Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/14

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Бамбадорж

Шинжээч эмч Б.Өнөрборгил

Гэрч *******

Насанд хүрээгүй хохирогч *******

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,******* оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот дүүрэг хороо тоотод оршин суух хаягтай, одоо Дорнод аймгийн сумын баг тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл байхгүй, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 16 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 11 дүгээр баг Солонго хороолол тоотод *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар цээж хэсэгт иртэй зүйлээр зүсэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... аав миний төрсөн ах. Би ахын гэрт амьдардаг байсан. Би амьдрах хугацаандаа авга эгчийн хувиар тийм зүйл битгий хийгээрэй гэж зөвлөдөг байсан. хүний үг сонсдоггүй хүүхэд, худал хов зөөж биднийг муудалцуулдаг. аавдаа та эгчийг хөөж чадахгүй бол би өөрөө хөөнө гэж хэлж байсан удаатай. 2022 оны 05 дугаар сард намайг аавтайгаа хамт зодсон. Үүнийг манай гэрийнхэн бүгд харсан. Тухайн өдөр гэрийнхээ түлхүүрийг авна гэж орж ирсэн. Би чи ийм үйлдэл битгий хий гэж хэлэхэд байрны гэрчилгээ хаана байна өг гэсэн. Би байрны гэрчилгээг чинь эмээд чинь өгөөд хөдөө явуулчихсан. Танай аавын нэр дээр байгаа гэрчилгээг хэн ч авч, хэрэглэж чадахгүй гэж хэлэхэд хувцсыг чинь гаргаад шидлээ гэж хэлээд тор хайж гүйж, намайг хэл амаар доромжилсон. Би эгч нь учир доромжлуулалгүй утсан дээрээ бичлэг хийхэд миний утсыг булааж авсан. Би утсаа гээс авах гэж булаацалдахад миний гараас гэрийн түлхүүр унасан. Тухайн үед хөлөөрөө түлхүүрийг ширээн доогуур өшиглөсөн. Би ширээн доороос түлхүүр авч босоход хром өмссөн гуталтай хөлөөрөө миний хөлөн дээр гишгэж, ширээний хажуу талын хана руу намайг дагзаар минь савуулж гэрээс гараад явсан. Тухайн үед манай эрэгтэй дүү залгасан ба би намайг хананд савуулчихлаа, би манараад босож ирж байна, цагдаа дуудаарай гэж хэлсэн. Би Цагдаагийн газар руу залгаж хүнд зодуулчихлаа гэхэд өөрийн биеэр ирж гомдол гарга гэж хэлсэн. Би найзтайгаа хамт Цагдаагийн газар очиход намайг г зүссэн гэж гомдол гаргасан байсан. Гэрт цаас зүсэгч байгаагүй, би нэг ч удаа хэрэглэж байгаагүй. Би биед гэмтэл учруулаагүй...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... эгчийн ярьж байгаа зүйл бүгд худал байна. Манай ээжийг удаа дараа хэл амаар доромжлоод байсан тул би өөрийг нь эргүүлж хэл амаар доромжилсон. эгч 2022 оны 05 дугаар сараас хойш манай гэрт амьдарсан. Тэр хугацаанд би нэг ч удаа гэрийнхээ түлхүүр авч үзээгүй. Манай гэрийн хаалгыг онгойлгож өгчихөөд түлхүүрийг нуучихдаг байсан. Намайг хичээлдээ явчихаад гэртээ ирэх үед байдаггүй. Би 3-4 цаг хүлээж байж гэртээ ордог байсан. Гэртээ орох үед намайг тайван байлгахгүй үргэлж хэрүүл өдөж, хэл амаар доромжилдог. Манай ээж нас барсан үеэс эгч надтай зүй бус харьцаж эхэлсэн. Намайг удаа дараа хэл амаар доромжилж, юугаар ч хамаагүй зоддог байсан. эгч 3-4 удаа манай гэрийнхний хажууд өөрийнхөө амийг хорлоно гэж хутга барьж, би та нарт гай болж, чирч үхнэ гэж ярьдаг байсан. Тухайн үед би гэртээ ороод аав таныг яв гэж хэлсэн. Би гэрийнхээ түлхүүрийг авмаар байна гэж хэлсэн. Би зайл гэж хэлсэн удаа байхгүй. Аав намайг байрны гэрчилгээ аваад ир гэсэн тул хайхад байгаагүй. Би байрны гэрчилгээ хаана байгааг асуухад эмээд байгаа гэж хэлсэн. Та одоо явахгүй юм уу би түлхүүрээ авмаар байна. Та 2022 оны 05 дугаар сараас хойш ийм байдалтай байна гэж хэлэхэд та нар намайг хэзээ ч энэ гэрээс гаргаж чадахгүй. Намайг үхсэний дараа гэрээс гаргаарай гэж хэлсэн. Би тухайн үед  уут хайж явсан нь үнэн. Таны хувцсыг гаргаад шидчих үү гэж хэлсэн байж магадгүй. Санахгүй байна. Манай найз аавтай ярилцаад манайд хамт амьдардаг байсан. Амьдарч байх хугацаанд эгч найзыг маань байнга хөөж, дарамталж, чемодантай хувцсыг нь авч шиддэг байсан. Би түүн шиг нь таны хувцсыг гаргаад өгчих үү гэж хэлсэн. Түүнээс биш зайл гэж хэлээгүй. Намайг уут хайж байхад эгч элдүүрээр намайг цохиход нь би хойш нь түлхсэн. Тэр үед шүүгээний дунд талаас жижиг хутга авч ирээд хоолой боож цамцны захаас татаж байгаад зүссэн. Тухайн үед түлхүүр газарт ойчиж ширээний хойд тал руу үсэрсэн. Би түлхүүр авах гэж очиход эгч  өөрөө хананд толгойгоороо саваад байсан. Тэр үйлдлээ намайг толгойгоор нь хананд савуулсан гэж байна. Босож ирээд авга ах руу залгаад “ намайг хананд толгойгоор цохиулчихлаа гэж хэлж байсан. Би аав руугаа залгаж танай дүү чинь намайг хутгаар зүсчихлээ гэж хэлсэн. эгчийг надаас уучлалт гуйх байх гэж бодсон. Гэтэл надад гомдол гаргах гээд явж байсанд гайхаж байна...” гэв.

Шинжээч эмч Б.Өнөрборгил шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... учирсан зүсэгдсэн гэмтэл цаасны хутгаар буюу хурц ир үзүүртэй зүйлээр үүсгэгдэж зүсэгдсэн байх боломжтой. Хүзүүнд үүссэн зулгаралт мохоо зүйлийн үйлчлэлээр үрэлцэх шүргэлцэх, татахад үүсэх боломжтой. Шархны хувьд зүүн эгэмний доод талд ташуу байрлалтай 4-5 сантиметрийн хэмжээтэй, мэс заслын оёдол тавигдсан сорвитой. Шархны эхлэл болон төгсгөл хэсгийг үнэлэх боломжгүй. Яагаад гэвэл тухайн шарх нь анх эмнэлгийн тусламж авч оёдол тавигдсан байсан. Шархны хоёр талын ирмэг оёдлоороо татагдсан байсан учраас шархны ирмэгийг үнэлэх боломжгүй. Тухайн шарх нь яг аль нэг хэсгээрээ гүн өргөн төгсгөлтэй нарийн төгсгөлтэй гэсэн зүйл ажиглагдаагүй. Шарх, зулгаралтын хувьд шинэ учраас тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой гэж дүгнэлт гаргасан...” гэв.  

Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... хэрэг гарахын өмнө өдөр манайд хоноод өглөө 09 цагийн үед надаар гэр рүүгээ хүргүүлж үлдсэн. 11 цаг өнгөрөөгөөд над руу залгаад эгч байхгүй байна та намайг ирээд аваач гэхэд нь би очиж авсан. Би хүүхдээ 13 цагийн үед хичээлд нь хүргэж өгөх үед намайг гэрт хүргээд өг гэж хэлсэн. Би гэрт нь хүргэж өгөхөд та хүлээж байгаарай эгч байхгүй байж магадгүй гээд гэр рүүгээ орсон. Би тухайн үед ажилгүй байсан тул гэрийнх нь гадаа хүлээж байсан. Гэтэл уйлаад гарч ирсэн. Би юу болсон талаар асуухад эгч намайг зодсон гэж хэлсэн. Би аавд нь хэлье гээд гэр рүүгээ аваад явсан. ... нь манай хүүхэд шиг байдаг болохоор манайд ирж хонодог. г гэртээ очихоор нь хэл амаар доромжилж зодоод байдаг гэж хэлсэн. Тухайн үед уйлж гарч ирээд юм асуухад хариулахгүй байсан тул гэр рүүгээ авч явсан. манай гэр рүү очсон ч уйлаад  байсан. Манай нөхөр яасан миний дүү гэж асуухад эгч зодсон гэж хэлээд юу болсон талаар хэлэх сөхөөгүй уйлаад байсан. Гэрт очоод үзэхэд хүзүүг нь боогоод зүсчихсэн, биед нь шарх үүсэж ангайчихсан, тухайн үед өмсөж явсан цамц нь цус болоогүй, сунасан байдалтай байсан. Тэгэхэд манай нөхөр аав руу нь залгаж г зүсчихсэн байна гэж хэлэхэд өмгөөлөгчтэй очоод уулз гэж хэлсэн...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би гэртээ ороод илүү түлхүүргүй байсан учраас бага зэрэг бухимдаад ******* эгчид хандан та одоо манай гэрээс яв, би гэрийнхээ түлхүүрийг танаас авмаар байна, танд аав хэлсэн гэсэн биз дээ гэж хэлэхэд миний өөдөөс уурлаж чам шиг бацаан намайг гэрээсээ хөөж чадахгүй ээ, цагдаагаар яваад ч юм олж долоохгүй, мөн чамайг өнөөдрөөс эхлэн Дорнодод алхуулахгүй гэх мэтийн үг хэлээд маргаан үүсгэсэн. Би тэр үед жижиг өрөөнд байх шүүгээ рүү өмсөж байсан хувцсаа солих гээд очиход ******* эгч араас гартаа элдүүр мод барьж ирээд чи миний юмнаас холд гээд түлхэхээр нь би буцаад өрөөнөөс гарч том өрөөнд ороход эгч гартаа барьж байсан модон элдүүрээр гуя болон нуруу хэсэг рүү цохиод өөдөөс түлхээд байхаар нь би мөн өөдөөс нь гараараа цээж рүү түлхэж холдуулахад хоолны шүүгээний шургуулгаас гартаа цаасны хутга барьж ирээд өмсөж явсан цамцны захаас зулгаахаар нь би баруун гартаа цаасны хутга барьж байсан болохоор баруун гарыг нь бариад өөр рүүгээ ойртуулахгүй хориод байж байхад гэнэт гартаа байсан цаасны хутгаараа цамцны захнаас зулгааж байгаад зүүн эгэм орчим зүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...ыг манай гэрт байгаад хүүхдэд минь туслаад өгөөсэй гэж бодож байсан юм. Гэвч нь гэрт хоол хийх, туслах зэрэг ажил хийсэн тохиолдол байхгүй байнга л хүүхэдтэй минь маргалдаж муудалцаад байдаг юм. Үүнээс болж түүнийг гэрээс яв гэж 2022 оны 05 сараас эхлэн хэлж байгаа. Гэтэл гэрээс явахгүй өөрөө дур мэдэн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл амьдарснаас болж манай хүү тэй тухайн өдөр маргалдаж цээж хэсэгт нь цаасны хутгаар зүссэн талаар манай дүү эхнэр залгаж хэлсэн. Ингээд энэ үйл явдал болсны дараагаар нь гэрээс явсан байсан тул би хаалганы голыг солиулсан. Ер нь талаар байнга юм зохиож яриад худлаа хэлж хов зөөгөөд байдаг. Мөн г цаасны хутгаар зүсчихээд зүсээгүй гэж худлаа яриад байна гэж бодож байна. Манай хүү хувьд бол өөрөө өөрийгөө зүсээд эсвэл өөр хүнд зүсүүлээд эгчийгээ зүссэн гэж хэлэх хүүхэд биш. Хэрэг болсон өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр надад болсон зүйлийн талаар хэлсэн тул би  11 дүгээр сарын 01-нд ******* сумаас үдээс хойш 15 цагийн орчимд гэртээ ирэхэд гэрт байж байсан. Ингээд гал тогооны шүүгээний хутга байдаг хэсгийг нээж үзэхэд цэнхэр өнгийн цаасны хутга байсан. Харин одоогийн байдлаар бол тухайн цаасны хутга манай гэрт буюу тоотод огт байхгүй байна. Миний бодлоор бол тухайн цаасны хутгыг гэрээс явахдаа авч явсан гэж бодож байна. Би өөрийнхөө нүдээр харсан энэ талаар надад худал хэлээд байх шалтгаан байхгүй… гэх мэдүүлэг /хх-ийн 32/

Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд машинаа жолоодон бид 2 гэрийнх нь гадаа ирсэн. Харин намайг *******г буулгаж өгөөд буцаад явах гэж байхад надад хандан эгчээ та намайг хүлээж байгаарай, гэрт хүн байхгүй байж магадгүй гэж хэлэхээр нь нээрээ хүн байхгүй байж магад гээд гэрийнх нь гадаа машин дотроо хүлээж байхад ойролцоогоор 30-40 минутын дараа ******* орцноосоо уйлж гарч ирээд жолоочийн хажуу талын суудал дээр суугаад намайг зодсон гээд уйлаад гараараа машины урд салоныг цохиод байсан юм. Тухайн үед би юу болсон талаар асуухад надад юм хэлэхгүй болохоор нь би машинаа асааж хөдлөөд шууд гэртээ ирсэн. Тэгээд гэрт ирээд дүү *******г харахад өмсөж явсан ноосон цамцны зах бага зэрэг сунасан хүзүү нь улайж зулгарсан, цээжний зүүн эгэм орчим зүсэгдсэн шархтай цус гарчихсан байсан юм. Тухайн үед би хэн цээжийг нь юугаар зүссэн юм бэ, яасан юу болсон талаар асуухад миний өөдөөс гэрт байсан хамаатны эгч намайг зодож миний зүүн эгэм орчимд цаас зүсдэг хэрэгслээр зүссэн гэж хэлэхээр нь түүний аав д энэ талаар хэлэхэд би хөдөө байна, хүнтэй яръя гэж хэлээд гар утсаа салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/                                                                                                                                   

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 31-ний 15 цагийн орчимд гаднаас орж ирээд надад хандаж чи яг одоо гэрийн түлхүүр өгөөд зайл гэж хэлэхэд нь би чи энэ үйлдлээ хэзээ зогсоох юм бэ, болих болоогүй юм уу гэж асуухад байрны гэрчилгээ аваад ир чи гээд байхаар нь гэрчилгээг чинь эмээд чинь өгсөн. Ер нь энэ байрны эзэмшигч нь аавын чинь нэр дээр байхад хэн ч өөрийн нэр дээр шилжүүлэхгүй. Чи гэрчилгээгээр яах гээд байгаа юм бэ гэх зэргээр ярилцаж байсан. Энэ үед миний хувцсыг гаргаж шиднэ гээд байхаар нь би өөрөө удахгүй явна, энэ чамд хамаагүй асуудал, би удахгүй өөрөө явна гэж хэлээд өөрийнхөө утсаар бичлэг хийж байхад миний утсыг булааж авсан. Би гээс утсаа авах гэж байхад  миний гараас гэрийн түлхүүр унасан. Газарт унасан гэрийн түлхүүрийг хөлөөрөө өшиглөж ширээн доогуур хийсэн тул би түлхүүр авах гэж ширээн доогуур тонгойход хромон гуталтай хөлөөрөө миний нүцгэн хөлөн дээр гишгэж, босож ирэхэд намайг хана хэсэг рүү дагзаар минь савж унагаасан. ...2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр сумын 11 дүгээр баг Солонго байрны тоотод биедээ гэмтэл аваагүй. Энэ гэмтлийг ямар шалтгааны улмаас үүссэн талаар хэлж мэдэхгүй байна. гэрээс гараад ойролцоогоор 2 цагийн орчмын дараа цагдаагийн газарт мэдүүлэг өгч байсан. Энэ хугацаанд юу болсон талаар хэлж мэдэхгүй байна. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг дүгнэлтэд дурдсан гэмтлийг би учруулаагүй учраас наад хамааралгүй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 681 тоот дүгнэлтэд:

1. *******гийн биед зүүн эгэмний доод хэсэгт шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.3. Зүүн эгэмний доод хэсэгт шарх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хүзүүнд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хоёр удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Зүүн эгэмний доод хэсэгт шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүнд зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 56-57/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 678 тоот дүгнэлтэд:

1. *******ын биед баруун хөмсөг, цээжинд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хөлийн хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.  

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3.4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх-ийн 48-49/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/

- Хохирогчийн цагдаагийн газарт бичгээр гаргасан гомдол /хх-ийн 08/

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-11/

            - Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14, 18-21/

            - Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-17/

            - Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 22/

   - Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 55/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71/

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Эд  мөрийн баримтаар:  Бичлэг бүхий СD, саарал өнгийн ноосон цамц зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 11 дүгээр баг Солонго хорооллын тоотод насанд хүрээгүй хохирогч *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар цээж хэсэгт нь иртэй зүйлээр зүсэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн насанд хүрээгүй хохирогч *******гийн “... эгч гартаа барьж байсан модон элдүүрээр миний гуя болон нуруу хэсэг рүү цохиод өөдөөс түлхээд байхаар нь би мөн өөдөөс нь гараараа цээж рүү түлхэж холдуулахад хоолны шүүгээний шургуулгаас гартаа цаасны хутга барьж ирээд өмсөж явсан цамцны захаас зулгаахаар нь би баруун гартаа цаасны хутга барьж байсан болохоор баруун гарыг нь бариад өөр рүүгээ ойртуулахгүй хориод байж байхад гэнэт гартаа байсан цаасны хутгаараа цамцны захнаас зулгааж байгаад зүүн эгэм орчим зүссэн...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн үед түлхүүр газарт ойчиж ширээний хойд тал руу үсэрсэн. Би түлхүүр авах гэж очиход эгч өөрөө хананд толгойгоороо саваад байсан. Тэр үйлдлээ намайг толгойгоор нь хананд савуулсан гэж байна. ...Би аав руугаа залгаж танай дүү чинь намайг хутгаар зүсчихлээ гэж хэлсэн. эгчийг надаас уучлалт гуйх байх гэж бодсон. Гэтэл надад гомдол гаргах гээд явж байсанд гайхаж байна...” гэх мэдүүлэг,  гэрч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... уйлаад гарч ирсэн. Би юу болсон талаар асуухад эгч намайг зодсон гэж хэлсэн. ...Гэртээ очоод үзэхэд хүзүүг нь боогоод зүсчихсэн, биед нь шарх үүсэж ангайчихсан, тухайн үед өмсөж явсан цамц нь цус болоогүй, сунасан байдалтай байсан. Тэгэхэд манай нөхөр аав руу нь залгаж г зүсчихсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...ыг гэрээс яв гэж 2022 оны 05 сараас эхлэн хэлж байгаа. Гэтэл гэрээс явахгүй өөрөө дур мэдэн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл амьдарснаас болж манай хүү тэй тухайн өдөр маргалдаж цээж хэсэгт нь цаасны хутгаар зүссэн талаар манай дүү эхнэр залгаж хэлсэн. ...би 2022 оны 11 дүгээр сарын 01-нд ******* сумаас 15 цагийн орчимд гэртээ ирэхэд гэрт байж байсан. Ингээд гал тогооны шүүгээний хутга байдаг хэсгийг нээж үзэхэд цэнхэр өнгийн цаасны хутга байсан. Харин одоогийн байдлаар  тухайн цаасны хутга манай гэрт байхгүй байна. Миний бодлоор тухайн цаасны хутгыг гэрээс явахдаа авч явсан гэж бодож байна. Би өөрийнхөө нүдээр харсан. Энэ талаар надад худал хэлээд байх шалтгаан байхгүй… гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 681 тоот “...*******гийн биед зүүн эгэмний доод хэсэгт шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн эгэмний доод хэсэгт шарх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хүзүүнд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хоёр удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Зүүн эгэмний доод хэсэгт шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүнд зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт, эд зүйлд  үзлэг хийсэн тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд насанд хүрээгүй хохирогч *******г зүсээгүй, түүнд гэмтэл учруулаагүй, харин ******* өөрийнх нь биед гэмтэл учирсан талаар мэдүүлж маргадаг.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад тухайн цаг хугацаанд шүүгдэгч *******ын эрүүл мэндэд гэмтэл учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 678 тоот “...*******ын биед баруун хөмсөг, цээжинд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хөлийн хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлтээр тогтоогдож байгаа боловч түүнийг насанд хүрээгүй хохирогч *******д гэмтэл учруулаагүй гэдгийг үндэслэлтэй нотолсон баримт хэрэгт байхгүй байна.

Мөн насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч З.Нямсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******д насанд хүрээгүй хохирогч *******тэй насанд хүртэл нь уулзахгүй байх хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ нэмж авахуулах саналыг гаргасан.

Шүүгдэгч *******ын хувьд хэрэг гарсан цаг хугацаанаас хойш Дорнод аймгийн сумын 11 дүгээр баг Солонго хотхоны тоот байр буюу төрсөн ах Ч.гийн гэрээс явж өөр газар амьдарч байгаа бөгөөд дахин *******тэй уулзахгүй гэж мэдүүлж байх тул өмгөөлөгч З.Нямсүрэнгийн гаргасан саналыг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 681 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг дүгнэлтийг  гаргасан байна.

Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.  

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******д 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгчийн өмгөөлөгч торгох ялын санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, бага насны 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд хувиараа гоо сайханчаар ажилладаг, тодорхой хэмжээний орлоготой,  өөрийн гэсэн орон байргүй зэрэг хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүхээс шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж  дүгнэлээ.

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Насанд хүрээгүй хохирогч нь цаашид эмчилгээний зардал нэхэмжилнэ гэж мэдүүлж байх тул насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD-г хэрэгт хавсаргаж, 1 ширхэг саарал өнгийн ноосон цамцыг тогтоол хүчин төгөлдөр болмогц насанд хүрээгүй хохирогч *******д буцааж олгох, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоол дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч *******д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Насанд хүрээгүй хохирогч *******, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь  учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэмт буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD-г хэрэгт хавсаргаж,  саарал өнгийн 1 ширхэг ноосон цамцыг тогтоол хүчин төгөлдөр болмогц насанд хүрээгүй хохирогч *******д буцааж олгох, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА