| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00744/И |
| Дугаар | 17 |
| Огноо | 2019-01-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 17
2019 оны 01 сарын 11 өдөр Дугаар 153/ШШ2019/00017 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багт оршин суух, тоот регистрийн дугаартай, Будуулынхан овогт Дамдингийн ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1966 оны 6 дугаар сарын 29-ний өдөр төрсөн бөгөөд бага насаа эцэг эхийн гар дээр өссөн бөгөөд сургуульд сураагүй. Эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1981 онд 15 нас хүрч нэгдэлд элсэн орж, Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Нэгдэлд ороод малчнаар ажиллаж байхад хөдөлмөрийн дэвтэр нээсэн боловч тухайн үеийн удирдах хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болж нэр ус бичигдээгүйгээс болж миний бие ажиллаж байсан байдлаа тогтоолгож чадахгүй 2 жил гаран хохирч явна. 1981 онд Монгол улс социализмын тогтолцоотой байсан бөгөөд ажилгүй хүн нийгэмд байгаагүй. Хүн болгон социалист хөдөлмөр эрхлэх ёстой гэсэн уриатай хатуу нийгэмд амьдарч байсан. Хэдий тийм хатуу нийгэмд амьдарч байсан ч гэсэн хүний хөдөлмөр хөлсийг бичдэггүй 70 дугаар дансаа ч бүрэн хөтөлж байгаагүйгээс болж олон хүн хохирч байна. Нэгдэл тарах үед нэгдлийн малыг хувааж өгч байсан бөгөөд бригадыг дарга, тоо бүртгэгч нар зарим хүмүүсийн дэвтрийг нь тарааж өгч байсан. Тэр үед залуу байсан болохоор нас өндөр болж тэтгэвэрт гарахад хэрэг болно гэж бодоогүй учраас хөдөлмөрийн дэвтрээ аваад л далд хийчихсэн нэр ус тамга тэмдэг байна уу үгүй юу гэж огт тулгаж хараагүй юм. Би 2 жил гаран баримт хайж байгаа боловч олдохгүй байгаа тул намайг Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оноос 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Д. ын шүүхэд гаргасан хүсэлтийг дэмжиж байна. Нэхэмжлэгч Д. нь 1966 онд төрсөн. 1981 оноос эхлэн эцэг, эхийн хамт мал малласан. Д. нь Ховд аймгийн Чандмань сумын Тахилт бригадад 1981 оноос 1989 оныг дуустал ажиллаж байсан. Д. нь тухайн үед хөдөлмөрийн дэвтэр нээлгээгүй. Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас Д. ын нэр дээр баримт шүүлгэхэд гарч ирээгүй. Эцэг, эхтэйгээ хамт мал маллаж байсан учраас цалин хөлс нь эцгийнх нь нэр дээр бодогдож байсан. Иймд холбогдох баримтыг үндэслээд Д. ыг 1981 оноос 1989 он дуустал Ховд аймгийн Чандмань сумын Тахилт бригадад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д. нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оноос 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагаа нотлохоор хэрэгт:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 1075 дугаартай албан бичгээр доор дурдсан тушаал, цалингийн түүвэрийг ирүүлжээ.
-Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн даргын 1987 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 67 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын хуулбар, түүний хавсралт,
-Чандмань сумын Наран хэсгийн 1988-1989 оны 70-р дансны хуулга,
-Д. ын нэр дээрх 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Сайшаалын үнэмлэх, 1986 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Баярын бичиг,
-Д. ын 1985 онд Шинэ зам нэгдэлд ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг,
-Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Д. ын нэр дээрх 1990-2000 оны архивын лавлагаа,
-Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 288 дугаартай шийдвэрийн хуулбар,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн “Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа”,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн “Төрсний бүртгэлийн лавлагаа”,
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 57 дугаартай албан бичгээр “Ховд аймгийн Чандмань сумын Тахилт бригадын 70 дугаар данснаас Б.Дамдингийн 1981-1986 оны хөдөлмөрийн хөлсийг хуулбарлан хүргүүлэв. 1981-1986 оны баримтаас үзэхэд Д. т холбогдох баримт олдоогүй тул лавлагаа олгох боломжгүй” гэжээ,
-Д.Дамдингийн 1981 оны 1 дүгээр сард нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр,
-Гэрч Г.Тогтохбаатарын “би 1978 оны 6 дугаар сараас эхлэн 1990 оныг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Д. нь Дамдингийн 3 дахь охин. Тэрээр сургуульд сурч байгаагүй. Д. нь бага наснаасаа эхлэн эцэг эхийн хамт мал маллаж байсан бөгөөд нэгдэл тарах хүртэл буюу 1990 он хүртэл Шинэ зам нэгдэлд малчнаар ажилласан” гэх мэдүүлэг,
-Гэрч Ч.Чихэрбаатарын “Д. нь бага наснаасаа эхлэн 1990 он хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Би мөн 1976-1990 онд Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтуудыг хэрэгт нотлох баримтаар ирүүлжээ.
Хүсэлт гаргагч Д. ын Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оноос 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн Д. т холбогдох тушаал болон цалингийн баримтууд олдоогүй болох нь хүсэлт гаргагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 57 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Д. ын хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хүсэлт гаргачийн хүсэлтээр Д. тай хамт ажиллаж байсан Д.Дамдин, Ч.Чихэрбаатар нараас гэрчийн мэдүүлэг авсан ба Ч.Чихэрбаатар нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд ажиллаж байсан болох нь хүсэлт гаргачийн тайлбар, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 288 дугаартай шийдвэрийн хуулбараар нотлогдож байна.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Д. нь 1981 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул түүний хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагч Д. ын 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь тэрээр 1966 оны 6 дугаар сарын 29-ний өдөр төрсөн байх бөгөөд тэрээр насанд хүрээгүй байхдаа буюу 14 насандаа Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлын талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПН66062905 тоот регистрийн дугаартай, Будуулынхан овогт Дамдингийн ын 1981 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар илүү төлсөн 200 төгрөгийг Хаан банк дахь Шүүхийн тамгын газрын улсын тэмдэгтийн хураамжийн данснаас буцаан гаргуулж хүсэлт гаргагч Д. т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА