Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1627

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

 

  2022            11            04                                     2022/ШЦТ/1627

 

 

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллаглагч Н.Уранбайгаль,

шинжээч Б.Сэргэлэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О, түүний өмгөөлөгч Б.Бурмаа, Б.Даваахүү,

шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Цд холбогдох эрүүгийн 2103 00369 0046 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

0

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ц нь 2021 оны 11 дугаар сарын 07-ны өдрийн 02 цаг 13 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1.86 хувийн согтолттой үедээ Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Сансар” Шатахуун түгээх станцын хойд замд “Тоёота” маркийн “Приус” загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Б.Пгийн жолоодож явсан “Тоёота” маркийн “Приус” загварын ***, Т.Цын жолоодож явсан “Киа” маркийн “Оптима” загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж, явган зорчигч Г.Хыг мөргөж улмаар А.А жолоочтой “Тоёота Приус” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг налж унан Г.Хын эрүүл мэндэд нь хүндэвтэр, зорчигч О.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “11 дүгээр саран 6-ны өдөр үүрээр манай нөхрийг согтуу жолооч дайрсан. Тэрнээс болж одоо болтол хэвтэрт босож чадаагүй байгаа. Манайх 5 нас, 1 ой гарантаа хоёр хүүхэдтэй. Би өөрөө нөхрөө харж асарч байгаа. Ц манай нөхөр дээр анх хэвтсэний дараа хоёр удаа л ирж байсан. Түүнээс хойш ерөөсөө эргэж тойрдоггүй. Утсаар ч ярьдаггүй. Эмч удаан хэвтсэн тул босоход хэцүү тул нөхөн сэргээх эмчилгээ хийлгэ гэсэн бичиг хийж өгсөн. Хэвтүүлэх гэсэн боловч мөнгөө заавал эхэлж төлж байж хэвтдэг гэсэн. Бид нарт эмчилгээнд явах боломж байхгүй. Бид нар өнөө маргаашийн хоолыг яая гэж байхад үнэхээр хэцүү байна. Би жаахан хүүхэдтэй. Хүүхэд цэцэрлэгт зөөх хүн байхгүй. Үнэхээр хэцүү байна. Бид нар яаж амьдарч байгааг энэ хүн мэдэх ёстой. Энэ хүн ямар ч сэтгэлгүй. Эргэж тойроод, ганц удаа ч ярихгүй. Таг чиг алга болчихдог. Би үнэхээр ядарч байна. Хоёр хүүхдээ хараад, нөхрөө асраад ядарч байна. Хэвтрийн хүн асарна гэдэг үнэхээр хэцүү. Миний нөхөр босож алхаж чадахгүй байна. Хамгийн түрүүнд нөхөн сэргээх эмнэлэгт нь хэвтүүлмээр байна. Манай амьдрал ормонгоороо эргэсэн сүйрсэн байна. Өдөртөө хоолны махаа яах вэ? гэж амьдарч байна. Манай нөхөр босож чадахгүй байгаа. Өнөөдөр мөнгө л яриад байна. Хамгийн гол нь хүний эрүүл мэнд. Энэ хүнд сэтгэл байсан бол манай нөхрийг эмнэлэгт хэвтүүлээд манай нөхөр боссон байгаа. Одоо жил болсон, босож чадахгүй, хөлөн дээрээ тогтож чадахгүй. Арай гэж хойшоо сууж байгаа. Энэ хүнд үнэхээр гомдож байна. Энэ хүн мөнгө л яриад байна. Өнөөдөр тэр хүнийг босгоод өгөх чадвар байхгүй. Эргэж тойроод яав ч асуухгүй байна. Биеийг нь ч асуухгүй. Эмнэлэгт эмч нарын гарыг цайлгаад хоол унд авахад 400.000-500.000 төгрөг өгсөн гэсэн. Сүүлд 750.000 төгрөг ирж өгсөн. Мод, 6 шуудай нүүрс авч ирж өгсөн. Сүүлд Наадмын өмнө 1 сая төгрөг өгсөн. Нийлээд нийт 2 сая гаран төгрөг болж байгаа. 3, 4 сая төгрөг бол өгөөгүй. Нөхрийгөө сувилалд хэвтүүлж, нөхрийгөө босгож авмаар байна. Бид нар хүүхдийн мөнгөөр амьдарч байна. Манай нөхөр 2-3 сая төгрөгийн цалин сард авдаг байсан. 1 жил 6 сарын цалинг нэхэмжилж байна. Энэ хугацаанд ажил хийх боломжгүй байсан.” гэв.

Шинжээч Б.Сэргэлэн шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэмтлийн зэрэг тогтох журмын 3.1.15 нь аарцаг ясны өвөрмөц хугарлууд орно. Умдаг хэсэг бөөрөнхий хэсэг үүссэн байдаг. Салаанууд нь энэ 2 салаа хугарвал эсвэл энэ салаанууд 4-үүлээ хугарал үүсвэл 3.1.15 хамаарна. Хохирогчийн хугарал  нь умдаг ясны заадас салсан хугаралтай байсан. Энэ заадас нь тэр чигтээ яс биш мөгөөрстэй зүйл байгаа. Тэр нь хоёр тийшээ мөгөөрс хэсгээрээ салсан. Энэ нь заадас салсан хугарал гэж ярьдаг. ... Эсвэл дасгал хөдөлгөөн хэр хийж байгаагаас хамааран өвдөгт нь ургаж байгаа яс ургахаа болино. Одоо бол гэмтэл үүсээд 1 жил болсон, хадуулсан байгаа учраас тодорхой хэмжээний бороололт үүссэн байгаа. Тийм учраас тухайн хүн тэргээ түрээд, жаахан жаахан яваад амраад биеэ дасгаад байвал өвдөгт нь ургасан яс алга болно. Хөдөлгөөнгүй байж болохгүй. Хөдөлгөөн ямар нэг байдлаар хийж байж хугарал нь мөн биеийн хөшилт арилж хэвийн амьдралдаа шилжиж ороход хялбар болно. Ийм гэмтэл байгаа учраас Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулж байгаа тул  гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байна. Хохирогчийн гэмтэл амь насанд аюулгүй. Нэг ойлголт. Синтиз гэдэг заадас гэсэн үг. ... Удаан хугацаагаар эмчлэгддэг гэмтэл. Мөн 4 яс дөрвүүлээ хугараад бүх эрхтэн системээр ар аарцгийн хөндийгөөр гэмтээж байгаа учраас амь насанд аюултай гэж байгаа. ... Дангаараа бол хүндэвтэр гэмтэл. Хавсарч хугарч байж  хүнд гэмтэл орно. ... Урд хэсэгт хугарал байхгүй. Дээд салсан хэсгийн заадас хугарсан. Энэ хугарлууд хавсарч хугарч байж хүнд гэмтэлт орно. Дангаараа хугарвал хүндэвтэр гэмтэлд орно. Энэ 11 сар хэвтэрт байгаа байдал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулж байгаа байдал юм. Ерөнхий хөдөлмөрийн чадвар гэдэг нь тухайн хүн дахин хэзээ ч тэр ажлаа хийж чадахгүй болохыг хэлдэг. Хэрэв хуруу тасарчихвал дахин ургахгүйтэй нэг ойлголт байдаг. Тухайн хүний биеийн байдлаас шалтгаалаад босож явах хугацаа өөр. Мөн энэ хүн шууд хүнд зүйл өргөвөл бас хэцүү. Бага багаар өргөөд биедээ дасгаад явбал эргээд сэргэх хугацаа өөр өөр байна. Эргээд хэвийн байдалтай орох хугацаа нь өөрөөс нь шалтгаална. Хүнд гэмтэл дээр урт хугацаа нь амь насанд аюултай гэдгээрээ ялгаатай. Том хэмжээний ясны хугарлын үед ясанд сайн бүх төрлийн бүтээгдэхүүн авч хэрэглэж болно. Үүнд кальци, барагшуун, алтан гагнуур гээд ясны зураг авхуулаад бороол явагдсан байвал тухайн хүн дасгал хөдөлгөөн байнга хийж байж тухайн хүнээс шалтгаалаад эдгэрэлт янз бүр байна. Бага багаар дасгал хийж явахад зүгээр. Бороололт хэр үүссэн байна гэдгээс шалтгаалаад удаан хугацаанд явж болохгүй. Бас яг тэгж хэлж болохгүй. Энэ зүгээр тариа эм хэрэглээд зүгээр болчихдог зүйл биш. Яс гэдэг чинь гол бэхжүүлж байгаа зүйл нь кальци байдаг. Кальцийг юунаас авч болох вэ гэдгийг судлаад, хоол тэжээлээр кальци аваад байвал заавал нэмэлт бүтээгдэхүүн гэх шаардлага байхгүй. Хоол тэжээлээс кальци нөхөх боломжгүй гэвэл кальци, адууны бэлдмэл зэргийг авч болж байна. Олон төрлийн эм гарсан байгаа. Тэдгээрийг аваад хэрэглэж болно.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн: “Үзлэгт ба ослын газарт очиход явган зорчигч Г.Х 103-аар ГССҮТ рүү явсан байв. Тоёото Приус 30 маркийн ***улсын дугаартай автомашин ертөнцийн зүгээр зүүнэс баруун чиглэлтэй явсан байв. А цэгийг явган зорчигчийг мөргөсөн гэх цэг, Б гэж явган зорчигч машинд шүргүүлж газарт унасан цэг, 2 явган зорчигч машинд мөргүүлээд баруун урагш шидэгдэж машины ... цэг, 6 цэг Тоёото Приус 30 маркийн ***улсын дугаартай автомашин мөргөсөн гэх цэг, 7 цэг гэж Киа оптим маркийн ***улсын дугаар автомашинд мөргүүлсэн гэх цэг, В гэж дугаарыг ... шат тэмдэглэв. ... А цэгээс Б цэг хүртэл 10.20 м, А цэгээс 6 цэг хүртэл 162.50м, А цэгээс 7 цэг хүртэл 204.30м, А цэгээс В цэг хүртэл тэгш өнцөгт хэмжилтээр хэмжихэд 17.20х3.70м, автобус өргөн 3.0м, Т.Приус 30 маркийн ***улсын дугаартай автомашины баруун урд дугуйн хана хүртэл 1.20м баруун хойд дугуйн хашлага хүртэл 1.20м, А цэгээс Т.Приус 30 маркийн ***улсын дугаартай автомашин хүртэл 5.70м, А цэгээс баруун А цэгээс баруун тийш хойш хүртэл 4.60м, Б цэгээс хөшөг хүртэл 1.60м,  6 цэгээс баруун тийш хойш хүртэл 6.30м, 7 цэгээс баруун гар тийш 5.80м, 7 цэгээс Киа Оптима маркийн ***дугаартай автомашин хүртэл 5.70м тус машин баруун урд дугуйн хашлага хүртэл 6.90м, баруун хойд дугуйн хашлага хүртэл 6.30м, А цэгээс зүүн тийш 22м ... Осол болсон газрын зам орчны байдал хуурай ... тусгаарласан бетонан хашлагатай, явган хүний гарц, гүүрэн гарцтай байв. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 5-16 дугаар хуудас),

Хяналтын камерын бичлэг хийсэн: “... бичлэгийг эхлүүлэхэд хяналтын камер нь Сансарын клонкийн хойд замын ертөнцийн зүгээр баруун хойноос баруун урагшаа чиглэлд харуулсан байрлуулсан байх ба явган зорчигч урдаас хойш зам хөндлөн гарч байгаа болон Тоёото приус маркийн ***улсын дугаартай ирж байгаа хэсгийг харуулав. Осол болж байгааг харуулав. ... ослын дараах байдлыг харуулав. Бичлэгийн нийт үргэлжлэх хугацаа 6 секунд байх...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэт (1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),

Хохирогч П.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... Петровис Шатахуун түгээх станц дээр машинаа байрлуулж зам дагуу байрлах ТҮЦ-нээс тамхи, ундаа авах гээд ороход хүн ихтэй байхаар нь гараад хажуу талын ТҮЦ-рүү орох гээд явж байгаагаа л санаж байна. Ослоос болж аарцагны яс салсан, толгойд цус харвалттай, баруун хөмсөгний дээд хэсэгт язарсан, зүүн хөлний шилбэний булчинд язарсан шархтай, зүүн хөл мэдээ багатай эмнэлэгт 10 хоног хэвтэж байж таяг тулаад орй зуур босох төдий үйлдэл хийнэ. Аарцаг яс 1 жил гаржй болж байж бороолно гэсэн миний хувьд үнэхээр хэцүү байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ү.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тоёота Приус маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн автомашин байгаа юм. ... манай дүүгийн жолоодож явсан Тоёота Приус маркийн ***улсын дугаартай автомашинд учирсан эвдрэл гэмтлийг төлсөн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),

Гэрч Б.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... гэнэт миний зүүн гар талаас Тоёота Приус 30 маркийн автомашин миний машины зүүн гар талаар шүргээд цааш хурдтай явсан тэгээд би машинаа шүргүүлчихээд шууд машинаа зогсоогоод байж байтал цагдаа хүрээд ирсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 60 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч Б.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зам тээврийн ослын талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа, жолоочоос өөрийн автомашинд учирсан хохирлыг бүрэн барагдуулж авсан тул цаашид тэр хүнээс нэхэмжпэх зүйл гомдол санал байхгүй ээ. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 49 дүгээр хуудас),

Иргэний нэхэмжлэгч О.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “... би жолоочийн хажууд талын урд суугаад клогкийн хойд талын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд явж байгаад гэрлэн дохион дээр улаан гэрлээр зогсоход удаагүй араас машин ирж мөргөсөн. Ослоос болж миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй, хэд хоног толгой өвдөөд бариачаар бариулаад одоо биеийн байдал хэвийн болсон. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 53 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч Х.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... миний нэр дээр бүртгэлтэй Киа Оптима маркийн *** улсын дугаартай автомашиныг манай найз Ц нь 2020 оны 11 дүгээр сард өдрийн 20.000 төгрөг төлөхөөр тохиролцож 2.500.000 төгрөг төлөөд авахаар тохиролцоод авсан. Тэгээд хугацаандаа мөнгөө төлөөд дууссан боловч нэр дээрээ шилжүүлж аваагүй тэгж байгаад болъё гээд хойшлуулаад явсаар өдийг хүрсэн. ... Ц нэхэмжлэлтэй холбоотой асуудлаа мэднээ. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 57 дугаар хуудас),

Гэрч А.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...буцаад машиндаа ороод суусан чинь миний машины зүүн гар талд түс хийгээд машин хөдөлсөн тэгэхээр нь би гайхаад машинаасаа буугаад хартал миний машины зүүн гар талын урд дугуйны хажууд үл таних хүн хэвтэж байсан тухайн үед би тэр газарт хэвтэж байсан хүнийг харчаад шоконд ороод байж байсан чинь цагдаа болон түргэн тусламж ирчихсэн байсан ... тээврийн хэрэгслийг банк бусаас би Сансармаа гээд эгчийнхээ нэрээр зээл авч худалдаж авсан. ” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 65 дугаар хуудас),

Гэрч Т.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... Сансарын колонкийн гэрлэн дохион дээр улаан гэрлэн дохион дээр зогсожбайтал араас гэнэт машин мөргөсөн. ...миний биед ямар нэгэн хохирол учраагүй, манай эхнэр Д бид 2 явж байсан. ...Т гээд манай найзын нэр дээр байдаг. Манай эхнэр Д бид 2 явж байсан....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 67 дугаар хуудас),

Гэрч Т.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... манай гэрээс шөнө 02 цаг өнгөрч 13 дугаар хорооллын тэндээс гарч сансарын клонк дээр зогсоод замын хойд талын ТҮЦ-нээс тамхи, ундаа аваадхъя гэж хэлээд машинаас буусан. ...манай найз машинаа жолоодож яваад би жолоочийн хажууд талын суудалд суучихсан утсаа оролдоод явж байсан. Х машинаас буугаад тамхи, ундаа аваад ирье гэсэн би хаашаа явсаныг нь тухайн үедээ анзаарч хараагүй ээ. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10994 дугаар: “... ДҮГНЭЛТ 1. Г.Хын биед умдаг ясны заадас салсан зөрөөтэй хугарал, духанд шарх, их тархины духны таславчинд аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархай, баруун сарвуу, зүүн шилбэ, шагайнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу авто ослын үед үүсэх боломжтой, Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11010 дугаар: “ДҮГНЭЛТ 1. О.Дгийн биед тархи доргилт, дагзны хуйх, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас),

2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Мөрдөгчийн: “Тоёота Приус 30 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэл болон бусад нөхцөл байдлаас болсон гэж үзэх үндэслэлгүй байна.” гэх магадлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 113 дугаар хуудас),

Шүүгдэгч Д.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ” ...Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явган зорчигч болон автомашинуудыг мөргөж осол гаргасан гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 142 дугаар хуудас),

Дуудлага лавлагааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),  

Д.Цийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

Хохиролтой холбоотой баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 25-37 дугаар хуудас),

“Итгэл Эстимэйт” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 96-97, 102-105 дугаар хуудас),   

“           Сүлд Үнэлгээ” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас),  

А.А, Ү.Сансармаа нараас гомдол, саналгүй байхгүй гэх хүсэлт (1 дүгээр хавтаст хэргийн 149 дүгээр хуудас),

“Вендо” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 150-154 дүгээр хуудас),

ГССҮТ-ийн гэмтэл согог кабинетын эмчийн тодорхойлолт, хөдөлмөрийн тухай гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 208-209 дүгээр хуудас),

Г.Хын нэр дээрх ХААН банкин дахь Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 214-250 дугаар хуудас),  

Д.Цоос Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт (2 дугаар хавтаст хэргийн 59 дүгээр хуудас),  

Г.Хын Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас),

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Гэрч Э.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай нөхөр Д.Ц

0 гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 127 дугаар хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 117 дугаар хуудас),

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэгийн 118 дугаар хуудас),

Д.Цийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбрууд (1 дүгээр хавтаст хэргийн 119-122 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 123 дугаар хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбарууд (1 дүгээр хавтаст хэргийн 163-172 дугаар хуудас), хохирогч П.Хын цалин шилжүүлдэг данстай холбоотой баримт гэх ХААН банкны тодорхойлолт (дугаарлагдаагүй), шинээр гаргаж өгсөн Я.Хгийн нэр дээрх ХААН банкин дахь Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Монголын модон барилгын консорциум” ХХК-ийн дүрэм, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, хохирогч П.Хд 2.520.000 төгрөгийг барагдуулсан гэх гар бичмэл (нийт 6 хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч: “Шүүгдэгч Д.Ц нь 2021 оны 11 дугаар сарын 07-ны өдрийн 02 цаг 13 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1.86 хувийн согтолттой үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Сансар” Шатахууг түгээх станцын хойд замд “Тоёота” маркийн “Приус” загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Б.Пгийн жолоодож явсан “Тоёота” маркийн “Приус” загварын ***, Т.Цын жолоодож явсан “Киа” маркийн “Оптима” загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж, явган зорчигч Г.Хыг мөргөж улмаар А.А жолоочтой “Тоёота Приус” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг налж унан Г.Хын эрүүл мэндэд нь хүндэвтэр, зорчигч О.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Иймд шүүгдэгч Д.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол гарсан. Өөрөөр хэлбэл жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед тээврийн хэрэгслийг жолоодох нь битгий хэл руль дээр нь суухыг хориглодог. Гэтэл тухайн жолооч тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцон улмаар явган зорчигчийг мөргөж бусдын тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогджээ. Иймд шүүгдэгч Д.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд 1.610.000 төгрөг, үнэлгээний 596.000 төгрөг нийт 2.206.000 төгрөг өмнөх шүүх хуралдаанд гаргуулах санал тавьсан. Өнөөдөр шүүх хуралдаан дээр 2.814.000 төгрөгийг шүүгдэгчийн талаар хохирол төлбөр төлсөн байна. Үндсэндээ эмчилгээний зардал, хохирол төлөгдсөн гэж үзлээ гэж байна. Харин хохирогчийн ажилгүй байх үеийн буюу 1 жил 6 сарын цалинг хохирогчийн талаас нэхэмжилж байна. Өөр хэлбэл тодорхойлолтоор 2.500.000-3.000.000 төгрөгийн цалин авдаг гэсэн тодорхойлолт байгаа. Нийт 45 сая төгрөг нэхэмжилнэ гэж байгаа боловч тухайн байгууллага нь нийгмийн даатгал төлдөггүй. Байгууллагын нягтлангаар дундаж цалингаа бодож тооцуулан баримтыг шүүх хуралдаанд ирүүлсэн бол улсын яллагчийн зүгээс гаргуулах санал гаргах байсан. Иймд дээрх баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг үлдээх санал гаргаж байна. Хохирогч хоёр хүүхэдтэй, нөхрийгөө хараад ажил хийдэггүй тул эмчилгээ хийлгэх боломжгүй гэж хэлж байна. Иймд мөн тухайн эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

2021 оны 11 дугаар сарын 07-ны өдрийн 02 цаг 13 минутын орчимд шүүгдэгч Д.Ц нь 1.86 хувийн согтолттой үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Сансар” Шатахууг түгээх станцын хойд замд “Тоёота” маркийн “Приус” загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Б.Пгийн жолоодож явсан “Тоёота” маркийн “Приус” загварын ***, Т.Цын жолоодож явсан “Киа” маркийн “Оптима” загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж, явган зорчигч Г.Хыг мөргөж улмаар А.А жолоочтой “Тоёота Приус” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг налж унасан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч Г.Хын эрүүл мэндэд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10994 дугаар дүгнэлтээр “умдаг ясны заадас салсан зөрөөтэй хугарал, духанд шарх, их тархины духны таславчинд аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархай, баруун сарвуу, зүүн шилбэ, шагайнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт,

хохирогч О.Дгийн эрүүл мэндэд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11010 дугаар дүгнэлтээр “тархи доргилт, дагзны хуйх, духанд зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт тус тус гарсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад согтуурсан үедээ “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг зааж өгчээ.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

Шүүгдэгч Д.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Г.Хын эрүүл мэндэд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10994 дугаар дүгнэлтээр “умдаг ясны заадас салсан зөрөөтэй хугарал, духанд шарх, их тархины духны таславчинд аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархай, баруун сарвуу, зүүн шилбэ, шагайнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт,

Хохирогч О.Дгийн эрүүл мэндэд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11010 дугаар дүгнэлтээр “тархи доргилт, дагзны хуйх, духанд зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул нэг хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.Ц нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монголын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3-т тус тус заасан заалтыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогч Г.Хын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч О.Дгийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл буюу хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Д.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар согтуурсан үедээ “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгсэл жолоодож явснаас болж гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлсөн, ажилгүй эрхэлж чадаагүй 1 жил 6 сарын хугацааны дундаж цалин, хөлс буюу 1 сарын 2.500.000 төгрөг нийт 45.000.000 төгрөгийг нэхэмжилсэн.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлахад хохирогч нь ажил гүйцэтгэснээрээ цалин авдаг байх бөгөөд нийгмийн даатгал хувь хүний орлогын татвар төлдөггүй болох нь тогтоогдож байх тул сард олох дундаж цалин орлогыг тодорхойлох боломжгүй байна.

Гэвч Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасны дагуу шүүхээс ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй хугацааны цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзсэн.

Харин шүүхээс хугацааг тогтоохдоо СБДЭМТ гэмтлийн эмчийн тодорхойлолт заасан 6 сарын хугацаанд хэвтрийн дэглэм барих шаардлагатай (1 дүгээр хавтаст хэргийн 208 дугаар хуудас) гэсний дагуу 6 сарын хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэлээ.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 5 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 2500 төгрөг 76 мөнгө буюу сард 420.000 төгрөгөөр байхаар тогтоосон байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар шүүгдэгч Д.Цоос 2.520.000 /6*420.000/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оад олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөр зорилгоор ажлын 5 хоногийн завсарлах хүсэлт гаргасан бөгөөд уг хугацаанд шүүгдэгчээс 2.520.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оад төлсөн байх ба шүүгдэгч Д.Цийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Мөн хохирогч Г.Х нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Д.Цоос холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Мөн О.Д “Ослоос болж миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй, хэд хоног толгой өвдөөд бариачаар бариулаад одоо биеийн байдал хэвийн болсон” гэж мэдүүлсэн болохыг дурдав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Ц нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагч: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэх, хэмжээ хязгаарыг 6 дүүргээс гарахыг хязгаарлахаар тогтоолгох саналтай.”гэх саналыг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нараас “Хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул эрүүгийн хариуцлага дээр санал хүсэлт байхгүй” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн ялын саналыг сонлоо. Цийн  хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Хохирогч нар болон иргэний нэхэмжлэгч нарт бүх хохирлоо төлсөн. Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь хөнгөрүүлэх  нөхцөл байдал харагдаж байна.  Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан ч гэсэн хүргэлтэд ачигчийн ажил хийж хөдөө орон нутаг явдаг тул зорчих эрх хязгаарлах ял оногдуулбал Улаанбаатар хотоос гараад АПУ-ын хүргэлт хийгээд явдаг учраас ажлаа хийх боломжгүй болж хохирлоо төлөхөд саад болох тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасанаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү.” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ... учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийн хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт “... тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж зааснаар уг гэмт хэрэг “хөнгөн” гэмт хэрэгт хамаарч байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт “... тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.

Шүүхээс шүүгдэгч Д.Цид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугийн хэлбэр болгоомжгүй болон холимог хэлбэрээр үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, баримтаар тогтоогдсон хохирлыг төлсөн зэргийг харгалзан үзэж, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэх эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Цид тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж шийдвэрлэв.

Бусад асуудлаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Д.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан согтуурсан үедээ  “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Цид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Д.Цид тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Цид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус болохыг дурдсугай.

8. Мөн хохирогч Г.Х нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Д.Цоос холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ

                                               ШҮҮГЧ                            М.ТҮМЭННАСТ