Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2019/01212

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн  дугаар хороо,  дугаар хороолол,  дүгээр байрны  тоотод оршин суух, эрэгтэй, А.Ш.Б /РД /-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Баянхошуу 91 дүгээр байрны 5 тоотод оршин суух, эмэгтэй, Б.З.А/РД ЦВ71101815/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа /ҮД 0648/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.У/РД /, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.  

 

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 12 дугаар сарын  12-ны өдөр З.Атэй 1 өрөө байранд нь 1 жилийн хугацаатай, 5 сая төгрөг зээлдүүлж, хүүнд нь суусан. Хугацаа 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дуусч, гарах байсан боловч З.А мөнгөө өгөх боломжгүй байснаас өөрийнх нь хүсэлтээр 2018 оны 9 дүгээр сар хүртэл байранд нь суусан. Гэтэл 5 сая төгрөг өгөх ёстойгоос засварын мөнгө 500 000 төгрөг, миний авсан 400 000 төгрөг, дүү Ш.Тгийн дансанд 2 800 000 төгрөг шилжүүлсэн. Одоо үлдэх 1 300 000 төгрөгийг өгөхгүй байх тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би З.Аэд 5 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлж, зээлийн хүүнд нь түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Баянхошуу 91 дүгээр байрны 5 тоот 1 өрөө байрыг хөлсөлж, 2018 оны 9 дүгээр сарын 20-н хүртэл амьдарсан. Намайг анх байранд ороход засвар хийсэн зүйл байгаагүй бөгөөд би 1 жил болоод байрнаас гарах гэхэд өөрсдөө гэрээг сунгая гэсэн. Байрнаас гарах үед 50 000 төгрөг болон 400 000 төгрөгийг  тус тус бэлнээр өгөөд, 2 800 000 төгрөгийг дүү Ш.Тгийн дансанд хийсэн. Хариуцагч нь банн сольсон 160 000 төгрөг, гал тогооны чулуун давцан сольсон 102 000 төгрөг, обой, цавуу авсан гээд байхаар нь 500 000 төгрөгийг зээлээс суутгасан. Би амьдарч байх хугацаандаа байр, СӨХ, цахилгааны төлбөрийг сар бүр төлж байсан тул 2018 оны 9 дүгээр сарын байр, цахилгаан, СӨХ-ны төлбөрийн өр байхгүй. Намайг байх хугацаанд дээд айлаас нь 2  удаа ус алдаж, таазны шохой халцарсан байсныг би З.Аэд хэлж, тэр хүмүүстэй нь уулзуулж байсан. Би жижиг сувинер хийж зардаг тул баннд нь шир хийсэн байсан нь үнэн. Шалны паркет солих эсэх нь надад хамаагүй, би муухай болгосон зүйл байхгүй, хүний эдэлгээгээр л бага зэрэг хуучирсан байсан. Мөн подволоос нь ус алдаад обой нь хуурсан байсан нь үнэн. Туузан хөшгийг би унахаар нь аваад явсан учир 50 000 төгрөгийг хасч болно. Иймд зээлийн гэрээний үүрэгт 1 300 000 төгрөг нэхэмжилснээс 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 50 000 төгрөгийг бэлнээр авсан учир 1 250 000 төгрөгийг З.Аээс гаргуулж өгнө үү. Энэ мөнгөнөөс байрны төлбөрийн үлдэгдэл 20 382 төгрөг, цахилгааны төлбөр 13 545 төгрөг, туузан хөшигний 50 000 төгрөг нийт 83 927 төгрөгийг хасахад татгалзах зүйлгүй гэжээ.      

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ушүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш.Батчулуу нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөнгө зээлдүүлж, хүүнд нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 91 дүгээр байрны 5 тоот байранд суухаар нэг жилийн гэрээ байгуулсан. 2017 оны 12 дугаар сарын 12-нд гэрээний хугацаа дууссан ч амар байдлаар гэрээг дахин нэг жилээр сунгахаар тохиролцсон. Байр хүлээлцэх үеэр засвар хийсэн шинэ, нэг өрөөг хүлээлгэн өгсөн. 2018 оны 9 дүгээр сард гэрээг дуусгавар болгохоор Ш.Бтай холбогдож, тэрээр зөвшөөрсөн бөгөөд байраа хүлээн авахаар очиход байрны усны онгоцонд шир идээлүүлж, жижиг хэмжээний үйлдвэрлэл эрхэлж байсан бөгөөд байрны хана, тааз, шал нойлын өрөөний сантехникийн эд анги, ханын цаас, шалыг хүн харах аргагүй болгосон байсан бөгөөд шир идээлүүлж байсан учир үнэр танар гэж хүн тогтохын аргагүй байсан. Мөн гал тогооны өрөөний чулуун давцанг хагалж, цонхны туузан хөшиг алга болсон байсан. Тухайн үед Ш.Бтай ярилцаж, эвдэлсэн, нураасан эд хөрөнгийн хохирлыг барагдуулж өгөхийг хүссэн, Ш.Б ч зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл өгөх ёстой 5  сая төгрөгнөөс суутгаж хохирлоо барагдуулахыг зөвшөөрсөн. Тэр дагуу байрны хана, тааз, шалыг солих, ванны өрөөний усны онгоцыг солих зардал болон бусад зардлыг гаргасан баримт, мөн байр, СӨХ, цахилгааны төлбөрийн үлдэгдлийг төлөөд үлдэх 2 800 000 төгрөгийг Ш.Бы хэлсний дагуу Туяа гэдэг хүний 5015098572 тоот дансанд шилжүүлсэн. Түүнчлэн байр түрээслэх үед үйлдвэрлэл эрхлэх тухай яригдаагүй, орон сууцанд ийм үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөггүй атал хөрш айлуудад ч хүндрэл учруулан эвгүй үнэр гардаг байсныг тухайн байрны хөрш айлуудаас тодруулж болох байх. Мөн орон сууц хөлслөх гэрээний 5.4-т ...хөлслөгч тал байрны тавилга, эд хогшилтой өөриймсөг харьцаж, ашиглах ба өөрийн буруутай үйл ажиллагаанаас эвдэж гэмтээсэн бол өөрийн хөрөнгөөр засах ба эсвэл уг хөрөнгийг шинээр авч өгөх, зах зээлийн үнээр төлбөрийг барагдуулах үүрэгтэй гэж заасан байгаа. Иймд иргэн Ш.Бы нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

                                                                                                                                                                                                                             

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ушүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид Ш.Баас 5 000 000 төгрөг зээлээд хүүнд нь байрандаа суулгасан. Гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дууссан боловч тухайн үед бидэнд мөнгө байгаагүй тул сунгаад 2018 оны 9 сард мөнгөө өгөөд байрнаас гаргах гэтэл банн, гал тогооны чулуун давцан эвдээд, обой бохирдуулсан, паркетан шал солих шаардлагатай тул бид байраа зассан. Учир нь биднийг очиход Ш.Б баннд арьс шир дэвтээж байсан. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 400 000 төгрөг, 10 дугаар сарын 10-ны өдөр 50 000 төгрөг тус тус бэлнээр, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ХААН банкаар 2 800 000 төгрөг тус тус төлсөн. Мөн Ш.Б гэртээ араг хийх үедээ паркетан шат эвдсэн тул солих шаардлагатай болсон. Ш.Б байрнаас гарахдаа байр, СӨХ, цахилгааны өртэй байсан тул байрны мөнгө 261 000 төгрөг, СӨХ-ны төлбөр 13 000 төгрөг, цахилгааны төлбөр 26 000 төгрөг тус тус төлж, гал тогооны чулуун давцан 110 000 төгрөг, банны өрөө засварлахад 250 000 төгрөг, барилгын материал, обой, цавуу, паркетан шал зэрэг засварт нийт 1 750 700 төгрөг зарцуулсан. Бид байрандаа 2018 оны 10-11 сарын хооронд засвар хийсэн учир Ш.Б байрнаас 10 дугаар сарын 10-нд гарсан байх гэж бодож байна. Өөрсдөө байрыг засч өг гэхэд засаагүй учир бид засварын зардлаа зээлийн төлбөрөөс хассан тул Ш.Бд төлөх төлбөргүй гэж үзэж байна гэжээ.  

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч З.Аэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасган, 1 250 000 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Унь “нэхэмжлэгч нь орон сууцыг хөлслөхдөө эд зүйл эвдэж гэмтээсэнээс байрыг засварлах шаардлагатай байсан, засварын зардал болон ашиглалтын зардлыг төлөөгүй учир зээлийн төлбөрөөс суутгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

 

Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар дараах нөхцөл байдлууд тогтоогдов.

 

Шүүхээс нэхэмжлэгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Унарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх ажиллагааг хангалттай хийсэн, нэхэмжлэгчийн өмгөөлүүлэх эрхээр хангуулах хүсэлтийг хүлээн авсан боловч зохигч нь мөн хуулийн 25, 38 дугаар зүйлүүдэд зааснаар шүүхэд нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах, гэрч асуулгах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтийг гаргаагүй бөгөөд зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дах хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

 

Талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 5 000 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, зээлдүүлэгч зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алдангийг тооцож, зээлдэгчээр төлүүлэх гэрээг,

мөн өдөр хариуцагч З.Аийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Баянхошуу 91 дүгээр байрны 5 тоотод байрлах, 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ш.Бд хөлслүүлэх гэрээг тус тус бичгээр байгуулж, уг гэрээнүүдийн дагуу талууд зээлийн гэрээний сарын хүү болох 350 000 төгрөгт хариуцагчийн орон сууцыг нэхэмжлэгч нь хөлслөхөөр тохирч, улмаар гэрээг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар сунгахаар амаар тохиролцсон болох нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтаар болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргахгүй байна.

/хх-ийн 3-4, 5 дугаар тал/

 

Түүнчлэн нэхэмжлэгч Ш.Б нь зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 400 000 төгрөг, 10 дугаар сарын 10-ны өдөр 50 000 төгрөг тус тус бэлнээр, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ХААН банкаар 2 800 000 төгрөгийг тус тус буцаан авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэгч нь уг орон сууцнаас 2018 оны 9 дүгээр сарын 20-дын үеэр гарсан гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гарсан бөгөөд орон сууцыг засварласан зардал болон цэвэрлэгээ хийх, барилгын материалыг тээвэрлэсэн бензины төлбөр 1 450 000 төгрөгийг болон нэхэмжлэгчийн байсан хугацааны ашиглалтын зардал 300 700 төгрөгийг тус тус төлсөн учир нийт 1 750 700 төгрөгийг зээлийн төлбөрөөс суутгах тул төлөх төлбөргүй гэж маргажээ.

 

Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 287 дугаар зүйлийн 287.1-д заасан зээлийн болон эд хөрөнгө хөлслөх гэрээнүүд байгуулагдсан байх бөгөөд дээрх гэрээнүүд нь хуулийн дээрх заалтыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх ба талууд гэрээ байгуулсан талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлыг талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Ш.Б, хариуцагч З.А нарын хооронд байгуулагдсан “Орон сууц хөлслөх гэрээ”-ний 4.4-т ”...хөлсүүлэгч орон сууцны засвар, үйлчилгээг өөрийн хөрөнгөөр хийнэ” гэж тохиролцсон байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийг тухайн орон сууцыг ердийн элэгдлээс илүү муутгасан, гэмтээсэн гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй байх бөгөөд нэхэмжлэгч Ш.Б нь тухайн орон сууцны засвар зардал болох ванн, гал тогооны өрөөний чулуун давцан болон бусад засварын зардалд 500 000 төгрөгийг хасч тооцсон байх тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

            Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Унь нэхэмжлэгч Ш.Быг орон сууцыг хөлслөх хугацааны ашиглалтын зардал болох дулааны төлбөр 261 000 төгрөг, СӨХ-ны төлбөр 13 000 төгрөг, цахилгааны төлбөр 26 700 төгрөг, нийт 300 700 төгрөгийг төлөөгүй байсныг төлсөн тул хасч тооцно гэж маргаж байх боловч нэхэмжлэгч Ш.Б нь 2018 оны 9 дүгээр сарын ус, дулааны төлбөр 20 382 төгрөг, цахилгааны төлбөр 13 545 төгрөгийг тус тус төлөөгүй болох нь хавтас хэрэгт авагдсан Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Сонгинохайрхан  хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 24/300 дугаартай албан бичгээр ирүүлсэн “хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан”, “Баатар дулаан хан” ОСНААК-ын 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 19/52 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолтод хавсаргасан “Харилцагчийн гүйлгээ” гэсэн баримтуудаар тогтоогдож байх ба мөн нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагчийн орон сууцны цонхны туузан хөшгийг авсан тухайгаа болон 50 000 төгрөгөөр үнэлж төлөхөө хүлээн зөвшөөрч байх тул талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц хөлслөх гэрээ”-ний 5.2-т “хөлслөгч нь ...орон сууцыг хүлээн авсан өдрөөс хойших орон сууцтай холбоотой ус, дулаан, цахилгаан, СӨХ гэх мэт бусад ашиглалтын зардлыг хариуцна” гэж зааснаар нийт 83 927 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй байна.

/хх-ийн 38, 39-41, 46, 47-48 дугаар тал/

 

            Иймд хариуцагч З.Аээс зээлийн гэрээний үүрэгт 1 166 073 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагын 83 927 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид 32 535 төгрөгийг хариуцагч З.Аээс гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч З.Аээс зээлийн гэрээний үүрэгт 1 166 073 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагын 83 927 төгрөгт холбогдох хэсгийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 32 535 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

    

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.БАТЧИМЭГ