| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2018/05167/и |
| Дугаар | 820 |
| Огноо | 2019-03-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 820
| 2019 оны 03 сарын 19 өдөр | Дугаар 101/ШШ2019/00820 | ******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн гаргасан,
Хариуцагч: *******,*******,*******,*******,-нд холбогдох,
Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс 4,617,089.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, өмгөөлөгч А, гэрч М, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 2017 оны 11 дүгээр сараас хариуцагч Х ХХК-нд ахлах тогоочийн ажил, албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сард өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд хариуцагч тал 2018 оны зуны 06, 07, 08 дугаар сарын хэт ачаалалтай үед илүү цагаар ажилласны нэмэгдэл, баяр наадмын болон амралтын өдрүүдэд ажилласны нэмэгдэл хөлс нийт 4,610,000 төгрөгийг олгоогүй.
Жуулчны хэт ачааллын үед гал тогооны бүтэц бүрэлдэхүүн бага байсан тул илүү цагаар ажиллах зайлшгүй шаардлагатай болсон. Би, ажлын хөлсийг тухай бүрт нь авч байгаагүй, энэ талаар Солонгос захиралд хүсэлт гаргахад бонус цалин олгоно, эсхүл БНСУлс руу явуулна гэх зэргээр худал амлалт өгч өнөөдрийг хүртэл амлалтаа биелүүлээгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар цалин хөлсийг бодох аргачлалыг ашиглан илүү цагийн нэмэгдэл хөлс 3,136,350.00 төгрөг, баяр наадмын амралтын хөлс 384,617.00 төгрөг, долоо хоногийн амралтын 19 өдрийг 1.5 дахин нэмэгдүүлэн бодож 1,096,129.00 төгрөг, нийт 4,610,000.00 төгрөгийг нэхэмжилж байна.
Бид, сард 4 өдөр амрах журамтай, үүнээс би 2018 оны 06 дугаар сард 4 өдөр, 07 дугаар сард 2 өдөр, 08 дугаар сард 8 өдөр амарсан юм. Хариуцагч компанийн бизнесийн онцлогоос хамаарч нэг өдрийн ажлын цагийг тооцох боломжгүй. Учир нь, жуулчид хэзээ ирж, хэзээ буцах талаар тодорхой мэдээлэл байхгүй, гадаад, дотоодын жуулчдын тоо, ирж, буцах цаг, тэдгээрийн захиалсан хоол, хүнсний төрөл, хэмжээнээс хамаарч нэг өдрийн ажлын эхлэх болон дуусах хугацааг тогтооход хэцүү байдаг.
Би, нийтээр амрах баяр ёслолын өдрөөс гадна долоо хоног бүрийн амралтын өдөр ажилладаг байсан, заримдаа өглөө 05:00 цагаас оройн 24:00 хүртэл ажиллах үе гарч байсан, оргил ачааллын үед гал тогооны ажилтны тоог нэмэгдүүлэх талаар санал тавьж байсан бөгөөд энэ талаар хэрэгт авагдсан бүртгэлийн дэвтэрт тодорхой тусгагдсан” гэв.
Хариуцагч тал тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч Б нь 2017 оны 11 дүгээр сард ээлжийн тогоочоор ажилд орсон. Энэ хугацаанд буюу 2018 оны 05 дугаар сар хүртэл манай компанийн ажлын ачаалал хамгийн бага үе байсан боловч 2018 оны 06 дугаар сараас эхлэн ажлын ачаалал нэмэгдсэн.
Х ХХК нь жуулчны баазын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг бөгөөд оргил ачааллын үе нь зуны 3 сар байдаг. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сар хүртэл буюу жуулчны баазын ажлын ачаалал хамгийн бага үед гал тогоонд 3-4 хүний бүрэлдэхүүнтэй, ажлын ачаалал ихэссэн үед 6 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг байсан.
Гадны жуулчид их ирдэг тул Монголын үндэсний хоол болох хорхогийг ихээр сонирхож авдаг. Нэхэмжлэгч Б нь ахлах тогоочийн хувьд бүх хоолыг өөрөө гардаж хийдэггүй, хорхог хийдэг тусдаа тогооч байдаг, энэ хугацаанд өндөр ачааллалтай байсан гэдгийг нотлох боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан ажлын цагийг нэгтгэн бодох аргачлалын дагуу манай компани тухайн ажилтныг анх ажилд авахдаа сард 4 хоног амраах, баазад байрлуулах гэх зэрэг онцлог нөхцөлийг тохирдог.
Ажилтны цалин, хөлсийг тогтмол олгодог байсан ба ажилчид тогтмол цалинтай учраас ачаалал их, бага байхаас үл хамааран цалин хэвээрээ байдаг. Ачаалал багатай үед ачаалал ихтэй үед ажилласан ачааллаа нөхөж амардаг юм. Гал тогооны ажлын цагийг нормчлох боломжгүй. Солонгос жуулчид өглөөний цай болон хорхогийг ихээр иддэг, тэд ихэвчлэн өглөөний 07:00 цагт цайнд орж, өдрийн цагаар гадуур аяллаж, үзвэр үйлчилгээ үзэж сонирхдог тул өдрийн хоол бага захиалдаг.
Ахлах тогооч нь хорхогны зөвхөн порцыг л бэлддэг. Нэхэмжлэгч Бийг өдөр болгон 14-15 цаг ажиллаж байгаагүй, жуулчны баазад тухайн ажилтныг ажиллаж буйг бүртгэлийн дэвтэрт “и” гэсэн тэмдэглэгээ тавьдаг. Компаниас ажилтнуудад бонус цалин олгох эсвэл БНСУлс улс руу явуулах зэрэг санал тавьж байсан. Гэвч нэхэмжлэгч нь 2018 оны 09 дүгээр сараас ажлаасаа гарсан тул уг боломжийг эдлээгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Бөөс хариуцагч Х ХХК-нд холбогдуулан илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс 4,617,089.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тэрээр хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б болон хариуцагч Х ХХК нар 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба нэхэмжлэгч тал тус компанид ахлах тогоочоор 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн гэх үйл баримтын талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 6-8 хуудас/.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн “миний бие тус компанид 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ахлах тогоочоор томилогдож ажиллаж байсан” гэсэн тайлбарыг хариуцагч тал үгүйсгээгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-д “хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн харилцаа нь ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр үүсэх ба зохигчид ийнхүү тэдгээрийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн эсэх үйл баримтын талаар маргахгүй байх тул нэхэмжлэгч Б болон хариуцагч Х ХХК нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
Талууд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг 2018 оны 06, 07, 08 сард ажиллах хугацаандаа хуулиар тогтоосон ажлын цагийг хэтрүүлэн ажилласан тухай маргасан. Зохигчдын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, мөн нэхэмжлэгчийн Х ХХК дах дансны хуулга болон хариуцагчийн тодорхойлолтод дурдсанаар нэхэмжлэгч тал нэг сард 1,000,000.00 төгрөгийн цалин хөлс авдаг, сард 4 хоног амарч, 26-27 хоног ажилладаг байжээ /х.х-ийн 9, 51-53 хуудас/.
Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.-д “Долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна” гэж, мөн 70.2.-т “Ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна” гэж, түүнчлэн 70.3.-д “Ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна” гэж тус тус заасан.
Тайлбарлавал, ажилтны долоо хоногт ажиллах цаг нь нийт 40 цаг, үүнээс ажлын 1 өдөр 8 хүртэл цаг ажиллах бөгөөд дараалсан 2 өдөр ажиллах тохиолдолд эдгээр ажлын өдрийн амралт нь 12 цаг болон түүнээс дээш хугацаатай байх учиртай.
Хариуцагч Х ХХК нь гадаад болон дотоодын жуулчдад амрах, хоноглох, зугаалахад нь зориулан тэдгээрт хоол, хүнсээр үйлчлэх, орон байр буюу гэр, сууцаар хангах, хөтөч хийх зэрэг үйлчилгээг үзүүлдэг ажээ. Хэдийгээр талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7.-д зааснаар нэхэмжлэгч Б нь долоо хоногт 40 цаг ажиллах нөхцөлтэй ч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар 2018 оны 06, 07, 08 сарын ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 цагаас илүү байхын сацуу тэрээр нийтээр амрах баяр ёслолын өдөр болон долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд ажилласан байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн нэг өдрийн ажлын эхлэх болон дуусах тогтсон цаг байдаггүй, өдрийн ажлын үргэлжлэх хугацаа 8 цагаар хязгаарлагддаггүй, шаардлагатай тохиолдолд шөнийн цагаар /22:00-06:00/ ажилладаг, Бямба, Ням гарагт амардаггүй зэрэг нь хариуцагчийн эрхлэн явуулдаг бизнесийн үйл ажиллагааны шууд холбоотой бөгөөд хариуцагч тал үүнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.3.-т “хөдөлмөрийн норм, норматив”-ыг батлаагүйгээс улбаалан нэхэмжлэгчийн ажлын цагийг тухай бүр нэгтгэн бодох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.-д “Ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан өдрийн болон долоо хоногийн ажлын цагийг баримтлах боломжгүй бол ажлын цагийг нэгтгэн бодох журмыг хэрэглэж болно” гэж, мөн 73.2.-т “Энэ хуулийн 73.1.-д заасан тохиолдолд нэгтгэн бодсон цаг нь тооцоот хугацаанд ногдох ажлын цагийн нийлбэрээс хэтэрч болохгүй” гэж тус тус заажээ.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Бийн 2018 оны зуны 3 сар буюу 06, 07, 08 дугаар саруудын нэг өдрийн ажлын цагийн эхлэн болон дуусах хугацааг жуулчдын тоо, очих, буцах цаг, түүнчлэн тэдгээрийн захиалах хоол, хүнсний төрөл, хэмжээ гэх мэтээс тус тус шалтгаалан бүрэн тогтоогдохгүй байхын зэрэгцээ тус компанийн жуулчны баазын ажилтнууд сард 4 хоног амардаг боловч нийтээр амрах баяр болон долоо хоног бүрийн амралтын өдөр, мөн шаардлагатай тохиолдолд шөнийн цагаар /22:00-06:00/ ажилладаг байх тул өдрийн болон долоо хоногийн ажлын цагийг баримтлах боломжгүй байна.
Иймд, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Бийн 2018 оны 06, 07, 08 дугаар сарын ажлын цагийг тооцохдоо ажлын цагийг нэгтгэн бодох журмыг баримтлах нь зүйтэй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3.-т “Ажлын цагийг нэгтгэн бодох журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 122 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Ажлын цагийг нэгтгэн бодох журам”-ын 2 дугаар зүйлд зааснаар ажил, үйлдвэрлэлийн онцлогийг харгалзан тодорхой хугацаанд буюу оргил ачааллын үед ажлын өдрийн үргэлжлэлийг уртасган тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 70.2 зааснаас хэтрүүлэн ажилласан ажлын цагийг оргил ачааллын бус үед ажилтныг нөхөн амраах замаар зохицуулахад ажлын цагийг нэгтгэн бодох журмыг хэрэглэн гэж зааснаас гадна 11 дүгээр зүйлд ажлын цагийг нэгтгэн бодох журмыг мөрдөж байгаа үед нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 52, 53 дугаар зүйлд зааснаар цалин хөлсийг олгоно гэж заажээ.
Мөн тус журмын 5 дугаар зүйлд “Оргил ачааллын үед ажлын өдрийн үргэлжлэлийг 12-оос илүүгүй цагаар тогтооно” гэж, мөн 6 дугаар зүйлд “Оргил ачааллын үед жинхэнэ ажилласан цагийг тооцохдоо тухайн хугацаанд жинхэнэ ажилласан өдрийн тоог ажлын өдрийн уртасган тогтоосон цагаар үржүүлж тодорхойлно” гэж, түүнчлэн 7 дугаар зүйлд “Оргил ачааллын үед ажлын цагийг хэтрүүлэн ажилласан цагийг тодорхойлохдоо жинхэнэ ажилласан цагийн нийт дүнгээс тухайн хугацааны ердийн ажлын үргэлжлэлээр тооцсон ажлын цагийг хасна” гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгчийн 2018 оны 06, 07, 08 дугаар саруудад ажилласан ажлын цагийг ийнхүү дээр дурдсан журмын дагуу тооцвол:
Ингээд нэхэмжлэгчийн 1,000,000.00 төгрөгийн цалингаас 1 цагийн ажлын хөлсийг тооцвол тэрээр сард 26 хоног ажиллахаар тохирсон байх тул 1,000,000:26=38,461.53 төгрөг, үүнээс 1 цагийн хөлсийг тооцвол 38,461.53:12=3,205.12 төгрөг болох бөгөөд үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.-д заасны дагуу илүү цагийн болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлсийг тооцоход 3,205.12x1.5=4,807.68 төгрөг болж байна.
Ийнхүү нэхэмжлэгчийн 2018 оны 06 дугаар сарын илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлс 152x4,807.68=730,767.36 төгрөг.
Үүнээс 2018 оны 07 сарын илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны хөлс 136x4,807.68=658,844.48 төгрөг,
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.-д зааснаар нийтээр амрах баярын өдрийн хөлс 3,205.12x2=6,410.24 төгрөг, 60x6,410.24=384,614.04 төгрөг.
Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.-д заасны дагуу илүү цагийн болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлсийг тооцоход 92x4,807.68= 442,306.56 төгрөг болно.
Тодруулбал, нэхэмжлэгч тал 2018 оны 06 дугаар сард 152 цаг, 2018 оны 07 дугаар сард 136 илүү цаг ажилласан бол 60 цаг нийтээр амрах ёслолын өдөр ажиллаж, 2018 оны 08 дугаар сард 136 илүү цаг ажилласан байх тул хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэж заасны дагуу илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлсөнд 2,216,532.44 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болно.
Тус хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөний дараа энэхүү нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр 23-ны өдөр гаргасан байх тул хуульд заасан хугацааны дотор байна.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 2,216,532.44 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,400,556.56 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР