Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 125

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Т.Жаргалсайхан,

шүүгдэгч Д.Лхагвасүрэн, түүний өмгөөлөгч Л.Бурмаа /ҮД: 0475/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Олхонууд овогт Доржпаламын Лхагвасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626031162 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөдөө аж ахуй их сургуулийн газар зохион байгуулалт инженерийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 7, аав, ах, эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 20 дугаар гудамжны 685 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Олхонууд овогт Доржпаламын Лхагвасүрэн /РД: УЗ91052211/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагийн хуучин эцсийн харалдаа Туул голын эрэг дээр хамт архи ууж байсан А.Алдарбаясгаланг “төрсөн ах Д.Бямбааг нь дэлдэн гэж нэр хоч өгөн удаа дараа бусдын өмнө доромжилсны улмаас” эрүүн тус газар нь гараараа цохиж биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Д.Лхагвасүрэн: “...Мөрдөн байцаалтын шатан үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч А.Алдарбаясгалан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн үед гэрээсээ гараад ...багадаа нэг гудамжинд өссөн багын найз Зоригттой тааралдахад Улсын баяр наадмаар хоёулаа уулзаагүй юм чинь хамт сууж ганц пиво уух уу гэхээр нь би зөвшөөрч ...пиво ууж байгаад 16 цагийн үед дуусгаад явах гэж байхад Чинболдтой тааралдсан. Тухайн үед би Зоригт Чинболдод ахдаа юм авч өгнө гээд дэлгүүр ороод 1 шил архи, 2 литрийн пиво авч Туул голын эрэг дээр очиж суугаад ууцгаасан. 18 цаг өнгөрч байхад Зоригт Лхагвасүрэнг дуудаж ирүүлсэн. Лхагвасүрэн ирээд дэлгүүр орж 0,5 литрийн Улаанбаатар архи, 2 литрийн Сэрүүн пиво авч дөрвүүлээ хамт хувааж ууцгаагаад сууж байхад 19 цагийн үед найз Төмөрсүх над руу залгаад Ганзориг бид хоёр голын эрэг дээр байна, чи хаана байна гэхээр нь би ч гэсэн голын эрэг дээр пиво уугаад сууж байна гэхэд тэгвэл уулзая гээд 20 цаг өнгөрч байхад Ганзориг, Төмөрсүх хоёр ирээд хамт суусан. Ганзориг, Төмөрсүх хоёр ирэхдээ нилээд согтуу ирсэн. Бид нар ч нилээн согтоцгоосон байсан. Төмөрсүх Лхагвасүрэнг хараад энэ чинь манай Бямбаагийн дүү байна гэхэд нь би хажуунаас нь дэлдэн Бямбаагийн дүү юу гэж хэлсэн. Тэгсэн Лхагвасүрэн уурлаж чи манай ахыг дэлдэн Бямбаа гэж хэлдэг хэн юм бэ гээд хэрүүл болсон. ...Лхагвасүрэн миний зүүн гар талд сууж байгаад шууд эрүү рүү цохисон, би хойшоогоо савж унаад босч ирээд харахад Лхагвасүрэн миний баруун талд гараад зогссон алив босоод ир хоёулаа үзье гээд орилоод байсан. Би больё гээд шууд тэр чигтээ хэвтээд унтаад өгсөн. Би Лхагвасүрэнг дэлдэн Бямбаагийн дүү гэж хэлээд хэрүүл маргааны эхэлсэн. Би 3-4 удаа дэлдэн Бямбаа гэж хэлсэн. Миний зүүн талын эрүү хугарч гэмтсэн, Лхагвасүрэн миний зүүн тал руу гараараа нэг удаа цохисон. Өөрөөр цохиж зодоогүй. Би Лхагвасүрэнг таньдаггүй ахыг нь л танина, надтай нэг сургуульд сурч байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 17-18, 19/ гэсэн,

 

Гэрч Т.Зоригт мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн үед их уусан байсан болохоор болсон асуудлыг сайн санахгүй байна. Ямар ч байсан тухайн үед Алдарбаясгалан Лхагвасүрэнг чи дэлдэн Бямбаагийн дүү юм уу гээд дахин дахин хэлээд байсан чинь Лхагвасүрэн чи одоо боль л доо гээд хэлж байсан. Тэгэхэд Алдарбаясгалан угаасаа яармагийнхан дэлдэн Бямбаа гэдэг юм гэж хэлж байсан...” /хх-ийн 21/ гэсэн,

 

Гэрч Ц.Ганзориг  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ...Төмөрсүх рүү Алдарбаясгалан яриад голын эрэг дээр сууж байна хүрээд ир гээд дуудсан. Төмөрсүх бид хоёр ч гэсэн голын эрэг дээр сууж байгаад Алдарбаясгалан дээр очиход түүний хамт Лхагвасүрэн, Зоригт, Чинбаа гурав сууж байсан. ...Алдарбаясгалан Лхагвасүрэнг чи дэлдэн Бямбаагийн дүү биз дээ гэсэн. ...Алдарбаясгалан дахин дахин чи дэлдэн Бямбаагийн дүү гэж хэлэхээр чи яадаг юм бэ гээд өдөөд байсан, бид нар ч хажуунаас нь Алдарбаясгалан чи одоо болиоч дээ, дүүгийнх нь хажууд ахыг нь тэгж хэлээд яадаг юм бэ гэж болиулж байсан. Лхагвасүрэн сууж байснаа гэнэт өндийгөөд хагас сууснаа шууд баруун гараараа Алдарбаясгалангийн зүүн талын эрүүнд нэг удаа цохисон. Алдарбаясгалан газар дээшээ хараад унахад Лхагвасүрэн алив босоод ир үзье гэж хэлэхэд бид нар хажуу талаас нь салгасан. Лхагвасүрэн Амарбаясгалангийн зүүн талын эрүү хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон өөрөөр цохиж зодоогүй. Алдарбаясгалан өөр хэнтэй ч маргалдаагүй...” /хх-ийн 22-23/ гэсэн,

 

Гэрч Г.Чинболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Алдарбаясгалан, Зоригт, Лхагвасүрэн бид нар голын эрэг дээр очиж суусан. Алдарбаясгалан Төмөрсүх, Ганзориг хоёрыг дуудсан. Би урьд нь Төмөрсүх, Ганзориг хоёрыг таньдаггүй, тэр үед танилцсан. Ингээд зургуулаа архи, пиво ууцгаасан. Алдарбаясгалан Лхагвасүрэнг дэлдэн Бямбаагийн дүү гэж хэлсэн. Тэгсэн Лхагвасүрэн чи зүгээр байгаарай гэж хэлсэн. Алдарбаясгалан өөр хэнтэй ч маргалдаагүй. Лхагвасүрэн манай ах дэлдэн биш гээд уурласан.  Нэг их сүртэй хэрүүл болоогүй. Намайг голын эрэг дээр хамт байхад ямар нэг зодоон болоогүй, явснаас хойш юу болсон эсэхийг мэдэхгүй. Алдарбаясгалан Лхагвасүрэн цохиж зодсоныг би хараагүй...” /хх-ийн 24-25/ гэсэн,

 

Гэрч О.Төмөрсүх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ...Алдарбаясгалантай утсаар ярихад надад голын эрэг дээр ууж байна гэж хэлж байсан. Ганзориг бид хоёр Алдарбаясгалангийн сууж байгаа газар 20 цаг өнгөрч байхад явж очиход Лхагвасүрэн, Зоригт, Чинболд, Алдарбаясгалан нар хамт суугаад пиво, архи ууж байсан. ...Би Лхагвасүрэнг энэ манай Бямбаагийн дүү байна гэж хэлэхэд Алдарбаясгалан хажуунаас дамбогийн /дэлдэн Бямбаагийн/ дүү юм уу гэж хэлж байсан. Тухайн үед Лхагвасүрэн нэг их уурласан ажиглагдаагүй. Би тэд нар дээр очиж суугаад 20 минут л болсон. ...Алдарбаясгалан Лхагвасүрэнгийн ах Бямбааг дэлдэн Бямбаа, дамбо гээд байхаар нь би хажуунаас Алдарбаясгалан болио, дүүгийнх хажууд эвгүй гэж хэлсэн. ...Ганзориг бид хоёр Алдарбаясгалан, Лхагвасүрэн нар дээр очоод нэг их удаан суугаагүй, цаана сууж байсан хоёр охин дээр очоод хамт дагуулаад цаашаагаа яваад өгсөн. Тийм болохоор хэн хэнийгээ цохисныг хараагүй. Тухайн үед Алдарбаясгалан Лхагвасүрэн нарыг гайгүй байх, Ганзориг байхад зодоон болохгүй байх гээд итгээд яваад өгсөн. ...Алдарбаясгалан согтсон байсан,  үгээр иддэг зантай юм...” /хх-ийн 26-27/ гэсэн,

Шинжээч Н.Туяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...А.Алдбарбаясгалангийн биед үүссэн эрүү ясны далд хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл. ...А.Алдарбаясгалан гэж бичих ёстой байсан боловч Амарбаясгалан гэж бичиж бичилтийн алдаа гаргасан байна. №11472 дугаартай дүгнэлт нь А.Алдарбаясгалангийн гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор үзлэг хийсэн дүгнэлт мөн...” /хх-ийн 35/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.Лхагвасүрэн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ...Төмөрсүх ах намайг заагаад энэ манай Бямбаагийн дүү гэхэд Алдарбаясгалан дэлдэн Бямбаагийн дүү юм уу гэж хэлэхээр нь би уурлаад чи миний ахыг дэлдэн гэдэг хэн бэ, муу ч гэсэн миний ах шүү гэж хэлэхэд цаашаа хараад чимээгүй суусан. ...А.Алдарбаясгалан манай ахыг байнга дэлдэн Бямбаа гээд байхаар нь би чи одоо больчих тэгэх үү гэж зөндөө хэлсэн. Харин Алдарбаясгалан ердөөсөө болихгүй хэлээд байхаар нь би босоод Алдарбаясгаланг сууж байхад нь эрүүний зүүн тал руу нь баруун гараараа нэг удаа цохисон. Би өмнө өгсөн байцаалтандаа тохойгоороо цохисон гэж буруу мэдүүлсэн байна. Би гараараа цохисон. Хэрүүл маргааныг А.Алдарбаясгалан эхэлсэн, учир нь манай ахыг дэлдэн Бямбаа гээд дооглоод байхаар нь би цохисон. ...Би Алдарбаясгалангийн хохирлыг барагдуулсан, нийт 800.000 төгрөг өгсөн. ...Би Алдарбаясгалангийн хохирлыг барагдуулсан, бид хоёрын хооронд одоо ямар нэгэн маргаан байхгүй, эвлэрсэн. Би өөрийн буруутай үйлдлээ ойлгож ухамсарласан...” /хх-ийн 41-42, 43, 45-47, 48-49, 96-97/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хохирогч А.Алдарбаясгалангийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн № 11472 тоот акт, дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Амарбаясгалангийн эрүү  ясны далд хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 32 / гэсэн дүгнэлт, 

- Шүүгдэгч Д.Лхагвасүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54, 58/,

- Шүүгдэгч Д.Лхагвасүрэнгийн хувийн байдалтай холбоотой гэрч Д.Даваа, Д.Нямаа нарын мэдүүлгүүд /хх-ийн 28, 29/, бусад баримтууд /хх-ийн 65-77/,

- Тодорхойлолт /хх-ийн 55, 56, 57, 62, 63/,

- Хохирлын баримтууд /хх-ийн79-85/,

- Хохирлын мөнгө авсан баримт /хх-ийн 78, 98/ зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн хуучин эцсийн харалдаа Туул голын эрэг дээр хамт архи ууж байсан А.Алдарбаясгаланг төрсөн ах Д.Бямбааг нь дэлдэн гэж нэр хоч өгөн удаа дараа хэллээ гэх шалтгаанаар эрүүнд нь гараараа цохиж биед нь хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь хохирогч А.Алдарбаясгалан, гэрч Т.Зоригт, Ц.Ганзориг, Г.Чинболд, О.Төмөрсүх нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11472 тоот дүгнэлт, шүүгдэгч Д.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь өөрийн төрсөн ах Д.Бямбааг хохирогч  А.Алдарбаясгалан дэлдэн гэж нэр хоч өгөн бусдын өмнө удаа дараа доромжилсон гэж түүний эрүүнд нь гараараа цохиж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан нь хувийн сэдэлтээр үйлдэгдсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Лхагвасүрэнг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Алдарбаясгаланд эрүү  ясны далд хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан ба эмчилгээний зардалд нийт 800.000 төгрөгийг төлсөн болох нь хохирлын мөнгө хүлээлцсэн баримт /хх-ийн 78, 98/, хохирогч А.Алдарбаясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, “...миний бие Амаржаргал овогтой Алдарбаясгалан шүүх хуралд оролцохгүй, санал хүсэлт гомдол байхгүй, хохирол барагдуулсан...” /хх-ийн 99/ гэсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.  

 

Шүүх шүүгдэгч Д.Лхагвасүрэнд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзэв.

 

Эрүүгийн 201626031162 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Олхонууд овогт Доржпаламын Лхагвасүрэнг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Олонхууд овогт Доржпаламын Лхагвасүрэнд 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лхагвасүрэнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн 201626031162 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лхагвасүрэнд оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Лхагвасүрэнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Лхагвасүрэнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Д.АЛТАНЖИГҮҮР