| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/0963/З |
| Дугаар | 221/МА2025/0045 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Газар, Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2025/0045
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, О.С,
Нэхэмжлэгч: “Г” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Гуравдагч этгээд: "Ц э э к" ХХК
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0814 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.У нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2023/0963/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0814 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Г” ХХК-аас /хуучин/ гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай А/79 тоот тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 сарын 23-ны өдрийн А/605 дугаар тушаалын “Ц э э к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, О.С нараас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
2.1. ... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар "Г" ХХК-ийн газар ашиглах, эрхийг цуцалж шийдвэрлэсэн бөгөөд уг захиргааны акт нь дараах хуулийн шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүхээс үндэслэл бүхий гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална", "4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", "4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах", 24 дүгээр зүйлийн 24.1-т "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж тус тус заасны дагуу захиргаанаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах, ялангуяа сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргах тохиолдолд уг этгээдэд захиргааны холбогдох үйл ажиллагааны талаар урьдчилан мэдэгдэж, шалтгаан нөхцөлийг тодруулж, нөхцөл байдлыг тогтоосны эцэст шийдвэр гаргах ёстой байтал дээрх хуулийн зохицуулалтуудыг хэрэглэхгүйгээр хууль зөрчиж маргаан бүхий захиргааны актыг гаргасан.
Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу шийдвэр гаргахаас өмнө буюу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцлахаас өмнө нэхэмжлэгчид мэдэгдээгүй, түүнээс газрыг хэрхэн ашигласан талаар асууж, тайлбар гаргах эрхээр хангаагүй зэрэг хуулийн заалтыг зөрчиж гаргасан бөгөөд хариуцагчаас "газар эзэмших эрхийг хүчингүй болгох" мэдэгдсэн гэж тайлбарлан анхан шатны шүүхээс 2 удаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн хэдий ч уг захирамжууд хүчингүй болж, захиргааны байгууллагуудаас ирүүлсэн нотлох баримтуудад мэдэгдлийг хэзээ гардуулсан тухай баримт байх тул Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж гаргасан захиргааны акт гэж үзэхээр байна Анхан шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.4, 4.5, 4.6 дахь хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу газар эзэмшиж ирсэн бөгөөд Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаа, Баянзүрх дүүргийн Засаг даргатай Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байхад Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж гаргасан маргаан бүхий 2021 оны А/79 дүгээр тушаалыг төрийн бодлого, хууль тогтоомжийг буруу хэрэгжүүлсэн зөрчлөө арилгасан нь хариуцагчийг зөвтгөх үндэслэл гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2.2. Учир нь, уг маргаан бүхий тушаалын үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дэх хэсэгт заасныг үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон гэж тусгасан бөгөөд тушаалын үндэслэх хэсэгт төрийн бодлого, хууль тогтоомжийг буруу хэрэгжүүлсэн зөрчлөө арилгасан тул газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэлээ гэсэн утга агуулга байхгүй байхад анхан шатны шүүхээс зөрчлөө арилгасан хариуцагчийг зөвтгөх үндэслэл болно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй Анхан шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.8-4.13 дахь хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан үндэслэл байхгүй байхад газрын төлбөрөө бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №4201900** дугаар Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар газрын төлбөрийн үлдэгдэлгүй болохыг талууд баталгаажуулсан байхад анхан шатны шүүхээс маргаан бүхий тушаал гарах хүртэл хугацааны буюу 2020. 2021 актыг мэдсэн 2022, 2023 он хүртэлх хугацааны газрын төлбөрийг огт төлөөгүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Төрийн захиргааны байгууллагаас газар ашиглах шийдвэр гарсны дараа газар ашиглах гурвалсан гэрээг байгуулж, газрын төлбөрийг тухай бүр бүрэн төлж барагдуулан, тооцоо нийлсэн актаар баталгаажуулан, газрын ашиглах эрхээ сунгуулахаар хүсэлт гарган ажиллаж байхад анхан шатны шүүхээс дээрх онуудад төлбөрийг төлөх ёстой байсан гэсэн үндэслэлээр маргаан бүхий тушаалыг үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь буруу байна.
Тодруулбал, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасан "газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэг хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ бүхий газар эзэмшигч, ашиглагчид хамааралтай бөгөөд газар ашиглах эрх сунгуулах хүсэлт шийдвэрлэгдэж, талууд гурвалсан гэрээ байгуулсны дараа газрын төлбөр төлөх үүpэг хэрэгжих ёстой байтал маргаан бүхий актыг мэдэх хүртлээ газраа ашиглаж байсан болохоо илэрхийлж буй тохиолдолд энэ хугацааны газрын төлбөрөө төлөх ёстой" гэж дүгнэсэн нь дээрх хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна.
2.3. Анхан шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.14-4.15 дахь хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар ашиглагч нь газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй бол түүний газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай бөгөөд эрх бүхий этгээд хуулийн энэ үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд "хүндэтгэн үзэх шалтгаангүй" нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоосон байх шаардлагатай. Гэтэл захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй, нэхэмжлэгчийн нөхцөл байдлыг бодитоор үнэлээгүй. Манай компанийн зүгээс Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан, Инженер-геологийн судалгааны ажил, Барилга архитектурын зураг төсөл боловсруулах гэрээг бусад хуулийн этгээдээр гүйцэтгүүлэн ажиллаж байсан. Түүнчлэн, төсөл хэрэгжихээс өмнө Монгол оронд байгаа ховор амьтны, шувууны зургийг Олон улсын Н ж сэтгүүлд нийтлүүлэхэд зориулан Олон улсын шувуу судлаачид, зураглаачдыг түр отоглох байдлаар газрыг ашиглаж байсан.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг тухайн хуульд заасан зориулалтаар газар эзэмшигчийн хувьд хэрхэн ойлгох талаар тайлбарласан Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар "Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолыг шууд хэрэглэх үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн уг зохицуулалтыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 273, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 115, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар тогтоолуудаар тайлбарласан байх бөгөөд байгаль орчинд нөлөөлөх ерөнхий, нарийвчилсан үнэлгээ хийлгэж, архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг батлуулах зэргээр тодорхой бичиг баримт бүрдүүлэх ажиллагаа хийгдэж байсан зэргийг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулах агуулгаар тодорхойлсон байдаг бөгөөд манай компанийн зүгээс гүний худаг гаргасан, хашаалсан зэрэг ажлуудыг мөн хийж гүйцэтгэсэн байсан нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон байдаг.
2.4. Дээрх хуульд зааснаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргахаас өмнө захиргааны байгууллага "хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг нягталж шалгах үүрэгтэй, энэ үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн зүгээс тодорхой бичиг баримт бүрдүүлэх ажиллагаа хийгдэж байсан нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байхад маргаан бүхий 2021 оны А/79 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь дээрх үндэслэлүүдээр няцаагдаж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.14 дахь хэсэгт... нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дүгээр тушаалын нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэсэн нь утга агуулгын хувьд зөрүүтэй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
2.5. Түүнчлэн, газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй гэсэн дүгнэлтүүд бодит байдалд нийцээгүй, энэ талаарх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40 1.6-д заасан үндэслэл бүрдээгүй тохиолдолд тушаал гаргаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын зөрчсөн, маргаан бүхий тушаал гарахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлага хангаагүй гарсан байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй байна. Маргаан бүхий тушаалаар газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэрийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Учир нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн "Санал хүргүүлэх тухай" №569 дүгээр албан бичиг, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн "Санал хүргүүлэх тухай" № 173 дугаар албан бичиг, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн "Санал хүргүүлэх тухай" №488, №489 дүгээр албан бичгүүдээр газар ашиглах эрхийг сунгасан гэсэн итгэл, үнэмшлийг төрүүлэн дэмжсэн албан бичгүүдийг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байсан.
2.6. Анхан шатны шүүхээс маргаан бүхий акт гарахдаа хуулийн шаардлага хангасан эсэх буюу "мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй" тухай дүгнээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт "захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцлахаас өмнө нэхэмжлэгчид мэдэгдээгүй, түүнээс газрыг хэрхэн ашигласан талаар асууж, тайлбар гаргах эрхээр хангаагүй, хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
2.7. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан бөгөөд эрх бүхий этгээд хуулийн энэ үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд “хүндэтгэн үзэх шалтгаангүй” нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоосон байх хуулийн шаардлагатай ба “хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг” нягтлан шалгаж, Захиргааны Ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0814 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул дараах байдлаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд,
2.1. Нэхэмжлэгч “Г” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай А/79 тоот тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн сайдын 2023 оны 12 сарын 23-ны өдрийн А/605 дугаар тушаалын “Ц э э к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.2. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай” А/79 тоот тушаалаар “...гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй, ...газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, мөн сайдын 2022 оны 12 сарын 23-ны өдрийн А/605 дугаар тушаалаар “Ц э э к” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын төр хурахын аманд 2 га талбайг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэсэн зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгож шийдвэрлэжээ.
2.3. Нэхэмжлэгчээс “...газар ашиглах эрхийг сунгуулах, мөн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг дэмжиж өгнө үү гэсэн хоёр хүсэлт илгээсэн бөгөөд байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг дэмжиж, газар ашиглах эрхийн хугацааг сунгах хүсэлтийг орхигдуулсан хариу ирүүлсэн, ...бид газрын төлбөрийг бүрэн төлсөн, ...уг төслийг хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, зураг төслийг боловсруулсан, маргаан бүхий тушаалыг гаргахдаа ...сонсох, мэдэгдэх ажиллагааг хийгээгүй” гэж, хариуцагчаас “...2019 онд газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтээ Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргаагүй, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр сунгуулах хүсэлтээ ирүүлж байгаа нь үндэслэлгүй, ...2022 оны А/605-ын тушаалаар гуравдагч этгээдэд газар ашиглах эрхийг олгох хүртэл нэхэмжлэгч тухайн газар дээр ямар нэг бүтээн байгуулалт, газар ашиглах ажил хийгдээгүй, ...2020, 2021 оны газрын төлбөрийг төлөөгүй” гэж, гуравдагч этгээдээс “...газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй, ...маргаад шүүхэд нэхэмжлэл гаргаад явсан бол бусдад олгохгүй байх хууль эрх зүйн зохицуулалттай, ...шүүхийн маргаантай газрыг бид аваагүй, манай компанид 3 жилийн дараа газар ашиглах эрх олгосон, ...тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахтай холбоотой бусад компаниудтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан бараа, материалаа татаж байгаа, мөн 2023, 2024 оны газрын төлбөрийг бүрэн төлсөн, иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчилнэ” гэж тус тус тайлбарлан маргасан.
2.4. Нэхэмжлэгч “Г” ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А-414 дүгээр тушаалыг үндэслэж, Богдхан уулын дархан цаазат газрын Т аманд 2.0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийн гэрчилгээг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр олгож, улмаар 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын захиргааны дарга нартай “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2015/094 тоот гэрээг байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болохоор байна.
3. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно” гээд 39 дүгээр зүйлийн 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол” гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно” гээд, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр” гэж тус тус зохицуулжээ.
3.1. Нэхэмжлэгчээс “...2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 08 тоот албан бичиг, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 19/20 тоот албан бичгүүдээр газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг гаргасан, ... 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн "Санал хүргүүлэх тухай" №488, №489 дүгээр албан бичгүүдээр газар ашиглах эрхийг сунгасан гэсэн итгэл, үнэмшлийг төрүүлж байсан” гэж тайлбарлан маргаж байх хэдий ч газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаагүй хариуцагчийн эс үйлдэхүйтэй маргаагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй байна. Иймд анхан шатны шүүх “...энэ талаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй тул ...дүгнэлт өгч, шийдвэр гаргаагүй” гэх дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчимд нийцсэн байна.
4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийн тухайд:
Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно”, 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”, 4-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ” гэж тус тус заасан бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4-т Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн ... 40.1.5 ...-д заасан үндэслэлээр хүчингүй болгохоор, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заасан.
4.1. Анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч компанийн зүгээс ...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08/5020 албан бичгээр ...газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгон шийдвэрлэсэн болохыг мэдсэн, энэ хугацаанд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх байдлаар газраа зориулалтын дагуу ашиглаж байсан хэмээн өөрийн үйл ажиллагааг зөвтгөн маргаж байгаа атлаа дээрх маргаан бүхий тушаал гарах хүртэл хугацааны буюу 2020, 2021 оны газар ашигласны төлбөр, цаашлаад мөн актыг мэдсэн 2022, 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны газрын төлбөрийг огт төлөөгүй, төлөөгүй болохоо ч хүлээн зөвшөөрсөн, ...хуульд заасан төлбөрийг төлөөгүй шалтгааныг дэлхий нийтийг хамарсан Коронавирусын цар тахал гарсантай холбон тайлбарласан боловч энэ хугацаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох тухай нотлох баримтыг ирүүлээгүй” гэж дүгнэсэн нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.
4.2. Тодруулбал, нэхэмжлэгч нь маргаан бүхий акт гарах үед газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй байсан, мөн ашиглах эрхийг хүчингүй болгосноос хойших хугацаанд ч гэсэн төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбар зэргээр нэгэнт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...маргаан бүхий 2021 оны А/79 тоот тушаалаар газар ашиглах эрхийг цуцалсан болохыг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08/5020 албан бичгээр мэдсэн, ...энэ хугацаанд газрын ашиглах эрхээ сунгуулахаар хүсэлт гарган ажиллаж байсан” хэмээн тайлбарлан маргаж буй үндэслэл нь газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс газар ашиглах эрхийг цуцалсан захиргааны актын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх нөхцөл болохгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасан "газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэг хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ бүхий газар эзэмшигч, ашиглагчид хамааралтай бөгөөд газар ашиглах эрх сунгуулах хүсэлт шийдвэрлэгдэж, талууд гурвалсан гэрээ байгуулсны дараа газрын төлбөр төлөх үүpэг хэрэгжих ёстой” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн тухайд:
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно:” гээд 1/-д “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр;”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан ба уг зохицуулалтыг агуулгаар нь тайлбарлавал газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан хоёр жил байх, ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх урьдчилсан нөхцөлүүдийг хууль тогтоогчоос заасан тул эдгээр нь нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдэнэ.
Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно хэмээн тайлбарласан.
5.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А-414 дүгээр тушаалаар маргаан бүхий газрыг ашиглах эрхтэй болсноос хойш тухайн газрыг зориулалтын дагуу ашигласан, эсхүл тийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
5.2. Гэтэл анхан шатны шүүхээс “...газраа хашаалсан, газар дээр байх монгол гэрийг Монгол оронд байгаа ховор амьтны, шувууны зургийг “Н ж” дээр нийтлэх зэрэг асуудлуудаар гэрээ байгуулан шувуу ажиглах зураглаачдыг түр отоглох байдлаар ашиглаж байсан, ...байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголын тайлангийн ажил хийж гүйцэтгэсэн ..."хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэсэн хэрнээ ...дээрх үндэслэл бүхий дүгнэлт болон нэхэмжлэгчийн тайлбарлаж буй үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай А/79 тоот тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
5.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, ...-/ыг/ хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчээс захиргааны хэргийн шүүхэд хандаж хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны акт нь хууль зөрчсөн байхын зэрэгцээ түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан бол шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгох боломжтой.
5.4 Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, ...газраа хашаалсан, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголын тайлангийн ажил хийж гүйцэтгэсэн..” зэрэг үйл баримтууд нь “газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх хуулийн урьдчилсан нөхцөлийг үгүйсгэж газрыг зориулалтын дагуу ашигласан гэх үндэслэл болохгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгчийн зүгээс тодорхой бичиг баримт бүрдүүлэх ажиллагаа хийгдэж байсан нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байхад маргаан бүхий 2021 оны А/79 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.
6. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт "захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж, 27 дугаар зүйлийн 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ, 27.2.1-т “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах;” 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж тус тус заасан.
6.1. Хариуцагч захиргааны байгууллагаас 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10/7510 дугаартай сонсох ажиллагааны мэдэгдлийг “Г” ХХК-д шуудангаар хүргүүлсэн боловч “дугаар нь өөр хүнийх” гэх шалтгаанаар буцаагдсан байх бөгөөд “...БГД, 17-р хороо, 1-1* тоот, 919163**” гэх хаяг, дугаар нь “Г” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх бүртгэлтэй хаяг, дугаар болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан тус компанийн улсын бүртгэлийн 90110440** дугаар гэрчилгээгээр тогтоогдож байх төдийгүй Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/1546 тоот албан бичигт “...нэхэмжлэгч нь хаяг, тоот өөрчлөгдсөн талаарх мэдэгдлийг эрх бүхий захиргааны байгууллагад ирүүлж байгаагүй” гэснийг нэхэмжлэгчээс үгүйсгэж маргаагүйгээс үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн хаяг өөрчлөгдсөн тохиолдолд төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хариуцагч захиргааны байгууллага сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж шууд буруутгах үндэслэлгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0814 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН