Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1779

 

                                                                                                                   

    2022      12            07                                         2022/ШЦТ/1779

 

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цасшихэр,

улсын яллагч М.Сансарсайхан,

хохирогч З.Ж,           

шүүгдэгч Ж.С нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж.Ст яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 03883 2777 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.                              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

0

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.С нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, **тоот нэг өрөө байранд хохирогч Э.Жын авч өгсөн тавилга болох буйдан, ханын стейк, хөргөгч, дуковтой плетик, хиншүү сорогч, гал тогооны тосгуур, гал тогооны тавилга, угаалгын машин зэрэг эд зүйлийг 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн хооронд нууцаар, хууль бусаар авч, бусдад худалдан борлуулж 2,679,160 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

Хохирогч З.Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Шүүгдэгч Ж.С нь манай ээжтэй хамт амьдардаг манай эгчийн хүүхэд байгаа юм. Манай ээж дээр өссөн. Сүүлийн үед тоглоом тоглоод донтчихсон. Цагдаад хэлэхээр “шар хаданд хэвтүүлдэг юм уу, шүүхээр ороод явбал ял эдлээд явна” гэж хэлдэг. Шүүгдэгч ээжээсээ багаасаа тусдаа амьдардаг байсан, ээж нь бага байхад нь гадаад яваад ирсэн. Ээжтэйгээ бараг юм ярьдаггүй. Ээж нь хүүхдийнхээ хүмүүжилд оролцож, анхаарч чадаагүй гээд юм хэлж чаддаггүй. Тэгээд буруу зүйл хийх болгонд нь өнгөрөөгөөд байсан нь даамжирсан. Цагдаа нар ч гэсэн нэг их авч хэлэлцдэггүй. Тухайн үед эмээгээ хөдөө яваад ирэх хооронд С ажил хийнэ гэж үлдсэн. Тэгээд яваад ирсэн чинь гэрийн эд зүйлсээ алдсан байсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллагад хохирогчийн хувиар алдсан зүйлсийнхээ ядаж талыг нь олоод авчих юм сан гэсэн эд зүйлээ эргүүлж авах зорилготойгоор хандсан. Тухайн эд зүйлсийг зарсан хүмүүстэй холбогдож өгнө үү. Хямдхан зарсан гэх эд зүйлээ эргүүлж авах зорилготой байсан. Гэтэл цагдаагийн байгууллага таг чиг байж байснаа гэнэт л хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх буюу хэргийг прокурорт шилжүүлсэн гэсэн зурвасыг миний утас руу илгээсэн. Би тухайн хэргийг хаагдсан гэж ойлгосон. Тэгээд байж байтал цагдаагийн мөрдөгч залгасан. Хэрэгтэй холбоотойгоор ирж уулз гэсэн. Очоод уулзахад дахин үнэлгээ хийлгэсэн гэсэн. Миний зүгээс эд зүйлсээ анх авч байсан үнийн дүнгээрээ үнэлсэн байсан. Гэтэл “одоогийн зах зээлийн үнэлгээгээр хэд гэж бодож байна. тэрийгээ хэл” гэсэн. Би бичиж өгсөн. Тэгтэл прокурор луу шилжих гээд 2.000.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Хүлээн зөвшөөрч байвал гарын үсгээ зур гэхэд нь би зурсан. Хохирлоо олж авч барагдуулах саналтай байсан байхад цагдаагаас хэргийг прокурор, шүүх рүү шилжүүлчихсэнд гомдолтой байгаа. Тухайн хүүхэд хэдэн жилийн ял авч явах нь цагдаад хамаагүй юм шиг санагдсан. С нь тэнээд алга болчихдог. Заримдаа гэртээ байгаад заримдаа байдаггүй. Тэгтэл цагдаа нар гэрт нь сахиж сууж байгаад ч хамаагүй олж ир гээд байсан. Энэ хэргийг шүүхэд өгсөн нь эгчийнхээ хүүхдийг шоронд явуулж, мууг нь үзэх гээд байгаадаа биш. Удаа дараа, үгэнд орохгүй хулгай хийгээд байсан. Цагдаад мэдэгдэхэд цагдаа нар тоодоггүй болохоор аргаа бараад ирсэн. Одоо С өөрөө ухаарч байгаа байх. Цагдаа Сыг хохирлоо барагдуул гэсэн юм шиг байгаа юм. Тэгээд юм хум аваад тавьчихсан байна гэсэн. Гэтэл тэрийгээ дахиад тоглоомоо тоглоод зарсан байсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Хохирогч З.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би өөрийн төрсөн эгч Жавзандолгор болон түүний хүү С, манай ээж Т нарт дүү бид хоёр байрны урьдчилгаа өгч байранд 2018 оны 06 сард оруулсан ба тухайн байр нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороо ** тоот 1 өрөө байр юм. Тухайн байрны тавилгануудыг би 2018 оны 06 дугаар сараас 07 дугаар сар хүртэл өөрийн мөнгөөр авч тохицуулсан юм. Би 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ээж Т, эгч Жавзандолгор нарыг хүүхдүүдийн хамт дагуулж хөдөө аялалаар яваад 2022 оны 07 дугаар сарын 26-ны орой Баянзүрх дүүргийн ** дугаар хороо **тоот байранд ирэхэд хаалга онгойлгохгүй байраар нь түлхүүрээрээ онгойлгоод ороход гэрийн тавилга болох буйдан, ханын стейк, хөргөгч, дуковтой плетик, хиншүү сорогч, гал тогооны тосгуур, гал тогооны тавилга, угаалгын машин зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),

Гэрч Ц.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дэнжийн мянга Нарантуул 2 зах дээр хуучин тавилга авч зардаг лангуутай бөгөөп 2022 оны 07 дугаар сарын 18-ны орой миний фейсбүүк дээр хуучин тавилга авна гэсэн зарын дагуу над руу нэг залуу залгаад буйдан зарах гэсэн юм 200.000 өгөх гэсэн юм гээд залгахаар нь би орой болсон байна маргааш өглөө үзье гэж хэлээд маргааш нь 10 цаг өнгөрч байхад хаягийг нь тэмдэглэж аваад тухайн залуугийн гэрт очиж буйданг үзэж 160.000 төгрөгөөр авахаар тохирч худалдан авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),

Шүүгдэгч Ж.Сын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** тоотод эмээгийн хамт амьдардаг бөгөөд манай эмээ эгч Ж, ээж Ж нарын хамт Баянхонгор аймаг руу амрахаар 10 хоног явсан. Явсны дараа нь би 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэрийн хөргөгчийг 230.000 төгрөгөөр зарсан. 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нь зурагтын тавиур угаалгын машиныг 360.000 төгрөгөөр зарсан. 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр буйданг 160.000 төгрөгөөр зарсан. 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Гал тогооны тавилга тосгуур агаар шүүгчийн хамт 200.000 төгрөгөөр зарсан. Шарх шүүгээг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 280.000 төгрөгөөр зарсан. ... Би эгч Жд өөрийн мөнгөөр зурагтын тавиур, ушаалгын машин авч өгсөн байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас)

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас),

“Дамно” ХХК-ын хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 16 дугаар хуудас)

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Ж.С нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, *** тоот нэг өрөө байранд хохирогч Э.Жын авч өгсөн тавилга болох буйдан, ханын стейк, хөргөгч, дуковтой плетик, хиншүү сорогч, гал тогооны тосгуур, гал тогооны тавилга, угаалгын машин зэрэг эд зүйлийг 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн хооронд нууцаар, хууль бусаар авч, бусдад худалдан борлуулж 2,679,160 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ж.С нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 52-67 тоот нэг өрөө байранд хохирогч Э.Жын авч өгсөн тавилга болох буйдан, ханын стейк, хөргөгч, дуковтой плетик, хиншүү сорогч, гал тогооны тосгуур, гал тогооны тавилга, угаалгын машин зэрэг эд зүйлийг 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн хооронд нууцаар, хууль бусаар авч, бусдад худалдан борлуулж 2,679,160 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Э.Жын эзэмшлийн гал тогооны тавилга, буйдан, ханын стейк, хөргөгч, плетка, хиншүү сорогч, тосгуур, угаалгын машин зэргийг нийт 2,679,160 төгрөгөөр үнэлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ж.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 “Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба шүүгдэгч нь хохирогч З.Жын эзэмшлийн гал тогооны тавилга, буйдан, ханын стейк, хөргөгч, плетка, хиншүү сорогч, тосгуур, угаалгын машин зэргийг нийт 2,679,160 төгрөгөөр үнэлэгдсэн, хохирогч З.Жд 2,679,160 төгрөгийн хохирол учруулсан байгаа нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ж.С нь хохирогчийн эзэмшлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Ж.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд шүүгдэгч нь мөрийтэй тоглоомд донтсоны улмаас гэрийн эд зүйлээ авч, худалдан борлуулж олсон мөнгөөр мөрийтэй тоглоом тоглохоор үйлдсэн байна.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч З.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт плеткийг авсан бусад эд зүйлсээ нэхэмждэхгүй гэж мэдүүлсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон үнийн дүнгээс хохирогч нь дуковтой плетикийг буцааж авсан байх тул уг плетканы үнэ 419,940 төгрөгийг хасаж, үлдэх 2,259,220 төгрөгийг шүүгдэгч Ж.Саас гаргуулан хохирогч З.Жд олгох нь зүйтэй гэж үзэв.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ж.С нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Ж.Ст эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацааагаар хорих ял оногдуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Сын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Мөн шүүгдэгч Ж.Ст оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Ст оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ж.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ст 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ж.Ст оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Ст оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Саас 2,259,220 төгрөгийг гаргуулан хохирогч З.Жд олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                    М.ТҮМЭННАСТ