Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/151

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Э.Оргилбат,

хохирогч Ж.О ,

шүүгдэгч Э.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ж холбогдох 2308000000006 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 сарын 20-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1985 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, хувиараа авто засварын газар ажиллуулдаг, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Зүүн баян цагааны ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,

 Зургаадай овогт Э-ын Э.Ж  (регистрийн дугаар: ЦГ8509*****).

Шүүгдэгч Э.Ж нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 45-6 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.О тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж заазуураар баруун талын тохойны дээд хэсэгт 1 удаа, мөрний доод хэсэгт нэг удаа, цээж хэсэгт нэг удаа тус тус зүсэж биед нь баруун бугалга, цээжний баруун хажууд, цээжинд, зүүн гуя шилбэнд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

3. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон.

4. Шүүгдэгч Э.Ж нь архидан согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан Ж.О ын биеийг заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

4.1. Цагдаагийн байгууллага гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын **** тоотод бусдад хутгалуулсан...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 02 хуудас)

4.2. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8 хуудас)

4.3. Хохирогч Ж.О-ын “...2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн орой багын найз Г-ын төрсөн өдөр болоод Г, түүний ажлын хүн Б найз нь Э.Ж  бид дөрөв манай гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын ***** тоотод 2 шил 0,75 литрийн хараа нэртэй архи уугаад Б яваад өгсөн. Г, Э.Ж  бид 3 манайд хонохоор болж би 03 цагийн үед газар ор засаад Э.Ж өд миний найз энд унтчих би цаад талд нь унтчихъя чи наанаа унтчихаа гээд чанга дуугаар хэлсэн чинь би өөрөө мэдэж байна гэж хэлээд манай гэрт байх шургуулгаас заазуур гаргаж ирээд над руу дайрч миний баруун талын тохойны дээд хэсэгт нэг удаа, мөрний доод хэсэгт нэг удаа, цээж хэсэгт 1 удаа заазуураар зүссэн. Тэгээд би орны дэвсгэр даавуугаар гараа ороогоод унтаад өгсөн. Өглөө нь буюу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэмтлийн эмнэлэг дээр очиж 3 оёдол тавиулсан. Тухайн үед бид гурваас өөр хүн байгаагүй...  хохиролд 450,000 төгрөг авсан, цаашид гарах зардлаа нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс),

4.4. Гэрч Б.Г-ын “...О, Б ах бид 3 авчирсан архиа хувааж ууж байтал Б ах маргааш ажилтай уухгүй ээ гээд удалгүй эхнэр, хүүхэдтэйгээ яваад өгсөн. Тэгээд ********* орон дээр суучихсан баруун гараа барьчихсан гараас нь цус гарчихсан Э.Ж-тэй хэрэлдээд зогсож байсан. Тэгэхээр нь би босоод юу болов, яасан бэ, яаж байгаа юм бэ чи гээд Э.Ж ийг ор луу түлхэж суулгасан. Тэгээд О-ын гараас гарсан цусыг цэвэрлээд подволкоор гарыг нь боогоод гэрийг нь жоохон цэвэрлэж байгаад бид 3 шөнө 2 цагийн үед унтсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23 хуудас),

4.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 16542 дугаар “...Ж.О-ын биед баруун бугалга, цээжний баруун хажууд, цээжинд, зүүн гуя шилбэнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 хуудас),

4.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаартай шинжээчийн “Ногоон өнгийн  иштэй заазуур дээр хүний цус илэрсэн. Уг цус нь В/3/ бүлгийн харьяалалтай байна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 38-40 хуудас),

4.7. Э.Э.Ж ийн яллагдагч болон шүүгдэгчээр өгсөн “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, бас Ж.О тай маргалдсан уурандаа заазуураар Ж.О ын биед халдсан юм. Би өөрийнхөө хийсэн үйлдэлд гэмшиж байгаа. Би О-т эм тарианы мөнгө гэж 450,000 төгрөг цувуулж өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 96-97 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

5. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан.

6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

7. Хохирол, хор уршиг:

7.1. Хохирогч Ж.О  нь баримтаар 360,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Э.Э.Ж өөс 450,000 төгрөг төлсөн болох нь дансны хуулга болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

7.2. Хохирогч Ж.О  нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 270,000 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн албан бичиг, хавсралт (хавтаст хэргийн 25-26 хуудас), иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 хуудас)-ээр тус тус тогтоогдож байна.

7.3. Иймд шүүгдэгч Э.Э.Ж өөс 270,000 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаар Төрийн сангийн дансанд олгуулахаар шийдвэрлэв.

7.4. Харин хохирогч Ж.О  нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан цаашид гарах хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэв.

8. Улсын яллагчаас: шүүгдэгч Э.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

            9. Шүүгдэгч: Прокурорын санал болгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

            10. Шүүгдэгч Э.Ж нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй бөгөөд түүний үйлдэл урьдаас төлөвлөөгүй гэнэт үүссэн шинжтэй байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                 11. Шүүгдэгч Э.Ж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, хувийн байдлын хувьд тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг, хохирогчид өөрийн сайн дураар гарсан зардлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан, мөн гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.

            12. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

            13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  1 ширхэг ногоон өнгийн бариултай заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зургаадай овогт Э-ын Э.Ж ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э.Ж ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Э.Ж үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Ж мэдэгдсүгэй.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар Э.Э.Ж-өөс 270,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт (Төрийн сан 10090020080 дансанд) олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг ногоон өнгийн бариултай заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

7. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогчид 450,000 төгрөг төлөгдсөн, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ