Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/93

 

 

 

  2023        01        30                                      2023/ШЦТ/93

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Б.Батцэцэг, шүүгдэгч Г.У, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч С.Цэнгүүн нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх  хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б, Г.У нарт холбогдох эрүүгийн “2211 00000 2030” дугаартай, 186/2023/0070/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, А.Б,

          2. Монгол Улсын иргэн, хххх оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Г.У,

          Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 9 дүгээр байрны гадна машины зогсоол дээр хохирогч Г.Утэй маргалдан улмаар түүний үснээс зулгааж, нүүрэн тус газарт цохиж хохирогч Г.Уийн биед “хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, духанд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах,

Шүүгдэгч Г.У нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 9 дүгээр байрны гадна машины зогсоол дээр хохирогч А.Бтэй маргалдан улмаар түүний үснээс зулгааж, нүүрэн тус газарт цохиж хохирогч А.Бгийн биед “зүүн баруун гарын 4-р хурууны шарх, баруун нүдний доод зовхи, зулайн хуйх, зүүн сарвуу, зүүн хацрын зулгаралт, цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                                           

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

     1.1.Шүүгдэгч, хохирогч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Тухайн үед хүүхдээ сургуулиас нь авчхаад яг хөдөлсөн чинь өөдөөс тулаад ирсэн. Би зөрье гээд машин дотроосоо хэлсэн чинь цонхоороо над руу салаавч гаргаад орилоод байсан. Би бууж очоод хоёулаа зөрье миний ард тал мухар байна. Би гарч байж чи орно шүү дээ гэсэн чинь цонхоороо бузрын янхан минь зайл, би өөрийнхөө зогсоол руу орох гэж байна гээд над руу салаавч гаргаад цонхоо хаасан. Би хүнээр тэгж хэлүүлчихсэн болохоор чи юу гээд байгаа юм бэ гээд хаалгыг нь татаад машиных нь доод хэсэг рүү өшиглөсөн. Тэгсэн чинь шууд бууж ирээд муу гичий минь чи гээд үснээс зулгаагаад намайг доош нь дарсан. Юм аймар хурдан болоод өнгөрөхөөр нь би сандраад, манай хүүхэд хажууд байсан орилоод, би биеэ хамгаалаад зөрүүлээд үсэдсэн. Тэгж байхдаа би духыг нь маажсан юм шиг байна лээ. Түүнээс биш би санаатай зодъё гэж бодоогүй. Тухайн үед гаргасан үйлдэлдээ би харамсаж байгаа гэв.

  1.2.Шүүгдэгч, хохирогч Г.У нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Тухайн үеийн камерын бичлэгийг би өгсөн байгаа. Тэр бичлэгээр бүх зүйл тодорхой харагдах байх. Яг ингээд зогсоол руу орох гээд эхний машин руу дохио өгсөн чинь эхний машин гарсан. Дараагийн машин руу би дохио өгөөд 5-6 минут хүлээсэн. Тэгж байгаад би урагшаа зогсоол руу орох гэж байсан өөдөөс тулаад ирсэн. Би та хоёрхон метр ухраад өгөө би хажуугийн зогсоол руу оръё гэсэн чинь хөдлөхгүй байсан. Тэгээд ерөөсөө ухрахгүй байхаар нь маргалдсан. Тэгээд буугаад ирэхээр нь би айгаад хаалгаа түгжсэн. Тэгсэн чинь ирээд машины хаалга татаад, машин өшиглөсөн. Тэгээд машины маань урд толийг хойш нь эргүүлээд цохисон. Би буугаад яаж байгаа юм бэ гээд түлхсэн. Намайг үсдээд миний машин руу намайг шахаж дарсан. Би машиндаа суугаад байж байсан чинь хажуу талын хүмүүс хүүе чи цагдаа дуудаач ээ чиний нүүрнээс цус гоожоод байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудаж энэ асуудлыг шийдэх ёстой юм байна гээд цагдаа дуудсан гэв.

           Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Уийн:..миний урд байсан машин хөдлөхгүй байхаар нь машинаараа тулаад очсон. Цаашаа ухарчих гээд дохиогоор хэлсэн чинь үгүй гээд толгой дохиод байсан. Тэгээд удалгүй машиныхаа сигналыг дараад би яг одоо гарах болно гэхээр нь би урдаас нь машины сигналаа дарсан. Нөгөө эмэгтэй буугаад ирэхээр нь би айгаад машины хаалгаа түгжсэн. Тэгсэн машины доод хэсэг рүү өшиглөсөн. Би буугаад нөгөө эмэгтэйг түлхээд та ухрахгүй зогсоод байсан байж яагаад ийм үйлдэл гаргаад байгаа юм гэсэн. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй миний үснээс зулгаасан. Би зөрүүлээд үснээс нь зулгаагаад зууралдаад байж байсан нэг хүн ирээд салгасан. Тэгээд машиндаа ороод суугаад толинд харсан чинь миний духны баруун дээд хэсэгт хумсаар маажсан, толгой хэсэгт хавдсан байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 09-11 дүгээр тал/,

          2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Бгийн:.. урдаас нэг хар приус 30 загварын тээврийн хэрэгсэлтэй эмэгтэй тулж ирж зогсоод машины сигналаа дараад хэл амаар доромжлоод байсан. Би машинаасаа буугаад чи ухраад өгчих, хажууд байгаа зогсоол руу чинь ороод хоёулаа зөрөх хэрэгтэй байна, миний ард зай байхгүй байна, мухар байгаа болохоор гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй намайг бузрын янхан, гуйлгачин минь зайлаад өг гэж хэлээд цонхоо хаасан. Тэгэхээр нь хаалгыг нь онгойлгох гээд татсан цоожтой байсан. Тэгэхээр нь машины жолооч талын доод хэсэгт өшиглөсөн. Тэгсэн бууж ирээд миний нүүр хэсэгт нэг удаа цохиод үснээс зулгаагаад татсан. Би зөрүүлээд үснээс нь зулгаасан, зулгааж байх явцад тэр эмэгтэйгийн дух хэсэгт маажсан байсан. Миний зүүн гарын ядам хурууны хумс гэмтсэн байсан. Би тухайн маргалдсан эмэгтэйг үснээс нь зулгааж байх явцад ядам хурууны хумсаараа маажаад миний хумс гэмтсэн байх гэж бодож байна. Бид хоёрыг тэнд байсан залуу ирээд салгасан гэх мэдүүлэг. /хх-ийн 13-15 дугаар тал/,

2.3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14978 дугаартай дүгнэлтэд:

          1. Г.Уийн биед хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, духанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.    

          3. Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой.

          4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэжээ. /хх-ийн 25-26 дугаар тал/,

2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн15443 дугаартай дүгнэлтэд:

1. А.Бгийн биед зүүн, баруун гарын 4-р хурууны шарх, баруун нүдний дээд зовхи, зулайн хуйх, зүүн сарвуу, зүүн хацарт зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 7-12 хоногийн өмнө үүсгэгдсэн гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.     

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэжээ. /хх-ийн 30-31 дүгээр тал/,

         Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

         3.1. Улсын яллагч хавтас хэргээс: гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар тал/, хохирогч Г.Уийн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-11 дүгээр тал/, хохирогч А.Бгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дугаар тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч Ө.Сарангэрэлийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14978 дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 25-26 дугаар тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч Ц.Оюун-Эрдэнийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15443 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 63-66 дугаар тал/, яллагдагч А.Бгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 69-71 дүгээр тал/, яллагдагч Г.Уийн мэдүүлэг /хавтаст хэргийн 74-76 дугаар тал/, яллагдагч Г.Уийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгасан хуудас, жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 41-42 дугаар тал/, яллагдагч А.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгасан хуудас /хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав

         3.2.Шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч Б.Батсүрэн хавтас хэргээс: шинжээч эмч Сарангэрэлийн дүгнэлт хавтаст хэргийн 25-26 дугаар тал/, /Шинжээч эмч Оюун-Эрдэнийн дүгнэлт хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/, /кассын орлогын баримт хавтаст хэргийн 40 дүгээр тал/, /ял шалгасан хуудас хавтаст хэргийн 41 дүгээр тал/, /иргэний үнэмлэхийн лавлагаа хавтаст хэргийн 42 дугаар тал/, /Ууганцэцэгийн оршин суугаа газрын тодорхойлолт хавтаст хэргийн 46 дугаар тал/, /А.Бийн мэдүүлэг хавтаст хэргийн 71 дүгээр тал/, Г.У мэдүүлэг хавтаст хэргийн 74 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя мөн шинээр Г.Уийн 5 настай хүүгийн төрсний гэрчилгээний хуулбарыг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав

         3.3.Шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч М.Цэнгүүн хавтас хэргээс:шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс А.Бийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судалъя мөн өнөөдрийн шүүх хуралдаанд А.Бийн хувийн байдалтай холбоотой болон эмчилгээ оношилгоо хийлгэж байсан нийт 12 хуудас баримтуудыг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав

           3.4.Шүүгдэгч, хохирогч нар хавтас хэргээс:Тусгайлан судлуулах зүйл байхгүй гэв.

           Гэм буруугийн талаар:

           Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

         Шүүгдэгч А.Б нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 9 дүгээр байрны гадна машины зогсоол дээр хохирогч Г.Утэй маргалдан улмаар түүний үснээс зулгааж, нүүрэн тус газарт цохиж хохирогч Г.Уийн биед “хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, духанд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг,

         Шүүгдэгч Г.У нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 9 дүгээр байрны гадна машины зогсоол дээр хохирогч А.Бтэй маргалдан улмаар түүний үснээс зулгааж, нүүрэн тус газарт цохиж хохирогч А.Бгийн биед “зүүн баруун гарын 4-р хурууны шарх, баруун нүдний доод зовхи, зулайн хуйх, зүүн сарвуу, зүүн хацарт зулгаралт, цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

- хохирогч Г.Уийн:...тэгсэн чинь нөгөө эмэгтэй миний үснээс зулгаасан. Би зөрүүлээд үснээс нь зулгаагаад зууралдаад байж байсан нэг хүн ирээд салгасан. Тэгээд машиндаа ороод суугаад толинд харсан чинь миний духны баруун дээд хэсэгт хумсаар маажсан, толгой хэсэгт хавдсан байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 09-11 дүгээр тал/,

       - хохирогч А.Бгийн:...тэгэхээр нь машины жолооч талын доод хэсэгт өшиглөсөн. Тэгсэн тэр эмэгтэй бууж ирээд миний нүүр хэсэгт нэг удаа цохиод үснээс зулгаагаад татсан. Би зөрүүлээд үснээс нь зулгаасан, зулгааж байх явцад тэр эмэгтэйгийн дух хэсэгт маажсан байсан. Миний зүүн гарын ядам хурууны хумс гэмтсэн байсан. Би тухайн маргалдсан эмэгтэйг үснээс нь зулгааж байх явцад ядам хурууны хумсаараа маажаад миний хумс гэмтсэн байх гэж бодож байна. Бид хоёрыг тэнд байсан залуу ирээд салгасан гэх мэдүүлэг. /хх-ийн 13-15 дугаар тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14978 дугаартай дүгнэлт. /хх-ийн 25-26 дугаар тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн15443 дугаартай дүгнэлт. /хх-ийн 30-31 дүгээр тал/ камерын бичлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь бие биедээ хүндэтгэлтэй хандаагүй, хэн нэгнийхээ үгийг сонсохгүй, өөрсдийн уураа барьж чадаагүйн  улмаас бие биеэ зодож   гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч, нарын мэдүүлэг, камерын бичлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул  Г.У, А.Б нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

           Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

           Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.У, А.Б нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

 

           Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У, А.Б нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 9 /сарын/ дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Хохирогч Г.У нь А.Бгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж шүүхэд тайлбар хүсэлт гаргасан, харин хохирогч А.Б нь Г.Уээс эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, өөрөөр гомдол саналгүй гэсэн тайлбар гаргаж байгааг шүүх хүлээн авч, шүүгдэгч А.Б нь шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг нэхэмжилж байгаа тул шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

 Учир нь:   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нь:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д ...хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид... төлөх зардлаас бүрдэнэ.

- мөн хуулийн 2 дахь хэсэгт ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журмыг Засгийн газар батлана...

“...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна...” гэж тус тус заасан байна.

 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 161 дугаартай Засгийн газрын тогтоолд ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам...-ын 2.6.6-д насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр гаргуулахаар уг журамд тооцохоор заасан байх тул шүүгдэгч А.Бгийн өмгөөлөгчийн хөлс болох 1.500.000 төгрөгийг шүүгдэгч Г.Уээс гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлөргүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалахыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

           1.Шүүгдэгч А.Б, Г.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           2. Шүүгдэгч А.Б, Г.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн  зуун тавин мянган/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Г.У нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 9 /сарын/ хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Г.У  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон 9 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдсугай.

           5. Шүүгдэгч А.Б, Г.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг           СД-ийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.  

           7. Шүүгдэгч А.Бгээс өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг нэхэмжилснийг  хангахгүй орхисугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

           9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б, Г.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БАТЖАРГАЛ