Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1638

 

 

 

 

 

 

 

      2022        11           07                                         2022/ШЦТ/1638

           

           

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр ,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаржуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Дд холбогдох эрүүгийн 2206 04013 2807 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

0

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь согтуурсан үедээ буюу 2022 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Цагдаагийн академийн**дугаар байрны *** тоот гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Х.Цг үл ялих зүйлээр шалтаглан, толгой, нүүр хэсэгт гараараа цохиж, хоолойг нь боож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний гэдэс, баруун бугалга, цээжинд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

мөн 2022 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Цагдаагийн академийн ** дугаар байрны ** тоот гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Х.Цтай үл ялих зүйлээр шалтаглан, түүний эзэмшлийн айфони-7 плас маркийн гар утасны дэлгэцийг заазуураар цохиж хагалан, мөн цонхоор авч гадагш шидсэний улмаас дахин ашиглагдах боломжгүй болгож, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээн, Х.Цд нийт 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар   

Хохирогч Х.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Д.Д гэх залуутай 2020 онд танилцаад, үерхэж байгаад 2020 оны 01 сараас хойш манай гэрт буюу Баянзүрх дүүргийн**дугаар хороо, Цагдаагийн академийн ** дугаар байрны ** тоотод хамт амьдрах болсон. Д нь анх үерхэж байхдаа бол надад гар хүрдэггүй байсан ба хамт амьдарч эхэлсэн цагаас хойш хэрүүл маргаан хийхээрээ надад гар хүрээд байх болсон. ...2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр сэртэл Д эрт босоод мөн архи уучихсан байсан ба тэр өдрөө 12 цагийн үед бид нар Улаанбаатар хот руу яваад шөнө 00 цаг өнгөрч байхад ирсэн. Бид 2 гэртээ ирэнгүүтээ би усанд орж байтал Дөө бие засах өрөөний хаалгыг маш чангаар нүдээд, онгойлго гээд орилоод байхаар нь би “усанд орж байна шүү дээ, яах гээд байгаа юм бэ” гэж хэлтэл хаалга эвдэх гээд чанга нүдээд байхаар нь би уснаас гараад хаалга онгойлготол Д бие засах өрөөнд орж ирээд шээчхээд тамхи асаангуутаа над луу үнсийг нь хаяад байхаар нь би уурлаад бид 2 хэрэлдсэн. Тэгээд бид 2 бие засах өрөөнөөс гараад би гэрийнхэн рүүгээ залгана гэж хэлээд гар утсаа бариад автал Д миний утсыг булааж аваад заазуураар дэлгэцэн дээр нь нүдэж эвдээд, цонхоор гаргаад шидчихсэн. Тэгээд бид 2 дахин хэрэлдээд Д намайг орон дээр түлхэж унагаагаад миний дээр гарч сууж байгаад миний толгой, нүүр, цээж рүү хэд хэдэн удаа цохьсон. Тэгтэл манай хажуу айлын хүн хаалга нүдээд болиочээ гэж хэлтэл Д намайг “чимээгүй бай” гэж хэлээд намайг түлхэж унагаад, хоолой багалзуурдсан. Тэгтэл манай аавын төрсөн дүү Р гаднаас хаалга тогшихоор нь би онгойлгох гэтэл Д хаалга онгойлгохгүй намайг бариад байсан ба би ноцолдож байгаад хаалга онгойлгосон. Тэгээд гаднаас Р ах орж ирээд Дийг дарж аваад, би гадаа гарч утсаа аваад орж ирээд байж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн. ...яг хэзээ гэдгийг санахгүй байна. Намайг өмнө нь 2, 3 удаа зодож цохиж байсан. Тухай бүрт нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй, мөн гэрийнхэндээ болон хэн нэгэн хүнд энэ талаар хэлж байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),

Гэрч О.Р мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө гэртээ унтах гээд хэвтэж байтал 01 цагийн үед манай давхарт эрэгтэй, эмэгтэй 2 хүн хоорондоо хэрэлдээд орилолдоод байсан. Тухайн үед би “манай давхарт хэн ингэж орилолддог байна” гэж бодоод байж байтал манай хажуу айлын зүс таних хүн манай хаалгыг тогшоод “танай ахын байранд дүүг чинь 1 залуу зодоод байна” гэж хэлэхээр нь би гарч очоод дүү Цгийн гэрийн хаалганы гадаа очтол гэр дотор нь орилолдоод байхаар нь би хаалгыг нь тогшсон. 1 минут орчмын дараа Ц гэрийнхээ хаалгыг онгойлготол Ц нэг залуутай хэрэлдэж муудалцсан байдалтай, Цгийн зүүн нүдэнд нь цус хурчихсан, гарын булчин хэсэг нь хөхөрчихсөн байдалтай байсан. Тэгэхээр нь би тухайн залууг барьж аваад 2 гарыг нь бариад дээрээс нь дараад хөдөлгөхгүй хэвтүүлээд цагдаад дуудлага өгсөн. ...тухайн залуугийн амнаас нь архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 11230 дугаар: “... 1.2.Х.Цгийн биед тархи доргилт, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний гэдэс, баруун бугалга, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. 5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

Шүүгдэгч Д.Дий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц бид 2 гэртээ ирээд гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдтал Ц надтай юм ярихгүй, гар утсаараа оролдоод байгаад байхаар нь би гар утсыг нь барьж аваад хутгаар цохиж, дэлгэцийг нь эвдээд, тэгээд дараа нь цонхоор шидсэн Цгийн нүүр хэсэг рүү нь 1 удаа цохьсон. ...би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл уусан байсан. Гэхдээ болсон асуудлыг бүгдийг нь санаж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),

Эд зүйлсэд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 50-52 дугаар хуудас),

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай тогтоол, санал (хавтаст хэргийн 57, 58, 62, 69 дүгээр хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 23 дугаар хуудас),

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дугаар хуудас),

Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.                      

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “...Шүүгдэгч Д.Д нь согтуурсан үедээ буюу 2022 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Цагдаагийн академийн ** дугаар байрны ** тоот гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Х.Цг үл ялих зүйлээр шалтаглан, толгой, нүүр хэсэгт гараараа цохиж, хоолойг нь боож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний гэдэс, баруун бугалга, цээжинд цус хуралт гэмтэл’ бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

мөн 2022 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Цагдаагийн академийн ** дугаар байрны ** тоот гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Х.Цтай үл ялих зүйлээр шалтаглан, түүний эзэмшлийн айфони-7 плас маркийн гар утасны дэлгэцийг заазуураар цохиж хагалан, мөн цонхоор авч гадагш шидсэний улмаас дахин ашиглагдах боломжгүй болгож, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээн, Х.Цд нийт 380.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.Д нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

2022 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Цагдаагийн академийн ** дугаар байрны ** тоотод шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хамтран амьдрагч Х.Цтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүний эзэмшлийн Iphone 7 plus маркийн гар утасны дэлгэцийг заазуураар цохиж хагалан, мөн цонхоор авч гадагш шидэж, толгой, нүүр хэсэгт гараараа цохиж, хоолойг нь боож гэмтэл учруулсан байна.

Хохирогч Х.Цд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 11230 дугаар дүгнэлтээр “тархи доргилт, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний гэдэс, баруун бугалга, цээжинд цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Х.Цгийн эзэмшлийн Iphone 7 plus маркийн гар утсыг 380.000 төгрөгөөр үнэлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Дий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж заасан байдаг.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Д.Д нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хамтран амьдрагч Х.Цгийн эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хохирогч Х.Цд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 11230 дугаар дүгнэлтээр “тархи доргилт, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний гэдэс, баруун бугалга, цээжинд цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.Д нь хохирогч Х.Цгийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийг буюу гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг; гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг; гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг, мөн бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг ойлгодог.

Шүүгдэгч Д.Д нь хохирогч Х.Цгийн эрүүл мэндэд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчлан зааж хүний өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан ба бусдын өмчлөх эрх, эд хөрөнгөд хууль бусаар халдсан санаатай үйлдлийн улмаас Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

“Эд хөрөнгө устгасан” гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй болгосныг, “эд хөрөнгө гэмтээсэн” гэж эд хөрөнгөд гэмтэл учруулж, эд хөрөнгийг сэргээж засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дэх заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж буюу 300.000 төгрөгөөс дээш хохирол учирсан байхыг шаардах бөгөөд тус гэмт хэргийн улмаас 380.000 төгрөгийн хохирол тогтоогдсон нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.

Шүүгдэгч Д.Д нь хохирогч Х.Цгийн Iphone 7 plus маркийн гар утасны дэлгэцийг заазуураар цохиж хагалан, мөн цонхоор авч гадагш шидэж гэмтээж, устгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол учруулсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсаннь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Х.Ц хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтдээ “Хаш-Эрдэнэ овогтой Ц миний бие Дгөөс өөрийн хохирлын мөнгийг авсан. Цаашид гаргах гомдол, санал байхгүй. Хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэж бичсэн байх тул шүүгдэгч Д.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Д.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийг 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг танилцуулж, Д.Д уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Шүүх шүүгдэгч Д.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийг 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийг 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 1050 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.050.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.  

Шүүгдэгч Д.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Бусад асуудлаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Д.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийг 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийг 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 1050 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.050.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                            М.ТҮМЭННАСТ