Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1604

 

 

                                                                                             

 

 

 

 

 

      2022          11           02                                         2022/ШЦТ/1604

           

           

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

хохирогч Б.А,

шүүгдэгч Д.Ж нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Жд холбогдох эрүүгийн 2206 02809 2579 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ж нь 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, Шар дэлгүүрийн орчим иргэн Б.Атай машинтайгаа урдуур шахаж зогслоо гэх шалтгаанаар маргалдаж улмаар үснээс нь зулгааж, толгой, хүзүү, цээж рүү цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт, баруун сарвуунд цус хуралт гэмтэл бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр үеэл эгчийгээ эмнэлгээс гаргах гэж байсан.  Маргалдахын хувьд маргалдсан гэхдээ биед нь халдсан зүйл байхгүй. Би цагдаагийн байгууллагад 18 жил ажилласан. Утас, машин  тэрэг эвдэх зүйл болоогүй. Ямар аргаар тэгж дүгнэлт гаргасныг ойлгохгүй байна.” гэв.

Хохирогч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Юу ч болоогүй бол биш. Намайг налайхын замаар Улиастай рүү эргэхэд том тэрэг рүү шахсан гэж хэлдэг. Би тэрийг өөрөө мэдээгүй. Улиастайн рүү эргэхэд миний урдуур дарж ороод салаавч өгөөд миний урдуур өнгөрсөн. Тэгээд чи яагаад байгаа юм бэ гээд үсдээд намайг олон удаагийн давтамжтай цохисон. Эгч нь гарч ирээд намайг хэл амаар доромжилсон. Намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Машин руугаа суух гэсэн чинь машины арын купер өшиглөсөн. Би тэр зургийг нь авсан байгаа. Буцаж буугаад очиход миний толгой руу цохисон. Би тэр үед шил зүүсэн байсан. Шил газарт унасан. Миний гарт байсан утас унаж хагарсан. Тэгээд зугтаах гэж оролдсон. Би Улиастайн эрэгдэг уулзвар дээр Жг барьж авсан. Хоёр удаа тэр уулзварыг тойроод өөрөө цагдаа дээр очсон. Би хагалгаанд ороогүй. Намайг зодож гэмтээсэн. Надад хохирол учирсан тул би гомдолтой байна. Дөнгөж буугаад чи яаж байгаа юм бэ гэхэд үснээс татаж маажсан. Тэгээд би чи яагаад байгаа юм бэ гээд өшиглөсөн. Дугуйг нь өшиглөсөн. Хүмүүс зам дээр зогсоод эмэгтэй хүн зодохоо боль гэж хэлсэн. Тэгээд миний машиныг өшиглөсөн. Тэгэнгүүт нь би чи яахаараа дугуй өшиглөдөг юм гэж хэлсэн. Тэр үед би явах гэж байсан тэгэхэд миний толгой руу цохисон. Олон удаагийн давтамжтай. Гараа зангидаж байгаад зулайн хэсэгт цохисон, үстсэн. Толгой хавдсан, маажсан. Гар луу цохиод хөхрөлт үүсгэсэн. Утас хагарсан байсан. Тэр үед би машинаасаа буусан байсан. Тэгэхэд чи яахаараа машины урдуур ордог юм гээд энэ үйл явдал болсон. Энэ хүн согтуу байгаагүй. Аавтайгаа эгчтэйгээ явж байсан юм байна лээ. Машинд үүссэн болон эмчилгээний төлбөрийг гаргуулмаар байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Хохирогч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр би ажлаа тараад өөрийн эзэмшлийн ***улсын дугаартай Приус-41 маркийн автомашинтай гэр лүүгээ явах замдаа Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Шар дэлгүүрийн замын эсрэг талд 18:40 орчим цагийн үед явж байсан чинь гэнэт улаан өнгөтэй тоёота спасио маркийн автомашины урдуур шахаж орж ирж зогсоогоод над луу салаавч гаргаад “пизда” гээд үглэж байгаад яваад өгөхөөр нь араас нь гүйцэж түрүүлээд урдуур дарж зогсоогоод машинаасаа буугаад чи яаж байгаа юм гэсэн чинь тухайн машиныг барьж явж байсан эрэгтэй нь машины цонхоор гараа гаргаж үснээс зулгааж татаад, миний хүзүүнээс маажсан. Тэгтэл машин дотор сууж байсан эгч нь гэх эмэгтэй бууж ирээд намайг мөрөөрөө явж чадахгүй, алцайсан хар гичий, салтайгаа хум, хохино за юу гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь би за за гэж бодоод машиндаа суугаад явах гэтэл тухайн эрэгтэй араас ирээд миний машины хойд гупер луу өшиглөсөн. Би дахиж машинаасаа буугаад яаж байгаа юм бэ гэсэн чинь миний толгойн дээд дагз хэсэгт гараараа 2-3 удаа цохсон. ...миний гар хөхөрсөн, хүзүү улайсан, толгой хавдсан байсан. ...машин дотроосоо татахдаа айфони 12 про макс гар утасны арын таг нь хагарсан. ...бас миний ***улсын дугаартай приус-41 маркийн автомашины хойд гупер салаад өшиглөсөн, гутлын мөр гараад машины будгандаа орсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),

Гэрч Д.Уранмандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр би эмнэлэгт хагалгаанд орчхоод гарсан. Манай дүү Ж манай аав Днар намайг эмнэлгээс ирж аваад гэр лүүгээ явж байгаад Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Шар дэлгүүрийн орчимд машинтайгаа явж байгаад Ж тамхи татахаар нь би тамхийг нь хаяулсан чинь хажуугаар хар өнгийн машин орж ирээд хашиж зогсоогоод эмэгтэй хүн бууж ирээд манай дүү рүү дайраад байсан. Чи юу болж байна аа гэсэн чинь танай нөхөр чинь над руу салаавч гаргасан гэж хэлээд хэрүүл өдөөд байсан. Тэр эмэгтэй бууж ирээд шууд Ж лүү өөрөө дайраад машины цонхоор гар нь орж ирээд заамдаж аваад зодоод эхэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 8427 дугаар: “... ДҮГНЭЛТ Б.Аын биед тархи доргилт, зулайн хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2022.06.09-ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),

Шүүгдэгч Д.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... машины хаалга дарцан байсан болохоор би машинаас бууж болохгүй байсан болохоор машины хаалга түлхсэн. Манай эгч машинаас бууж ирээд чи болиоч гэж хэлсэн. Тэр үед нь би машинаасаа буугаад тухайн эмэгтэйн цээж рүү гараараа 1 удаа түлхсэн. Тэгээд бид хоёр цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Миний машин луу өшиглөөд байхаар нь би зөрүүд өөрийнх нь Приус 41 маркын автомашиных нь баруун хойд талын карлан хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Миний гутлын мөр гарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас),

Шүүгдэгч Д.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ бүх зүйлээ одоо нэмж ярих зүйл байхгүй. Би тухайн эмэгтэйн биед халдаагүй. Би тэр эмэгтэйн утас зэрэг эд зүйлийг би эвдээгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 39-40 дугаар хуудас),

“Итгэл Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой                

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “...Шүүгдэгч Д.Ж нь 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, Шар дэлгүүрийн орчим иргэн Б.Атай машинтайгаа урдуур шахаж зогслоо гэх шалтгаанаар маргалдаж улмаар үснээс нь зулгааж, толгой, хүзүү, цээж рүү цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт, баруун сарвуунд цус хуралт гэмтэл бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгч Д.Ж нь “Хэл амтай хүн хэл амаараа гүтгэж болдог юм уу. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, Шар дэлгүүрийн орчим шүүгдэгч Д.Ж нь иргэн Б.Атай машинтайгаа урдуур шахаж зогслоо гэх шалтгаанаар маргалдаж улмаар үснээс нь зулгааж, толгой, хүзүү, цээж рүү цохиж гэмтэл учруулсан байна.

Хохирогч Б.Ат Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 8427 дугаар дүгнэлтээр “тархи доргилт, зулайн хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт, баруун сарвуунд цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

Шүүгдэгч Д.Ж нь хохирогч Б.Ат цохиж огт гэмтэл учруулаагүй гэх боловч хохирогч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд өгсөн мэдүүлэг, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 8427 дугаар шинжээчийн дүгнэлт болон уг дүгнэлтэд Б.Ат учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2022 оны 6 дугаар 09-ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна гэх зэргээр шүүгдэгч Д.Ж нь хохирогч Б.Ат цохиж зодон халдаж, гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Жгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Д.Ж нь хохирогч Б.Аийн үснээс нь зулгааж, толгой, хүзүү, цээж рүү цохих үйлдлээр эрүүл мэндэд халдаж, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хохирогч Б.Ат Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 8427 дугаар дүгнэлтээр “тархи доргилт, зулайн хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт, баруун сарвуунд цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.Ж нь хохирогч Б.Аийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Д.Жгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас болж өөрийн уур бухимдлыг бариагүйгээс болж гэмт хэрэг үйлдэгджээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Хохирогч Б.А нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Д.Жгээс холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх дүгнэлтийг гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

Шүүгдэгч Д.Жгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал буюу үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага зэргийг харгалзан үзэж түүнийг цээрлүүлж, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Жд нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Д.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Д.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Даваадоржийн Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Жд нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Б.А нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Д.Жгээс холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                            М.ТҮМЭННАСТ