Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2021/0721

 

 

 

 

 

 

 

 

      2021         11          02                                  128/ШШ2021/0721

                                                                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Ч б ХХК /РД: ********/

Хариуцагч: Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Ц.Н

Гомдлын шаардлага: Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Ц.Нийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0050247 дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З, гомдол гаргагчийн өмгөөлөгч К.М, хариуцагч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гомдол гаргагч Ч б ХХК шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа:

            ”...Монголбанкны Ерөнхийлөгчийн удирдамжийн дагуу Ч б ХХК-д 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл газар дээр хийсэн иж бүрэн шалгалтыг хийсэн. Тус шалгалтаас Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0050247 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Ч б ХХК-ийг 100,000 нэгж буюу 100,000,000 төгрөгөөр торгосон. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1-д “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн” бол эрх бүхий албан тушаалтан проркурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулна, мөн зүйлийн 2-т эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг ирүүлсэн эсвэл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор зөрчлийн хэрэг үүсгэх, татгалзах асуудлыг шийдвэрлэхээр заасан байна.  Иймд Монголбанкны хянан шалгагч нь Ч б ХХК-д 2020 оны 4 дүгээр сараас мөн оны 10 сар хүртэл хяналт шалгалт хийж, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нийт 21 ширхэг улсын байцаагчийн акт ирүүлж, зөрчлийн хэрэг нээж байгаа талаар мэдэгдсэн учир энэ үеэс зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлд зөрчлийн хэрэг бүртгэлтийг эрх бүхий албан тушаалтан 14 хоног, шаардлагатай тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хоног хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж зааснаар Зөрчлийн хэргийн хэрэг бүртгэлтийн боломжит хугацаа нь нийт 58 хоногт явагдаж дуусахаар байна. Гэтэл Монголбанкны хянан шалгагч нь 2020 оны 10 дугаар сард зөрчлийг илрүүлсэн. Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх 58 хоногийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан үед буюу 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 0050247 тоот шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан байх тул уг шийтгэлийн хуудас нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн Монголбанкны хянан шалгагч нар нийт 7 дугаар сарын хугацаанд Ч б ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд ямар зөрчил илрүүлсэн талаараа холбогдогчид мэдэгдээгүй, түүнийг зөрчил шалган шийдвэрлэх оролцуулаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан буюу ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх эрхийг зөрчсөн үйлдэл болсон.

Мөн эрх бүхий албан тушаалтан буюу Монголбанкны хянан шалгагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр томилж, холбогдогчийн эрх үүргийг эдлүүлэх замаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах учиртай байхад тэдгээрийг оролцуулалгүйгээр зөрчлийг шалган шийдвэрлэж, шийтгэлийн хуудсыг хууль ёсны төлөөлөгчөөр томилогдоогүй этгээдэд танилцуулсан байгаа нь холбогдогч Ч б ХХК-ийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

            Хариуцагч Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Ц.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн баталсан Ч б ХХК-д газар дээрх иж бүрэн шалгалт хийх удирдамжийн дагуу 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааг хамруулж, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд хийж гүйцэтгэсэн. Шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хянан шалгагч, улсын байцаагч Ц.Н миний бие ажиллаж, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлтийг шалган дараах зөрчлийг илрүүлсэн.

            Монголбанкны Ерөнхийлөгчийн 2004 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 630 дугаар тушаалын 1.1-т “зөвхөн гадаадын харьяат иргэд, байгууллагад мөнгөн хадгаламжийн үйлчилгээ үзүүлэх”, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2005 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 124 дүгээр тушаалаар Ч б ХХК-д зөвхөн зээлдэгчийн хүрээнд аж ахуй нэгж, байгууллагын хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх” зөвшөөрөл олгосон байхад Ч б нь Нийгмийн даатгалын ерөнхий газраас 57.4 тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламж татан төвлөрүүлсэн, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд харилцагчдын харилцах дансанд 3.6 тэрбум төгрөгийн хүү тооцсон. Энэ нь Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6.1.1, 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 48.1.10 дахь заалтыг зөрчсөн.

            Иймд дээрх зөрчлүүдтэй холбоотой нотлох баримт цуглуулах, холбогдогчоос мэдүүлэг авах зэрэг нэмэлт ажиллагаануудыг явуулсан боловч мэдүүлэг өгөөгүй, зөрчлийн үр дагаврыг арилгаагүй тул 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2101000011 дугаартай зөрчлийн хэрэг нээн, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Монголбанкны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А6/120 тоот албан бичгээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон зөрчлийн хэрэг нээж байгааг Ч б ХХК-д танилцуулж, банкийг төлөөлж мэдүүлэг өгөх, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх холбогдох ажилтныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор томилж Монголбанкны Хяналт шалгалтын газарт ирүүлэхийг мэдэгдсэн. Үргэлжлүүлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтнаар 14 хоног, прокурорын зөвшөөрлөөр 30 хоног хүртэл сунгасан боловч банкнаас тус албан бичигтэй холбоотой хариу ирүүлээгүй тул 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0050247 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Ч б ХХК-д 100 000 нэгж буюу 100.000.000,00 төгрөгийн торгох шийтгэл оногдуулаад байна.

Монголбанкны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А-6/120 тоот албан бичгээр холбогдох зөрчлүүдэд зөрчлийн хэрэг нээсэн талаар хүргүүлсэн байхад Ч б  ХХК нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгаа эрхийг зөрчсөн үйлдэл болсон гэж гомдолд дурдсан нь үндэслэлгүй байна. Мөн холбогдогч Ч б ХХК-ийн гаргасан гомдолд Монголбанкны хянан шалгагч нь 2020 оны 10 дугаар сард зөрчлийг илрүүлэн акт тогтоосон боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчил шалгах шийдвэрлэх 58 хоногийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан үед буюу 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 0050247 тоот шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсныг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул хүчингүй болгож өгөхийг хүссэн байна. Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан удирдамжийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд шалгалтыг хийж гүйцэтгэсэн, Ковид-19 цар тахлын эсрэг Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор зайнаас ажиллаж эхэлсэн хэдий ч илэрсэн зөрчилтэй холбоотой холбогдогчоос мэдүүлэг авахаар удаа дараа хандсан боловч хариу үйлдэл гаргаагүй, мөн зөрчлийн хэрэг нээсэн талаар албан бичгээр мэдэгдсэн хэдий ч тогтоолыг эс зөвшөөрсөн талаар зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорт гомдол гаргаагүй. Иймд Ч б ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Ч б ХХК нь тус шүүхэд Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчид холбогдуулан Монголбанкны улсын байцаагч, хянан шалгагчийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0050247 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргасан.

 Гомдол гаргагч Ч б ХХК гомдлын үндэслэлдээ:

1....Монголбанкны хянан шалгагч нь Ч б ХХК-д 2020 оны 4 дүгээр сараас мөн оны 10 сар хүртэл хяналт шалгалт хийж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх 58 хоногийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан үед буюу 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 0050247 тоот шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан.          

2. Монголбанкны хянан шалгагч нар нийт 7 дугаар сарын хугацаанд Ч б ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд ямар зөрчил илрүүлсэн талаараа холбогдогчид мэдэгдээгүй, түүнийг зөрчил шалган шийдвэрлэх оролцуулаагүй.

3. Хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр зөрчлийг шалган шийдвэрлэж, шийтгэлийн хуудсыг хууль ёсны төлөөлөгчөөр томилогдоогүй этгээдэд танилцуулсан гэж,

Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчаас:

Монголбанкны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А6/120 тоот албан бичгээр зөрчлийн хэрэг нээж байгааг Ч б ХХК-д танилцуулж, банкийг төлөөлж мэдүүлэг өгөх, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх холбогдох ажилтныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор томилж Монголбанкны Хяналт шалгалтын газарт ирүүлэхийг мэдэгдсэн боловч албан бичигтэй холбоотой хариу ирүүлээгүй, ... шийтгэлийн хуудас нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж маргажээ.

Монголбанкны ерөнхийлөгчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн удирдамжаар[1] хянан шалгагч, улсын байцаагч Э.Н Ч б ХХК-д 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааг хамруулж иж бүрэн шалгалт хийсэн байна.

          Шалгалтаар Ч б ХХК-ийн Нийгмийн даатгалын ерөнхий газраас 57.4 тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламж татан төвлөрүүлсэн, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд харилцагчдын харилцах дансанд 3.6 тэрбум төгрөгийн хүү тооцсон зөрчил илэрсэн.

          Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2101000011 дугаартай зөрчлийн хэрэг[2] нээн, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлжээ.

         Монголбанкны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А6/120 дугаар[3] албан бичгээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон зөрчлийн хэрэг нээж байгааг Ч б ХХК-д танилцуулж, банкийг төлөөлж мэдүүлэг өгөх, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх холбогдох ажилтныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор томилж Монголбанкны Хяналт шалгалтын газарт ирүүлэхийг мэдэгдсэн байна.

           Чингис хаан банк ХХК-иас дээрх албан бичгийн хариу ирүүлээгүй тул 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0050247 дугаар[4] шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Чингисхаан ХХК-д 100,000 нэгж буюу 100,000,000.00 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

             Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 Монголбанк нь хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавих эрхтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 1-д зааснаар Монголбанкны хянан шалгагч нь банкны тухай хууль тогтоомж, төрийн мөнгөний бодлого болон Монголбанкны гаргасан дүрэм, журам, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд банкнаас хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, шалгалт хийх бүрэн эрхтэй байна.

          Түүнчлэн Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1Монголбанкны зөвшөөрөлтэйгөөр мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхэлж болно, мөн хуулийн 48.1Банкны тухай хууль тогтоомж, Монголбанкнаас тогтоосон дүрэм, журам, шийдвэрийг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүссэн, банкны тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй, эсхүл найдваргүй, хэвийн бус үйл ажиллагаа явуулсан бол тус зүйлийн 48.1.10-т зааснаар Монголбанк нь банкны үйл ажиллагаа явуулахыг хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, түдгэлзүүлэх арга хэмжээ авах бүрэн эрхтэй.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2004 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 630 дугаар[5] тушаалын 1.1-т зөвхөн гадаадын харьяат иргэд, байгууллагад мөнгөн хадгаламжийн үйлчилгээ үзүүлэх”, “өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд батлан даалт гаргах”, үнэт металл эрдэнийн чулуу худалдан авах, хадгалах, хадгалуулах”, “Монголбанктай зөвшилцсөний үндсэн дээр үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах”,  Монголбанкны Ерөнхийлөгчийн 2005 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 124 дүгээр[6] тушаалаар “зөвхөн зээлдэгчийн хүрээнд аж ахуй нэгж, байгууллагын хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх”-ээр заасныг Ч б ХХК тус тус зөрчсөн болох нь тогтоогджээ.

Тодруулбал, Ч б ХХК нь дээр дурдсан хязгаарласан үйл ажиллагааг явуулж  Нийгмийн даатгалын ерөнхий газраас 57.4 тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламж татан төвлөрүүлсэн  нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, Ч б ХХК-ийн хооронд байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээ[7], хугацаат хадгаламжийн дансны хуулга[8] зэргээр тогтоогдож байх тул улсын байцаагч нь дээрх хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн 100,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 100,00,000.00 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2-д Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолохоор, 6.8 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна, 6.8 дугаар зүйлийн 2-т Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно, 1.6 дугаар зүйлийн 2-д хугацаа тоолж эхэлсэн минут, цаг, хоногийг хугацаа тоолоход оруулахгүй гэж тус тус заажээ. 

           Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2101000011 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн, Монголбанкны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А6/120 тоот албан бичгээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон зөрчлийн хэрэг нээж байгааг Ч б ХХК-д танилцуулж, тус банкийг төлөөлж мэдүүлэг өгөх, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх холбогдох ажилтныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор томилж Монголбанкны Хяналт шалгалтын газарт ирүүлэхийг мэдэгдсэн.  

             Мөн Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тогтоолоор  [9]холбогдогчоос  мэдүүлэг авах, нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 14 хоногоор, Ерөнхий прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 3/10 дугаар[10] прокурорын тогтоолоор нэмэлт ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулах шаардлагатай гэх үндэслэлээр 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 30 хоногоор сунгасан байх тул нэхэмжлэгчийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан үед буюу 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 0050247 тоот шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан гэх тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн хэргийн материалыг Ч б ХХК-ийн захирал гүйцэтгэх захирал Э.Г, Г.Б нарт таницуулсан нь 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэлд[11] тусгагдсан, Улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2020/051/004 дүгээр[12] актад Ч б ХХК-ийн захирал Э.Г, санхүү хариуцсан дэд захирал Э.Х нар тус тус гарын үсэг зурсан байх тул  гомдол гаргагчаас ... эрх бүхий албан тушаалтан эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр зөрчлийг шалган шийдвэрлэж, шийтгэлийн хуудсыг хууль ёсны төлөөлөгчөөр томилогдоогүй этгээдэд танилцуулсан гэсэн тайлбар нотлогдохгүй байна.

Иймд гомдол гаргагч Ч б ХХК-иас Монголбанкны улсын байцаагч, хянан шалгагчийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0050247 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 1, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 48 дугаар зүйлийн 48.1.10-т заасныг тус тус баримтлан Монголбанкны улсын байцаагч, хянан шалгагч Ц.Нийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0050247 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Ч б ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                      

                         ШҮҮГЧ                          Б.АДЪЯАСҮРЭН

 

                                                

 

[1] Хэргийн 24 дэх тал

[2] Хэргийн 15 дахь тал

[3] Хэргийн 13 дахь тал

[4] Хэргийн 3 дахь тал

[5] Хэргийн 150 дахь тал

[6] Хэргийн 151 дэх тал

[7] Хэргийн 34-72 дахь тал

[8] Хэргийн 73 дахь тал

[9] Хэргийн 18 дахь тал

[10] Хэргийн 19 дэх тал

[11] Хэргийн 91 дэх тал

[12] Хэргийн 33 дахь тал