| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/0798/З |
| Дугаар | 221/МА2025/0056 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2025/0056
Г.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б
Нэхэмжлэгч: Г.Б
Хариуцагч: Монгол Улсын Төрийн албаны зөвлөл
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 848 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж /цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг
Хэргийн индекс: 128/2023/0798/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Бэс Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 04/1262 дугаар Хууль хэрэгжүүлэх тухай захиргааны актыг хүчингүй болгуулах, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 02/522 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, намайг У*** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлд даалгах, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Б-ны 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 02/2749 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах”-оор маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 848 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.3, 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б-ийн Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/2749, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 02/522 дугаартай шийдвэрийг тус тус хүчингүй болгож, Г.Б-ийг У*** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэх асуудлыг бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхийг Төрийн албаны зөвлөлд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б-аас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:
3.1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэг шаардлага нь Төрийн албаны зөвлөлийн 2023.6.06-ны өдрийн "Хууль хэрэгжүүлэх тухай" 04/1262 дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага байсан. Тус нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон. Бид шүүхийн шийдвэрийн тус хэсгийг эс зөвшөөрч байгаа болно.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.И-ны 2024.10.29-ний өдрийн 0848 дугаартай албан бичигт "Төрийн албаны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж, Г.Б-ийг У*** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, тухайн албан тушаалын захиалгыг 2023.6.30-ны өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ үү" гэсэн. Ийнхүү шаардах болсон үндэслэлээ тайлбарлахдаа У*** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Г.Б-ийг томилсныг Төрийн албаны зөвлөлийн 2020.12.22-ны өдрийн 396 дугаартай Тогтоол, 2021.3.03-ны өдрийн 68 дугаартай Тогтоолоор тус тус тогтоосон бөгөөд иргэн Г.Б нь ТАЗ-ийн тус Тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан хэмээн тайлбарласан. Өөрөөр хэлбэл, иргэн Г.Б-ийн томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж тогтоосон, үүнийг эс зөвшөөрч тэрээр нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлээс татгалзсан тул Төрийн албаны зөвлөлийн Тогтоол хууль ёсны болсон хэмээн тайлбарладаг. Бидний зүгээс үүнийг дараах байдлаар эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.
1. Төрийн албаны зөвлөл хамтын удирдлагатай байгууллага тул түүний аль нэг гишүүн Төрийн албаны зөвлөлийн өмнөөс шийдвэр гаргах бүрэн эрхгүй.
2. Иргэн Г.Б-ийг Засаг даргын Тамгын газрын Даргаар томилсон захирамжийг Төрийн албаны зөвлөл хүчингүй болгосон зүйл байхгүй.
Шүүхийн шийдвэрийн 16 дахь тал, 6-8 дугаартай хэсгүүдэд шүүгчийн зүгээс "Төрийн албаны зөвлөл хамтын удирдлагатай байгууллага учир хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх учиртай" гэх бидний тайлбарыг дэмжсэн агуулгаар бичсэн байна. Гэвч шүүхийн шийдвэрийн 16 дахь тал, 9 дугаартай хэсэгт Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 19 дугаартай Тогтоолоор батлагдсан Төрийн албаны зөвлөлийн гишүүдийн эрхлэх ажил, үүргийн хуваарийн 5.5, 5.1 дэх заалтыг үндэслэл Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.И нь дангаар шийдвэр гаргасныг үндэслэлтэй гэж шүүгч тайлбарласан. Гэвч Төрийн албаны тухай хуулийн 65.6, 67.1, 68.1 дэх заалтууд, Захиргааны ерөнхий хуулийн 6.2 дахь заалтуудад Төрийн албаны зөвлөл нь хамтын удирдлага бүхий байгууллага бөгөөд хуралдааны хэлбэрээр, олонхын саналаар Тогтоол гаргахаар заасан. Төрийн албаны зөвлөлийн гишүүний эрхлэх ажил үүргийн хуваарь нь тухайн асуудлаар Зөвлөлийн гишүүн дангаар шийдвэр гаргах, Төрийн албаны тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтуудыг дагаж мөрдөхгүй байх үндэслэл болохгүй юм. Иймд шүүхийн шийдвэрийн 16 дахь тал, 9 дугаартай хэсэг дэх Дүгнэлт нь Төрийн албаны тухай хуулийн 65.6, 67.1, 68.1 дэх заалтууд, Захиргааны ерөнхий хуулийн 6.2 дахь заалтуудад нийцэхгүй, үндэслэлгүй дүгнэлт юм.
Шүүхийн шийдвэрийн 17 дахь тал, 13 дугаартай хэсэгт Ковидын тухай хуулийн 3.2 дахь заалтыг буруу тайлбарласан байна. Тодруулбал, "Учир нь тухайн иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулалт явуулалгүйгээр жинхэлж томилох эрхийг олгосон заалт биш юм" гэж, 14 дугаартай хэсэгт "Өөрөөр хэлбэл, энэ журмаас гадуур буюу сонгон шалгаруулалт явуулалгүйгээр иргэнийг төрийн жинхэнэ албанд томилох хууль зүйн үндэслэл байхгүй" гэж, 15 дугаартай хэсэгт "Тиймээс уг хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсон 2022.12.31-ний өдрөөс эхлэн томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд Төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулах журмын дагуу иргэдийн төрийн жинхэнэ албан тушаалд томилох үүрэгтэй" гэж тус тус тайлбарласан байна. Энэ нь Ковидын тухай хуулийн 3.2 дахь заалтыг буруу тайлбарласан хэрэг гэж үзэж байна. Учир нь;
1. Ковидын тухай хуулийн 3.2-т "... албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ" гэж заасан. Хуулийн тус заалтын утга агуулга нь Ковидын үйлчлэлийн хугацаанд аливаа сонгон шалгаруулалт явуулахгүй, харин хуулийн үйлчлэл зогссон өдрөөс хойш сонгон шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу хэвийн явуулах талаар заасан. Иймд аймгийн Засаг даргын 2022.12.27-ны өдрийн Б/51 дугаартай Захирамжаар нэхэмжлэгчийн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар сонгон шалгаруулалтгүйгээр томилсон нь хууль ёсны томилгоо юм.
2.Аймгийн Засаг даргын 2022.12.27-ны өдрийн Б/51 дугаартай Захирамжийг Төрийн албаны зөвлөлөөс хүчингүй болгосон Тогтоол гаргаж байгаагүй. Төрийн албаны зөвлөлийн гишүүн нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөл гэх агуулгатай 2024.10.29-ний өдрийн 0848 дугаартай албан бичгийг ирүүлэхдээ ч дээрх Захирамжийг дурдаагүй. Гагцхүү аймгийн Засаг даргын тус Захирамжид хамааралгүй асуудал болох өмнөх түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх үеийн нөхцөл байдлыг бичсэн байдаг. Иймд аймгийн Засаг даргын 2022.12.27-ны өдрийн Б/51 дугаартай Захирамж гарсныг мэдээгүй байж тус албан бичгийг явуулсан гэж харагддаг.
3. Шүүхийн зүгээс аймгийн Засаг даргын тус Захирамж нь хууль ёсны эсэхэд дүгнэлт өгсөнгүй. Гэхдээ шүүхийн шийдвэрийн 17 дахь тал, 15 дугаартай хэсэгт "Тиймээс хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсон 2022.12.31-ний өдрөөс эхлэн ... сонгон шалгаруулах журмын дагуу иргэнийг төрийн албан тушаалд томилох үүрэгтэй" гэсэн байгаагаас харахад аймгийн Засаг даргын Захирамжийг хууль ёсны байдлаар гарсан гэж үзэж буй бололтой.
4. Гэхдээ Ковидын тухай хууль эсвэл Төрийн албаны тухай хуульд Ковидын тухай хуулийн 3.2 дахь заалтын дагуу сонгон шалгаруулалтгүй томилсон иргэнийг тус хуулийн үйлчлэл дуусгавар болсон өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөх агуулга бүхий заалт байхгүй. Иймд нэхэмжлэгчийг 2022.12.31-ний өдрөөс эхлэн төрийн албанаас чөлөөлөх боломжгүй. Шүүх ч нэхэмжлэгчийг тус өдрөөс эхлэн төрийн албанаас чөлөөлөх учиртай гэж тайлбарлаагүй.
5. Ковидын тухай хуулийн 3.2 дахь заалтыг үндэслэл болгож аймгийн Засаг даргын 2022.12.27-ны өдрийн Б/51 дугаартай Захирамжаар нэхэмжлэгчийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилохдоо түр эсвэл хугацаатай томилоогүй.
Иймд нэхэмжлэгчийг жинхэлж томилогдоогүй, 2022.12.31-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдөх байсан гэх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн Төрийн албаны зөвлөлийн 2023.6.06-ны өдрийн "Хууль хэрэгжүүлэх тухай" 04/1262 дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлагыг хангах агуулгаар шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэг шаардлага нь "Төрийн албаны зөвлөлийн 2023.12.19-ний өдрийн 2749, 0224.3.13-ны өдрийн 522 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгах" шаардлага байсан. Шүүх тус шаардлагыг шийдвэрлэхдээ Төрийн албаны зөвлөлийн дээрх хоёр шаардлагыг хүчингүй болгуулах хэсгийг хангаж, харин "аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгах" шаардлагыг "аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Төрийн албаны зөвлөлд даалгах" байдлаар шийдвэрлэсэн. Даалгах шаардлагыг тус байдлаар шийдвэрлэснийг бид эс зөвшөөрч байна.
Төрийн албаны тухай хуулийн 27.3 дахь заалт, Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 12.1-т сонгон шалгаруулалтаас хамгийн өндөр оноо авсан оролцогчийг Зөвлөл сул орон тоонд нэр дэвшүүлэхээр заасан. Нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтад оролцох хамгийн өндөр оноо авсан нь баримтаар тогтоогдсон бөгөөд үүнтэй хариуцагч маргахгүй байгаа. Төрийн албаны зөвлөлд хамгийн өндөр оноо авсан иргэнийг нэр дэвшүүлэхгүй байх, татгалзах бүрэн эрх хуулиар олгогдоогүй. Иймд Төрийн албаны зөвлөл нь нэхэмжлэгчийг нэр дэвшүүлэх хүрээнд сонгох орон зай байхгүй, гагцхүү нэр дэвшүүлэх шийдвэр гаргах үүрэгтэй. Хэрэв хуулиар Төрийн албаны зөвлөл нь нэр дэвшүүлэхээс татгалзах бүрэн эрхтэй бол тухайн татгалзах үндэслэл байгаа эсэхийг тодруулж шийдвэр гаргах орон зайг захиргаанд үлдээх үүднээс "шийдвэр гаргахыг даалгах" боломжтой. Гэвч энэ хэргийн хувьд Төрийн албаны зөвлөлд тийнхүү тодруулах, судлах шаардлагатай нөхцөл байдал байхгүй, нэр дэвшүүлэх үүрэг аль хэдийн үүссэн билээ.
Иймд нэхэмжлэгчийн тус нэхэмжлэлийн шаардлагыг "аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгах" агуулгаар хангах үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах агуулгаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г.Б-ийг У*** аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/118 тоот захирамжаар 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн У*** аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
3. Улмаар мөн аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/51 дүгээр захирамжаар Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасныг үндэслэн Г.Б-ийг У*** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилж, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/118 дугаартай захирамжийг хүчингүй болгожээ..
4. Тус томилгоотой холбоотой нэр бүхий иргэнээс Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн аваад Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 04/1262 дугаар албан бичгээр У*** аймгийн засаг даргад хандан “...Коронавируст халдвар /ковид-19/ цах тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс гаргасан 2022 оны 43 дугаар хуралдааны тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Мэдэгдлийн дагуу Та төрийн албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон иргэн Г.Б-ийг албан тушаалаас чөлөөлж, албан тушаалын сул орон тоог нээлттэй зарлах талаар” үүрэг болгожээ.
5. Улмаар дээрх маргаан бүхий 04/1262 дугаар “Хууль хэрэгжүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч Г.Бэс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 04/1262 дугаар Хууль хэрэгжүүлэх тухай захиргааны актыг хүчингүй болгуулах, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 02/522 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, намайг У*** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлд даалгах, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Б-ны 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/2749 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн байна.
6. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 02/522 дугаартай албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Б-ны 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/2749 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
6.1.Нэхэмжлэгчээс тус шаардлагын үндэслэлээ “...Төрийн албаны зөвлөлийн нэг гишүүн нь тус байгууллагыг төлөөлж шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй, ... хамтын удирдлага бүхий байгууллага, ... аливаа асуудлыг хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргах учиртай ...” гэж маргасан.
6.2. Анхан шатны шүүх “...Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 40 дүгээр хуралдаанаар Г.Б-ийг У*** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлж, томилох эрх бүхий этгээдэд санал болгох асуудлыг хуралдаанд оролцсон гишүүд бүгд дэмжээгүйг тухайн асуудлаар Төрийн албаны зөвлөл шийдвэр гараагүй гэж үзэх бөгөөд энэ нь Г.Б-ийг У*** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхээс татгалзсан Төрийн албаны зөвлөлийн шийдвэр болохгүй. ... түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байх тул Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 02/2749 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй. ... Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 02/522 дугаартай хариу хүргүүлсэн албан бичиг нь ... энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн хууль бус шийдвэрт үндэслэн нэхэмжлэгчид татгалзсан хариу өгсөн тул ... 02/522 дугаартай албан бичгийг хууль бус шийдвэр гэж үзнэ.” гэж дүгнэн маргаан бүхий 2 актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
6.3. Учир нь Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Б нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/2749 дугаар, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 02/522 дугаар албан бичгүүдээр нэхэмжлэгчээс гаргасан өргөдлийг “...Улсын их Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийн 4.4-т заасныг баримтлан Зөвлөлийн хуралдаанаар шалгалтын комиссын тайланг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Г.Б-ийг У*** аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэх асуудал дэмжигдээгүй, иймд өргөдлийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариу хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
6.4. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” Мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.” гэж заасан байна.
6.5.Иймд нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаарх Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Б-аас ирүүлсэн 2023 оны 02/2749 дугаар, 2024 оны 02/522 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгүүд нь нэхэмжлэгчээс гаргасан өргөдөл гомдолд хариу өгсөн байх тул эдгээр албан бичгийг захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэхгүй.
6.6.Тодруулбал, нэхэмжлэгчийн “Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/2749 дугаар, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 02/522 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Хариу хүргүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах” гэх нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан нэхэмжлэлд хамааралгүй, хуулиар гомдлыг шийдвэрлэх эрх бүхий этгээдээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шийдвэр гэж үзэхээр байх тул мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2. Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүгч бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу “захиргааны шүүхийн харьяалалын бус” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
7. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 04/1262 дугаар “Хууль хэрэгжүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах, намайг У*** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
7.1. Нэхэмжлэгчээс тус шаардлагын үндэслэлээ “...Миний бие тус албан тушаалд 2022 оны 12 сард томилогдсон буюу намайг хууль зөрчиж томилсныг тогтоосон гэх албан шаардлагууд нь одоогийн томилогдсон албан тушаалд огт хамааралгүй өмнөх түр орлон гүйцэтгэгч хийж байх үеийн шийдвэр тул үндэслэлгүй. ... Төрийн албаны зөвлөл нь албан даалгавар, тогтоол гаргах тохиолдолд зөвлөлийн хурлаар шийдвэрлэж, зөвлөлийн дарга гарын үсэг зурхаар байна, ... тус маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн шийдвэрт гарын үсэг зураагүй, зөвлөлийн хуралдаан хийгдээгүй зөвхөн нэг гишүүний шийдвэрээр захиргааны акт гаргасан байх тул энэ нь хууль зөрчсөн, ... тус албан шаардлага нь үүрэг болгосноор хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн хууль бус захиргааны акт юм, ... сонгон шалгаруулалтад тэнцэж хамгийн өндөр оноо авсан оролцогчийг У*** аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэх шаардлагатай, ... Төрийн албаны зөвлөл намайг нэр дэвшүүлэхээс татгалзах үндэслэл, бүрэн эрх байхгүй гэж үзэж байна.” гэж тайлбарлан маргасан.
7.2. Маргааны үйл баримтын хувьд, хариуцагч Төрийн албаны зөвлөлөөс У*** аймгийн Засаг даргаас ирүүлсэн захиалгын дагуу тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлан, нэхэмжлэгч Г.Б 67.6 оноогоор тэнцсэн ч Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар У*** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын удирдах албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулсан тайлан танилцуулах тухай, нэр дэвшүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн, Г.Б-ийг тус албан тушаалд нэр дэвшүүлэх асуудал гишүүдийн 100 хувь саналаар дэмжигдээгүй болох нь Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 40 дүгээр тэмдэглэл, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.
7.3. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн хуралдааны дэгийн 6.1-д “Зөвлөлийн бүх тогтоол, шийдвэр хамтын байх бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргана. Олонхын санал авч чадаагүй бол шийдвэр гаргаагүйд тооцно”, 6.2-т “Хуралдаанаар хэлэлцсэн асуудал тус бүрээр Зөвлөл тогтоол гаргана. Хэлэлцсэн асуудлаас хамааран албан даалгавар, зөвлөмж, бусад эрх зүйн актыг батлан гаргаж болно. Хэлэлцсэн асуудлын шийдвэрийг тэмдэглэл хэлбэрээр гаргаж болно”, 6.5-д “Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг”: гээд 6.5.1-д “шийдвэр гарган батлах”, 6.5.2-т “шийдвэр гаргах шаардлагагүй гэж буцаах”, 6.5.3-т “дахин боловсруулах хугацаа тогтоон хойшлуулах гэсэн хэлбэрээр шийдвэрлэнэ”, 6.6-д “Энэхүү дэгийн 6.5.2, 6.5.3-т зааснаар шийдвэрлэсэн тохиолдолд энэ тухай хуралдааны тэмдэглэлд тусгана.” гэж тус тус зохицуулжээ.
7.4. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч Г.Б-ийг нэр дэвшүүлэх асуудал нь Төрийн албаны зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдээгүй тул шийдвэр гараагүй гэж үзэхээр байна.
7.5.Энэ талаарх анхан шатны шүүхийн “... шалгалтын комиссоос нэхэмжлэгч Г.Б-ийг У*** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлж, Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулсан боловч Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх, томилох эрх бүхий этгээдэд санал болгох ямар нэгэн шийдвэр гараагүй буюу Г.Б-ийг нэр дэвшүүлэх асуудлыг дэмжсэн, эсхүл татгалзсан байдлаар эцэслэн шийдвэрлээгүй, энэ нь хууль бус байх тул нэхэмжлэгч Г.Б-ийг У*** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлж, томилох эрх бүхий этгээдэд санал болгох асуудлыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хариуцагч захиргааны байгууллага шийдвэрлэх нь зүйтэй байна.” гэх дүгнэлт үндэслэлтэй.
7.6. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно.”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно.”
2020 оны 19 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албаны зөвлөлийн гишүүдийн эрхлэх ажил үүргийн хуваарийн 5.1-д заасан “Төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагыг бэхжүүлэхтэй холбоотой бодлого, үйл ажиллагаа”, 5.5-д “заасан Буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаар төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой бодлого, үйл ажиллагаа”-г хийхээр зохицуулжээ.
7.7. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилох хууль зүйн үндэслэлгүй байх тул сонгон шалгаруулалтгүй томилогдсон нэхэмжлэгч Г.Б-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, тус албан тушаалын сул орон тоог нээлттэй зарлахыг үүрэг болгосон хариуцагчаас ирүүлсэн 04/1262 дугаар “Хууль хэрэгжүүлэх тухай” албан бичгийг холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна.
7.8. Иймд анхан шатны шүүхийн “...2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 43 дугаар хуралдааны тэмдэглэлээр Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан ерөнхий, тусгай шаардлага хангаагүй, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй иргэн, албан хаагчийг төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөх, шаардлага хангасан иргэн, албан хаагчийг нээлттэй сонгон шалгаруулалтаар өрсөлдүүлэн тухайн албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулж ажиллахыг төрийн байгууллагын томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтнуудад даалгахаар зөвлөмж хүргүүлсэн байх тул Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 04/1262 дугаартай албан бичиг нь Төрийн албаны зөвлөлийн хамтын шийдвэрт үндэслэсэн, Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д нийцсэн шийдвэр байна.” гэх дүгнэлт үндэслэлтэй.
7.9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...Ковидын тухай хууль эсвэл Төрийн албаны тухай хуульд Ковидын тухай хуулийн 3.2 дахь заалтын дагуу сонгон шалгаруулалтгүй томилсон иргэнийг тус хуулийн үйлчлэл дуусгавар болсон өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөх агуулга бүхий заалт байхгүй. Иймд нэхэмжлэгчийг 2022.12.31-ний өдрөөс эхлэн төрийн албанаас чөлөөлөх боломжгүй. Шүүх ч нэхэмжлэгчийг тус өдрөөс эхлэн төрийн албанаас чөлөөлөх учиртай гэж тайлбарлаагүй. Ковидын тухай хуулийн 3.2 дахь заалтыг үндэслэл болгож аймгийн Засаг даргын 2022.12.27-ны өдрийн Б/51 дугаартай Захирамжаар нэхэмжлэгчийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилохдоо түр эсвэл хугацаатай томилоогүй. Иймд нэхэмжлэгчийг жинхэлж томилогдоогүй, 2022.12.31-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдөх байсан гэх үндэслэлгүй юм.” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 848 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын ...“Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/2749, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 02/522 дугаартай шийдвэрийг тус тус хүчингүй болгож” гэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Б-ны 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/2749 дугаартай албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 02/522 дугаартай шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2. ...70200 төгрөгийн тавин хувь болох 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж” гэснийг “...70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг нөхөн төлүүлж” гэж тус тус өөрчилж, үлдэх хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН