Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 690

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Е ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: Л-д

 

Зээлийн гэрээний үүрэгт 8,190,808.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:


            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай Е ХХК-иас хариуцагч Лд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 7,000,000.00 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн.

 

Бид, дотоод журмын дагуу 7,000,000.00 төгрөгөөс зээлийн судалгаа хийхэд 35,000.00 төгрөг, өргөдлийн хураамж 5,000 төгрөг, нийт 40,000.00 төгрөгийг суутган авч, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 6,960,000.00 төгрөгийг өгсөн юм.

 

Гэвч хариуцагч Л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, зээл болон зээлийг хүүг зохих ёсоор төлөөгүй. Тэрээр өнгөрсөн хугацаанд нийт 2,209,000.00 төгрөг төлснөөс 780,013.00 төгрөгийг үндсэн зээлд суутгаж, 1,428,987.00 төгрөгийг хүүнд төлүүлсэн.

 

Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6,219,987.00 төгрөг, хүү 1,677,812.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 283,009.00 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад 10,000 төгрөгийн нотариатын зардалд төлсөн. Манай компани өнгөрсөн хугацаанд хариуцагчаас зээлийг төлөхийг удаа дараа шаардсан боловч 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс хойш ямар ч төлбөр төлөөгүй, ингээд түүнд албан шаардлага хүргүүлж гэрээг цуцлах болсон тухай мэдэгдсэн юм.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 8,190,808.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

                      ҮНДЭСЛЭХ нь:
                       

Нэхэмжлэгч Е ХХК-иасхариуцагч Лд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,190,808.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл тус компаниас хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШЗ2019/01244 тоот захирамжаар хариуцагчийг шүүхэд албадан ирүүлж, түүнд нэхэмжлэлийг хувийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гардуулсан /х.х-ийн 16, 17, 20 хуудас/.

 

Ингээд уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 11:00 цагт товлож, энэ тухай хариуцагчид мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Е ХХКнь хариуцагч Л, мөн тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй этгээд болох О нартай 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 7,000,000.00 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.9 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохирсон байна /х.х-ийн 4-6-р хуудас/.

 

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.-д “банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1.-д заасан үйлчилгээг” хэлнэ гэж заажээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Е ХХКнь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д тус тус зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна /х.х-ийн 11 хуудас/.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8.-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ................” гэж, 189 дүгээр зүйлийн 189.2.-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч талд төрийн эрх бүхий байгууллагаас банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрчээ.

 

  Хэдийгээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн ******* тоот зээлийн дансны хуулгаар нэхэмжлэгч Е ХХК-иасхариуцагч Лд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээний зүйл болох 7,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн гэж бүртгэсэн байх боловч нэхэмжлэгчийн “Хаан банк” ХХК дахь ******* тоот дансны хуулгаас үзвэл хариуцагчид 6,960,000.00 төгрөгийг хүлээлгэн өгсөн байна /х.х-ийн 7, 8 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, тус хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсан тооцно” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж тус тус заасны дагуу зээлдүүлэгч тал 7,000,000.00 төгрөгөөс 6,960,000.00 төгрөгийг хүлээлгэн өгчээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэхүү 40,000.00 төгрөгийг зээлийн шимтгэлд 35,000.00 төгрөг, өргөдлийн хураамжид 50,000 төгрөгийг авсан гэж тайлбарласан ба зохигчдын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.14.-т “зээл олгосны шимтгэл 35,000.00 төгрөг” гэж заасан хэдий ч ямар үндэслэлээр ийнхүү дээрх төлбөрийг суутгаж авсан нь ойлгомжгүй, зээлийн судалгаа, хяналт хийсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна /х.х-ийн 4 хуудас/.

 

            Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч талд 6,960,000.00 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх тул энэхүү хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

 

Тус гэрээний хавсралтад зааснаар зээлдэгч буюу хариуцагч тал үндсэн зээлийг хэсэгчлэн төлөхөөр тохирч, ашигласан хугацааны хүүгийн хамт сар бүрийн 04-ний өдөр нийт 456,956.00 төгрөгийг төлсөөр 2020 оны 01 дүгээр сарын  04-ний өдөр төлж дуусгах үүрэг хүлээсэн бөгөөд зээлийн хүүнд нийт 3,948,561.00 төгрөг төлөхөөр болжээ /х.х-ийн 6 хуудас/.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан. Тодруулан хэлбэл, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд тэрээр уг хугацаанд үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцно.

 

Гэтэл хариуцагч тал уг нэхэмжлэлийг гаргасан буюу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 2,434,157.00 төгрөг, зээлийн хүүнд 2,595,359.00 төгрөг, нийт 5,026,516.00 төлөх ёстой байтал нийт 2,209,000.00 төгрөг төлснөөс үндсэн зээлд 780,013.00 төгрөг, зээлийн хүүнд 1,428,987.00 төгрөгийг суутгажээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч Лг зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй болох нь тогтоогдож байна

 

 Нэхэмжлэгч Е ХХК-иасхариуцагч Лд холбогдуулан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 6,219,987.00 төгрөг, хүү 1,677,812.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 283,009.00 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг, нийт 8,190,808.00 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Шүүхээс нэхэмжлэлийг хувийг хариуцагчид 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гардуулсан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т заасан буюу нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учраас тус хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчаас 7,630,827.68 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.  

 

Учир нь, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг зээлдэгчийн төлөөлөн Л болон Б.Оюунтунгалаг нар байгуулсан хэдий ч хариуцагч Л нь хамтран үүрэг гүйцэтгэгч юм.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Е ХХКнь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, мөн 242.3.-д “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаар хамтран хариуцагч Лгаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагчийн төлсөн 2,209,000.00 төгрөгөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 174,856.00 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 208,521.00 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 264,402.00 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 132,234.00 төгрөгийг тус тус үндсэн зээлд суутгасан байна /х.х-ийн 8 хуудас/.

 

            Гэвч хариуцагч Л нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн төлбөрийг төлөөгүй ба хариуцагчийн төлбөл зохих үндсэн зээл, хүүгийн хэмжээг тооцвол:

 

1/ Үндсэн зээл болон хүү

 

  • Хариуцагчид олгосон 6,960,000.00 төгрөгөөс 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл буюу 174,856.00 төгрөг төлөх хүртэлх хугацааны хүү:

 

6,960,000x3.9%=271,440 /1 сарын хүү/, 271,440x12=3,257,280 /1 жилийн хүү/, 3,257,280:365=8,924.05 /1 өдрийн хүү/, 8,924.05x32хоног=285,569.06 төгрөг,

 

  • Хариуцагч тал 6,690,000.00 төгрөгийн үндсэн зээлээс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 174,856.00 төгрөгийг төлсөн /6,960,000-174,856=6,785,144/ дараагийн өдөр болох 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл буюу 208,521.00 төгрөг төлөх хүртэлх хугацааны хүү:

 

6,785,144x3.9%=264,620 /1сарын хүү/, 264,620x12=3,175,447 /1 жилийн хүү/, 3,175,447:365=8,699.85 /1 өдрийн хүү/, 8,699.85x48 хоног=417,592.08 төгрөг,

 

  • Хариуцагч тал 6,785,144 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдлээс 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 208,521.00 төгрөгийн төлсөн /6,785,144-208,521=6,576,623/ дараагийн өдөр болох 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл буюу 264,402.00 төгрөг төлөх хүртэлх хугацааны хүү:

 

6,576,623x4.5%=256,488 /1 сарын хүү/, 256,488x12=3,077,859 /1 жилийн хүү/, 3,077,859:365=8,432.49 /1 өдрийн хүү/, 8,432.49x29 өдөр=244,542.21 төгрөг,

 

  • Хариуцагч тал 6,576,623.00 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдлээс 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 264,402.00 төгрөг төлсөн /6,576,623-264,402=6,312,221/ дараагийн өдөр болох 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл буюу 132,234.00 төгрөг төлөх төлөх хүртэлх хугацааны хүү:

 

6,312,221x3.9%=246,176 /1 сарын хүү/, 246,176x12=2,954,119 /12 сарын хүү/, 2,954,119:365=8,093.47 /1 өдрийн хүү/, 8,093.47x39 хоног=315,645.33 төгрөг,

 

  • Хариуцагч тал 6,312,221.00 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдлээс 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 132,234.00 төгрөг төлсөн /6,312,221-132,234=6,179,987/ дараагийн өдөр болох 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны хүү:

 

6,179,987x3.9%=241,019 /1 сарын хүү/, 241,019x12=2,892,228 /12 сарын хүү/, 2,892,228:365=7,923.92 /1 өдрийн хүү/, 7,923.92x204 хоног=1,616,479.00 төгрөг болж байгаа бөгөөд нийт 2,879,827.68 төгрөгийн хүү бодогдож, үүнээс хариуцагчийн төлсөн 1,428,987.00 төгрөгийг хасвал 1,450,840.68 төгрөгийн хүү, үндсэн зээлийн үлдэгдэл 6,179,987.00 төгрөг болж байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл 6,179,987.00 төгрөг, зээлийн хүү 1,450,840.68 төгрөг, нийт 7,630,827.68 төгрөг ажээ.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж заасан.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 2.13.-т тус тус зааснаар талууд уг зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байх боловч нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоог засварласан байна. Тодруулбал, нэхэмжлэгч тал 6,960,000.00 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй хариуцагчид зээлдүүлсэн, үүний нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь 0.78 хувь байх ёстой атал “сарын 20 хувь” гэж засварлаж, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг хуульд зааснаас их хэмжээгээр тогтоосон байх тул хариуцагч тал 283,009.00 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээхгүй.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, мөн 227.3.-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заажээ.

 

Тайлбарлавал, үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс улбаалан зээлдүүлэгчийн зүгээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаатай холбогдуулан гарсан зардлыг хохиролд тооцно. Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотариатын зардалд 10,000.00 төгрөгийг төлсөн тухай нотлох баримтыг өгөөгүй байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 6,179,987.00 төгрөг, зээлийн хүүнд 1,450,840.68 төгрөг, нийт 7,630,827.68 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 559,980.32 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Лгаас 7,630,827.68 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Е ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 559,980.32 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146,003.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 137,043.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР