүй. Тухайн гэрээнд үл хөдлөх хөрөнгийг Н.З эзэмшиж байсан тухай нотлох баримт байгаагүй, ийм нэр ч байхгүй байсан. Хохирол хариуцах үндэсгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй Монголын нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн 2013 оны 4 сарын 08-ны №1 тоот “шийдвэр” гэх баримтаас үзэхэд: ... хариуцагчийг нотариатын үйлдлийг хууль бус хийсэн гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан байдал тогтоогдохгүй байна. Харин “сахилгын хэрэг үүсгэх үндэслэлгүй“ гэж дурджээ./хх 17-18/
Нотариатын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3, 54 дүгээр зүйлийн 54.1-54.5 дахь хэсгүүдэд нотариатчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн нотариатчид сахилгын шийтгэл ногдуулах, сахилгын зөвлөл нотариатчийн гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан сануулах арга хэмжээ авах, зөрчил гаргасан бол холбогдох төрийн захиргааны байгууллага сахилгын шийтгэл ногдуулахаар заажээ.
Нотариатчийн үйлдэл хууль бус байсныг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй, мөн маргаж буй газар, хашаа, байшинг нэхэмжлэгч Н.З өмчилж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй тул *******, ******* нарын хооронд 2003 оны 1 сарын 17-нд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлээс нэхэмжлэгчид 21 870 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өөрт учирсан хохирлоо тооцохдоо ямар аргачлал, жишиг үнэлгээг баримтлан тодорхойлсон болохоо нотлоогүй ба холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Н.З нь дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас хохирол гаргуулахаар шаардах эрхгүй юм.
Учир нь гэм хорыг хариуцах үүрэг үүсэхийн тулд хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан байхаас гадна гэм буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоо тогтоогдох учиртай. Гэтэл *******, ******* нарын хоооронд 2003 оны 01 сарын 17-нд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын ямар гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид 21 870 000 төгрөгийн хохирол учирсан нь тодорхойгүй, эдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс хэрэгт ирүүлсэн /хх 17-47 дахь талд авагдсан баримтууд нь хэрэгт хамааралгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлагад нийцээгүй байх тул ач холбогдолгүй гэж үнэлэв. Мөн хавтаст хэргийн 48-81 дахь талд шат шатны шүүхүүдийн шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэрүүд ирүүлсэн болохыг дурдав.
Иргэдийн төлөөлөгч *******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, зохигчид нь шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэх талаар хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасныг баримтлан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8, 115 дугаар зүйл, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Х-гээс хохирол 21 870 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 301 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж илүү тушаасан 12 699 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Т.БАТСҮХ
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН