Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 134/ШШ2019/00082

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч П.Цогзолмаа, Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Г.Г,

Хариуцагч: М.С,

Хариуцагч: Д.Ө

Хариуцагч: А.Д

гэм хорын хохирол 2 194 815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, хариуцагч М.С-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, түүний өмгөөлөгч Э.С, хариуцагч Д.Ө-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагч А.Д, иргэдийн төлөөлөгч Б.Д, нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 12  дугаар сарын 07-ны орой айлын бие засах газрын ухсан нүхэнд ойчиж бэртэл авч улмаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгээд зүүн хөлийн өсгий хугарч, шагай гэмтэн  хүнд гэмтэл авсан байсан. Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт очиж томографикт очиж зураг авахуулсан. Шинжилгээнд байхад зүүн хөлний өсгий муруйлттай хугарсан хүнд хэлбэрийн гэмтлийн шинж тэмдэг илэрсэн. 3 сар орчим эмнэлэг болон гэрээр эмчлүүлсэн. Одоо зогсоо ажил хийж болохгүй суугаа ажил эрхлэх шаардлагатай болсон. Ингээд эхлээд би хэний ухсан нүх болохыг мэдэхгүй байсан учраас иргэн М.С-с  дангаар нь  хохирлоо нэхэмжилсэн. Тэгтэл дараа 3 айл нийлж ухсан гэдгийг мэдээд А.Д, Д.Ө нарыг хариуцагчаар татаад эмчилгээний зардал 394 815 төгрөг, ажилгүй байсан хугацааны зардал 1 800 000 төгрөг нийт 2 194 815 төгрөгийг энэ гурван хүнээс хувааж нэг хүнээс 731 616 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. 2019 оны 02 дугаар сард байгууллагаас надад 296 000 төгрөгийн ээлжийн амралтын мөнгө олгосон гэв.

 

Хариуцагч М.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэгч Г.Г-г 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нүхэнд унасан явдлыг 13-ны өдөр мэдсэн. Тус газар болон ОО-ын нүх ухсан газар нь М.С миний хувийн эзэмшлийн газар биш ба тус газрын 3 өрх айл хоорондоо харилцан тохироцсоны үндсэн дээр хамтдаа гурван өрх айл ОО-ын асуудлаа шийдсэн. Тийм байхад ганц намайг шүүхэд өгсөнд гомдолтой байна. Мөн Г.Г-н нэхэмжлэлийн хэмжээ их байгаа бөгөөд нэхсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнд эмнэлгийн тусламж болон мөнгөн тусламж үзүүлье гэж хэлэхэд өөрөө зөвшөөрөөгүй ч юм уу таг чиг нэг хэсэг чимээгүй байсан гэжээ.

 

Хариуцагч М.С-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Тухайн нүхийг 2018 оны 11 дүгээр сард өдрийн цагаар ухсан. Уг нүх нь хүн явах зам дагуу биш, мөн оройн цагт  уурын зуухны гэрэлтүүлэгт маш тод харагддаг. Анх А.Д-д хэлэхэд би ажил амжихгүй байна, гарсан зардлыг нь хувааж төлнө гэж хэлэхээр нь Д.Ө, манайх хоёр нийлж байгаад жорлонгийн нүхийг ухсан. Одоо жорлонгоо бариад гурван айл ашиглаж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг огт төлөхгүй гэж хэлээгүй. Харин мөнгөн дүн нь их байна гэж үзэж байгаа гэв. 

 

Хариуцагч Д.Ө-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ байрыг манайх 2019 оны 09 дүгээр сараас түрээслэсэн. 11 дүгээр сард ярилцаж байгаад ОО-ын нүх ухсан. Уг нүх нь цаад талдаа хашаатай, наад талдаа муу усны нүхтэй. Ойр хавьд нь ухсан нүхнээс гарсан шороогоо овоолсон. Мөн хуучин жорлонгийн модыг нүхэн дээрээ тавьсан байсан. Тиймээс хүн харахгүй унах боломжгүй нүх. Уурын зуухны тод гэрэлтүүлэгтэй байхад нүхэнд унасан нь согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй. Тэр үедээ нүхэнд уналаа гэж огт мэдэгдээгүй гэв.

 

Хариуцагч А.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ байр бол манай ахын байшин. Би ирэн очин амьдардаг. Дундаа хэрэглэх жорлон барих талаар надад хэлсэн. Би зөвшөөрсөн. Гэхдээ би энэ байранд байнга амьдардаггүй, нүхийг ухалцаагүй учраас төлбөрийг төлөхгүй. Мөн төлбөрийн хувьд өндөр байна. Би нэхэмжлэгчтэй нэг байгууллагад ажилладаг. Түүнийг ажилгүй байх хугацаандаа хаанаас ямар мөнгөн тэтгэмж авсан талаар мэднэ. Тэгэхдээ би огт төлөхгүй гэж хэлэхгүй. Хэдэн төгрөгийн хохирол төлбөр гарсныг нь сайн шалгаж үзээд гарсан зардлыг нь төлнө гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч М.С  холбогдуулан гэм хорын хохирол буюу эмчилгээний болон замын зардалд 394 815 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1 800 000 төгрөг нийт 2 194 815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар А.Д, Д.Ө нарыг татаж, гурван хариуцагч тус бүрээс гэм хорын хохиролд 731 616 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хариуцагч нар нь нүхийг хэлэлцэн тохиролцож ухсан талаар маргаагүй, харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэт өндөр байна хэмээн маргасан.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндэслэл нь:

Хариуцагч М.С, А.Д, Д.Ө нар нь 2018 оны 11 дүгээр сард хэлэлцэн тохиролцож, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт өөрсдийн амьдардаг байрны ойролцоо эрхий бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр бие засах газар барих зорилгоор 2 метр орчим нүх ухсан боловч түүндээ мал амьтан, хүн унахаас сэргийлсэн хашаа, хаалт хийгээгүй, бусдад хохирол учруулж болохуйц байдлаар үлдээсэн болох нь фото зураг, шүүх хуралдаанд хариуцагч нарын гаргасан “...3 айл ярилцад нүх ухсан” гэсэн тайлбар, гэрч Ц.Б “...Би 2018 оны 11 дүгээр сард ажилд орсон. Намайг ажилд ороход тэр нүхийг ухсан байсан” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Улмаар уг ухсан нүхэнд нэхэмжлэгч Г.Г нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр унаж, түүний биед зүүн хөлний өсгий яс хугарсан гэмтэл учирсан болох нь  хэрэгт авагдсан  “...Өсгий яс их биеийн хэсгээр ташуу, шагайн доод үений гадаргуу дайрсан мөн куб хэлбэрт ястай үелэх хэсгийн фронтал тэнхлэгийн дагуу бага зэргийн зөрөөтэй хугарлуудтай” гэсэн Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Шагайн үений MRI шинжилгээ, эмнэлгийн байгууллагын тодорхойлолтууд, эмнэлгийн хуудсууд, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, гэрч Ц.Б, Б. нарын “...Г.Г*г нүхэнд унасан байхад нь мэдэж, татаж гарган түргэн дуудаж өгч явуулсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Хэдийгээр хэрэгт тухайн нүх ухсан газар нь хэний эзэмшил, өмчлөлийн газар болохыг нотлох баримт авагдаагүй боловч хариуцагч Д.Ө-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нь “...манайх энэ байрыг хөлсөлж амьдардаг. Бид ярилцаад жорлонгийн нүхийг ухсан”, хариуцагч А.Д нь “...энэ байр манай ахын байр,би энэ байранд ирэн, очин амьдардаг, ОО-ын нүх ухахаар бид ярилцаж, би зөвшөөрсөн” гэж тайлбарласан  тул хариуцагч нар нь уг нүхийг хэлэлцэн тохиролцож ухсан, түүнд нэхэмжлэгч унаж бэртсэн нь тогтоогдсон тул хариуцагч нар нь бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан гэм буруутай, улмаар гэм хорын зардал төлөх үүрэгтэй.

Тодруулбал Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9-т заасан журмын дагуу батлагдсан Нүхэн жорлон,угаадасны нүх Техникийн шаардлага МNS 5924 : 2015 Монгол Улсын стандартын 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар  “Нүхэн жорлон, угаадасны нүх ашиглагч, эзэмшигч нь тэдгээрийн ашиглалтын явцад ил задгай болон газрын доор хусны эх үүсвэр, хөрс агаарыг бохирдуулахгүй байх, хүн амыг эрүүл аюулгүй орчинд амьдрах байгаль орчинг хамгаалах нөхцөлийг хангахаар төлөвлөж, байгуулж ашиглана. Улмаар Эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т зааснаар Аймаг, сумын Засаг дарга нь төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжид тавих эрүүл ахуйн шаардлагыг хэрэгжүүлэх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “эрүүл ахуйн нөхцөл, шаардлага” гэж эрүүл ахуйн дүрэм, журам, заавар, стандартад заагдсан хэм хэмжээг хангасан байхыг хэлнэ гэж зохицуулсан.

Иймд хариуцагч нар нь Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа стандартын хүрээнд нүхэн жорлон барьж, ашиглах үүргээ хэрэгжүүлээгүйгээс бусдын эрүүл мэндэд хохирол учирсан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар эрүүл мэндэд учирсан гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардал болон хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөө гэм хор учруулсан этгээдээс шаардах эрхтэй.

Иймд хэрэгт авагдсан эмчилгээний болон замын зардлын баримтууд болох:

  1. Монгол эм импекс концерн ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 45 100 төгрөгийн эм олгосон зарлагын баримт,
  2. Эм хангамж ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 72 680 төгрөгийн эм олгосон зарлагын баримт,
  3. 7 ширхэг И баримтаар тогтоогдсон нийт 264 835 төгрөг,
  4. УБТЗамын зорчих эрхийн тасалбар нийт 12 800 төгрөгийн баримтуудыг үндэслэн бүгд 395 415 төгрөгийн шаардлагыг хангаж,

харин кальци худалдан авсан 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 29 700 төгрөгийн зарлагын баримт нь ямар байгууллагаас олгосон нь тодорхойгүй тамга тэмдэг байхгүй нотлох баримтын шаардлага хангаагүй, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 29 700 төгрөгийн зарлагын баримт нь И баримттай огноо, мөнгөн төлбөрийн дүнгийн хувьд давхцаж байх тул дээрх баримтуудыг эмчилгээний зардалд оруулж тооцоогүй болно. 

Түүнчлэн нэхэмжлэгч Г.Г нь гэмтэл авах үедээ Говьсүмбэр аймгийн ДСБНТ ХХК-д бэлтгэгчээр ажиллаж байсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажлын 61 хоногийн /нийтээр тэмдэглэх баярын өдрүүд хасагдана/ хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдаж, цалин хөлсөө дутуу авсан болох нь байгууллагын тодорхойлолт болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, эмнэлгийн хуудас, тэтгэмж олголт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г.Г-н нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг үндэслэн сүүлийн гурван сар болох 2018 оны 9, 10, 11 дүгээр саруудын цалингаас дундаж цалин /536000+507692+497076=1522768:3 сар=нэг сарын дундаж цалин 507589 төгрөг/, мөн нэг өдрийн хөдөлмөрийн хөлсийг /507589:21,5= нэг өдрийн цалин 23608 төгрөг/ тооцож, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс нийт /61х23608/ 1 440 088 төгрөг гаргуулахаас нийгмийн даатгалын сангаас болон ажил олгогчоос олгосон цалин хөлс буюу 2018 оны 12 дугаар сарын 131 769 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 320 000 төгрөг, 2 дугаар сарын 135 011 төгрөг /дэвтрийн бичилтээр нийт 431011 төгрөг байх боловч нэхэмжлэгч ээлжийн амралтын олговор 296 000 төгрөг энэ дүнд орсон гэж тайлбарласан тул хассан/  3 дугаар сарын 215 761 төгрөг нийт 802 541 төгрөгийг хасч нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас нийт 637 547 төгрөгийн цалингаа дутуу авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч М.С, Д.Ө, А.Д нараас гэм хорын хохиролд  тус  бүр 344 321 төгрөг /эмчилгээ 395415+цалин 637547=1032963:3/ гаргуулж нэхэмжлэгч Г.Г-т олгохоор шийдвэрлэв.

Мөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 51 000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжинд 9 780 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч М.С, Д.Ө, А.Д нараас гэм хорын хохиролд тус бүр 334 321 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г-т олгож, нэхэмжлэлийн  шаардлагаас 1 161 853 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Г-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51 000 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжинд 9 780 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                                                                                                    

 

 

        ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               Б.НАРАНЧИМЭГ

                                  ШҮҮГЧИД                                 П.ЦОГЗОЛМАА           

                                                                  Р.БАТБАЯР