Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 33

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                              Д.Сүрэнхор

         Шүүгдэгч                                               Г.Г

         Шүүгдэгч нарын өмгөөлөгч                 С.Батмөнх-Очир, Д.Оюунчимэг

         Нарийн бичгийн дарга                         Н.Эрдэнэбулган нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/141 дугаар шийтгэх тогтоолтой Г.Г, Г.Г нарт холбогдох 1825005960394 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Г, шүүгдэгч Г.Г-н өмгөөлөгч С.Батмөнх-Очир нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Г.Г,

Монгол улсын иргэн, Г.Г.

Г.Г, Г.Г нар бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 31-ний шөнө Т.А.н Байшингийн цоожийг эвдлэн нэвтэрч Монел маркийн зурагт зургийн аппарат, 2 ширхэг гар утас, эмэгтэй хүрэм, монетон ээмэг, гинж мөнгөн ээмэг, гинж зэрэг эд хөрөнгө хулгайлж 2.390.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/141 дугаар шийтгэх тогтоолоор:

 Г.Г, Г.Г нар бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 пдэх хэсэгт заасныг журамланмөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг  хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,   

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Г, Г.Г нарыг 3 /гурав/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

 Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Г, Г.Г нарт оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлж, 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Г 155, Г.Г 93 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

 Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, Орхон аймгийн Жаргалант сумын засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/118 дугаартай захирамж хүчинтэй болохыг тус тус дурьдаж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг оптеркаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Өсөхбаярт даалгаж,

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Г, Г.Г нараас 732360 төгрөгийг гаргуулж, Т.А-д олгож,     

 Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Г, Г.Г урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэн,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч , хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Г давж заалдах гомдолдоо: “...Би тэр айлд дүү Г.н хамт орсон нь үнэн. Дөнгөж ороод байж байхад гаднаас хүн ороод ирэхээр нь зугтаачихсан юм. Би юу ч аваагүй, авах гэж байсан зүйлүүдээ зугатаахдаа хаясан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тэр айлаас юу ч аваагүй, зугатаасан учраас хэрэг гэж үзэхгүй байх гэж бодоод хэргээ хүлээхгүй яваад байсан. Аав маань тархинд нь цус харваад хэвтэрт байдаг, би өөрөө бичиг үсэг мэдэхгүй ажил олддоггүй. Аавдаа, охиндоо нэмэр болж чадахгүй явдагтаа их гутардаг. Тэгээд хоёул хоёулаа шоронд орж байхаар нь нэг ч гэсэн үлдэх юмсан гээд худал ярьсаар ирсэн. Харин тэр ээмэг, бөгжийг аваагүй. Хохирогчийн гэр, орон бүх авдар савыг үзэж нэгжээгүй. Би хулгай хийх гэж байгаад баригдсандаа нэг талаар баярлаж, нөгөө талаар өөртөө гомдож гутарч байна. Ээж маань савны хорт хавдраар нас барж, аав минь цус харваж хэвтэрт орсон. Нялх бага охиноо өөрөө өсгөнө гэж авчихаад эгчдээ даатгаж хаясан гэж бүх зүйлийг бодож өөртөө буруу өгч байна. Иймд надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Г.Г.н өмгөөлөгч С.Батмөнх-Очир давж заалдах гомдолдоо: Г.Г, Г.Г нар нь бүлэглэн иргэн Т.А.-н гэрээс 2390800 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлахыг завдсан гэх хэрэгт холбогдсон ба Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэдэнд холбогдох хэргийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаараа хянан хэлэлцээд 2019/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Г.Г, Г.Г нарыг тус бүр 3 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэснийг шүүгдэгч Г.Г.н өмгөөлөгч миний бие эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: Г.Г нь хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа ба хохирогч Т.А-д учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний урьд хулгайн гэмт хэрэгт 2 удаа шийтгүүлсэн ба 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар суллагдаж байсан нь тухайн үеийн Эрүүгийн хуулийн ялтай байдал нь арилсан. Одоо хэрэгжиж байгаа Эрүүгийн хуулиар анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж тооцож үзэхээр байгааг харгалзан үзээд түүнд түүнд хорих оногдуулахгүй тэнсэх боломжтой байна, Мөн Г.Г нь энэ гэмт хэрэгт холбогдох хүртлээ ажил хийж, шинэ гэр бүл болж бусдын жишгээр амьдрахаар зүтгэсэн, одоо бага насны 2 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзээд ял шийтгэлийг нь хөнгөрүүлэх боломжтой байна. Иймд дээр дурьдсан нөхцөл байдлуудыг буюу гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын хэр хэмжээ, түүнийгээ нөхөн төлөхөө илэрхийлсэн болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ар гэрийн байдал зэргийг нь харгалзан үзээд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Сүрэнхор дүгнэлтэндээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г Г.Г, Г.Г нарын өмгөөлөгч С.Батмөх-Очир, шүүгдэгч Г.Г нарын давж заалдах гомдлыг үндэслэн Г.Г, Г.Г нарт  холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзэв.

Шүүгдэгч Г.Г, Г.Г нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 31-ний шөнө Т.А.н Байшингийн цоожийг эвдлэн нэвтэрч Монел маркийн зурагт зургийн аппарат, 2 ширхэг гар утас, эмэгтэй хүрэм, монетон ээмэг, гинж мөнгөн ээмэг, гинж зэрэг эд хөрөнгө хулгайлахыг завдаж 2.390.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Т.А болон гэрч Г.Н , С.Н  нарын мэдүүлэг, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч  Г.Г, Г.Г нарт үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, тэдний хувийн байдалд тохирсон ял шийтгэлийг оногдуулжээ.

 Иймд шүүгдэгч Г.Г, шүүгдэгч Г.Г.н өмгөөлөгч С.Батмөнх-Очир нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 141 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ХҮРЭЛБААТАР                                   

                                                 ШҮҮГЧ                                   С.ЦЭЦЭГМАА                                                                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ё.БЯМБАЦЭРЭН