Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1748

 

2022           11            29                                         2022/ШЦТ/1748

 

                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цасшихэр,

улсын яллагч Ч.Батбаатар,

хохирогч М.Э,

шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Гд холбогдох эрүүгийн 2203 00506 0487 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

0

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Г нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, 12- ын автобусны буудлын урд замд 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 21 цаг 47 минутын орчим “Hyundai Verna” маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 4-р хавсралт 5.3-т заасан “Гэрлийн бүрхүүл бохирдсон...бүдэг асдаг болсон...” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч М.Эыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Гд шүүхийн хэлэлцүүлэгт: “2022 оны 08 дугаар сарын 24-ний орой 21 цагийн орчимд ажлаасаа гарч гэр лүүгээ явж байсан. Гэр лүүгээ явах замд автобусны буудлын наад талд гарц байсан. Би гарцад хурд сааруулж явган зорчигчид зам тавьж өгч зогссон. Явган зорчигч гарсны дараа цааш хөдөлсөн. Тэр хооронд 20-30 км/цагийн хурдтай л авсан байх. Тэгэхэд замын эсрэг талаас Портерын араас хүн гарч ирэхэд нь би дарж, нөгөө тал руугаа эргэсэн. Тэгээд буцаагаад шилжүүлэхэд зүүн хөл нь дайруулж таарсан. Тэгээд осол болчихлоо гээд хамгийн түрүүнд 103, 102 дуудсан.” гэв.

Хохирогч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр  Баянзүрх дүүрэгт байрлах Гитар Хаусын доор байрлах караокед орсон. Нөхөр болон найзуудын хамт дөрвүүлээ нэг цаг гаран дуулж, би 3-н пиво уусан. Манай нөхрийн төрсөн өдөр тул тэд нар арай ихийг уусан байсан гэв.Тэндээс гараад манай хоёр найз түрүүлж зам гарсан. Нөхөр бид хоёр үлдсэн тооцоогоо хийчхээд араас нь гарсан. Гараад зам гарах гээд хоёр найзыгаа харсан. Би нөхөртэйгөө зам гарах байхад үзэгдэх орчинд машин байгаагүй. Цаана байсан хүмүүс ч бас харсан. Манай хоёр найзын хажууд байсан хүмүүс харсан гэж хэлсэн. Гэнэт машин гарч ирээд мөргөсөн. Мөргөх үед миний ухаан балартсан. Миний хөл хажуу талд гарч ирсэн байсан. Тэгээд түргэн дуудаж явсан. Тэрнээс хойших явдлыг санахгүй байна. Би шүүгдэгчтэй 2020 оны 09 дүгээр сарын 20-ны орчимд буюу хагалгаанд орсноос 20 орчим хоногийн дараа уулзсан. Б гэх найзтайгаа хамт ирсэн. Хэргийг хялбаршуулж шийдэх үү гэж ярилцсан. Шүүгдэгч “би хоёр нялх хүүхэдтэй, та гомдол саналгүй гээд хэлээд өгөөч” гэхэд нь би тэгье, 2.000.000 төгрөг л авъя гэж хэлсэн. 2.000.000 төгрөгийг 3 хувааж өгье гэсэн. Сүүлдээ 11 дүгээр сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөгийг бүтэн өгье гэсэн. Би хүлээсэн. Тэгэхэд 11 дүгээр сарын 07, 08-ны өдөр дансаар 400.000 төгрөг шилжүүлсэн. 10 дугаар сарын сүүлээр 100.000 төгрөг, нийт 500.000 төгрөг өгсөн.  Нэхэмжлэх зүйлийн тухайд хэрэг болсноос хойш 3 сарын хугацаанд би дөнгөж хөл дээрээ зогсож байна. Би эрүүл байсан бол хуучин ажилдаа орох байсан.  Би ботаникийн шүдний эмнэлэгт ариутгагч хийдэг байсан. 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилдаа буцаж орох байсан боловч энэ хэргийн улмаас орж чадаагүй. Би гомдолтой байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Хэргийн газарт үзлэг хийсэн: “Хэрэг учир болсон газар нь Баянзүрх дүүргийн **-р хороо 12-ийн буудлын урд замд Хюндийн Вериа маркийн ** улсын дугаартай машин явган  зорчигч мөргөсөн хэргийн газарт үзлэгийг явуулахаар тогтоов. Зам орчны байдал: Асфальт шулуун тэгш, суурингийн доторх гэрэлтүүлэгтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал, тогтуун, эерэг хөдөлгөөнтэй, 4  эгнээ, хашлагатай, хайсгүй зам байв. А үсгээр явган зорчигч анх машинд мөргүүлсэн цэг, В үсгээр үл хөдлөх цэгийг дугааргүй гэрэлтүүлэггүй  шонгоор тус тус тэмдэглэв А цэгээс мөргөсөн машины хойд гүпер хүртэл 22.2 м, А цэгээс Б цэг 1.5 м, А цэгээс явган хүний гарц хүртэл 35.2 м, А цэгээс үл хөдлөх В цэг хүртэл 8.8 м, цааш 2.7м, мөргөсөн машины баруун урд дугуй хашлага 1.0 м, хойд дугуй 1.2м, А цэгээс автобусыг хашлага хүртэл 2.5, цааш 6.5 м, зайтай байв хэргийн газрын үзлэгт оролцогч нараас үзлэгтэй холбогдолтой ямар нэгэн санал хүсэлт байхгүй гэснээр тэмдэглэлээ уншуулан гарын үсэг зуруулав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-8 дугаар хуудас),

Хохирогч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 24-ний орой Баянзүрх дүүрэг ** дугаар хороо, 12-ын автобусны буудлын урд замд зам хөндлөн гарч яваад машинд мөргүүлсэн. Тухайн зам гарч байхад харанхуй, гарцгүй газраар зам гарч байсан. Зам хөндлөн гарахдаа нөхрийн хамт гарч байсан бөгөөд тухайн машин хурдтай явж байсан. Тэр орой нөхрөөс гадна Эрдэнэбаяр, түүний эхнэр Л.Эын хамт бид 4 караокед 3 лааз пиво уучхаад гарч харахад явган хүний гарц буудлын цаад талд байсан учир машины хөдөлгөөн бага байсан болохоор эхлээд Э эхнэр Л.Эын хамт зам хөндлөн гарсны дараа би нөхрийн хамт зам хөндлөн гарч байгаад нэгдүгээр эгнээ рүү орж явтал би машинд мөргүүлчихсэн. Осол гарсны дараа гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтээд хөлийн хагалгаанд орж, хөлдөө хадаас хадуулсан. Одоогийн байдлаар гэртээ асаргаанд байгаа хохирол мөнгө гэж жолооч ямар ч хохирол барагдуулаагүй. Надад тухайн хэрэгтэй холбоотой нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),

Гэрч Я.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 24-ний орой Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт 12-ны автобусны буудлын хойд талын Гитар Хаус нэртэй газар эхнэр М.Э, найз Эр түүний эхнэр Л.Э нарын хамт 20 цаг болж байхад караоке ороод дуулж пиво ууж байгаад тэндээсээ гараад харих гэж байсан. Тэгээд Э эхнэр Л.Э нар бид хоёроос түрүүлээд гараад явчихсан. Эхнэр бид 2 үлдээд төлбөр мөнгөө төлөөд араас нь гарсан. Тэр хоёр замын эсрэг талд гарчихсан автобусны буудал дээр зогсоцгоож байсан. Тэгээд эхнэр бид 2 зам хөндлөн гарах гээд эхнэр Э миний баруун талаас бариад зам гарч байтал эхнэр жоохон хоцрох гээд ар хэсэгт явж байхад зүүн талаас баруун чиглэлд явж байсан машин эхнэрийн баруун хөлийг дайраад газар уначихсан. Тэгээд эмнэлэг цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Өөр нэмж хэлэх юм байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),

Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх машин нь Р.Н гэж миний ээжийн нэр дээр байдаг юм. Ээж маань Хэнтий аймгийн Дархан суманд мал маллаж бйагаа. Улаанбаатар хотод ирэх боломжгүй байгаа. Уг машин 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр осол гаргасан байсан. Машины хувьд гэвэл хуучин машин байсан. Урд салхины шил хуучин хагарсан байсан. Машин ээжийн нэр дээр байгаа боловч би унадаг машин байгаа юм. Осол гаргасан талаар Ж.Гоос мэдсэн...” (хавтаст хэргийн 22 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Р.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Hyundai Verna” маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварт өгөх гээд өгч явуулсан. Машин миний нэр дээр бүртгэлтэй боловч хүү Бын машин байгаа, машинаа засуулна гээд Улаанбаатар хот руу найз Гд өгч явуулсан байсан. Өөрөө зөвшөөрөөд машинаа өгсөн гэж байсан...Машинд учирсан хохирол байхгүй учир Гоос нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25, 28 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ч.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... хохирогч М.Э нь ГССҮТ-аас эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд ЭМДС-аас 1.486.000 төгрөгийн зардал гарсан байх нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. ... Ж.Гоос ... төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дугаар хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 11883 дугаар: “... ДҮГНЭЛТ М.Эын биед баруун шилбэний шаант болон тахилзуур ясны олон тооны сэлтэрхий үүсгэсэн нийлмэл хугарал, шилбэний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 25373610 дугаар: “...Зүүн болон баруун гарын талын их гэрлийн тусгалын чадал ойр болон хол дээрээ стандартын шаардлага хангахгүй байна...’’ гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40-43 дугаар хуудас),

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөгчийн 979 дугаар: “Hyundai Verna маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 4-р хавсралт 5.3-т заасан “Гэрлийн бүрхүүл бохирдсон..,бүдэг асдаг болсон...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн” гэх магадалгаа (хавтаст хэргийн 63-64 дугаар хуудас),

ЭМДЕГ-ын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичиг, хавсралт (хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас),

            М.Эын ГССҮТ-д хэвтэн эмчүүлсэн гэх өвчний түүх (хавтаст хэргийн 50-62 дугаар хуудас)

            Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 89 дүгээр хуудас),

            Хохирлын тооцоо (хавтаст хэргийн 90-96 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 99 дүгээр хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дугаар хуудас),

Иргэний оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 67 дугаар хуудас),

Жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас),

Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 70 дугаар хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч: “Шүүгдэгч Ж.Гд нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, 12- ын автобусны буудлын урд замд 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 21 цаг 47 минутын орчим “Hyundai Verna” маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 4-р хавсралт 5.3-т заасан “Гэрлийн бүрхүүл бохирдсон...бүдэг асдаг болсон...” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч М.Эыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтууд хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг, шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлтэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ж.Гд нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 12- ын автобусны буудлын урд замд 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 21 цаг 47 минутын орчим “Hyundai Verna” маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч М.Эыг мөргөж эрүүл мэндэд хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна. 

Хохирогч М.Эын эрүүл мэндэд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 11883 дугаар дүгнэлтээр “баруун шилбэний шаант болон тахилзуур ясны олон тооны сэлтэрхий үүсгэсэн нийлмэл хугарал, шилбэний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг зааж өгчээ.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

Шүүгдэгч Ж.Гд нь “Hyundai Verna” маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 4-р хавсралт 5.3-т заасан “Гэрлийн бүрхүүл бохирдсон...бүдэг асдаг болсон...” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч М.Эын эрүүл мэндэд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 11883 дугаар дүгнэлтээр “баруун шилбэний шаант болон тахилзуур ясны олон тооны сэлтэрхий үүсгэсэн нийлмэл хугарал, шилбэний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Ж.Гд нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, мөн дүрмийн 4 дүгээр хавсралт 5.3-д заасан заалтыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогч М.Эын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл буюу хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ж.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжгүй байсны улмаас уг гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Hyundai Verna” маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Цагаан Раднаагийн Наранцэцэг гэсэн тээврийн хэрэгслийн лавлагаа хэрэгт авагджээ.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Р.Н, гэрч Б.Б, шүүгдэгч Ж.Г нарын мэдүүлгүүдээр тухайн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч нь өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг залсуулах зорилгоор шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдсон.

Хохирогч М.Эд 1,486,000 төгрөгийн эмчилгээ ГССҮТ-д хийгдсэн байх ба Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газраас төлбөрийг нь төлсөн байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж, 513.2 дахь хэсэгт “Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.

Иргэний хариуцагч Р.Н нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй этгээд мөн байх тул 1,486,000 төгрөгийг гаргуулан Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогч М.Э нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Ж.Гоос холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Мөн Р.Н нь иргэний нэхэмжлэгчийн хувиар төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Ж.Ганболдод эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэх саналыг гаргасан. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Гд нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Гд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ж.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ж.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Г нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Р.Н төлбөр нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч Р.Нээс 1,486,000 төгрөгийг гаргуулан Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газарт олгосугай.

6. Хохирогч М.Э нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Ж.Гоос холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ

 ШҮҮГЧ                          М.ТҮМЭННАСТ