Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1724

 

 

 

 

 

 

 

 

 

 

      2022      11           22                                           2022/ШЦТ/1724

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цасшихэр,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч Ц.О,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.От холбогдох 2202 00000 0046 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

0

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.О нь Баянзүрх дүүргийн **дугаар хороо, Мон мед байрны ** тоотод үйл ажиллагаа явуулах “***” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй “Пүнзэт”, “Цэн шувуу”, “Дөл ананд констракшн”, “Эх орчлон консалтинг”, “Нандинцацраг”, “Алтангадас майнинг”, “Ананд финанс”, "Мөнх тэнгэр констракшн”, “Ди ди стандарт”, “Стандарт-Эндорфин”, “Эвт дөрвөн багана”, “Ои эл си эн”, “Эй ти эсти”, “Имаралт зоне”, “Пи И Си констракшн”, “Нагар суппорт” гэсэн нэр бүхий 15 ХХК-аас 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 298 ширхэг падаан хууль бусаар шивүүлсэн буюу Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох 9.407.710.542.80 (Есөн тэрбум, дөрвөн зуун долоон сая, долоон зуун арван мянга, таван зуун дөчин хоёр төгрөг, дөчин есөн мөнгө) төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 940.771.054.31 (Есөн зуун дөчин сая, долоон зуун далан нэгэн мянга, тавин дөрвөн төгрөг, гучин нэгэн мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч О нь ** ХХК-аар үйл ажиллагаа явуулж татвараас зайлсхийх зорилгоор нийт 940.771.054 төгрөгийн хий бичилттэй падаан худалдан авсан байдаг. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Хий бичилт авснаасаа тайлангуудаа залруулсан. Өөрөөр хэлбэл хий бичилт авсан падаануудаа цуцалсан. Татварын өр ноогдол орсон. Залруулснаас хойш 940.771.054 төгрөгийн татвараас 694.804.000 төгрөг бэлнээр төлсөн байдаг. Зөрүү 245.966.054 төгрөг байна. Бид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитоор барагдуулах зарчмын хүрээнд учирсан хохирлоо бодитоор гаргуулах хүсэлтэй гэж Татварын Ерөнхий газраас хүсэлт тавьж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын онцлог нь худалдан авалтаар өсөж, буурдаг. Эдний байгууллагын хувьд тайлангаараа 100.000.000 гаруй төгрөгийн илүү төлөлттэй явж байна. Энэхүү илүү төлөлтийг нь Татварын хэсэгчилсэн хяналт шалгалтаар хянаж, баталгаажуулаагүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөө мөнгөн хэлбэрээр буцааж авах хүсэлт гаргахад баталгаажуулах акт гаргадаг. Энэ зэрэг нь хянагдаж, тогтоогдоогүй байгаа учир хохирол барагдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Тийм учир 245.966.054 төгрөгийг төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнийг шүүгдэгч хүлээн зөвшөөрдөг тул хохирогчийн зүгээс гомдол санал байхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар   

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... “***” ХХК-ийн хувьд 2017-2020 оныг дуустал хүртэлх хугацаанд зөрчилтэй НӨАТ-ын падаан худалдан авалт хийж, улсын төсөвт төлөх татвараа бууруулж тайлагнасан. Энэ компанийн хувьд 940,771,054.31 төгрөгийн татварыг бууруулж улсад хохирол учруулсан байгаа. “Т***” ХХК-ийн хувьд улсын төсөвт төлөх татварын өрийг төлж барагдуулж байгаа. Татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор хуурамч аж ахуйн нэгжүүдээс нийт 940,771,054.31 төгрөгийн худалдан авалт хийсэн мэт татварын ерөнхий газрын мэдээллийн санд “****” ХХК нь илгээсэн байдаг. “***" ХХК-тай холбоотой татварын өр төлбөрийн асуудал гэхийн бол НӨАТ-ын хий бичилттэй холбоотой өр төлбөрийг барагдуулж байгаа бүрэн дуусаагүй байгаа. НӨАТ-ын хуурамч шивэлтийн тайланг залруулсны дагуу улсын төсөвт төлбөл зохих татварыг төлж байгаа, цаашид бүрэн төлүүлэх хүсэлтэй байна. “**” ХХК нийт 15 аж ахуйн нэгжээс 298 падаанаар 940,771,054.31 төгрөгийн падаан бичүүлэн авч, төсөвт төлөх татварын хэмжээг буруулсан байна... “****" ХХК нь НӨАТ-ын тайлангаа залруулсан байгаа дээрх дүнгээр буруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлж байгаа.." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),

Татварын ерөнхий газраас ирүүлсэн “" ХХК нь 2022 оны 10 дугаар 18-ны өдрийн байдлаар Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨАТ-ын 9,407,710,542.80 (Есөн тэрбум, дөрвөн зуун долоон сая, долоон зуун арван мянга, таван зуун дөчин хоёр төгрөг, дөчин есөн мөнгө) төгрөгийн үнэ бүхий 298 ширхэг хуурамч НӨАТ-ын падааныг 1.“Пүнзэт”, 2.“Цэн шувуу”, 3."Дөл ананд констракшн", 4.“Эх орчлон консалтинг", 5.“Нандин цацраг", 6.“Алтангадас майнинг”, 7.“Ананд финанс”, 8.“Мөнх тэнгэр констракшн", 9.“Ди ди стандарт”,, 10.“Стандарт-Эндорфин”, 11 .“Эвт дөрвөн багана”, 12.“Си эл си эн",13. “Эй ти эс ти”, 13. “Имаралт зоне”, 14.“Пи И Си констракшн", 15. “Нагар суппорт” гэсэн нэр бүхий 15 аж ахуйн нэгжүүдээс авч харьяа Татварын хэлтэс тайлагнаж, 2018 оны 6, 10, 12 дугаар сард, 2019 оны 10, 11, 12 дугаар сард, 2020 оны 6 дугаар сард тус тус тайлангаа буцааж залруулсан, татвараас зайлсхийсэн, мөн татварын өрөө төлж буй талаарх баримт (1 дүгээр хавтаст хэргийн 23-28 дугаар хуудас),

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Болор, Д.Сэлэнгэ нарын 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн: “Татварын ерөнхий газрын даргын Н/108 тоот тушаалын хавсралт 1-д заасан (Татварын хяналтад шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалт)-д үндэслэн иж бүрэн хяналт, шалгалт хийх 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн томилолтын дагуу “Мөнх тэнгэр констракшн” ХХК-ийн 2015-2017 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 230001235 дугаартай (Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай) улсын байцаагчийн дүгнэлт, Дүгнэлтээр: Татварын хяналт шалгалтаар нийт 54,577,566,913.41 /тавин дөрвөн тэрбум, таван зуун далан долоон сая, таван зуун жаран зургаан мянга, есөн зуун арван гурван төгрөг, дөчин нэгэн мөнгө/ төгрөгийн зөрчил илэрч Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд: 18.1 Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ, 18.1.1. татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх, 18.1.14 хууль тогтоомжид заасан бусад үүрэг гэж заасныг болон бусад хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн. Хавсралтаар: Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын хэсэг санхүүгийн хуурамч баримт үйлдэж, хууль бусаар тайлагнасан байж болзошгүй нэр бүхий 41 аж ахуйн нэгжийг илрүүлсэн ба эдгээрийн нэг нь тус “Мөнх тэнгэр констракшн” ХХК юм. 2017 онд 27,849,892,034.45 (хорин долоон тэрбум, найман зуун дөчин есөн сая, найман зуун ерэн хоёр мянга, гучин дөрвөн төгрөг, дөчин таван мөнгө) төгрөгийн бараа, материал борлуулаагүй, үйлчилгээ үзүүлээгүй, орлого олоогүй атлаа НӨАТ-ын борлуулалтын падаанд бараа борлуулсан мэтээр хий бичилт хийж, нэр бүхий 286 аж, ахуйн нэгжид албан татвар төлөхөөс зайлсхийх боломж олгон, аж ахуйн нэгжийн орлогыг албан татвар ногдох орлого, НӨАТ ногдох, орлогыг хуурамчаар тусгасан” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 172-175 дугаар хуудас),

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Нармандах, Н.Мөнхтуяа нарын (Татварын хяналт шалгалт хийх томилолт), (Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж)-ийн дагуу “Алтан гадас майнинг” ХХК-ийн 2013.01.01-2017.12.31-ийг дуустал албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 230001237 дугаартай (Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай) улсын байцаагчийн: Дүгнэлтээр:Татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн 52,642,576,428.3 төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэгт бүртгэлт хийлгэхээр Татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж, хэрэг бүртгэх болон хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэв. Хавсралтаар: Татварын хяналт шалгалтаар нийт 52,642,576,428.3 (тавин хоёр тэрбум, зургаан зуун дөчин хоёр сая, таван зуун далан зургаан мянга, дөрвөн зуун хорин найман төгрөг) төгрөгийн зөрчил илэрсэн. 2017 онд 26,335,816,350.81 (хорин зургаан тэрбум, гурван зуун гучин таван сая, найман зуун арван зургаан мянга, гурван зуун тавин төгрөг наян нэгэн мөнгө) төгрөгийн борлуулалтын орлогыг нэр бүхий компаниудтай бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, бараа, үйлчилгээ худалдан борлуулаагүй, төлбөр аваагүй атлаа НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн тайланд бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр 1140 ширхэг цахим бичилт хуурамчаар бичиж, бусдад НӨАТ төлөхөөс зайлсхийх боломж олгосон.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 206-212 дугаар хуудас),

Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Мянганжаргал, Д.Хатанбаатар нарын (Татварын хяналт шалгалт хийх томилолт), (Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу (“Дөл ананд констракшн” ХХК-ийн 2018.1.01-2018.12.31-нийг дуустал албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 340000501 дугаартай (Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай) улсын байцаагчийн дүгнэлт: “Дүгнэлтээр:Татварын хяналт шалгалтаар нийт 13,336,780.042.4 /арван гурван тэрбум, гурван зуун гучин зургаан сая. долоон зуун наян мянга, дөрвөн хоёр/ төгрөгийн зөрчил илэрсэн. Хавсралтаар: “Дөл ананд констракшн” ХХК нь ААН-ын орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангаар 2013-2016 онуудад (X), НӨАТ төлөгчөөр 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бүртгүүлсэн бөгөөд НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн тайлангаар 2017 оны 12 дугаар сарын 05-аас 2018 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд 13,336,780,042.00 төгрөгийн татвар ногдох орлоготой, 354.751.746.00 төгрөгийн худалдан авалттайгаар тайлагнасан байна. 2018 онд 13,336,780,042.00 төгрөгийн борлуулалтын орлогыг ХХК-удтай бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, бараа, ажил үйлчилгээ худалдан борлуулаагүй, төлбөр аваагүй атлаа ААН-ийн орлогын албан татварын ногдуулалт төлөлтийн тайланд бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр тайлагнасан, 2018 онд 13,336,780,042.00 төгрөгийн борлуулалтын орлогыг ХХК-удтай бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, бараа, ажил, үйлчилгээ худалдан борлуулаагүй, төлбөр аваагүй атлаа НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн тайланд бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр 492 ширхэг цахим бичилт хуурамчаар бичиж бусдад НӨАТ-аас зайлсхийх боломж олгосон.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 242-245 дугаар хуудас),

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Бадамхорол, Б.Отгонцэцэг нарын Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11и-3/6734 тоот албан бичиг, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11и/2/6944 тоот албан бичгийг үндэслэн удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу “Имаралт зоне" ХХК (6250238)-ийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс (Үүсгэн байгуулагдсанаас хойш) 2020 оны 12 дугаар 31-ний өдрийг хүртэлх хугацааны татварын мэдээллийн бааз дахь мэдээлэлд тулгуурлан нягтлан шалгах ажиллагаа явуулсан 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн (Нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаар) улсын байцаагчийн танилцуулга, “Имаралт Зоне” ХХК-ийн 2019 оны 10, 11, 12 дугаар сард олгосон нийт 114,322,964,637.27 төгрөгийн үнийн дүнтэй 4391 ширхэг падаанаар худалдан авалтын хасалт хийсэн 397-н татвар төлөгчдийн татварын тайланд үндэслэн нягтлан шалгахад дараах байдалтай байна. Үүнд: 346-н татвар төлөгч нь 2020 оны 1-10 дугаар сарын НӨАТ-ны тайлангаар 81,491,118,194.55 төгрөгийн үнийн дүнтэй 3175 ширхэг падааныг худалдан авалтын буцаалт хэсэгт тайлагнаж залруулсан байна. 64 татвар төлөгчид 22,554,509,393.67 төгрөгийн үнийн дүнтэй 849 ширхэг падааныг худалдан авалтын хэсэгт тайлагнаж, улсын төсөвт төлбөл зохих татвараа 2,255,450,393.36 төгрөгөөр буруулж тайлагнасан, 6 татвар төлөгчид 9,322,999,134.56 төгрөгийн үнийн дүнтэй 279 ширхэг борлуулалтын төлбөрийн баримтаар бичилт хийгдсэн боловч борлуулагч болон худалдан авалт хийсэн татвар төлөгчид тайландаа тусгаагүй байна /Хавсралт 1/, Дүгнэлтээр: “Имаралт Зоне” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр УБЕГ-т бүртгүүлсэн. “Имаралт зоне” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хувьцаа эзэмшигч нь өөрчлөгдөж, иргэн Очирсүрэн овогтой Баяр суурь болсон, ХА61032263 тоот РД-тай, нэг гишүүнтэй компани болох нь УБЕГ-ын нээлттэй мэдээллийн сангаас тогтоогдож байна. “Имаралт Зоне” ХХК нь НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн үндэслэл нь НӨАТ-ийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь хэсгийн заалтыг хангаж байгаа эсэх нь тодорхойгүй байна. “Имаралт Зоне” ХХК нь бодит үйл ажиллагаа явуулж НӨАТ ногдох борлуулалтын орлого олсон эсэхийг тодорхойлох боломжгүй, үйл ажиллагааны 31,877,508,528.23 төгрөгийн үнэ бүхий 855 ширхэг НӨАТ-ын борлуулалтын падаан үйлдэж давхардсан дүнгээр 70 татвар төлөгчдийн төсөвт төлөх НӨАТ-ыг буруулах боломж болгосон, цахим төлбөрийн баримтаар хийгдсэн борлуулалтыг борлуулагч болон худалдан авалт хийсэн ААН-үүд тайландаа тайлагнаагүй зэрэг зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэж танилцуулга бичив гэсэн (2 дугаар хавтаст хэргийн 56-59 дүгээр хуудас),

Гэрч Д.Очир-Пүрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Татварын ерөнхий газрын мэдээллийн сан 3 сангаас бүрддэг: Цахим төлбөрийн баримтын системийн мэдээллийн сан: Цахим татварын мэдээллийн сан: Татварын удирдлагын нэгдсэн систем гэсэн 3 төрөлд авч үздэг. -Цахим төлбөрийн баримтын системийн мэдээллийн сан Е-баримтын мэдээллийн сан гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр НӨАТ-ын тухай хуулийн 4.1.14-т заасан “төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган телөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгоно. Цахим төлбөрийн баримтад үндэслээд НӨАТ-ын падаан үүсэж байгаа гэж ойлгож болно. Байгууллага хоорондоо тус тусдаа падаан үүсдэг, харин эцсийн хэрэглэгч болохоор бөөн дүнгээр үүсдэг. -Цахим татварын мэдээллийн сан энэ болохоор Eteх.mn энэ сан татвар төлөгч татвар төлөгчтэй тайлан тушаахтай холбоотой мэдээллийн сан. -Татварын удирдлагын нэгдсэн систем гэсэн: Энэ сан болохоор Татварын албаны ажилчдын татвар төлөгчид үйлчлэх систем, Кассын төхөөрөмж гэдэг НӨАТ-ын тухайн хуулийн 4.1.11-т зааснаар “бүртгэлийн машин" гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтыг төлбөрийн баримтад заагдсаны дагуу бүртгэж, бүртгэлийн мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд дамжуулах тусгай зориулалт бүхий кассын машин, түүний салшгүй хэсэг болсон пос терминал буюу түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмжийг ойлгоно. Харин 4.1.18 “Бүртгэлийн систем" гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтын мэдээллийг иргэн, хуулийн этгээдийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний мэдээлэл бүхий бүртгэх хэрэгслээр дамжуулан бүртгэлийн машинд бүртгэн, татварын албаны мэдээллийн санд төвлөрүүлэх үйл ажиллагааны нийлбэр цогцыг хэлнэ. Татварын ерөнхий газрын нэгдсэн систем нь 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр Татварын 32 албаны тус тусдаа байсан өгөгдлийн санг нэгтгэж нэгтгэсэн өгөгдлийн сан үүссэн. Нэгдсэн сантай болсноор ААН-ын бүртгэл, мэдээллийн зөрөөгүй болж өөрчлөгдсөн. ААН-ын тайлангаа Татварын ерөнхий газрын удирдлагын системд илгээдэг. Үүнийг татварын улсын байцаагч хянаад баталгаажуулдаг. Ингээд зөрчилтэй хуурамч падааныг худалдан авалттай ААН-ыг хянах боломжтой. Татварын улсын байцаагчаас гаргасан ААН-тай холбоотой тайлан мэдээлэл, ААН-аас ирүүлсэн мэдээлэл хоорондоо ямар нэгэн зөрүү байхгүй таарч байдаг...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31-ЗЗ дугаар хуудас),

Гэрч М.Чулуунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... “**” ХХК нь 2003 онд Хүнд машин механизмын сэлбэгийн худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан. 2014 онд Эрчим хүчний тусгай зөвшөөрөл, 2017 онд барилга, угсралтын тусгай зөвшөөрөл, 1 гишүүнтэй, 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай. Үндсэн 21 ажилтантай, одоогоор барилга, угсралтын үйл ажиллагааг явуулж байгаа, Баянзүрх дүүргийн татварын хэлтэстэй харьцдаг. 2017, 2018 онд Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Эрчим хүчний яамны захиалгат тендерт шалгаран 12,000 айлын цахилгаан дамжуулах сүлжээг сайжруулах депо (хуваарилах байгууламж) барьсан... “Мөнх тэнгэр констракшн\ “Алтангадас майнинг”, “Дөл ананд констракшн” ХХК-удтай гэрээ байгуулж, худалдан авалт хийсэн зүйл байхгүй. Компанийн захирал өөрсдөө явж гэрээ байгуулан худалдан авалт хийдэг байсан болохоор би яг сайн хэлж мэдэхгүй байна. Татварын улсын байцаагчийн дүгнэлтэд тусгагдсан мөнгөн дүн бол зөв, дүгнэлттэй маргах зүйлгүй. Манай компаниас дээрх компаниудаас бараа худалдан авахад мөнгө зарлагдсан баримт, дансны хуулга болон санхүүгийн анхан шатны баримт байхгүй..” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас),

Шүүгдэгч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...“**” ХХК-ийн удирдах гүйцэтгэх албан тушаалтан миний бие. Надаас өөр ямар нэгэн удирдах гүйцэтгэх албан тушаалтан байхгүй. Манай компани У.А гэгч хүний компаниас шивэгдэж орсон НӨАТ-ын баримтуудын буцаалтыг 2017 онд тайлангаа залруулж зөвтгөсөн... Гэм буруугаа хүлээн зөвшөөр, хохирол төлбөрийг улсад учирсан төлбөрийг барагдуулсан байгаа тул хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй прокурорт гаргана. Дахин ийм зөрчил гаргахгүй, хуулийн дагуу ажиллах болно / гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),

Шүүгдэгч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “..Би прокурорын тогтоолтой танилцлаа. Иргэний хариуцагчаар татагдахад татгалзах зүйл байхгүй. Манай компанид ногдсон 940 сая төгрөгөөс 694 сая төгрөгийг төлсөн байгаа Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 76 дугаар хуудас),

“И” ХХК-аас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хий шивэлт хийсэн буюу НӨАТ-ын 849 ширхэг хуурамч падаан бичүүлсэн 70 аж ахуйн нэгж байгууллагын жагсаалт (2 дугаар хавтаст хэргийн 60- 61 дүгээр хуудас),

“Д” ХХК-аас 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хий шивэлт хийсэн буюу НӨАТ-ын 492 ширхэг хуурамч падаан бичүүлсэн 149 аж ахуйн нэгж байгууллагын жагсаалт (1 дүгээр хавтаст хэргийн 246- 249 дүгээр хуудас),

“А” ХХК-аас 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хий шивэлт хийсэн буюу НӨАТ-ын 1140 ширхэг хуурамч падаан бичүүлсэн 284 аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт (1 дүгээр хавтаст хэргийн 214-226 дугаар хуудас),

“М” ХХК-аас 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хий Шивэлт хийсэн буюу НӨАТ-ын 1421 ширхэг хуурамч падаан бичүүлсэн 286 аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт (2 дугаар хавтаст хэргийн 19-54 дүгээр хуудас),

“Их” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 211/21 дугаар шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 121-128 дугаар хуудас),

“**” ХХК нь бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа огт явуулдаггүй “М констракшн”, “А  финанс”, “А  майнинг”, “ Д констракшн” ХХК- удаас бараа, материал худалдан авсан гэх НӨАТ-ын падаанууд (1 дүгээр хавтаст хэргийн 86-110 дугаар хуудас),

“Т” ХХК-тай холбоотой баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 50-63, 67-85 дугаар хуудас),

Яллагдагч Ц.От холбогдох эрүүгийн 2202000000246 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр яллагдагч У.Алтанзаяа нарт холбогдох хэргээс тусгаарласан “Зарим яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлах тухай” прокурорын 23 дугаартай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 1-4 дүгээр хуудас),

Яллагдагч У.Алтанзаяа, Г.Болдбаатар, О.Отгонтуул, Б.Ануударь, Б.Пүрэвдолгор. Х.Чинтуяа нарт холбогдох эрүүгийн 1910001360572 дугаартай хэрэгт үйлдсэн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 193 дугаартай яллах дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 131-166 дугаар хуудас),

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (2 дугаар хавтаст хэргийн 77, 85-86, 87-88 дугаар хуудас), 

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 114 дүгээр хуудас),

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 111 дүгээр хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт  (1 дүгээр хавтаст хэргийн 66 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “...Шүүгдэгч Ц.О нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Мон мед байрны 20 тоотод үйл ажиллагаа явуулах “**” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй “П”, “Ц шувуу”, “Д констракшн”, “Э консалтинг”, “Н”, “А майнинг”, А финанс”, "М констракшн”, “Д стандарт”, “С-Э”, “Э ** багана”, “О *** эн”, “Э ** эсти”, “И”, П** констракшн”, “Н” гэсэн нэр бүхий 15 ХХК-аас 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 298 ширхэг падаан хууль бусаар шивүүлсэн буюу Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох 9.407.710.542.80 (Есөн тэрбум, дөрвөн зуун долоон сая, долоон зуун арван мянга, таван зуун дөчин хоёр төгрөг, дөчин есөн мөнгө) төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 940.771.054.31 (Есөн зуун дөчин сая, долоон зуун далан нэгэн мянга, тавин дөрвөн төгрөг, гучин нэгэн мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Ц.О нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, “Т” ХХК-ийн дүрэм зэргээр “Т” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу удирдах албан тушаалтанг Ц.О гэжээ.

            Уг “Т” ХХК нь 2779307 регистрийн дугаартай гадаад худалдаа, хүнд машин механизмын сэлбэгийн худалдааны үйл ажиллагааны чиглэлтэй Хязгаарлагдмал хариуцлагатай компани, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Мон мед байрны 20 тоотод үйл ажиллагаа явуулдаг болох Улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.О нь “**” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй “Пүнзэт”, “Цэн шувуу”, “Дөл ананд констракшн”, “Эх орчлон консалтинг”, “Нандинцацраг”, “Алтангадас майнинг”, “Ананд финанс”, "Мөнх тэнгэр констракшн”, “Ди ди стандарт”, “Стандарт-Эндорфин”, “Эвт дөрвөн багана”, “Ои эл си эн”, “Эй ти эсти”, “Имаралт зоне”, “Пи И Си констракшн”, “Нагар суппорт” гэсэн нэр бүхий 15 ХХК-аас 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 298 ширхэг падаан хууль бусаар шивүүлсэн буюу Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох 9.407.710.542.80 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын Ерөнхий газарт гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол ... гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан байдаг.

Шүүгдэгч Ц.О нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Мон мед байрны 20 тоотод үйл ажиллагаа явуулах “**” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй “П”, “Ц шувуу констракшн”, “Э консалтинг”, “Н”, “А майнинг”, “А финанс”, "М констракшн”, “Д стандарт”, “С-Э”, “Э ** багана”, “О ** эн”, “Эй **”, “И зоне”, “П констракшн”, “Н суппорт” гэсэн нэр бүхий 15 ХХК-аас нийт 298 ширхэг падаан хууль бусаар шивүүлсэн буюу Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох 9.407.710.542.80 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж татвар төлөхөөс зайлсхийсэн”  гэмт хэргийн бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Ц.О нь татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох 9.407.710.542.80 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж татвар төлөхөөс зайлсхийсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж татвар төлөхөөс зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж татвар төлөхөөс зайлсхийсэннь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирол төлбөрийг барагдуулаа илэрхийлсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18 дугаар бүлэгт хуульчилсан Эдийн засгийн эсрэг гэмт хэргийн хор уршиг, хохирол нь тодорхой нэг субъектэд биш харин нийгэм нөлөөлөхүйц хор уршигтай гэмт хэрэг.

Хэрэгт авагдсан “Их наяд” аудитын шинжээч нарын дүгнэлтээр шүүгдэгч Ц.Оийн зайлсхийсэн татварын дүнг 678,582,090.50 төгрөг гэж тогтоосон боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 940,771,054.31 төгрөг гэж мэдүүлсэн ба шүүгдэгч Ц.О маргаагүй болно.

 Мөн шүүгдэгч Ц.О нь татвар төлөхөөс зайлсхийсэн 940,771,054.31 төгрөгийн 694,804,478.83 төлж, үлдэгдэл 245,966,575.48 төгрөгийг төлж барагдуулаагүй байх ба иргэний хариуцагчаар “Т” ХХК-г татжээ.

Иймд шүүгдэгч Ц.О, иргэний хариуцагч “Т” ХХК нараас 245,966,575.48 төгрөгийг гаргуулан Татварын Ерөнхий газарт олгохоор шийдвэрлэж, шүүгдэгч Ц.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ц.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Ц.О уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Шүүх шүүгдэгч Ц.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Ц.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Бусад асуудлаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ц.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ламын гэгээн овогт Цэрэндоржийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж татвар төлөхөөс зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О, иргэний хариуцагч “Т” ХХК нараас 245,966,575.48 төгрөгийг гаргуулан Татварын Ерөнхий газарт олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

         ШҮҮГЧ                     М.ТҮМЭННАСТ