Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1660

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

     2022        11            10                                     2022/ШЦТ/1660

 

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Б.Цасшихэр,

улсын яллагч Н.Өнөрбаяр,            

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Г.Ичинхорол нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.От яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 01619 1483 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

0

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Б.О нь 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улиастайн чиглэлийн автобусанд сууж явсан хохирогч Т.Агийн I phone 11 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар бага хэмжээнээс дээш хохирол буюу 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхүй.” гэв.

                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

           

Хэргийн үйл баримтын талаар

 

Хохирогч Т.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 07 цагийн орчимд гэрээсээ хичээлдээ явах гэж гарсан. ...Хууль сахиулах их сургуулийн автобусны буудал дээр ирээд автобус зогсох үед миний чихэвч татагдах шиг болохоор нь халаасан дахь гар утсаа шалгахад байхгүй болсон байсан. … I phone 11 гэдэг утас бүдэг ягаан өнгөтэй хар хүрээтэй, өнгөгүй гэртэй байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас),

 

Хохирогч Т.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр автобусанд 2 номерын Шархад 3-4 хороолол чиглэлийн автобусанд явж байгаад миний гар утсыг хулгайлсан хүнтэй таарсан. Тухайн хүн ногоон өнгийн урт куртиктэй, хар хөх өнгийн саравчтай малгайтай, малгай дээр цагаан өнгийн бичиглэлтэй байсан. Тухайн автобус 13-р хорооллын автобусны буудал дээр явж байх тэр эрэгтэй өөр нэг эрэгтэй хүний халаасыг ухаад байхад тэгээд намайг харахад хараад муухай хараад намайг мөрлөөд шахаад байсан...Шар царайтай, тод хөмсөгтэй, том давхраатай, 175 см орчим өндөр...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),

 

Хүний биед үзлэг хийсэн: “... Үзлэгийг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цаг 52 минутад Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 308 тоотод эхлүүлэв. ...Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал ... нил ягаан өнгийн гадаргуутай I phone 11 маркийн дэлгэцнээ Lost I phone mngu ugiy utsaa awchiy thu uneheer heregtei ym bgd bnaa. 99587799 гэх бичиглэлтэй байв.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн: “Т.А гэх нэртэй бичлэгийг тоглуулахад нийтдээ 1 минут 22 секундын бичлэг байх бөгөөд бичлэгийг тоглуулж эхлэхэд автобусны урд талын хаалгаар орж байгаа хүмүүсийг дүрс бичигдсэн байв. Бичлэгийн 28 секундэд хохирогч Т.А хар өнгийн куртиктэй орж ирэв. Бичлэгийн 29 секундэд хохирогчийн араас ногоон өнгийн куртиктэй, хар өнгийн саравчтай, урдаа цагаан өнгийн бичиглэлтэй цагаан өнгийн масктай эрэгтэй хүн орж ирэв. Цаашид хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй тул үзлэгийг дуусгав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас),

           

Таньж олуулах ажиллагаа явуулсан: “... Хохирогч Т.Агаас 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр таны гар утсыг хулгайлсан гэх хүнийг ямар шинж тэмдэг, онцлогоор нь таньж чадах талаар асуухад “миний гар утсыг хулгайлсан хүнийг би харвал биеийн ерөнхий байдал, хөмсөг, давхраа, царайны төрх зэрэг содон шинж тэмдгээр нь танина” гэв. ... би 1-6 хүртэлх дугаартай хүмүүсийн зургийг харлаа. Дээрх зурагнуудаас 4 гэж дугаарласан хүн миний гар утсыг хулгайлсан хүн мөн байна. Уг хүнийг би хоёр ч удаа харсан учир царайны ерөнхий байдал, өтгөн хар хөмсөг, том алаг давхраатай нүд, шар царай зэрэг төрхөөр нь би шууд таньж байна.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 24-28 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 3 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Өглөө 08-09 цагийн үед Жуковаас автобусанд суусан. Тухайн автобусны чиглэлийг санахгүй байна. Би уг автобусаар Дотоод хэргийн их сургууль хүртэл зорчиж явсан. Тэгээд автобусанд явж байхдаа ... зорчиж явсан эмэгтэйгийн гадна куртикийн халаасанд байсан хөх өнгийн I phone 11 маркийн гар утсыг хулгайлж авсан. Тэгээд уг гар утсыг зарж борлуулаагүй өөртөө хадгалж байгаад өчигдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. ... надад өөр бусад үйлдсэн халаасны хулгайн гэмт хэрэг байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас),

                  

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

            “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),

            2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Эд зүйлийг хүлээлгэн өгсөн” тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),  

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 602 дугаар “Яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзах тухай” захирамж (хавтаст хэргийн 151-153 дугаар хуудас),

            Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2206019411531 дугаар “Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай” прокурорын тогтоол (хавтаст хэргийн 173-174 дүгээр хуудас),

            Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай” тогтоол (хавтаст хэргийн 175-176 дугаар хуудас),

                                                     

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

                                             

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дугаар хуудас),

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 55 дугаар хуудас),

            Шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас),

Б.Оын хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 83-90 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

                                 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч Б.О нь 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улиастайн чиглэлийн автобусанд сууж явсан хохирогч Т.Агийн I phone 11 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар бага хэмжээнээс дээш хохирол буюу 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

            Шүүгдэгч Б.О нь 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улиастайн чиглэлийн автобусанд сууж явсан хохирогч Т.Агийн I phone 11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Б.Агийн Iphone 11 загварын гар утсыг 1.150.000 төгрөгөөр бөгөөд хохирогч Б.Хонгорзулд 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээлгэн өгчээ. (хавтаст хэргийн 14-15, 30 дугаар хуудас)

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

                       

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

 “Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

 

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба шүүгдэгч Б.О нь хохирогч Б.Агийн эзэмшлийн гар утсыг авсан байх бөгөөд уг гар утасны үнэлгээ нийт 1.150.000 төгрөгөөр үнэлэгдсэн, хохирогч Б.Ад 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан байгаа нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.О нь хохирогчийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.

                                               

Шүүгдэгч Б.О нь хохирогч Б.Агийн эзэмшлийн I phone 11 загварын гар утсыг авсан нэг удаагийн үйлдэл байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлах шаардлагагүй гэж үзэв.  

 

Иймд шүүгдэгч Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

                                                          

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

                                                                             

Хохирогч Б.А нь өөрийн эзэмшлийн I phone 11 загварын гар утсыг буцааж авсан байх тул шүүгдэгч Б.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

           

Шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал байна гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах саналтай. Өмнө нь хулгайлах гэмт хэргээр нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлж байсан. Өөрийн үйлдлээ ухамсарлаж гэмшээгүйн улмаас дахин гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэж байна. Хохирогчийн өгсөн эхний мэдүүлэг нь эд зүйлээ алдсан тухай байсан. Дараагийн мэдүүлэгтээ нийтийн тээвэрт шүүгдэгчийг өөр хүний халааснаас хулгай хийж байхыг хараад таньсан гэж тайлбарласан байдаг. Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг өдөр тутмын үйл ажиллагаандаа байнгын үйлддэг нөхцөл байдал харагдаж байна. Тиймээс хулгайлах гэмт хэргийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, шүүгдэгчид ухамсарлуулах, нийгэмшүүлэх зорилгоор хорих ял оногдуулах саналтай байна.  Шүүгдэгчийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ий өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж нийт 112 хоног цагдан хоригдсон. Цагдан хоригдсон 112 хоногийг эдлэх ялаас хасаж тооцуулах саналтай байна. Бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байгаа хэдий ч тухайн гар утсыг шүүгдэгч өөрийн сайн дураар хохирогчид өгөөгүй. Мөрдөгч шүүгдэгчийг дуудаж гар утсыг авчруулж хохирогчид хүлээлгэн өгсөн байдаг. Хохирогчид хохирлыг төлсөн гэж үзэж болох ч нөхцөл байдал өөр байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалах саналтай. Битүүмжлэгдсэн зүйлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах байр суурьтай оролцож байна. Шүүгдэгч нь 2022 оны 6 сарын 25-ны өдөр шүүх хуралдаанд оролцсон. Миний үйлчлүүлэгчийг 2 үйлдэлд холбогдуулан шалгаж байсан. Нэг үйлдэл болох 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хохирогч Г.Агийн гар утсыг хулгайлсан үйлдэлдээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үнэн зөв мэдүүлэг өгч байсан. Хохирогчийн гар утсыг мөрдөн байцаагчид хүлээлгэж өгсөн. Мөрдөн байцаагч хохирогчид хүлээлгэн өгсөн талаарх нотлох баримт хавтаст хэргийн 30 дугаар хуудсанд авагдсан байгаа. Улсын яллагчийн дүгнэлтээс бараг хохирол гомдолтой гэсэн санаа харагдаж байна гэж үзэж байна. Гэтэл манай үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээж үнэн зөв мэдүүлж байсан. Хохирогчийг хэргийн материалтай танилцуулах үед хохирогчоос гаргасан хүсэлтэд  нэхэмжлэх зүйлийн талаар дурдаагүй. Гар утсыг хүлээлгэн өгсөн нь хохирлыг төлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. 2004 гэмт хэрэг үйлдэж албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан. Улсын яллагчаас шүүгдэгчийг хулгайлах гэмт хэргийг өдөр тутмын үйл ажиллагаандаа байнгын үйлдэг нөхцөл байдалтай гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхээс ял шийтгэл оногдуулаагүй тохиолдолд хүндрүүлэн нөхцөл байдалд тооцох боломжгүй. Шүүгдэгч нь 3-14 насны  7 хүүхэдтэй. Ам бүл 9.  Ар гэрийн нөхцөл байдал маш хүнд. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэх талаар улсын яллагчид удаа дараа хүсэлт гаргаж байсан. Миний үйлчлүүлэгчийг давхар Батцэрэн гэх иргэнтэй холбоотой хэрэгт шалгаж байсан. Тухайн хэрэг нь нотлогдохгүй байсан учраас тусгаарласан. Хохирогч Г.Агийн хувьд нэхэмжлэх зүйлгүй. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Улсын яллагчийн дүгнэлтэд дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ий өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 112 хоног цагдан хоригдсон. Цагдан хоригдсон хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын цагтай дүйцүүлж өгнө үү. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзнэ үү. Миний үйлчлүүлэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.  

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангаийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Оын хувийн байдлын хувьд өмнө нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан, удаа дараа хулгайлах зөрчлийн хэрэгт холбогдож байсан, дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байгаа нь гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй байх ухамсар төлөвшил суугаагүй байгааг илэрхийлж байх тул хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд учруулсан хохирлыг барагдуулсан байдлыг харгалзан үзэж хорих ялыг хэмжээг улсын яллагчийн саналаас доогуур оногдуулав.

                                             

Шүүгдэгч Б.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг барагдуулсан байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

                                    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.От оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оын 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 112 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

           

Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.

                    

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь 112 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                            

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                                                                             

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.От оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оын 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 112 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

 

6. Шүүгдэгч Б.О нь 112 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шилжилж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

           

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ

                                                     ШҮҮГЧ                               М.ТҮМЭННАСТ