Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1777

 

 

      2022      12           06                                         2022/ШЦТ/1777

           

           

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цасшихэр,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

хохирогч Э.Н,

шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархчууд овогт С.Гд холбогдох эрүүгийн 2206 00000 2966 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

0

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  С.Г нь 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн оройн 21 цагийн үед Баянзүрх  дүүргийн ** дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “CU” худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа НӨАТ-ын баримт хувь хүнээр шивлээ гэж уурлан улмаар кассчинаар ажиллаж байсан Э.Нтэй маргалдаж, түүний үснээс зулгааж газар унагаах зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүү, зүүн бугалгад зулгаралт, баруун шуу, нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй. Тухайн үед би согтуу байгаагүй. Харин CU-аас авсан юмаа гадаа ууж байхад цагдаа дуудсан байсан. ... тухайн үед миний эгдүүцэл төрж надтай муухай харьцаад байна гэж бодсон. Тэгээд яагаад надтай ингэж харьцаад байна вэ гээд бичлэг хийхэд энэ охин утас булаацалдаж, маргалдаад ийм зүйл болсон. Би утсаа булааж аваад үснээс нь зулгаасан. Миний буруугаас болсон. Тухайн үед би уураа барьж чадаагүй юм. ... би зардлыг нь төлнө.” гэв.

Хохирогч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тэр өдөр ажиллаж байхад энэ хүн ирсэн. Дэлгүүрт хүнгүй байсан. Энэ хүн хамгийн түрүүнд асуусан асуултад, миний зүгээр асуусан цочоод уурласан. Тэгээд эгчээ та НӨАТ-ын баримтаа хувт хүн дээр авах уу байгууллага дээр авах уу гэж 7-8 удаа асуусан. Тэгээд энэ хүн албаар хариулахгүй байж байгаад би хувь хүн дээр гаргалаа шүү гээд гаргасны дараа тэгвэл НӨАТ-аа байгууллага дээр авна гэж дайраад дахиж гаргах хооронд, менежерээс асууж байхад утсаа гаргаад нүүр лүү тулгаад бичээд эхэлсэн. Би сандраад байдаг болохоор эгчээ утсаа больчих гэхэд болихгүй байсан. Тэгээд сүүлдээ би бантсандаа болоод уйлаад кассын хойноос гарах гэхэд заамдаж, үсдээд унагаасан. Бид нар өөрсдөө юмаа зөөдөг болохоор миний хүзүү өвдөөд манай захирал ч харсан учир бие чинь тааруу бол ажиллаад яах вэ гээд нэг сарын хугацаанд ажиллаагүй. Тэр төлбөрөө нэхэмжилсэн. Өөр зүйл нэхэмжлээгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар   

Камерын бичлэгт үзлэг хийсэн: “Бичлэгийн 00:00:01 секундэд CU үйлчилгээний төвийн касс хэсэг рүү харсан хяналтын камерт бичигдсэн бичлэг байх ба бичлэгт хохирогч Э.Н кассын хойд хэсэгт газар суусан байдалтай кассын урд хэсэгт яллагдагч С.Г зогсож байх ба зүүн гартаа гар утас барьсан байв. Бичлэгийн 00:00:22 секундэд хохирогч кассын хойноос босоод яллагдагч С.Гын гар утсыг булаацалдаж байгаа байдал бичигдсэн байв. Бичлэгийн 00:00:01 секундэд бичлэгт хохирогч Э.Н кассын хойноос босоод яллагдагч С.Гын гар утсыг гараас нь булааж авахаар гар утсыг булаацалдаж байгаа байдал бичигдсэн байв. Бичлэгийн 00:00:16 секундэд бичлэгт хохирогч Э.Н кассын хойноос заал руу гарч байгаа байдал бичигдсэн байв. Бичлэгийн 00:00:22 секундэд бичлэгт хохирогч Э.Нийн үснээс яллагдагч С.Г хоёр гараараа барьж газар унагаж хоёр гараараа толгойг нь хоёр тийш нь хөдөлгөж татаж байгаа байдал бичигдсэн байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-10 дугаар хуудас),

Хохирогч Э.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 30-ны орой 21 цагийн үед CU-д ажил дээрээ кассан дээр сууж байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэй хүнсний бараа аваад нийт 30.000 төгрөг төгрөгийн худалдан авалт хийгээд нөт-өө хувь хүн дээр авах уу албан байгууллагаар авах уу гэхэд дуугарахгүй байхаар нь хувь хүн дээр гаргасан чинь байгууллага дээр гаргах байсан гэж уурласан. ... тэр хүн орилоод бичлэг хийгээд уйлаад кассын доошоо нуугдаад тухайн хүн зогсохгүй байхаар нь кассын хойноос гаръя гээд гарахад миний үснээс зулгаагаад газар унагасан. ... миний үснээс зулгаагаад газар унагаад сэгсрээд дараад би толгойгоо хөдөлгөж чадахгүй байсан. тухайн үйлдлээс болж миний тархи доргилт учирсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 12037 дугаар: “ Э.Нийн  биед тархи доргилт, хүзүү, зүүн бугалганд зулгаралт, баруун шуу, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас),

Шүүгдэгч С.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би үснээс нь зулгаасан гараас нь утсаа булааж авсан үйлдэл хийсэн ба бусдаар биед нь хүрээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас),

Хохирогч Э.Нийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 50 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “...Шүүгдэгч С.Г нь 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн оройн 21 цагийн үед Баянзүрх  дүүргийн**  дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “CU” худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа НӨАТ-ын баримт хувь хүнээр шивлээ гэж уурлан улмаар кассчинаар ажиллаж байсан Э.Нтэй маргалдаж, түүний үснээс зулгааж газар унагаах зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүү, зүүн бугалгад зулгаралт, баруун шуу, нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн оройн 21 цагийн үед шүүгдэгч  С.Г нь Баянзүрх  дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “CU” худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа НӨАТ-ын баримт хувь хүнээр шивлээ гэж уурлан улмаар кассчинаар ажиллаж байсан Э.Нтэй маргалдаж, түүний үснээс зулгааж газар унагаах зэргээр зоджээ.

Хохирогч Э.Нд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 12037 дүгээр дүгнэлтээр “тархи доргилт, хүзүү, зүүн бугалганд зулгаралт, баруун шуу, нуруунд цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч С.Г нь хохирогч Э.Нийн үснээс зулгааж газар унагаах зэргээр эрүүл мэндэд халдаж, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хохирогч Э.Нд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 12037 дүгээр дүгнэлтээр “тархи доргилт, хүзүү, зүүн бугалганд зулгаралт, баруун шуу, нуруунд цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч С.Г нь хохирогч Э.Нийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч С.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас болж өөрийн уур бухимдлыг бариагүйгээс болж гэмт хэрэг үйлдэгджээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Хохирогч Э.Нээс ажил олгогч байгууллагаас нэг сарын хугацаанд ажиллаагүй болон сарын 900.000 төгрөг гэх баримтыг гаргаж өгсөн байх ба тухайн цаг хугацаанд эмчлүүлсэн талаарх баримтыг гаргаж өгөөгүй байна.

Иймд хохирогч Э.Н нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу С.Гаас холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал “Хавтаст хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судалсан баримтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нотлогдож байгаа. Харин С.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа үнэн зөв мэдүүлсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бага насны 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эх зэрэг хувийн байдал, С.Г хохирлыг хүлээн зөвшөөрсөн, 13 дугаар сургуульд багшилдаг зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасан байх ба уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзаж шүүгдэгч С.Гыг ялаас чөлөөлөх боломжгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

Шүүгдэгч С.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилтай гэх хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч С.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.

Шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч С.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дархчууд овогт С.Гийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

5. Шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Э.Н нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу С.Гаас холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                            М.ТҮМЭННАСТ