Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1659

 

 

      2022          11           10                                         2022/ШЦТ/1659

           

           

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Б.Цасшихэр,

улсын яллагч Г.Чанцалдулам,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гт холбогдох эрүүгийн 2206 04138 2914 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжин клуб 29-н тоотод иргэн Н.Хтэй маргалдаж биед халдаж тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, баруун хацар, хамар, зүүн хацар, дээд уруулд зулгаралт, баруун бугалга, өвдөг, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хийн буруутай үйлдэл байсан. Эхэлж намайг үг хэлээр доромжлоод, цохисон. Тухайн үед би адилхан гэмтэл авсан. Өргөдөл өгснийг нь мэдсэн бол би бас гомдол гаргах байсан. Харилцан зодоон болсон.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар   

Хохирогч Н.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г гэдэг охин хүрч ирээд дахин намайг унагачихсан. Тэгээд над руу дайраад намайг үсдэж, унагаагаад байхаар нь би болиоч ээ та нар, аваач ээ энийг гэсэн чинь хэн ч тоогоогүй гэсэн чинь нөгөө Г гэдэг охин дээр гарч суугаад нүүр лүү дайраад самардаад байсан. ...Л, А хоёр гэрээс гараад дахин маргалдаад эхлэхээр нь би дундуур нь ороод салгасан чинь гэнэт хойноос нь хэн нь мэдэхгүй нуруу луу түлхсэн чинь Л бид 2 дээр дээрээ давхралдаад унасан. Тэгээд босож ирсэн чинь Л, А 2 гэрээс гараад дахин маргалдаад байсан. Тэгэхээр нь дахин салгах гэсэн чинь араас түлхээд би дээшээ хараад газар унасан. Тэгээд би босох гэсэн чинь Г гэдэг охин гүйж ирээд миний гэдсэн дээр суугаад миний нүүр лүү дайрахаар нь би нүүрээ хамгаалсан гэхдээ нэмэр болоогүй. Г миний нүүрийг 2 удаа самардсан. ...тэгсэн Ггийн найз залуу Отгоо цаанаас ирээд Гг аваад яваад өгсөн. ...өөр намайг цохиж зодсон хүн байхгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 4, 12-13 дугаар хуудас),

Гэрч М.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бөөнөөрөө хөзөр тоглоод сууж байхад А, Л хоёр хоорондоо маргалдаж эхлээд гараад явсан. Тэгсэн манай найз охин Гийг гэрт байхад гаднаас Хишгээ орж ирээд Гийн үснээс зулгаагаад гэрээс аваад гарсан. Гэрээс гарахдаа Хишгээ гэрийн босгонд тээгэлдээд газарт унасан. Унахдаа Хишгээ, Г хоёр давхралдаад унасан Тэгэхээр би очоод Г Хишгээ хоёр салгах гээд Гийн хоёр гарыг, Хишгээгийн нэг гарыг барьсан чинь тэр хоёр болихгүй Хишгээ нөгөө гараараа Гийн үсийг зулгаагаад байсан. Тэгээд би Хишгээ, Г хоёрыг салгах гээд чадахгүй байсан чинь О ирээд болиулсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар хуудас),

Гэрч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...тэгснээ Х, Г хоорондоо маргалдаад байсан. Тэгэхээр нь манай найз залуу О тэр хоёрыг гэрээс гаргасан чинь  гадаа гараад хоорондоо муудалцаад л байсан. Тэгээд би байж байгаад харсан чинь Хишгээ, Г 2 бие биеийнхээ үснээс зулгаасан газар хэвтэж байсан тэгэхээр нь би очоод салгах гэтэл үсдэлцээд салахгүй байсан. Удалгүй О, О 2 ирж салгасан. ...маргааш өглөө нь Хишгээ, Л 2 манай гэрт ирэхэд Хишигээ нүүрэндээ маажуулсан байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),

Гэрч Д.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л , А 2 муудалцаад байхаар нь би гэрээс гаргачхаад эргээд хартал Г, Х дээр гарсан үсдэлцээд хэвтэж байсан. О салгаад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дугаар хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 11611 дугаар: “...Н.Хийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, баруун хацар, хамар, зүүн хацар, дээд уруулд зулгаралт, баруун бугалга, өвдөг, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),

Шүүгдэгч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дугаар хуудас),

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 25, 26 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 28 дугаар хуудас),

Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 20 дугаар хуудас), “Ганада” Солонгос хэл, хэл шинжлэл боловсролын төвийн гэрээ хойшлуулах, цуцлах тухай хүсэлт, Г.Гийн ХААН банкин дахь депозит дансны хуулга (нийт 2 хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “...Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжин клуб 29-н тоотод иргэн Н.Хтэй маргалдаж биед халдаж тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, баруун хацар, хамар, зүүн хацар, дээд уруулд зулгаралт, баруун бугалга, өвдөг, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.Г нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжин клуб 29-н тоотод шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.Хтэй маргалдаж, улмаар үснээс нь зулгаах, нүүр хэсэгт нь маажих, ноцолдох зэргээр  гэмтэл учруулсан байна.

Хохирогч Н.Хт Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 11611 дүгээр дүгнэлтээр “тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, баруун хацар, хамар, зүүн хацар, дээд уруулд зулгаралт, баруун бугалга, өвдөг, зүүн өвдөгт цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Г.Г нь хохирогч Н.Хийн үснээс нь зулгаах, нүүр хэсэгт нь маажих, ноцолдох үйлдлээр эрүүл мэндэд халдаж, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хохирогч Н.Хт Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 11611 дүгээр дүгнэлтээр “тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, баруун хацар, хамар, зүүн хацар, дээд уруулд зулгаралт, баруун бугалга, өвдөг, зүүн өвдөгт цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.Г нь хохирогч Н.Хийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Г.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Хохирогч Н.Х баримтаар 215.600 төгрөгийг нэхэмжилсэн ба түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хохирлоо барагдуулсан шүүх хуралд суухгүй” гэж мэдэгдсэн байх тул шүүгдэгч Г.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр ял оногдуул шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

Шүүгдэгч Г.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж,

мөн зүйлийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Г.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, өөрийн үйлдэлдээ хийж байгаа дүгнэлт, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч хохирол төлбөрийг барагдуулсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал буюу эрх зүйч мэргэжилээр сургууль төгсөөд удаагүй байгаа, цаашид мэргэжилээр ажиллах боломж зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                            М.ТҮМЭННАСТ