| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/0906/З |
| Дугаар | 221/МА2025/0046 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2025/0046
Д.Бгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г
Нэхэмжлэгч: Д.Б
Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 899 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтбаяр
Хэргийн индекс: 128/2023/0906/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 899 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7, 27 дугаар зүйлд заасныг баримтлан иргэн Д.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 32/01 тоот актын Д.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэтгэвэр зогсоосон 2023 оны 04 дүгээр сарын 01-ээс 2023 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр хүртэлх хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг хариуцагчид даалгаж,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим буюу одоо тэтгэврээ авч байгаа тул өндөр насны тэтгэврийг үргэлжлүүлэн олгохыг хариуцагчид даалгуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: ...
2.1. “...Анхан шатны шүүх А.М нь "Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2023 оны 32/01 тоот Д.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгох, 2023 оны 04 дүгээр сарын 01-ээс 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны тэтгэврийн нөхөн олгохыг хариуцагч нарт даалгах" шийдвэр гаргахдаа 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн заалтыг баримтлан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.2. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийгмийн даатгалын багц хуулийг мөрдөж эхэлсэн бөгөөд дээрх хүчингүй болсон хууль нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль гэж хоёр өөр хууль болон шинэчлэн батлагдан түүнийг дагаж мөрдөж байх ба хуульд буцаан хэрэглэх талаар дурдаагүй буюу Хууль тогтоомжийн тухай хуулийн 261 дүгээр зүйлийн 261.3-т "Тухайн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг буцаан хэрэглэхгүй" гэж зааснаар 1994 оны Нийгмийн даатгалын сангаас авах, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг буцаан хэрэглэх эрх хууль зүйн үндэслэлгүй байна.
2.3.Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г би тус өдөр шүүх хурал давхардсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З нь өвдсөн тул шүүхийн цахим хаягаар хүсэлт болон өвчний актыг хүргүүлсэн тухай хэлж байсан. Миний бие өөрийн биеэр хуралд оролцохоо илэрхийлсэн байтал шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг баримтлаагүй, төлөөлөгчийг мэтгэлцэх боломжоор хангаагүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0899 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул дараах байдлаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,
2.1.Нэхэмжлэгч Д.Бгаас Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан "Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 32/01 тоот актын Д.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэтгэвэр зогсоосон 2023 оны 04 дүгээр сарын 01-ээс 2023 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр хүртэлх хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.2. Нэхэмжлэгч Д.Бд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 759 дүгээр шийдвэрээр 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, 1986 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн Ц** сумын социализмын төлөө нэгдэлд малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Ц** сумын Ш хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.
2.3. Улмаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоох тухай” 32/01 тоот актаар “...Д.Бг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3, 4.7 дахь заалтуудыг тус тус зөрчиж хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгон авсан гэх үндэслэлээр тэтгэвэр олголтыг түр хугацаагаар түдгэлзүүлэн зогсоож шийдвэрлэжээ.
2.4. Нэхэмжлэгчээс “...Миний ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийг эрх бүхий этгээдээс хүчингүй болгосон, эсхүл өөрчилсөн талаар шийдвэр, магадлал, тогтоол гараагүй, эрх бүхий этгээдээс шалган тогтоогоогүй тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй. Гэтэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байхад наад шүүхийн шийдвэр чинь үндэслэлгүй гарсан байна тийм учраас тэтгэврийг чинь зогсоолоо гэж байгаа нь шүүхийн шийдвэр нь гарцаагүй биелэгдэх үндсэн зарчим алдагдаж байна. Би ямар ч хуурамч баримт бичиг өгөөгүй байхад хуурамч бичиг баримт өгсөн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тус тус тайлбарлан маргасан.
3. Анхан шатны шүүхээс “...хариуцагчаас дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон нэхэмжлэгчийн ажилласан жилийн хугацаа нь архивт хадгалагдаж буй баримттай зөрсөн, дээрх хугацаанд малчнаар ажилласан мэтээр нотлох баримтыг шүүхэд бүрдүүлж нэхэмжлэлийн шаардлага гаргаж шийдвэрлүүлсэн гэж нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр олгохыг түр зогсоож шийдвэрлэсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасанд нийцээгүй байна.” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
4. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно” гэж тус тус зохицуулсан.
4.1. Энэ маргааны тухайд хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Д.Бг нэгдэлд малчнаар ажиллаж байсныг Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 759 дүгээр шийдвэрээр тогтоож, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “..хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгон авсан гэх үндэслэлээр тэтгэвэр олголтыг түр хугацаагаар түдгэлзүүлэн зогсоож шийдвэрлэсэн” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
4.2. Түүнчлэн анхан шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар тухайд үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7, 27 дугаар зүйлд заасныг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...дээрх хүчингүй болсон хууль нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль гэж хоёр өөр хууль болон шинэчлэн батлагдан түүнийг дагаж мөрдөж байх ба хуульд буцаан хэрэглэх талаар дурдаагүй буюу Хууль тогтоомжийн тухай хуулийн 261 дүгээр зүйлийн 261.3-т "Тухайн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг буцаан хэрэглэхгүй" гэж зааснаар 1994 оны хуулийг буцаан хэрэглэх эрх хууль зүйн үндэслэлгүй... ” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
5. Нийгмийн даатгалын байгууллагаас хяналт шалгалт хийх явцдаа Д.Бгийн ажилласан жилийг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үгүйсгэж, түүнийг 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Ш** сумын ТМС-д суралцсан, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн Социализм нэгдлийн барилгын бригадад барилгачнаар ажилласан болох нь нотлогдож, энэ нь шүүхийн шийдвэртэй зөрсөн тул хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон гэж үзэн, маргаан бүхий актаар тэтгэвэр олголтыг түдгэлзүүлж зогсоосон нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасантай нийцээгүй байна.
6. Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхээс хариуцагч талд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаанд оролцох, тайлбар, мэдүүлэг гаргах, хэргийн материалтай танилцах эрхийг хангах зорилгоор хариуцагч талаас гаргасан хүсэлтүүдийг хангаж, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан зэргээс үзэхэд анхан шатны шүүхийг хариуцагч талын мэтгэлцэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх ноцтой зөрчигдсөн гэж давж заалдах шатны шүүхээс үзэх үндэслэлгүй байна.
7. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 899 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН