Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/16

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч С.Хүдэрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сонгуулийн Хүдэрбаатарт холбогдох эрүүгийн 2221000000428 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,1974 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр баг, Хулстайн 1-1 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн шүүхийн 1992 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1992 оны Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, Дорнод аймгийн ардын хэсгийн 7 дугаар шүүхийн 1993 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 199 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэж, өмнөх шийтгэл тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хорих ялаар, Дорнод аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2002 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 21А шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт Сонгуулийн Хүдэрбаатар. /РД: ЖМ74050179/

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Хүдэрбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр баг Цайдамын 01 тоотод оршин суух иргэн Л.Жамсрангийн гэрт ямар ч шалтаг шалтгаангүйгээр насанд хүрээгүй буюу 14 нас 4 сартай М.Батхишигийн нүүрэн тус газарт цохиж М.Батхишигийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Хүдэрбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Энэ хэрэг болохоос өмнөх өдөр Батхишиг болон манай хүүхэд хоёр утсаараа тоглоод байхаар нь өвөө, эмээдээ тусал гэж хэлж байсан. Би М.Батхишигийг согтуудаа цохисон болохоо хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч М.Батхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчимд өвөөгийн гэр болох Дорнод аймгийн Чойбалсан сумын Цайдамын 01 тоотод байсан. Тэгтэл гаднаас хүргэн ах болох Хүдэрбаатар ах орж ирэхэд нь би сандал дээр сууж байсан. Хүргэн ах Хүдэрбаатар гаднаас нэлээд согтуу байдалтай орж ирсэн бөгөөд би энэ үед ангийн найзтайгаа утсаар ярьж байхад гэнэт над дээр ирээд "чи яасан том болсон юм бэ” гээд гараа зангидаж байгаад баруун гараараа миний нүүрэн тус газарт 2 удаа цохисон. Ингээд өвөө Жамсран дундуур орж бид хоёрыг салгаад Хүдэрбаатар ах гэрээс гарч явж, би эмнэлэгт үзүүлсэн. Намайг ямар шалтгааны улмаас цохих болсон талаар мэдэхгүй байна. С.Хүдэрбаатар ах намайг зүгээр байж байхад цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би хүүгээ яг цохиулах үед нь хамт байгаагүй, дараа нь Хүдэрбаатар гэх хүргэн ахдаа зодуулсан талаар надад хэлсэн. Би Хүдэрбаатар гэх хүнээс бэлэн 150,000 төгрөг болох эмчилгээний төлбөрийг авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

Гэрч Д.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 10 сарын 14-ний өдөр сумын төвд байх найз Жамсрангийн гэрт Жамсрангийн эхнэр Оюунцэцэг, хүүхдүүдийнх нь хүүхэд гэх 2 эрэгтэй хүүхэд бид нар байхад гаднаас Жамсрангийн хүргэн Хүдрээ согтуу орж ирсэн бөгөөд тухайн үед хойд талын өрөөнд орж унтсан. Тэгээд хэсэг хугацааны дараа бид хэд том өрөөнд сууж байхад Хүдрээ хойд талын өрөөнөөс гарч ирсэн. Тухайн үед хөнжил гудсаа авах гэж байна гэж бодтол ширээний хажуу талд сууж байсан хүүг үг дуугүй шууд цохисон. Тэр үед цохиулсан хүү бахирсан ба би Хүдрээд уурлаж "яаж байгаа юм, чи хүүхэд цохиж болохгүй” гэж хэлсэн. Тэгээд Хүдрээ хойд талын өрөө рүү явсан. Удалгүй гаднаас Хүдрээгийн хүү дэлгүүрээс ирж, тэр үед цохиулсан хүү уйлаад байж байсан бөгөөд яагаа вэ, та нар гэж хэлээд Жамсрангийн машинтай эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

Гэрч Л.Жамсрангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2022 оны 10 сарын 14-ний өдөр би, манай эхнэр, Урнаа, манай охины хүүхэд Батхишиг, Хүдэрбаатарын хүү Тэмүүжин бид нар гэрт байхад гаднаас манай хүргэн Хүдэрбаатар согтуу орж ирсэн. Тухайн үед шууд хойд талын өрөөнд орж унтсан. Тэр үеэр Хүдэрбаатарын хүү дэлгүүр явсан байсан ба манай охины хүүхэд Батхишиг, би, манай эхнэр, Урнаа, бид хэд том өрөөнд байж байхад Хүдрээ хойд талын өрөөнөөс гарч ирээд Батхишигийг гараараа нүүрэн тус газарт нь 2 удаа цохичихоод хойд талын өрөө рүү эргээд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

Шүүгдэгч С.Хүдэрбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд барилгын ажил хийж байх үед манай хадам дүү болох М.Батхишиг нь айлын бохир ус зөөгөөд явж байхад нь “чи эмээ өвөөгийнхөө усыг нь зөөж өгөхгүй яасан юм бэ” гэж тэр үед уурласан. Тэгээд би барилгын ажлаа дуусгаад найз Санчирын гэрт очиход 1 шил 0,5 литрийн архи гаргаж Маамуу, Амараа, Санчир бид нар хуваагаад уусан. Архиа ууж дуусгаад орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр баг Цайдамын 1-1 тоотод байх хадам аавынд очсон. Намайг гэрт ороход манай хүү Тэмүүжин болон хадам дүү Батхишиг нар гар утсаараа тоглож байхад нь би өөрийнхөө өрөө рүү орсон. Тэгтэл манай хүү болон Батхишиг нар нь гар утасныхаа дууг чанга дээр нь тавиад тоглоод байхаар нь та нар болилдоо гэхэд Батхишиг миний өөдөөс “танаар заалгахгүй” гэж хэлэхэд нь би баруун гарынхаа ар хэсгээр алгадаж байгаа юм шиг 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 645 тоот дүгнэлтэд:

1. 2.  М.Батхишигийн хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.  

4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 30-31/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/

- Хохирогчийн цагдаагийн газарт бичгээр гаргасан гомдол /хх-ийн 08/

- Шүүгдэгч С.Хүдэрбаатарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 39-42/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/

- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 45-51/

- Насанд хүрээгүй хохирогчийн төрсний бүртгэлийн хуулбар, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 53-54/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч С.Хүдэрбаатарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч С.Хүдэрбаатар нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр баг, Цайдамын 01 тоотод оршин суух иргэн Л.Жамсрангийн гэрт ямар ч шалтаг шалтгаангүйгээр насанд хүрээгүй хохирогч М.Батхишигийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч С.Хүдэрбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч М.Батхишиг, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхцэцэг,  гэрч Д.Уранчимэг, Л.Жамсран нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогчийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан гомдол, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 645 тоот “...М.Батхишигийн хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.  Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Боржигон овогт Сонгуулийн Хүдэрбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Хүдэрбаатар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүгдэгч С.Хүдэрбаатар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Боржигон овогт Сонгуулийн Хүдэрбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Хүдэрбаатарын үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Батхишигийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч С.Хүдэрбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч Боржигон овогт Сонгуулийн Хүдэрбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сонгуулийн Хүдэрбаатарыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хүдэрбаатар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Хүдэрбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА