Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 228

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга О.Болормаа,

Улсын яллагч С.Цэрэндорж,

Шүүгдэгч О.Наранбаатар, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Шаавай овогт Отгоны Наранбаатарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625012001 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн Шаавай овогт Отгоны Наранбаатар, 1988 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 28 настай, бага   боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх,  дүүгийн  хамтаар Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, худалдааны ажилчдын байрны 6 тоотод оршин суух хаягтай, 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ТА 88052916 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч О.Наранбаатар нь давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэ-Толгойн 29-725 тоотод оршин суух иргэн Д.Цогтбаярын хашаанаас түүний эзэмшлийн Хонда маркийн аккорд загварын 57-54 УББ улсын дугаартай автомашиныг хулгайлж 1.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Наранбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Да хүрээ” захын замын хажуугаар явж байхад Цогоо ах намайг дуудаад яваад очтол машин угаагаад өг гэж хэлсэн. Тэгээд машиныг нь угааж өгөөд байж байтал дахиад машин угаагаад өг гээд машиныхаа түлхүүрийг үлдээгээд өөрөө яваад өгсөн. Би машиныг

нь угааж дуусаад “Ээж хайрхан”-руу найзтайгаа уулзах гээд яваад очтол манай найз байхгүй байсан. Тэгээд би архи уугаад маргааш өглөө нь шартаад мөнгө байхгүй болохоор нь машин дотор байсан эд зүйлийг нь зараад мөнгө болгосон. Би машиныг нь хулгай хийж авах бодолгүй байсан” гэв.

Хохирогч Д.Цогтбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эрдэнэ-Толгойн 29-725 тоотод хашаанд байсан 57-54 УББ улсын дугаартай Хонда Аккорд маркийн автомашиныг хулгайд алдсан. Би тухайн автомашиныг засварлаж байсан юм. Тухайн автомашин нь асахгүй байсан юм. Тэгээд би шархадны эцэс ороод ирсэн чинь хашаанд байсан миний хар машин байхгүй байсан. Намайг гэрээс гараад явахад Наранбаатар хашааны үүдэнд байж байсан юм. Өмнө зах дээр очоод Наранбаатар нь миний зарах гэж байсан хоёр машиныг угааж өгсөн юм. Би Наранбаатарыг таньдаг. Аавтай нь цуг  ажиллаж байсан юм. Наранбаатар хааяа нэг зах дээр ирж миний машиныг угааж өгдөг. Наранбаатарын ар гэрийнхэн надад учирсан хохирлыг барагдуулсан...” гэсэн мэдүүлэг. /хх24-25, 38/,

Гэрч М.Отгон мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би яг болсон хэргийн талаар мэдэхгүй байна. Дараа нь Цогоо над руу залгаад танай хүүхэд Наранбаатар миний машиныг унаад явчихсан байна гэж хэлсэн. Манай хүүхэд Наранбаатар хулгайн хэргээр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээр 2016 оны 6 дугаар сарын 8-нд орсон. Одоо яг ямар хорих ангид хэдэн жилийн ял авсныг сайн мэдэхгүй байна...Энэ асуудлыг мэдсэн. Цогтбаярын хохирлыг барагдуулж өгнө. Би өөрөө Цогоотой яриад тохирсон байгаа. Цогоо бид нэг дор ажлаад 10 гаруй жил хамт ажиллаж байсан нэгнийгээ сайн таньдаг юм ...” гэсэн мэдүүлэг. /хх-26-27/,

Гэрч Ц.Амарсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би уг машинаа 2015 оны 01 дүгээр сард өөрийн найз Д.Цогтбаярт зарсан. Ажил ихтэй завгүй байсан тул гэрчилгээгээ шилжүүлж амжаагүй байсан юм...Найзууд учир зүгээр л мөнгө төгрөгөө өгч аваад л салсан гэрээ байгуулаагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-43/,

Яллагдагч О.Наранбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би эрх үүрэгтэйгээ танилцаж ойлголоо, дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Надад сонсгосон ялын агуулгыг ойлгосон...би давтан үйлдлээр хэрэгт шалгагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх47-53/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах тогтоол /хх-4/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх12-17/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх18-19/, хохирогч Д.Цогтбаярын хүсэлт /хх-21/, хохирогч Д.Цогтбаярын мэдүүлэг /хх24-25, 38/, гэрч М.Отгоны мэдүүлэг /хх-26/, гэрч Ц.Баттогтохын мэдүүлэг /хх-40/, шүүгдэгч О.Наранбаатарын ял шалгах хуудас /хх-55/, шүүгдэгч О.Наранбаатарын урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч О.Наранбаатар нь  давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 29-725 тоотод оршин

суух иргэн Д.Цогтбаярын хашаанаас түүний эзэмшлийн Хонда Аккорд маркийн 57-54 УББ улсын дугаартай автомашиныг хулгайлж 1.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч О.Наранбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Наранбаатарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч Д.Цогтбаяр нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч О.Наранбаатарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж шүүхээс хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч О.Наранбаатарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч О.Наранбаатарт нь өөрийн эзэмшлийн ямар нэгэн үл хөдлөх болон, хөдлөх хөрөнгө байхгүй болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шаавай овогт Отгоны Наранбаатарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар О.Наранбаатараас эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор О.Наранбаатарт оногдуулсан баривчлах ялын үлдэгдэл болох 29 хоногийн баривчлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд багтааж О.Наранбаатарын нийт биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар О.Наранбаатарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар О.Наранбаатарын урьд цагдан хоригдсон 151 /нэг зуун тавин нэг/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Наранбаатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР