| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхүндэвийн Наранбаяр |
| Хэргийн индекс | 222/2019/0002/э |
| Дугаар | 2019/ДШМ/23 |
| Огноо | 2019-10-08 |
| Зүйл хэсэг | 20.16.2.4., 10.1.2, |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2019/ДШМ/23
Г.Батхүрэл, Ж.Галбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Н.Энхнаран Прокурор Д.Нямдэлэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гэрэлтуяа, Д.Хатанболд
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчдийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Галтогтох
Шүүгдэгч Г.Батхүрэл,Ж.Галбаатар нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч Б.Батсайхан, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/207 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Батхүрэл, Ж.Галбаатар, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын давж заалдах гомдлоор Г.Батхүрэл, Ж.Галбаатар нарт холбогдох эрүүгийн 1721000000057 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Боржигон овогт Галбаатарын Батхүрэл, Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уран дархан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Хэрлэнгийн 2-11 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: ЖЯ95072753/
Шүүгдэгч: Боржигон овогт Жодовын Галбаатар, Монгол Улсын иргэн, 1964 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Хэрлэнгийн 2-11 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: ЖЭ64042411/
Шүүгдэгч Г.Батхүрэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Хэрлэнгийн 2-11 тоот хашаанд Г.Одхүүг бусадтай бүлэглэж онц харгис хэрцгийгээр алсан,
Шүүгдэгч Ж.Галбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Хэрлэнгийн 2-11 тоотод байрлах гэртээ Г.Одхүүтэй маргалдаж, улмаар Г.Батхүрэлийг хүнийг алах гэмт хэргийг үйлдэхэд өдөөн түлхсэн, ятгасан үйлдлийг үзүүлж хүнийг бүлэглэж онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Б.Арсланбаатар Г.Батхүрэлийг “бусадтай бүлэглэж, онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар, шүүгдэгч Ж.Галбаатарыг “гэмт хэргийг үйлдэхэд өдөөн түлхсэн, ятгасан үйлдлийг үзүүлж хүнийг бүлэглэж, онц харигис хэрцгийгээр алсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/207 дугаар шийтгэх тогтоолоор:
1/ Шүүгдэгч Боржигон овогт Галбаатарын Батхүрэлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан бусадтай бүлэглэж, онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн, Шүүгдэгч Боржигон овогт Жодовын Галбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан гэмт хэргийг үйлдэхэд өдөөн түлхсэн, ятгасан үйлдлийг үзүүлж хүнийг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
2/ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар шүүгдэгч Галбаатарын Батхүрэлийг 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар шүүгдэгч Ж.Галбаатарыг 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батхүрэл, Ж.Галбаатар нарт оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
4/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батхүрэлийн цагдан хоригдсон 684 /зургаан зуун наян дөрөв/ хоног, шүүгдэгч Ж.Галбаатарын цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,
5/ Энэ хэрэгт шүүгдэгч Г.Батхүрэлийн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Баянтүмэнгийн 16-15 тоотын Г-0614016439 дугаартай гэрчилгээтэй 0.7 га газрыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоол, шүүгдэгч Ж.Галбаатарын эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хэрлэнгийн 2-11 тоотын Г-0614005973 дугаартай гэрчилгээтэй 630 м.кв газрыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн модон иштэй хутга 1 ширхэг, 3 хөлтэй төмөр сандал 1 ширхэг, ягаан өнгийн хөнжлийн даавуу, цэнхэр өнгийн цамц, ногоон өнгийн фудволк, хар хөх өнгийн жинсэн өмд, ягаан өнгийн дотоож зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
6/ Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Г.Батхүрэлийн ЖЯ95072753 тоот, шүүгдэгч Ж.Галбаатарын ЖЭ64042411 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,
7/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Батхүрэл, Ж.Галбаатар нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Батхүрэл, Ж.Галбаатар нарын өмгөөлөгч Д.Галтогтох 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолыг хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолд “...нотлох баримтуудыг шүүх хуралдаанд талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлахад ЭХЕА-ийн 3.4 дүгээр зүйлд “бусдыг санаатай гэмт хэрэгт татан оролцуулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ” гэж заасан ба насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгч Ж.Галбаатар нь шүүгдэгч Г.Батхүрэлийн амь хохирогчийг хутгалах явцыг гэрийнхээ довжоон дээр гараад харж байсан, “алаад өг, алаад өг“ гэж хашгирч байсан зэрэг нь хүнийг санаатай алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр бусадтай бүлэглэж үйлдэхэд өдөөн түлхсэн, ятгасан гэж үзэх, шүүгдэгч Г.Батхүрэл нь амь хохирогчийг бага насны төрсөн хүүхдийнх нь дэргэд олон удаа хутгалж алсан нь онц харгис хэрцгийгээр бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй...” гэж дүгнэн Ж.Галбаатарыг ЭХЕА-ийн 3.4 дүгээр зүйлийг журамлан ЭХТА-ийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-д зааснаар зүйлчлэн гэм буруутайд тооцож ял оноосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх Ж.Галбаатарыг гэм буруутайд тооцсон гол үндэслэл нь насанд хүрээгүй гэрч О.Тэнгис, М.Хүслэн нарын мэдүүлгүүд юм.
Энэ гэмт хэрэг 2017.09.03-04-нд шилжих шөнө үйлдэгдсэн бөгөөд хэрэг гарахад хажууд нь байсан болон холоос сонссон насанд хүрээгүй 3-н гэрчээс 2017.09.04 болон 2017.09.06-ны өдрүүдэд анхны мэдүүлэг авсан. Үүнд:
М.Мишээл 2017.09.04-нд “...Гэрээс гараад байшингийн зүүн урд талд хоорондоо маргалдаж зогсож байгаад газарт унасан. Тэгсэн чинь Баачка ах манай талийгаач Одхүү ахын дээр гараад хүйсний хажуу талаар нэг удаа хутгалж мөн хөлний цавь хавьцаа хутгалсан чинь манай ах түлхэж холдуулсан...Баачка ах хашааны үүднээс буцаад гэррүүгээ орсон бөгөөд хутгалах үед Баачка ахын аав Галбаатар ах хамт байгаагүй. Гэртээ байсан... Баачка ах талийгаач Одхүү ахыг хутгалаад хутгаа бариад буцаад гэртээ орсон...” /1-р хавтаст хэргийн 65-р тал/ гэж мэдүүлсэн.
О.Тэнгис 2017.09.06-нд: “...Мишээл эгч бид хоёр аавыг аваад гэрээс гарахад араас Батхүрэл ах гарч ирсэн. Аав Баачка ахад хутгалуулаад хашаанаас гарсны дараа би эргэж очоод цүнхтэй хувцасаа авсан. Тэгэхэд өвөө гэрээсээ гарч ирээд үүдний таамбартаа зогсож байсан. Баачка ах аавыг хутгалах үед өвөө байгаагүй, гэртээ байсан...” /1-р хавтаст хэргийн 70-р тал/ гэж,
М.Хүслэн 2017.09.06-нд Нямсүрэн, Гэрэлтуяа: “...Би Одхүү ахыг хутгалуулахыг хараагүй. Тэр үед би хашааны гадаа гараад нэлээд зайдуу очоод зогсож байсан болохоор хашаан дотор юу болсныг хараагүй...” /1-р хавтаст хэргийн 73-р тал/ гэж тус тус мэдүүлсэн. Эдгээр мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авсан. Нотлох баримтын шаардлага хангасан.
Үүний дараа 2 дахь удаад М.Мишээлээс 2017.09.25-ны өдөр дахин мэдүүлэг авсан. “...гэрт Одхүү ах Батхүрэл ах 2 маргалдаж эхлэх үед Хүслэн гадагшаа гараад явсан. Харин Тэнгис хажууд байсан. Гэрээс гараад хашаан дотор зодоон болоход Хүслэн хашаан дотор харагдаагүй, хаана байсныг мэдэхгүй. Мөн Галбаатар ах гэрээс гарч ирээгүй, гэртээ байсан...” /1-р хавтаст хэргийн 79-р тал/ гэж,
О.Тэнгисээс 2017.09.25-ны өдөр авсан мэдүүлэгт: “...Гэрээс гараад хашаан дотор Баачка ах аавыг хутгалахад Хүслэн ах хашаан дотор байгаагүй. Мөн өвөө ч гэсэн гэрээсээ гарч ирээгүй, гэртээ байсан. Мишээл эгч бид хоёр л тэдний дэргэд байсан...” /1-р хавтаст хэргийн 81-р тал/ гэж мэдүүлсэн нотлох баримтууд байгаа болно.
Дээрх мэдүүлгүүдэд “Ж.Галбаатар нь гэрээс гараад довжоон дээрээ зогсоод Батхүрэлд хандаж алаад өг, алаад өг” гэж өдөөн түлхсэн, ятгасан талаар огт яриагүй. Тухайн мэдүүлгүүдийг авч байсан мөрдөгчийн зүгээс Батхүрэл нь Одхүүг хутгалж байх үед Ж.Галбаатар хажууд нь байсан уу, хаана байсан бэ гэж тодруулж асуухад насанд хүрээгүй гэрчүүд Галбаатарыг “хажууд байгаагүй, гэрээс гарч ирээгүй, гэртээ байсан” гэж тодорхой мэдүүлсэн байна.
Үүний дараа насанд хүрээгүй гэрч М.Хүслэн 2017.12.18-ны өдрийн мэдүүлэгт өмнө өгсөн мэдүүлгээсээ тэс өөрөөр, зөрүүтэйгээр “...Галбаатар нь довжоон дээрээ зогсож байгаад алаад өг, зодоод өг...” гэж хэлсэн хэмээн мэдүүлэг өгсөн.
Мөн 2017.12.18-ны мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаан дээр О.Тэнгис өмнөх мэдүүлгээ өөрчилж Ж.Галбаатарыг довжоон дээрээ зогсоод алаад өг алаад өг гэсэн мэдүүлгийг өгсөн.
Хавтаст хэрэгт насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байхад Ж.Галбаатарыг ялласан мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэл тогтоогдож байна.
Үүнээс гадна ЭХЕА-ийн 3.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хатгагч нь бусдыг гэмт хэрэг үйлдэх ямар нэг гэмт санаа, зорилгогүй байх үед, цаг хугацааны хувьд өөрөө эхлэн санаачилж, гүйцэтгэгчийг гэмт хэрэг үйлдүүлэх талаар өдөөн түлхэж, түүнд нөлөөлснөөр гэмт хэрэг үйлдэгдсэн байх шинжийг агуулдаг.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад Батхүрэл нь талийгаачтай эхлээд гэр дотор зодолдсон. Талийгаачийг Мишээл, Тэнгис нар аваад гарахад араас нь хутга авч гаран хутгалсан үйл баримт тогтоогддог. Батхүрэл нь цаг хугацааны хувьд тухайн гэмт хэргийг Галбаатарын ямар нэг нөлөөгүйгээр үйлдсэн болох нь хангалттай нотлогддог.
Анхан шатны шүүхээс “...шүүгдэгч Г.Батхүрэл нь амь хохирогчийг бага насны төрсөн хүүхдийнх нь дэргэд олон удаа хутгалж алсан нь онц харгис хэрцгийгээр ... үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй...” гэж дүгнэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Онц харгис хэрцгийгээр” гэдгийг зөвхөн амь хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан байх, ойр дотны хүнийх нь дэргэд амь насыг хохироосон байхыг ойлгож хэрэглэх нь учир дутагдалтай бөгөөд гэмт хэрэгтэн бусдын амь насыг хохироох үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцааг нарийн тогтоох ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн амь насыг хороохдоо түүний биед зориуд зовиур шаналгааг мэдрүүлэх, тарчлаах зорилгыг агуулах, ойр дотных нь хүнд сэтгэлийн шаналгааг мэдрүүлэх, харахыг хүсээгүй байхад нь хүчээр харуулж өөрийн бах тавыг хангаж, бусдын сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх гэсэн зорилгыг баримтаар нотолсны дараа “онц харгис хэрцгийгээр” бусдыг алсан гэж зүйлчлэх ёстой гэж үзэж байна.
Гэвч Батхүрэлийн хувьд дээрх санаа зорилго байгаагүй. Тэрээр уурласан үедээ юу хийж байгаагаа ухамсарладаггүй, дараа нь санадаггүй гэж хэлдэг бөгөөд тухайн үед хохирогчийг “чи намайг шаачихлаа ш дээ” гэж хэлэхэд ухаан орж, гэр рүүгээ гүйж орсон гэж мэдүүлдэг. Тэрээр талийгаачид олон тооны шарх үүсгэж, зовоон тарчлаах, өөрийнх нь хүү О.Тэнгист эцгийнх нь амь насыг хороож байгааг харуулж, сэтгэлийн зовиур, шарх үүсгэе гэсэн гэмт санаа, зорилго байгаагүй.
Г.Батхүрэлийн хувьд Г.Одхүүгийн амь насыг хохироосон гэм буруугаа гэмт хэрэг үйлдсний дараа буюу 2017.09.04-ний өдрийн мэдүүлгээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж, гэмшдэг бөгөөд хохирогч талаас нэхэмжилсэн 11 300 000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь ял оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх шалтгаан байсаар байхад анхан шатны шүүхээс түүнд 15 жилийн хорих ял оноосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Галбаатарыг цагаатгаж, Г.Батхүрэлийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн эрүүгийн ял, хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Ж.Галбаатар 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо:”...шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Мөрдөн байцаагч Цахиурчулуун намайг дуудаж прокуророос таныг хүүтэйгээ бүлэглэж Одхүүг алсан гэж үзсэн гээд надад бичиг танилцуулсан. Би байцаагчид өөрийн хүүдээ хүн ал гэж хэлдэг ямар эцэг эх байх вэ, би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж хэлсэн. Шүүх хурал дээр ч би хүү Батхүрэлдээ наадахаа ал гэж хэлээгүй, би гэрээс гараагүй гэж хэлсэн ч шүүх миний үгэнд итгээгүй надад 15 жилийн ял өгсөнд гайхаж гомдож байна. Шүүх хурал надад огт таалагдаагүй. Болоогүй юмыг болсон гэж, хэлээгүй юмыг хэлсэн болгож намайг хүн алахад өдөөн түлхсэн гэж шийдсэн. Би Батхүрэл, Одхүү хоёрын хооронд зодолд гэж өдөөгөөгүй. Хүүдээ хандаж Одхүүг алаадах гэж ч хэлээгүй. Одхүү 2 дүүгээ дагуулж манайд орж ирсэн. Би тэд нарт цай хийж өгөөд зурагт үзээд байж байсан. Батхүрэл Одхүү хоёр хэрэлдээд эхэлсэн. Тэгээд манай гэрт хоорондоо зодолдсон. Би болиулах гэж оролдоод чадаагүй. Тэр хоёр ч миний үгийг тоогоогүй. Би Одхүүг Батхүрэлийн дээрээс салгах гэж оролдсон. Тэгэхэд Одхүү гараа хаагаад намайг цаашаа түлхсэн. Би босох гэж ядаж байхад тэр хоёр зодолдохоо больсон. Зодолдохоо больсон ч хэрэлдээд байсан. Тэгээд удаагүй тэр хоёр ар араасаа гарсан. Би гэр доторх ундуй сундуй болсон юмыг хальт цэгцлээд гутлаа өмсөх гээд байж байтал Батхүрэл гартаа хутга барьчихсан гэрт орж ирээд ааваа би хүн хутгалчих шиг боллоо гээд чичирч салганаад уйлаад байсан. Би хутгыг нь авч шургуулганд хийгээд тайвшруулах гэж оролдсон. Манай Батхүрэл олон жилийн өмнөөс огцом ууралдаг болчихсон. Уурлахаараа хүн танихаа болиод хүний үг ч тоохгүй, үгэнд орохгүй болдог. Тэгээд бие нь их хүчтэйгээр салганаад шүлс нь үсчээд байдаг. Тэгээд 10-20 минутын дараа гайгүй болчихдог болсон. Энэ байдлыг нь би эртнээс мэддэг байсан болохоор хүүдээ байнга биеэ барьж бай, битгий уурлаж бай л даа гэж хэлдэг байсан. Гэхдээ хүүгээ арай ч хүн алахаар уурлана гэж бодож байгаагүй. Хүүхдүүдийн яриад байгаа шиг би гэрийн гадаа гараад Батхүрэлд хандаж Одхүүг алаад өг гэж хэлээгүй, хүүхдүүд андуурсан гэж бодож байна. Батхүрэл Одхүү хоёрыг гэрээс гараад ийм ноцтой байдалд орно гэж бодоогүй. Батхүрэлийг хутга бариад орж ирэхэд л нэг юм болсон байна гэж ойлгосон. Намайг 2 хүүхдийн алаад өг, алаад өг гэж хэлсэн мэдүүлгээр хүн алсан гэж үзэж 15 жилийн хорих ял өгснийг зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг цуцалж, намайг энэ хэрэгт хамааралгүй гэдгийг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Г.Батхүрэл 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо:”...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хяналтаа алдсаны улмаас тийм аймшигтай зүйл хийж хүний амь насыг хохироосондоо маш их харамсаж гэмшиж байна. Байнга л өөрийгөө буруутгаж гэмшиж зүхэж сууна.
Хэрэг болсон өдөр аав, дүү Тэнгис бид 3 унтах гэж байхад талийгаач Одхүү, Мишээл, Хүслэн нар орж ирсэн. Аав тэдэнд цай хийж өгөөд байж байхад Мишээл Тэнгисийг “хурдан хувцасаа өмс” гээд загнаад байсан. Би Мишээлийг дуугүй бай гэхэд талийгаач хажуунаас “Баачка чамайг ална шүү” гэж хэлэхэд бид хоёр маргалдаж зодолдсон. Гэрт зодолдож байгаад больсон бөгөөд талийгаач манайхаас гарахдаа намайг үг хэлээр доромжилсон. Үүнд миний уур огцом хүрч нэг мэдэхэд талийгаач “Баачка чи намайг шаачихлаа” гэж хэлэхэд би ухаан орсон бөгөөд миний гарт хутга байсан. Би айсандаа гэр рүүгээ гүйгээд ороход аав гэрт байсан. Би уйлаад “ааваа би хүн хутгалчих шиг боллоо” гэхэд аав миний гараас хутгыг авч намайг тайвшруулаад цай хийж өгсөн. Тэгээд би чамайг биеэ барьж бай гэж зөндөө хэлдэг ш дээ гэж хэлсэн. Би талийгаачийг хутгалахдаа хэн нэгэн хүний тэр тусмаа аавын ал, ал, алаад өг гэж хэлсний дагуу тийм зүйл хийгээгүй. Намайг хутгалчихаад гэрлүүгээ ороход аав гэртээ л байсан. гэрт ороход аав намайг хүн хутгалсан гэдгийг огт мэдээгүй гадарлаагүй байсан.
Мөн өсвөр насны гэрч Мишээлийн “...гэрээс гараад хашаан дотор зодоон болоход Хүслэн хашаан дотор харагдаагүй, хаана байсныг мэдэхгүй. Мөн Галбаатар ах гэрээсээ гарч ирээгүй, гэртээ байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-79 х/,
Өсвөр насны гэрч Тэнгисийн “...гэрээс гараад хашаан дотор хутгалах үед Хүслэн ах хашаан дотор байгаагүй. Мөн өвөө ч гэрээсээ гарч ирээгүй, гэртээ байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-81х/, аавын “...би гэрээсээ гараагүй, хүүдээ наадахаа “ал ал, алаад өг” гэж огт хэлээгүй” гэж мэдүүлэг өгсөн нь үнэн. Манай аавын 2 хөл нь нугардаггүй, арай ядан алхаж явдаг, бие тэнхээ муутай, байнга таяг тулж явдаг хүн. Нэг суусан тохиолдолд босох гэж их уддаг, группэд байдаг. Тиймээс талийгаач бид хоёрын араас гарч ирээгүй байх. Миний өөрийн хийсэн аймшигтай зүйлээс болж өндөр настай аавыг минь ингэж хэлмэгдүүлж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй. Би уурандаа талийгаачийн араас гараад түүний амь насыг хохироосон энэ хэрэгт аавын минь нэг ч үг, нэг ч үйлдэл ороогүй. Энэ хэргийг давж заалдах шатны шүүх шударга үнэнээр шийдвэрлэнэ гэдэгт маш их итгэж байна. ...Ганц үнэн бол аав Галбаатар энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Түүнийг хилсдүүлж байна. Үнэхээр аймшигтай санагдаж байна. Тиймээс аавтайгаа бүлэглэж талийгаачийг алсан гэдэг зүйл ангийг огт хүлээн зөвшөөрөхгүй.
Анхан шатны шүүх намайг талийгаачийг онц харгис хэрцгийгээр хороосон гэж үзсэн. Би үүнийг ойлгохдоо өс санаж, тухайн хүнийг зориуд зэрлэг балмад, харгис хэрцгийгээр зовоож тамлахыг хэлнэ гэж боддог. Миний хувьд талийгаачийг тамлан зовооё гэсэн ямар ч бодол санаа, зорилго байгаагүй. Би уураа барьж дийлэхгүйгээр ийм хэрэг хийсэн. Би талийгаачийг 1 удаа л хутгалсан гэж бодож байтал шүүх дээр 4-5 удаа хутгалсан гэж гарсан. Гэтэл би олон удаа хутгалснаа ч санахгүй байна. Үнэхээр олон удаа хутгалсан нь онц харгис хэрцгий болдог юм бол би үүнийг зөвшөөрч байна. Ганцхан би л талийгаачийг хутгалсан. Өөр хүн хутгалаагүй. Мөн ойр дотны хүний нүдэн дээр алсан гэдгээ хүлээн зөвшөөрнө. Би хэрэг болох үед Тэнгисийг байгааг огт анхаараагүй. Өөрийгөө юу хийснийг ч сайн мэдэхгүй байна. Би Тэнгис дүүдээ маш их хайртай. ...Би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Давж заалдах шатны шүүхээс хүсэхэд ямар ч буруугүй миний аавыг энэ хэргээс салгаж өгнө үү. Мөн надад оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү гэж хичээнгүйлэн гуйж байна” гэжээ.
Шүүгдэгч Г.Батхүрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ийм хэрэг хийсэндээ хохирогч талаас чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Би ийм зүйл болно гэж үнэхээр төсөөлөөгүй. ...Миний аав Галбаатар энэ хэрэгт ямар ч оролцоогүй учир аавын маань гэм буруугүйг нотолж өгнө үү. Би өөрийн гэм буруугаа маш сайн ойлгож, ухамсарлаж байгаа. Иймд миний хорих ялын хэмжээнээс багасгаж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ж.Галбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад “алаад өг, алаад өг” гэж өдөөн хатгасан гэдгээр ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тэр үед гэрээсээ огт гараагүй. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Галтогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ...Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж давж заалдсан гомдлоо дэмжиж байна. ...Ж.Галбаатарыг цагаатгаж, Г.Батхүрэлийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, ялыг багасгаж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гэрэлтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүүг санаатай алсан. Ачийн маань ээж шөнө 12 цагийн үед Улаанбаатар хотоос ирээд “Одхүү өгөхгүй байх аа ээжээ. Тэнгисийг над дээр 2 хонуулаач” гэхэд нь би “хот руу явахдаа авчраад өгөөрэй” гээд өгөөд явуулсан юм. Гэтэл авчирч өгөлгүй энэ хоёр дээрээ орхиод явсан. Би Батхүрэл рүү утсаар яриад “чи яагаад намайг гичий нохой гээд байгаа юм. Хүүхэд хүргээд өгчих. Таксины мөнгийг нь манайх өгье” гэхэд “битгий хуц гичий минь” гээд утсаа хаачихсан. Тэгээд дүүгээ хүргэж өгөөгүй. ...Би үр хүүхдүүдээ тэгж, ингэж мэдүүлэг өг гэж хэлээгүй. Хэрэг болоод 2 жил гаран боллоо. ...Өнөөдөр хүний хүүхдийг алчихаад та нар уучлалт гуйгаагүй, буяны ажилд ч оролцоогүй. Бид нарыг арай дэндүү доромжилсон. ...Яасан гэж ялыг чинь хөнгөлдөг юм. Хүний сайхан үрийг алчихаад яасан ичдэггүй юм. Өмгөөлөгчөөрөө нэг талыг барьсан гэх мэт худал үнэн юм яриулаад байх юм. Ялыг багасгуулахгүй. Би дээд шүүх хүртэл явна. Гэхдээ давж заалдах шатны шүүх шударга шийдвэрлэх байх гэж би бодож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хатанболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батхүрэл 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дүүг маань үр хүүхэд, дүү нарынх нь нүдэн дээр 7 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн байдаг. Энэ хүн ч хэргээ хүлээж байгаа. Батхүрэлийн үйлдсэн хэргийг хөнгөрүүлэх үндэслэл байхгүй. ...Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Галбаатарын хэргийг цагаатгах үндэслэл байхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд алдаа гарсан. Насанд хүрээгүй хүүхдүүд энэ хэргийн гол гэрчүүд байдаг. Тэдний мэдүүлгийг авахдаа анхааралтай хандаагүй. ...Өмгөөлөгчийн зүгээс нөхцөл байдлыг тайлбарлаж хэлэхэд гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Батхүрэл гүйж ирэнгүүтээ араас нь хутгалсан байгаа юм. Эргээд харахаар нь гуя руу нь хутгалсан. Дараа нь унагаад хэвлий хэсэг рүү нь хутгалсан. Тэр хооронд “алаад өг, алаад өг” гэж идэвхжүүлж байхынхаа оронд болиулсан бол эхний хутгалалтууд нь амь насанд аюул хүргэхээргүй байсан. Галбаатарын үйлдэл нь гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн. ...Харсаар байж боль гэхийн оронд “алаад өг” гэж хэлээд зогсож байдаг. Батхүрэл “би ална гэж огт бодоогүй” гэж ярьж байгаагаас харахад “алаад өг” гэж бахирсан нь хор уршгийг эцэст нь хүргэсэн байгаа. ...Анхан шатны шүүх хэргийг үнэн, бодитой шийдвэрлэсэн гэж үзэж байна гэв.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ж.Галбаатар, Г.Батхүрэл нарын 2017 оны 09 сарын 03-04-нд шилжих шөнө үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон. Дээрх хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 19-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Ял тохирсон гэж үзэж байгаа. Иймд шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн санал дүгнэлттэй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Батхүрэл, шүүгдэгч Ж.Галбаатар, тэдний өмгөөлөгч Д.Галтогтох нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Хэргийг мөрдөн шалгах болон анхан шатны журмаар хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх, түүнчлэн нотолбол зохих байдлын талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэх үндэслэл тус тус тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Батхүрэлийг согтуурсан үедээ 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн гудамжны 2-11 тоот хашаанд хохирогч Г.Одхүүг хутгалж, онц харгис хэрцгийгээр алах гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан “онц харгис хэрцгийгээр” гэх хүндрүүлэх шинжээр хэргийг зүйлчилснийг эс зөвшөөрсөн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. Учир нь: хохирогчийн биед учирсан гэмтлийн ул мөрөөс үзвэл, шүүгчдэгч Г.Батхүрэл нь хохирогчийн хэвлий, баруун тохой, баруун өгзөг, зүүн өгзөг, баруун гуя хэсэгт тус бүр нэг удаа буюу нийт 5 удаа хутгалсан байна. Түүнчлэн энэ хэргийг амь хохирогчийн төрсөн хүү, дүү нарынх нь дэргэд үйлджээ. Гэмт хэрэг үйлдсэн арга нь гэмт этгээдийн үйлдэлдээ хандсан сэтгэхүйн хандлагыг илэрхийлдэг. Иймд “зөвхөн олон тооны шарх гэмтэл учирсан болон ойр дотны хүнийх нь дэргэд алснаар нь дүгнэж, харин Г.Батхүрэлийн үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцааг харгалзаагүй нь учир дутагдалтай” гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Мөн шүүгдэгч Г.Батхүрэлд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээ нь түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тохирсон байх тул ял хөнгөрүүлэх асуудлаар гаргасан шүүгдэгч Г.Батхүрэл, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.
Харин шүүгдэгч Ж.Галбаатарыг хүн алах гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэж үзсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Үйл баримтын хувьд, “Г.Батхүрэлийг гэрээс гарахдаа хутга авсныг Ж.Галбаатар мэдсэн үү? Гадаа харанхуй байсныг тооцон үзвэл, амь хохирогчийг хутгалж байх явцыг Ж.Галбаатар тодорхой харж байсан атлаа “алаад өг!” гэх үгээр дэмжиж байсан уу?” эсхүл “Г.Батхүрэл хутгатай байгаа, улмаар амь хохирогчийг хутгалж болзошгүй буюу хутгалж байгаа тухайд ямар нэг ойлголтгүйгээр, зөвхөн зодоонд хүүхдийнхээ талд зогсох эсхүл хүчирхийллийг дэвэргэх сэдэлтээр “алаад өг!” гэх үгийг хэлж байсан уу?” гэдэг нь хэргийг зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байна.
Эхний тохиолдол нь “Ж.Галбаатарыг хүн алах гэмт хэрэгт санаатай нэгдсэн гэж үзэхэд шаардлагатай элементүүд байна” гэж дүгнэхэд хүргэж болох бол, харин хоёр дахь тохиолдол нь түүнийг хүн алах хэрэгт санаатай нэгдээгүй гэж үзэх шалтгаан болно.
Хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь дээрх ялгаа заагийг тооцон үзэж хийгдээгүйн улмаас учир дутагдалтай болсон байна. Тухайлбал, гэрч О.Тэнгис, М.Хүслэн нарын “...Г.Батхүрэл амь хохирогчийг хутгалах үед Ж.Галбаатар довжоон дээрээ зогсож байсан. Алаад өг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг нь “амь хохирогчийг хутгалах үед Ж.Галбаатар гадаа байсан эсэх, тэрээр, – алаад өг! гэж хэлсэн эсэх” үйл баримтыг дүгнэхэд хангалттай гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл байхгүй. Эдгээр мэдүүлэг нь тэдний өмнө өгсөн мэдүүлгүүдийг тодруулах эсхүл бүрмөсөн үгүйсгэхүйц хэмжээнд хангалттай гэж ч шүүх үзэх эрхтэй. Гэвч энэ нь цаашлаад “Г.Батхүрэл амь хохирогчийг хутгалах талаар буюу хутгалж байгаа талаар Ж.Галбаатар ухамсарласан байсан” гэдгийг нотлоход хангалттай бус байгааг анхан шатны шүүх анзаараагүй байна.
Иймд шүүгдэгч Ж.Галбаатарын үйлдлийн хувьд, гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулбал зохих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг хатгагчид тооцно” гэх заалтын дагуу зүйлчлэх боломжгүй, харин “бусдын үүсгэсэн зодоонд татагдан оролцсон, үг хэл үйл хөдлөлөөрөө зодооныг дэвэргэсэн шинжтэй үйлдэл” гэж дүгнэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Гэнэт үүссэн, хэд хэдэн хүн оролцсон зодооны явцад хүний амь нас хохирсон бөгөөд амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийг тодорхой нэг этгээд учруулсан, бусад этгээдүүд зодоонд оролцсон боловч хохирогчийг үхэлд хүргэх гэмтлийг учруулсан үйлдлийг хийгээгүй нөхцөлд, зөвхөн амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийг учруулсан хүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “хүнийг алах” гэмт хэргээр зүйлчлэх, зодоонд оролцсон бусад этгээдүүдийн үйлдлийг тэдний үйлдлийн шинж чанар, хохирогчид учруулсан гэмтлийн шинж зэргээс шалтгаалан Эрүүгийн хуулийн аль тохирох бусад зүйл хэсгээр зүйлчилж байх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд тусгагдсан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэх шударга ёсны зарчимд нийцэх юм.
Харин бусдын үүсгэсэн зодоонд оролцож хохирогчийг сандлаар цохиж хүч хэрэглэсэн, “алаад өг” хэмээн зодооныг дэвэргэж, бусдыг хүчирхийлэлд өдөөн турхирсан шинжтэй шүүгдэгч Ж.Галбаатарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-ийн “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, ...эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж, хүний халдашгүй байх эрхийг зөрчиж, ...олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон” гэх гэмт хэргийн шинжтэй тохирч байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр, шүүгдэгч Ж.Галбаатарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулах; шүүгдэгч Г.Батхүрэлийн үйлдлийн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх шинжийг хүчингүй болгохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, “Ж.Галбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгуулах, Г.Батхүрэлд холбогдох хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлийг хөнгөрүүлэх” талаар гаргасан шүүгдэгч Ж.Галбаатар, Г.Батхүрэл, тэдний өмгөөлөгч Д.Галтогтох нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Галбаатарын цагдан хоригдсон хугацааг тооцохдоо 6 хоногоор илүү тооцсоныг зөвтгөхөөр шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтийг оруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 1.5, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/207 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-4 дэх заалтуудыг дор дурдсанаар өөрчилсүгэй. Үүнд:
“1. Шүүгдэгч Боржигон овогт Жодовын Галбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж; шүүгдэгч Боржигон овогт Галбаатарын Батхүрэлд холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хэсгийг хэрэгсэхгүй болгож; шүүгдэгч Г.Батхүрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт, шүүгдэгч Ж.Галбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүч хэрэглэх үйлдэлд өдөөн турхирч хүний халдашгүй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг бусдын амь нас хохирох байдалд хүргэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Батхүрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 15 /арван таван/ жилийн хугацаагаар хорих ялаар; шүүгдэгч Ж.Галбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батхүрэлд оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Ж.Галбаатарт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батхүрэлийн 2017 оны 09 дүгээр сарын 04-нөөс 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 684 /зургаан зуун наян дөрөв/ хоног; шүүгдэгч Ж.Галбаатарын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 28 хоног, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 29 хоног, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 22 хоног буюу нийт 79 /далан ес/ хоногийг тус тусын эдлэх ялд оруулан тооцсугай.”
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж; шүүгдэгч Ж.Галбаатар, Г.Батхүрэл, тэдний өмгөөлөгч Д.Галтогтох нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.Батхүрэл, Ж.Галбаатар нарын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүр 81 /наян нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА
ШҮҮГЧИД З.ЭНХЦЭЦЭГ
Л.НАРАНБАЯР