Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1632

 

 

 

 

 

 

 

      2022          11           04                                         2022/ШЦТ/1632

           

           

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

гэрч С.Батхүү,

улсын яллагч Н.Өнөрбаяр,

хохирогч Б.Б,

шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хд холбогдох эрүүгийн 2206 00000 2815 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

                                               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

0

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Х нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, Автотээврийн үндэсний төвийн хойд талын төв замын орчимд хохирогч Б.Бтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүр орчимд нь гараараа 1 удаа цохиж зүүн доод үүдэн 2-р шүдний булгарал, зүүн доод үүдэн 1-р шүдний сулрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Намайг тус өдөр ажлаасаа оройтож тараад өөрийнхөө машиныг ахаараа бариулаад ядарсан явж байхад энэ хоёр хүн чулуу шидсэн. Машин руу хатуу зүйл шидсэн. Гэхдээ энэ хоёр хүн рүү тийм хурдан очоогүй. Надад гарцан дээр машин байгаа зураг байгаа. Хойд талд ямар нэг хар зураас гараагүй,хурд хэтрүүлж тоормослоогүй гарцан дээр зогсож байгаа зураг байгаа. Машин дээр ямар гэмтэл байгааг харах гээд гарахад гэрч гэх намайг өшиглөөд цохисон. Би түүнээс бултаад яг толгой дээрээ цохиулаад буцаж очоод цохих гэхэд энэ хүн тэр хүнийг салгах гэж над дээр ирсэн. Салгах гэж ирэхэд манай жолоо барьж байсан ах бас ардаас ирсэн. Энэ хүн нэг гэрч байгаа гэсэн боловч машин дотор хоёр хүн сууж байсан.Тэр нь эрх зүйн чиглэлээр магистрт сурдаг хүн манай ахын эхнэр байсан. Айгаад машинаас гараагүй. Улмаар зодоон болоод салсан. Үүний дараа энэ хүн намайг боогоод ухаан алдахын даваан дээр манай ах ирж салгахад энэ хүнийг нэг удаа цохисон. Мэдүүлгээ яг ингэж өгсөн байгаа. Тэрний дараа арван хэдэн залуус машин тойрч зогссон. Манай ах “Цагдаа дуудсан. Та нар өөрсдөө согтуу байсан” гэж энэ хоёрт хэлсэн. Согтуу машин руу юм шидэж зогсоосон гэхэд өөрсдөө цагдаа дуудна гэсэн. Бид нар цагдаа дуудсан боловч түлхүүрээ өгсний дараа яаж ч магадгүй гээд арван хэдэн залуус машинтай ирж бүсэлсэн. Тэрний дараа цагдаа ирэхэд би таны шүдний хохирлыг төлнө гэхэд миний нэг шүд дөрвөн сая төгрөгийн үнэтэй. Би чамаас гурван шүдний хохирол нэхнэ гэж хэлсэн. Намайг чи ингэж мэдүүлэг өгснөөр юу ч олж долоохгүй, харин чи миний гутлыг долооно гэж хэлсэн. Энэ хэсгүүдээр би өөрийнхөө гэм бурууг хүлээсэн боловч шүүхэд шилжүүлэх хүсэлтийг гаргасан юм.” гэв.

                  

            Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Энэ залуу залуу хүн мөртлөө бүх зүйл дээр худлаа ярьж байна. Би энэ залуугийн мууг үзмээргүй байна. Би өөрөө 40 гарч яваа хүн. Хүн алдаж болно. Би таван хүүхэдтэй. Эхнэр гэртээ байдаг.Таксинд явдаг. Орой энд тэнд барилгын ажилд явдаг. 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр найз маань орой блок зөөх ажил байна гээд дуудсан. Би таксинд явж байгаад бууж очсон. 23 цаг 50 минутын орчимд ачаагаа буулгасан. Урд талд машинаа байршуулаад найз руугаа “Би ирлээ” гэж утасдсан. Манай найз хүлээгээд байж бай очиж авъя гэсэн. Гараад явж байтал цаахан талаас приус маркын автомашин явган хүний гарц . би өөрөө жолооч хүн дүрмийн дагуу явж байсан. Тэгэхэд 40-50метрийн зайд жолооч урд талаа хараад зогсох ёстой. Хэрвээ явган хүний гарцан дээр гэрлэн дохио байсан бол би өөрөө зогсох ёстой. Гэрлэн дохио байхгүй, явган хүний гарц байхгүй газар дээр дүрмийн дагуу жолооч хагас зайнд явж байхад жолооч урдуур төө дайны дарж орж ирсэн. Тэгэнгүүт нь би хойшоо ухарсан. Манай найз бээлий өмссөн байсан. Сандарсандаа бээлийгээ шидсэн. Тэгээд замын голд машинаа хөндлөн тавиад тоормослоод энэ залуу гүйж гарч ирээд манай найзыг дайрсан. Ах нь бас дайрч ирэнгүүт нь манай найз тийрсэн. Тэгэнгүүт нь би больцгоо хэл амаа ол гэж хэлэхэд миний нүүр лүү шууд цохисон. Би шүдээ цохиулаад шүд хугарчихлаа гэхэд манай найз цагдаад дуудлага өгсөн. Тэр хооронд блок зөөж байсан 2 машинтай дүү нар ирээд “Юу болсон ахаа” гэхэд би “намайг цохьчихлоо” гэсэн. Тэгээд та хэд зүгээр бай хэл амаа ол энэ хүн эрүүл үгүй нь мэдэгдэхгүй байна гэхэд шууд машинаа хаагаад буцаж суусан. Тэгээд л цагдаа ирээд Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэст мэдүүлгээ өгсөн. Энэ хүн надтай ерөөсөө холбогдохгүй байж байгаад маргааш нь буюу 17-ны өглөө ахтай нь таарсан. Ах нь цагдаа шүүхээр явмааргүй байна. 40 гарч яваа харьцангуй залуу хүн тул гоо сайхан, хоол унд ийм байна. Ахынх нь нойр булчирхай өвддөг тул шүд янзлаад өгөхгүй юм уу. Хүний муу үзмээргүй байна гэхэд “өө тийм зүйл байхгүй өөрөө чулуу авч шидсэн биз дээ” гээд ерөөсөө гэмшихгүй байсан. Цохисноо хүлээн зөвшөөрч байгаа. Хамгийн гол нь миний зүгээр байсан шүдийг ийм болгож хоол унд идэхэд, хүний өөдөөс харахад хэцүү байна. Өөрийн шүд биш болохоор. Хямдхан шүд хийлгэж болно. Гэхдээ байнгын аваад байхад хэцүү тул  имплант суулгая гээд нэг эмнэлэгт очсон. Тэнд үзүүлэхэд “Ахаа ийм ийм учиртай” гээд шүдний магадлан өгсөн.  Энэ залуу над руу нэг ч удаа яриагүй. Нэг удаа  2022 оны 9 дүгээр сарын 11-нд ярихдаа ерөөсөө гэмшсэн зүйлгүй утсаар намайг тавласан. Би шүдээ янзлуулмаар байна. Хохиролгүй болмоор байна. Чи намайг дагуулж явах юм уу гэхэд “Та өөрөө их муу хүн байна шүү. Та чулуу авч шидсэн биз дээ. Тэгсэн биз дээ” гээд худлаа яриад байгаад байсан. Ийм л зүйл болсон.” гэв.

 

Гэрч С.Батхүү шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн авто оношилгооны тэнд ажил хийж байсан. Тэндээс хүн хүч муутай болоод найзыгаа жоохон ажил хийгээд өгөөч гээд дуудсан. Манай найз миний ажлыг мэдэхгүй тул найзыгаа тоссон. Тэр үед цаг 11 цаг 30 минут хавьцаа болж байсан. Найзыгаа тосч аваад гарцаар гараад явж байхад нэг машин урдуур дайрчих шахаад өнгөрсөн. Шүүгдэгч гарч ирэнгүүтээ над руу дайрсан. Жолооч нь болон нэг эмэгтэйтэй гээд гурвуулаа байсан. Гарч ирээд хоёр нь над руу дайрсан. Манай найз больцгоо эв зүйгээ олоо гэж хэлэхэд л манай найзын шүдийг цохиод гэмтээсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар   

 

Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн тээврийн хэрэгслийн ар талаас бууж ирсэн залуу манай найзтай маргалдаад барилцаж аваад зодолдож байхад нь би зодоон цохион хэрэггүй ээ хэл амаараа учраа олцгооё гэж хэлээд салгах гэтэл манай найзтай зууралдаж байсан залуу нь миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон. Тэр залуугийн цохисон үйлдлээс болж миний доод үүдэн 1 шүд унаад залгаа хажууд талын 1 шүд нь хөдөлсөн унахад бэлэн болсон байна. ...дээгүүрээ шаргал өнгийн хүрэмтэй, доогуураа хар бараан өнгийн өмдтэй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),

 

Гэрч С.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...50 орчим метрийн зайтай 1 машин ирж байсан ба амжиж гарахаар урагш алхахад уг машин бид 2-той маш ойрхон, их хурдтайгаар урдуур гарсан. Би үүнээс цочиж, айсандаа гартаа барьж явж байсан ажлын бээлийг уг машин руу шидэхэд уг машин зогсож, хойд талын суудлаас 1 залуу бууж ирээд надтай муудалцан миний цээж рүү 1 удаа цохисон. Энэ үед жолоо барьж байсан залуу бууж ирээд тэр 2 над руу дайрсан ба найз Б миний урдуур орж больцгоо гэхэд эхэлж бууж ирсэн, намайг цохисон залуу Бгийн зүүн эрүүнд 1 удаа гараараа цохисон. Гэтэл Б тонгойгоод дээш өндийхдөө амнаас нь цус гарчихсан, чи шүд цохчихлоо шүү дээ гэж тэр залуу руу орилоод байсан. Гэтэл уг залуучууд машиндаа орж суугаад хаалгаа түгжчихсэн тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас),

 

Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрийн төрсөн дүү Б.Хын эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 11391 дүгээр: "...1. Б.Бгийн зүүн доод үүдэн 2-р шүдний булгарал, зүүн доод үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо...З. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),

 

Шүүгдэгч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...Би хохирогчийн нүүрэнд гараараа цохиж, шүдийг нь унагааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),

 

2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол (хавтаст хэргийн 1-2 дүгээр хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

“Цагаан Гантиг” ХХК-ийн Эмнэлгийн магадалгаа (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

                                

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 28 дугаар хуудас),

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

UBH BUILDING LLC-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 25 дугаар хуудас), гэрэл зураг (1 хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

                       

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

                                                      

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “... Шүүгдэгч Б.Х нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн** дугаар хорооны нутаг дэвсгэр, Автотээврийн үндэсний төвийн хойд талын төв замын орчимд хохирогч Б.Бтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүр орчимд нь гараараа 1 удаа цохиж зүүн доод үүдэн 2-р шүдний булгарал, зүүн доод үүдэн 1-р шүдний сулрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Х нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

             

            Үйл баримтын талаарх дүгнэлт

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

           

2022 оны 08 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн **дугаар хорооны нутаг дэвсгэр, Автотээврийн үндэсний төвийн хойд талын төв замын орчимд шүүгдэгч Б.Х, Б.Б нар нь гарцаар гарж байхад зам тавьж өгөөгүй, автомашин руу юм шидлээ гэх шалтгаанаар хоороондоо маргалдаж, улмаар Б.Х нь Б.Бн нүүр орчимд нь гараараа 1 удаа цохиж гэмтэл учруулсан байна.

 

Хохирогч Б.Бд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 11391 дүгээр дүгнэлтээр “зүүн доод үүдэн 2-р шүдний булгарал, зүүн доод үүдэн 1-р шүдний сулрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Б.Х нь хохирогч Б.Бн түүний нүүрэн тус газарт цохих үйлдлээр эрүүл мэндэд халдаж, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

           

Хохирогч Б.Бд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 11391 дүгээр дүгнэлтээр “зүүн доод үүдэн 2-р шүдний булгарал, зүүн доод үүдэн 1-р шүдний сулралгэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Х нь хохирогч Б.Бн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

                                    

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас болж гэмт хэрэг үйлдэгджээ.

           

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

                                                       

            Хавтаст хэргийн 30 дугаар хуудас дахь “Цагаан Гантиг” ХХК-ийн Эмнэлгийн эмчилгээний зардал 6.400.000 төгрөг гэх магадалгаа авагдсан байх ба өөр зардлын баримт хэрэгт авагдаагүй буюу бүрэн гүйцэт нотлогдоогүй байна.

           

            Иймд хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Б.Хаас холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

           

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх дүгнэлтийг гаргасан болно.

                       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

 

Шүүгдэгч Б.Хын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилтай гэх хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Шүүгдэгч Б.Х нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

           

Шүүгдэгч Б.Хад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хөбдүүд овогт Баярбаясгалангийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Хад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Х нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4. Шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Б.Хаас холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                            М.ТҮМЭННАСТ