| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00802/И |
| Дугаар | 24 |
| Огноо | 2019-01-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 24
2019 оны 01 сарын 18 өдөр Дугаар 153/ШШ2019/00024 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 14-19 тоотод оршин суух, регистрийн дугаартай, Урианхай овогт Мягмарын гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 12-11 тоотод оршин суух, регистрийн дугаартай, Бээс овогт Даржаагийн Намжилдоржид холбогдох 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М., хариуцагч Д.Намжилдорж, гэрч М.Дөнгөөн, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өөрийн өмчлөлийн порионтор машиныг задалж зарсан. Миний машины моторыг Д.Намжилдорж 1,500,000 төгрөгөөр зээлээр худалдаж авсан ба үнийг нь 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өгөхөөр тохиролцсон. Би мотороо өөрийн гараар тайлж, Д.Намжилдоржийн машинд тавьж өгсөн. Д.Намжилдорж надад 400,000 төгрөг өгсөн. Д.Намжилдорж намайг өөрийнхөө машины моторыг авсан гэж байна. Би Д.Намжилдоржийн машины моторыг аваагүй. Д.Намжилдорж өөрийнхөө машины моторыг Хорхой буюу Нямдаваа гэдэг хүнд өгсөн гэсэн. Намайг моторын мөнгөө нэхэхэд тэрээр “би Хорхойгоос моторын мөнгө авах ёстой. Чи очоод авчих” гэсэн. Тэгээд би Хорхой буюу Нямдаваагаас мөнгө нэхэхэд “Намжилдорж бид хоёрын наймаанд чи ямар хамаатай юм бэ, мөнгө өгөх бол би Намжилдоржид л өгнө” гэж хэлсэн. Тэгээд надад мөнгө өгөөгүй. Одоо миний мотор Д.Намжилдоржийн машинд байгаа. Д.Намжилдорж миний моторыг өөрийн машинд тавьж 8 сарын хугацаанд ашиглаж, мотор эдэлж, ашигласан тул элэгдэл хорогдол, ашиглалтын зардалд түүний өгсөн 400,000 төгрөгийг суутган тооцож, моторын үнэ 1,500,000 төгрөгийг Д.Намжилдоржоос гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Д.Намжилдорж шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М. 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн машины мотороо тайлж надад өгсөн. 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр М. “би эхнэр хүүхэдтэйгээ яриад тохирчихлоо Пүрэвдорж гэдэг хүнд машинаа 2,500,000 төгрөгөөр зарах гэж байна. Пүрэвдоржийг хүмүүс худалч, өчнөөн хүнд өртэй гэж байна та нас намбатай хүн миний моторыг ав. Та надад зөрүүг өг” гэсэн. Манай хашаанд иргэн Дангиа, Ганболд, Ц.Бандиа, Одко гэдэг жолооч болон М. гийн мотор авсан Хорхой хочит Нямдаваа гээд 7-8 залуу байсан. Би өөрийнхөө мотор дээр 500,000 төгрөг өгнө гэж тохиролцоод М. гийн моторыг өөрийнхөө машинд тавиад миний моторыг М. аваад өөрийнхөө задалж зарж байгаа машинтайгаа зарахаар болсон. Би г эхнэр хүүхэдтэйгээ ярьж тохир тэгсний дараа наймаа хийе гэж хэлсэн. 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Өндөр-Хөхий дэлгүүрийн үүдэнд ирж надтай уулзахдаа эхнэртэйгээ яриад тохирчихлоо танд мотороо өгөхөөр боллоо та ав 500,000 төгрөг өг гэсэн. Би моторыг нь аваад 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 200,000 төгрөг өгсөн. Мотороос илүү гарсан жанамыг Мөнхөө гэдэг залууд 80,000 төгрөгөөр зараад дээр нь 120,000 төгрөг нэмээд 200,000 төгрөг өгсөн. Мөн манай амбаарт манай хүргэн Гантулгын 250,000 төгрөгөөр хавар нь авсан цагаан өнгийн унадаг дугуй байсан. М манай амбаарт байгаа дугуйг харчихаад энэ дугуйгаа надад өгчих миний хүүхэд айлын хүүхдүүдийн дугуй гуйж унаад байна гэсэн. Орой нь манай хүргэн охин хоёр манайд хоол идэх гээд ирэхээр нь би хүргэндээ чи энэ дугуйгаа унахгүй бол аавдаа өгчих би хурдны морь унуулах хүүхдэдээ өгөх гэсэн гэж худлаа хэлэхэд М. сонсож байсан. Манай хүргэн намайг дугуйгаа ав гэж хэлээд тэр орой нь М. дугуйг аваад явсан. Унадаг дугуй 250,000 төгрөгийн үнэтэй. Би М. тэй дугуйг аваад гэрт нь хамт очсон. Би М. гийн хүүхдэд чи дугуйтай болсон юм чинь бид нарыг ногоонд явсны дараа манай хашааг эргэж тойрч байгаарай гэж хэлсэн. М. би танд Хорхой буюу Нямдаваагаас мөнгөө авахаар унадаг дугуйны зөрүүг нь өгнө гэж хэлсэн.
Надаас авсан моторыг ачдаг машин байхгүй болохоор би Одхүү гэдэг жолоочийг дуудсан. Тэгэхэд Одхүү, Ц.Баниа, Ганболд, Дөнгөөн, Нямдаваа нар байсан. М. мотор авдаг залуутай 1,500,000 төгрөгөөр тохирсон юм шиг байсан би яг хэдэн төгрөгөөр тохирсныг нь сонсоогүй. М. тэр өдөр надтай мотор тавилцаад өнжсөн. Би М. д 400,000 төгрөг болон 250,000 төгрөгийн үнэ бүхий дугуй өгсөн.
Харин М. надад өнөөдрийг хүртэл 1,500,000 төгрөг өгөөгүй, би ч нэхээгүй. 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр надтай хамт адууны хомоол ачилцаж байхдаа “Нямдаваа надад мөнгө өгдөггүй” гэхээр нь би Нямдаваа уруу утсаар яриад дуудуулсан. Нямдаваа, Л.Одгариг гэдэг залуутай жижиг цагаан машинтай ирсэн. Нямдаваа “би хүний эрүү хуга цохичихсон тэр хүнийг Улаанбаатар хот уруу эмчилгээнд явуулах гээд 30 кг ноолууртай ирээд дууслаа 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэхэд шүдлэн, багзаг самнаад мөнгийг нь өгнө” гэж хэлээд Нямдаваа, М. хоёр тохиролцсон. Нэхэмжлэгч М. гийн эхнэр “та Нямдаваагаас мөнгө авч өгөөч” гэж над уруу ярьсан. Би Нямдаваад мотороо үнэ тохирч өгөөгүй. Би М. гийн мотор авсан. Би наймаа хийсэн гэж бодож байтал М. гийн эхнэр над уруу утсаар ярихад би “надад өгсөн мотороо тайлж аваад миний өгсөн 400,000 төгрөг өг” гэж хэлсэн. Хорхой буюу Нямдаваа нь Завхан аймаг уруу адуу ачиж явж байгаад машиныхаа рамыг хугалаад одоо Ганболд гэдэг айлын хашаанд машинаа тавьсан байгаа. Би мотороо тайлаад авчихъя гэхэд М. “та тэгвэл наад мотороо надад зарж өг” гэхээр нь би “хүний юм зарж чадахгүй чи өөрөө аваад зар” гэхэд “би рамаа зарчихсан ганц мотороор яах юм та авснаараа ав” гэж хэлэхэд нь би “тос масло идээд хар утаа хаяад явахгүй минийхээс дээрдэхгүй байна” гэж үнэнээ хэлсэн. М. намайг та боломж бололцоотой хүн намар ногоогоо гарахаар өг би Хорхой буюу Нямдаваагаас мөнгөө авъя гэсэн. Мөн М. надад бордоо ачилцаж байхдаа манай амбаарт байсан хоёр уут цементийг харчихаад “надад өгчих” гэхээр нь би “амбаараа доторлох гэж байгаа” гэхэд “би намар танд аваад өгнө” гэж хэлээд авч явсан. Би намар нь “цементээ авъя” гэхэд “амбаарт байгаа ав” гэхээр нь очоод авахад нэг нь ус ороод хатуураад зуурч болохгүй болсон байсан. М. Нямдаваагийн гэрт эхнэртэйгээ хоёулаа мөнгөө нэхэж очсон байсан. Тэр үед Нямдаваа хөдөө явчихсан байсан. М. Нямдаваагаас үхэр авна гэж очиход нь чи хоёроос гурван хоногийн дараа хүрээд ир би чамд Эрдэнэбүрэн сум явж үхэр өгнө гэж хэлсэн байсан. М. 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр эхнэртэйгээ хоёулаа Хорхой буюу Нямдаваагаас гурван үхэр авахаар явж байна гэж над уруу ярьсан. Намайг Нямдаваагийн утсыг олж өгөөч гэхэд би Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд байдаг дүүгээрээ дамжуулж олж өгсөн. Дараа нь Улаанбаатар хотод Ёстойхүү эмчийн төрсөн дүү Доржзодовынд байрлаж тэдний хамаатны барилгын компанид ажилд орсон гэдгийг Наранчимэг гэдэг хүн надад хэлэхээр нь би М. д хэлсэн. 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хорхой буюу Нямдаваа над уруу утсаар “би хүнээс юм авсан юм чинь өгөхөө мэдэж байна та дунд нь юу яриад яваад байна” гэж мэссэж ирсэн. Мэссэж нь одоо болтол миний утас дээр байгаа. Хорхой буюу Нямдаваа 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот уруу явсан. Би М. д тус болохоор Хорхой буюу Нямдаваагийн Улаанбаатар хотод байгаа газрыг нь олж өгсөн. М. таны мотор учраас та мөнгийг нь Нямдаваагаас авч өг би таныг шүүхэд өгнө гэсэн. М. 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр манай хашаанд ирэхдээ мөнгөө авч чадахгүй байна гэхэд нь би чи Хорхой буюу Нямдаваагаас мөнгөө авч чадахгүй бол чи мотороо тайлаад авчих ах нь Хорхойгоос мотороо авъя гэхэд М. би танд өгдөг мөнгө байхгүй байна танаас авсан мөнгөө хэрэглээд дуусчихсан гэж хэлсэн. Би “чи намар ногоогоо зарчхаад ахдаа 400,000 төгрөг болон унадаг дугуйгаа өгчих одоо мотороо тайлаад ав би юу ч солиогүй, Хорхойгийн машин Ганболдын хашаанд байгаа би чирч авчраад мотороо тайлж авья” гэхэд “тэгж яах юм бэ би Нямдаваатай зохицоод мөнгөө авна” гэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М. нь хариуцагч Д.Намжилдоржид холбогдуулан 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч М. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...Д.Намжилдорж нь миний машины моторыг 1,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож авчихаад одоог хүртэл мөнгөө өгөхгүй байна. Тэрээр 400,000 төгрөг өгсөн бөгөөд үүнийг би миний моторыг ашигласны төлбөрт суутгаж байна” гэж, харин хариуцагч Д.Намжилдорж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...би М. гээс түүний машины моторыг авсан. Харин М миний машины моторыг авсан. Зөрүүд нь би 500,000 төгрөг нэмж өгөхөөр тохиролцсон. Үүнээс 400,000 төгрөгийг би М. д бэлнээр, үлдэгдэл 100,000 төгрөгт 250,000 төгрөгийн үнэтэй унадаг дугуй өгсөн. М. унадаг дугуйны зөрүү мөнгийг надад дараа нь өгчих байх гэж бодсон” гэж мэтгэлцлээ.
Нэхэмжлэгч М., хариуцагч Д.Намжилдорж нар нь харилцан тохиролцож М. гийн машины моторыг Д.Намжилдорж нь авч 400,000 төгрөгийг бэлнээр өгсөн талаар талууд маргаагүй болно.
Харин хариуцагч Д.Намжилдорж нь өөрийнхөө машины моторыг нэхэмжлэгч М. д өгсөн гэж, нэхэмжлэгч М. нь хариуцагч Д.Намжилдоржоос машины мотор аваагүй гэж маргалаа.
Хариуцагч Д.Намжилдорж нь өөрийн машины моторыг Хорхой буюу Нямдаваад өгсөн болох нь шүүх хуралдаанд өгсөн гэрч М.Дөнгөөний “...М. гийн машины моторыг Д.Намжилдорж 2018 оны хавар авсан. Д.Намжилдорж нь мотороо Хорхойд өгсөн. Хорхой надад “би чамд тав, арван цаас өгье миний машинд мотор тавиад өгөөч” гэж гуйсан би түүний машины моторыг нь тавьж өгсөн, харин Хорхой машинаа асаалгүй чирээд аваад явсан, харин надад мотор тавьсны мөнгө өгнө гэчхээд өгөөгүй. Хорхой надад уг мотороо Д.Намжилдоржоос 1,500,000 төгрөгөөр авч байна гэж ярьсан” гэх мэдүүлэг, нэхэмжлэгч М. гийн шүүх хуралдаанд өгсөн “...Д.Намжилдорж өөрийнхөө моторыг Хорхой буюу Нямдаваад өгсөн гэсэн. Тэгээд намайг моторын мөнгийг нэхэхэд чи Нямдаваагаас нэхээд авчих гээд намайг Хорхой буюу Нямдаваа гэдэг хүнтэй уулзуулсан. Харин Нямдаваа нь надад “Намжилдорж бид хоёрын наймаанд чи ямар хамаатай юм бэ, мөнгө өгөх бол би Намжилдоржид л өгнө” гэж хэлсэн. Тэгээд надад мөнгө өгөөгүй” гэх тайлбараар нотлогдож байна.
Харин хариуцагч Д.Намжилдорж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...миний машины моторыг М. аваад цааш нь Хорхой буюу Нямдаваад зарсан гэсэн. Би М гийн өмнөөс Хорхой буюу Нямдаваагаас мөнгө нэхэхэд над уруу “би хүнээс юм авсан юм чинь өгөхөө мэдэж байна та дунд нь юу яриад яваад байна” гэсэн мэссэж ирсэн. Мэссэж нь одоо болтол миний утас дээр байгаа…” гэж тайлбарлах боловч энэхүү тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр энэ үйл явдлыг гэрчлэх гэрч нар байгаа, миний гар утсанд Хорхой буюу Нямдаваагаас ирсэн мэссэжүүд одоо хүртэл байгаа гэж тайлбарладаг боловч эдгээр гэрч нарыг асуулгах болон гар утсанд үзлэг хийлгэх талаар хүсэлт гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүхээс хариуцагч Д.Намжилдоржид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 38.6-д заасан эрхийг дахин дахин тайлбарлаж өгсөн боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Хариуцагч Д.Намжилдорж нь нэхэмжлэгч М. д моторны үнэ гэж 400,000 төгрөг өгснийг нэхэмжлэгч М. нь моторын үнэд оруулан тооцохгүйгээр, мотор ашигласны төлбөрт тооцож байна гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч М. нь хариуцагч Д.Намжилдоржид машины моторыг өгөхдөө моторын үнийг тохиролцсон хугацаандаа өгөөгүй тохиолдолд мотор ашигласны төлбөр авах талаар тохиролцоогүй байна.
Мөн хариуцагч Д.Намжилдорж нь нэхэмжлэгч М. д 250,000 төгрөгийн үнэтэй унадаг дугуйг моторын үнэд тооцож өгсөн гэх боловч тус унадаг дугуйг М. д өгөхдөө моторын үнэд суутгаж байгаа талаар тохиролцоогүй болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч М. гийн “...би Д.Намжилдоржид тус хүргэж явж байсан учир унадаг дугуйг зүгээр өгч байна гэж бодсон, бид хоёрын хооронд моторын үнэд суутгана гэсэн яриа болоогүй” гэх тайлбар, хариуцагч Д.Намжилдоржийн шүүх хуралдаанд гаргасан “...М. манай амбаарт байгаа хүргэний дугуйг харчхаад энэ дугуйгаа надад өгчих миний хүүхэд айлын хүүхдүүдийн дугуй гуйж унаад байна гэсэн..., …тэгээд манай хүргэн намайг тэр дугуйг ав гэж хэлэхэд би тэр орой нь М. д дугуйг өгсөн. Тэр үед би моторын үнэд суутгаж байгаа талаар хэлээгүй, гэхдээ би 250,000 төгрөгийн үнэтэй дугуйг хүнд зүгээр өгөөд байх хөрөнгөтэй хүн биш” гэх тайлбараар нотлогдож байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М. гийн өгсөн тайлбараар тус унадаг дугуй нь одоо М. д өөрт нь байгаа, тухайн дугуйг моторын үнэд оруулан тооцох талаар нэхэмжлэгч М. маргаагүй, мөн хариуцагч Д.Намжилдорж нь тус унадаг дугуйг 250,000 төгрөгөөр авсан, манай хүргэн унаж байсан гэж тайлбарласан тул унадаг дугуйг өмнө хэрэглэж байсан байдлыг харгалзан үзэж 200,000 төгрөгөөр тооцож, М. гээс Д.Намжилдоржид өгсөн моторын үнээс хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хариуцагч Д.Намжилдоржоос 900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М. д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Намжилдоржоос 900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М. д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч М. нь улсын тэмдэгтийн хураамж 38,950 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Намжилдоржоос 900,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 26,150 төгрөг гаргуулан Хаан банк дахь Шүүхийн тамгын газрын улсын тэмдэгтийн хураамжийн 5866075974 дугаартай дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА