Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1813

 

 

      2022      12           13                                         2022/ШЦТ/1813

           

           

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цасшихэр,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

хохирогч Э.М

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бд холбогдох эрүүгийн 2206 00000 3211 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

0

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод иргэн Э.Мтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хэргээс болж миний хамар, шүд гэмтсэн. Шүднийхээ гэмтлийн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж авсан. Одоо хамрын гэмтлээс болж эмнэлгээр явж байна. Эмчилгээний зардлаа гаргаж авчихвал өөр нэхэмжлэх зүйлгүй.” гэв.         

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар   

Хохирогч Э.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 17-ны орой 21 цагийн үед найз Б найзын хат манай гэрт пиво ууж дуусаад хоол хийж идээд байж байтал, Б “би явлаа манай дүү ирсэн” гэж хэлээд үүдэнд байж байтал манай эмэгтэй найз орж ирсэн. Тэгээд хамт дахин пиво уух уу гэж би санал тавьсан. Ингэж хэлээд байж байтал Б гараад явсан. Тэгээд би Бийн араас нь залгаж 10 ширхэг пиво захисан. Тэгээд гадна тагтан дээр гар утсаар яриад, гэртээ ороод иртэл Б, Б нарын хамт орж ирсэн, би машин зардаг болохоор гар утсаар яриад байж байсан. ...Б чи хардаад байгаа юм уу писда минь, эр хүний шинжгүй юм бэ гэж хэлсэн. Тэгээд бид 2 хоорондоо маргалдаж байгаад би “за уучлаарай” гэж хэлээд гар бариад, одоо чи манай гэрээс явчих гэж хэлэхэд хоёулаа 00-н өрөө орж нэг уулзах уу гэж хэлсэн. Тэгээд би яах гээд байгаа пизда, манай гэрээс зайл гэж хэлсэн. Тэгээд бид 2 зууралдаж байгаад намайг боож дарж унагаагаад би энийг цохичих уу гэж орилж байгаад 2-3 удаа цохих шиг болсон тэгээд босоод яваад өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг унтаж байхад Мийн гэрт байсан эрэгтэй намайг сэрээсэн. Намайг сэрэхэд М, Б нар нь маргалдсан, зодолдсон байдалтай байж байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгах арга хэмжээ авсан. Мийн хамар, нүд зэрэг нь хавдсан байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 7-ны өдрийн 13148 дугаар: “... ДҮГНЭЛТ Э.Мийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, духанд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, хацар, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

Шүүгдэгч А.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би Мийн биед халдсан удаа байгаа. Би Мийн биеийн зүүн шанаа хэсэгт гараараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Би гараа зангидаж байгаад Мийн зүүн шанаа хэсэгт цохих үедээ хальтраад түүний хамар хэсгийг цохисон. Мөн би Мийг газар унасан байхад нь ам, эрүү хэсэг рүү нь нэг удаа алгадсан. ... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст Э.Мөөс хандаж гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 3, 4 дүгээр хуудас),

Хохирлын баримт (хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас),

А.Бээс 1,000,000 төгрөг, 2,038,000 төгрөгийг тус тус Э.Мт шилжүүлсэн ХААН банкны Шилжүүлгийн мэдээлэл (хавтаст хэргийн 30, 56 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой        

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 23 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “...Шүүгдэгч А.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод иргэн Э.Мтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А.Б нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч А.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод иргэн Э.Мтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохижээ.

Хохирогч Э.Мд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 13148 дугаар дүгнэлтээр “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун дээд 1-р шүдний булгарал, зүүн дээд 1-р шүдний сулрал, духанд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, хацар, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос А.Бний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч А.Б нь хохирогч Э.Мийн нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд халдаж, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хохирогч Э.Мд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 13148 дугаар дүгнэлтээр “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун дээд 1-р шүдний булгарал, зүүн дээд 1-р шүдний сулрал, духанд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, хацар, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч А.Б нь хохирогч Э.Мийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч А.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас болж өөрийн уур бухимдлыг бариагүйгээс болж гэмт хэрэг үйлдэгджээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.

Хохирогч Э.М нь мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар нэхэмжилсэн 3,038,000 төгрөгийг шүүгдэгч А.Б төлсөн болохыг дурдав.

Харин хохирогч Э.М нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу А.Бээс холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

Шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилтай гэх хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч А.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч А.Б 3,038,000 төгрөгийг хохирогчид төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Э.М нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу А.Бээс холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                            М.ТҮМЭННАСТ