Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 850

 

 

 

 

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2019/00850

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н-гийн гаргасан,

 

Хариуцагч: К ХХК-нд холбогдох,

 

Автозогсоол захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 11,978,000.00 төгрөг гаргуулах болон 34,650,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н, өмгөөлөгч Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

            “Би, 2017 онд хариуцагч К ХХК-иас 3 өрөө байр худалдан авах гэхэд заавал автозогсоолыг хамт авах ёстой, 39,000,000.00 төгрөгөөс хямдраад 33,000,000.00 төгрөгт худалдана гэсэн. Тухайн үед надад бэлэн мөнгө байхгүй гэтэл хариуцагчийн зүгээс намайг урьдчилгаа 30 хувийг төлөөд үлдэх 70 хувийг төлж дуусах хүртэл өөр автозогсоол түрээслэж болно гэсэн.

 

Энэ талаар холбогдох хүмүүсээс яагаад өөрийн худалдан авч байгаа автозогсоолыг ашиглаж болохгүй бэ, явцын дунд төлбөрийг төлье гэхэд худалдан авч буй автозогсоолын төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд эзэмшилд чинь шилжүүлэх боломжтой, орон сууцандаа орохын тулд заавал автозогсоолыг худалдан авах шаардлагатай гэж тулгасан. Тэгэхээр нь надад 70 хувийг хожим төлөх боломж олгож байна гэж ойлгон тус гэрээнд гарын үсэг зурсан юм.

 

Гэтэл автозогсоол худалдаж авах гэрээг захиалгын гэрээ гэж нэрлэсэн байсныг яагаад ийм нэртэй байгаа юм бэ гэхэд цаанаасаа гэрээний загварыг өөрчлөх нөхцөлгүй ирүүлдэг гэж хэлсэн. Ингээд би орон сууцны төлбөр 294,678,000.00 төгрөгийг төлж, автозогсоолын төлбөрт 9,900,000.00 төгрөгийг урьдчилгаанд төлсөн ба худалдан авахаар тохирсон автозогсоолыг надад хүлээлгэн өгөөгүй тул түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн төлбөрт 1,788,500.00 төгрөг, барьцаа хэмээн 400,000.00 төгрөг, нийт 2,188,500 төгрөгийг төлсөн.

 

Миний бие нийт 3 төрлийн гэрээг хариуцагч К ХХК-тай байгуулахад гэрээний он, сар, өдрийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэсэн байсныг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан байтал яагаад хугацааг өөрөөр бичсэн бэ гэж асуухад манай компани бүх хүнтэй ингэж гэрээ байгуулдаг, санаа зоволтгүй гэж хэлсэн. Гэхдээ автозогсоолын үлдэгдэл 70 хувийн төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлж болно, автоматаар сунгагддаг гэсэн.

 

Гэтэл намайг байрандаа ороод удаагүй байхад манай гэрийн хаалганд гэрээний хугацаа дууссан тул нэн даруй төлбөрөө төлнө үү гэсэн утгатай мэдэгдэл үлдээсэн байсан. Үүнийг тодруулахаар хариуцагч К ХХК-ийн удирдлагатай уулзах гэхэд хэн ч намайг хүлээж аваагүй, харъяа менежерүүд нь мэдэхгүй гэсэн хариулт өгсөн. Энэ явдлаас хойш намайг төлбөрийг төлөхгүй болохоор гэрийн минь усыг 3 хоног тасалж дарамталсан. Мөн байрны ашиглалтын төлбөр дээр халаалтын төлбөр гэж илүү төлөлт гарсныг судалж үзэхэд надад хүлээлгэж өгөөгүй 7 давхрын 130 тоот автозогсоолын ашиглалтын төлбөрийг авч байсан.

 

Мөн би “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иас 10,000,000.00 төгрөгийн зээл авч, автозогсоолын төлбөр болох 9,900,000.00 төгрөгийг төлсөн бөгөөд хариуцагч түрээсийн гэрээний хугацаа дууссан байхад барьцаа гэж өгсөн 400,000.00 төгрөгийг буцааж өгөгүй байна. Миний хүсч буй зүйл бол автозогсоол захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, урьдчилгаа 9,900,000 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 1,624,000.00 төгрөгийг автозогсоолын ашиглалтын зардалд төлсөн 54,000 төгрөг болон барьцаа 400,000.00 төгрөгийн хамт нийт 11,978,000 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Бодит байдал дээр худалдан авсан орон сууцыг 2014 онд улсын комисс хүлээж авсан ба автозогсоолын захиалгын гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулаагүй ба зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж болно. Гэвч уг гэрээнд нэхэмжлэгч талын хүсэл зориг чөлөөтэй тусгагдаагүй, нэхэмжлэгчийг төөрөгдүүлсэн.

 

Нэхэмжлэгч тал хэрэв автозогсоолыг зээлээр худалдан авсан тохиолдолд тэр даруй эзэмшилдээ шилжүүлэн авах боломжтой байх ёстой, гэтэл түүнийг төөрөгдүүлж нэмэлтээр түрээсийн гэрээг давхар байгуулж, үр ашиггүй зардал гаргуулсан. Яагаад түрээсийн гэрээг давхар байгуулсан бэ, ямар учраас төлбөрийг хойшлуулсан бэ гэдгийг тухайн үед үүссэн үйл баримтаар тодруулах юм бол 23,100,000.00 төгрөгийг 1 жилийн дараа төлөх нөхцөлтэй байсан.

 

Гэвч хариуцагч тал төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлөх ёстой байсан гэж худал мэдүүлж байна. Мөн 39,000,000.00 төгрөгөөр худалдаж байсан автозогсоолыг 33,000,000.00 төгрөгөөр худалдаж байгаа мэтээр нийтэд худал сэтгэгдэл төрүүлж, нэхэмжлэгчид 6,000,000.00 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн мэтээр тайлбарлан төөрөгдүүлсэн. Хариуцагчийн тайлбар нь гэрээний нэр, агуулга, төлбөрийн нөхцөл, хугацаа, өмчлөх эрх зэрэг тус гэрээнд заасантай нийцэхгүй байна. Бид, гэрчээр оролцсон Б-тай холбогдож үүссэн нөхцөл байдлыг тодруулахад тэрээр төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлнө гэсэн.

 

Нэхэмжлэгч нь орон сууц авахын тулд автозогсоол авах шаардлагатай болсон, өөрөө хүсээгүй байж автозогсоолын гэрээ хийсэн ба түрээсийн гэрээ, автозогсоолын захиалгын гэрээг байгуулахад нэхэмжлэгчийн хүсэл зориг чөлөөтэй илэрхийлэгдээгүй. Үүнийг гэрч болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар нотолно. Өнгөрсөн хугацаанд зохигчдын байгуулсан гэрээг тодорхойлох гэж их оролдсон, эдгээр гэрээнээс олон төрлийн зөрчил илэрдэг, анхнаасаа нэхэмжлэгчид буруу мэдээлэл өгч хэрэглэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн.

 

Иймд, талуудын хооронд байгуулсан автозогсоол захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагчаас тухайн гэрээний дагуу шилжүүлсэн 9,900,000.00 төгрөг, хүчин төгөлдөр бус гэрээ байгуулснаас учирсан хохиролд зээлийн хүүнд төлсөн 1,624,000.00 төгрөг, ашиглаагүй автозогсоолын ашиглалтын зардалд төлсөн 54,000.00 төгрөг болон түрээсийн гэрээний барьцаа хэмээн өгсөн 400,000.00 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой боловч энэхүү нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууц худалдаж авсан ба орон сууцыг худалдан авсан тохиолдолд автозогсоолыг хамт худалдах нөхцөл тавьсан гэж ойлголоо. Гэтэл нэхэмжлэгч тал уг нөхцөлийг хүлээн зөвшөөрч орон сууцыг автозогсоолын хамт авсан байна. Орон сууц захиалгын гэрээг байгуулахдаа автозогсоолын төлбөрийг бүрэн төлөх боломжгүй тохиолдолд хэсэгчлэн төлж болно гэж гэрчийн мэдүүлэгт дурджээ.

 

Гэвч гэрч этгээд бүх гэрээнд гарын үсэг зураагүй, тэрээр хариуцагч К ХХК-ийг төлөөлөх эрхгүй, хэдийгээр Ө ХХК-ийн ажилтан байсан гэдэг боловч хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаагүй тул үүнийг хариуцагчийн хүсэл зориг гэж үзэхгүй. Талуудын хооронд яригдсан бүх нөхцөлүүд бичгээр хийсэн гэрээнд тусгагдах ёстой ба нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан шиг 1 жилийн дараа төлнө гэсэн утгатай заалт байхгүй. Автозогсоолын захиалгын гэрээнд төлбөрийн үлдэгдлийг төлөх хугацааг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэж заасан ба төлбөр төлөх хугацааг хойшлуулахын тулд автозогсоол түрээсийн гэрээг байгуулсан гэх боловч бичгийн баримтаар нотлогдохгүй байна.

 

Орон сууц захиалгын гэрээний хамт автозогсоол захиалгын гэрээг хүчээр, төөрөгдүүлж байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлбөр төлөх үүрэгтэй тул сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-т заасан нөхцөл үүсээгүй.

 

Аливаа бүтээгдэхүүн зарж байгаа тал бараа бүтээгдэхүүнээ хамтад нь худалдах боломжтой. Зөвхөн хариуцагч К ХХК нь Улаанбаатар хотод орон сууц худалдаггүй тул нэхэмжлэгчид уг нөхцөлийг зөвшөөрөхөөс татгалзах эрх байсан. Иргэний хуулийн 56.1.2.-т заасан буюу дүр үзүүлсэн хэлцэл байхгүй, гэрээний нэрийг талууд дураараа нэрлэж болох ч агуулгыг талуудын хоорондох харилцаагаар тодорхойлно.

 

Дүр үзүүлсэн хэлцлийн хувьд 2 тал дүр үзүүлсэн хэлцэл гэдгийг зэрэг ойлгон мэдсэн байх учиртай. Гэвч хариуцагч байгууллагаас бодитоор хөрөнгийг нэхэмжлэгчид худалдсан тул энэхүү тайлбар үндэслэлгүй. Түүнчлэн Иргэний хуулийн 56.1.3.-т зааснаар автозогсоолын гэрээгээр халхавчилсан өөр төрлийн гэрээ байхгүй, ноцтой төөрөгдсөн гэж нэхэмжлэгч ярьж байна. Автозогсоолын үнэ 33,000,000.00 төгрөгийг аль аль тал зөвшөөрсөн, хариуцагчаас 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлбөрөө төлөх ёстой гэж, харин нэхэмжлэгч тал жилийн дараа төлөх ёстой гэж ойлгосон хэмээн маргаж байна.

 

Гэрээний хувьд талууд нэг, нэг хувийг өөртөө хадгалдаг, анхнаасаа гэрээнд төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлнө гэж заасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нь гэрээний заалтыг өөрчлөх талаар хариуцагчид хүсэлт гаргаагүй, гэрчийн мэдүүлгээс харахад гэрээний он, сар, өдрийг өөрчлөх боломжгүйгээр цаанаасаа ирүүлдэг гэж нэхэмжлэгчид тайлбарлаж хэлсэн байх тул 2017 оны 12 дугаар сарны 30-ны өдөр төлбөрийг төлөх ёстой юм.

 

Талуудын байгуулсан анхны гэрээ өөрчлөгдөөгүй, гэрээний агуулгыг эндүүрсэн үндэслэл харагдахгүй, нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч Нтай байгуулсан гэрээний нөгөө тал нь гэрч н.Бямбадулам биш, хэрэв төөрөгдсөн бол гэрээний нөгөө талдаа тэр даруй мэдэгдэх үүрэгтэй. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид мэдэгдээгүй. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан гэрээг байгуулахдаа хууран мэхэлсэн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн. Гэтэл автозогсоол захиалгын гэрээгээр нэхэмжлэгч нь төлбөрөө бүрэн төлсний дараа тус автозогсоолыг ашиглана гэдгийг тэр үед ойлгосон байна. Нэхэмжлэгчийн өмчлөлд автозогсоол байгаагүй учраас өөрийнхөө автомашиныг байршуулахын тулд автозогсоол түрээслэх гэрээг хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан.

 

Барьцаа 400,000.00 төгрөгийг автозогсоолын төлбөрт шилжүүлсэн эсэхийг би мэдэхгүй, буцааж өгөхгүй байгаа шалтгаан бол төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн ба манай талаас сөрөг нэхэмжлэл гаргахаа суутгасан гэж ойлгож байна. Автозогсоол захиалгын гэрээнд 33,000,000.00 төгрөгийг яаж төлөх талаар ямар нэгэн нөхцөл заагаагүй. Нэхэмжлэгчийн банкнаас авсан зээлийн хүүг төлөх үүрэг хариуцагчид байхгүй, тиймээс 9,900,000.00 төгрөгийг төлөх үүрэггүй.

 

Мөн авто зогсоолын түрээсийн гэрээ байгуулаад ашиглаж байгаа учраас үүний халаалтын хөлсийг нэхэмжлэгч төлөх ёстой. Бид, ойлгохдоо 54,000.00 төгрөг нь түрээсийн гэрээний халаалтын хөлс юм. Зохигчдын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан автозогсоол худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авсан 9.43 м.кв талбайтай автозогсоолын үлдэгдэл 70 хувь болох 23,100,000.00 төгрөгийг нэхэмжлэгч тал хугацаандаа төлөөгүй.

 

Иймд, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 23,000,000.00 төгрөг, алданги 11,550,000.00 төгрөг, нийт 34,650,000.00 төгрөгийг хангаж өгнө үү” гэв.


            Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Нас хариуцагч К ХХК-нд холбогдуулан автозогсоол захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, тус гэрээний дагуу шилжүүлсэн 9,900,000.00 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа “ашиглаагүй автозогсоолын ашиглалтын зардалд төлсөн 54,000.00 төгрөг, хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсны улмаас бусдаас авсан зээлийн хүүнд төлсөн 1,624,000.00 төгрөг болон түрээсийн гэрээний барьцаа хэмээн өгсөн 400,000.00 төгрөг”-ийг тус тус нэмж, нийт 11,978,000.00 төгрөгийг нэхэмжилсэн бол хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан автозогсоол худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр 23,000,000.00 төгрөг, алданги 11,550,000.00 төгрөг, нийт 34,650,000.00 төгрөгийг нэхэмжилсэн /х.х-ийн 93, 94, 98, 159, 165, 168 хуудас/.

 

Шүүх, талуудын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 44 дүгээр зүйлийн 44.2.-т тус тус заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үзлэг хийж, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэрчээс мэдүүлэг авсан /х.х-ийн 113-116,  хуудас/.

 

Учир нь, хуульд зааснаар зохигчид бичмэл нотлох баримтыг эх хувиар, аль эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хувийг өгөх боломжгүй тохиолдолд тухайн нотлох баримт хадгалагдаж байгаа газарт үзлэг хийх зохицуулалттай ба энэ хэргийн зарим нотлох баримтууд CD болон бусад Flash disc-т байсныг үндэслэн үзлэг хийж баталгаажуулсан.

           

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд,

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Н болон хариуцагч К ХХК нар 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдсан “Энканто таун” орон сууцны хотхоны 306 дугаар байрны 3 дугаар орцны 104 тоотод орших 109.14 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг 294,678,000.00 төгрөгөөр шилжүүлэн авахаар тохирсон байна /х.х-ийн 75-77 хуудас/.

 

            Түүнчлэн зохигчид тус өдөр автомашины зогсоол захиалгын гэрээг хамт байгуулж, дээрх орон сууцны хорооллын автомашины зогсоол бүхий барилгын 7 дугаар давхарт 144 тоот хаягт байрлах 9.43 м.кв талбайтай автозогсоолын өмчлөх эрхийг 33,000,000.00 төгрөгөөр шилжүүлэхээр болжээ /х.х-ийн 9-12/. 

 

            Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Н нь орон сууцны үнэ 294,678,000.00 төгрөгийг зохих ёсоор төлсөн тул 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрээний зүйлийг бодитоор хүлээн авсан ба түүний нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарсан байна /х.х-ийн 63, 96, 97 хуудас/.

 

            Тодруулбал, хариуцагч К ХХК-иас ийнхүү орон сууцны үнэ төлөгдсөн учраас 109.14 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Нд шилжүүлсэн бөгөөд 9.43 м.кв автозогсоолын үнэ бүрэн төлөгдөөгүй тул автозогсоолыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлээгүй ажээ.

 

            Мөн зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь автозогсоол захиалгын гэрээний үнийг төлөөгүйгээс өөрийн эзэмшилдээ шилжүүлэн аваагүй учраас тэрээр 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр автозогсоол түрээслэх гэрээ байгуулж, тус орон сууцны хотхоны автомашины зогсоол бүхий барилгын 6 дугаар давхарт 296 тоот автозогсоолыг 1 жилийн хугацаатай түрээслэхээр тохирсон байна /х.х-ийн 6, 7 хуудас/.

           

            Нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талуудыг эдгээр гэрээг байгуулах үед “Энканто таун” орон сууцны хотхон нь бүрэн ашиглалтанд орсон байжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч К ХХК-ийн зүгээс уг орон сууцны хороолол болон автозогсоолтой барилгыг нэхэмжлэгч Нгийн захиалга, хяналт дор шинээр барьж гүйцэтгээгүй ба нэхэмжлэгч тал нэгэнт бий болсон орон сууцыг автозогсоолын хамт худалдан авахаар тохирсон байна.

 

Нөгөө талаар хэдийгээр талууд 9.43 м.кв талбайтай автозогсоолын төлбөрийг 1 сар, аль эсхүл 1 жилийн дараа төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг илэрхийлсэн гэсэн боловч тус гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ “эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ”-ээс нэмэгдсэн шинжийг агуулаагүй зөвхөн үндсэн төлбөрийн тодорхой хэсгийг хожим төлөх нөхцөлтэй байх тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний бус харин тус хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулжээ.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай талуудын тохиролцоо нийцэж байна.

 

            Мөн зохигчид 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр автозогсоол бүхий барилгын 6 дугаар давхарт байрлах 296 тоот хаягт орших автозогсоолыг 1 жилийн хугацаатай түрээслэхээр тохирсон гэж тайлбарласан хэдий ч нэхэмжлэгч Н нь тус автозогсоолыг энэ хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор ашиглаагүй бөгөөд гагцхүү тус хуулийн 287 дугаар зүйлийн 287.1.-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу автомашин байршуулах зориулалтаар хөлсөлсөн байна.

 

            Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1, 287 дугаар зүйлийн 287.1.-д тус тус зааснаар орон сууц болон автозогсоол худалдах, худалдан авах гэрээ, мөн автозогсоол хөлслөх гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар дээр дурдсан гэрээнүүдээс орон сууц худалдах, худалдан авах гэрээ, түүнчлэн автозогсоол хөлслөх гэрээний талаар маргаагүй ч автозогсоол худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болон автозогсоол хөлслөх гэрээгээр барьцаа хэмээн өгсөн 400,000.00 төгрөгийг буцаан өгөх ёстой эсэх талаар тус тус маргасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Н нь автомашины зогсоол бүхий барилгын 7 дугаар давхарт 144 тоот хаягт байрлах 9.43 м.кв талбайтай автозогсоолын төлбөрийн 30 хувь 9,900,000.00 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлөх үүрэг хүлээсэн бол үлдэх 70 хувь буюу 23,100,000.00 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр болсон байна /х.х-ийн 11 хуудас/.

 

Гэтэл нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлөх   23,100,000.00 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлөх ёстой байсан, уг автозогсоолыг өөрийн бие даасан чөлөөт хүсэл зоригийн дагуу худалдаж аваагүй, орон сууцыг худалдан авахад хариуцагчаас заавал автозогсоолыг хамт авах ёстой хэмээн тулган шаардсан буюу аргагүй байдлын улмаас автозогсоол худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж мэтгэлцсэн.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч К ХХК-ийн орон сууцны борлуулалтыг хариуцсан гэх “Өндөр Их Уулс” ХХК-нд ажиллаж байсан нэхэмжлэгч Нд орон сууц болон автозогсоолыг худалдсан гэрч *******аас болсон үйл явдлын талаар тодруулахад тэрээр “автозогсоол худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх хугацааг автозогсоол хөлслөх гэрээний хугацаатай ижил тохирсон, цаад байгууллагаас гэрээг өөрчлөх боломжгүйгээр ирүүлсэн учраас 23,100,000.00 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлнө гэснийг өөрчлөх боломжгүй байсан” гэсэн агуулга бүхий тайлбар өгсөн /х.х-ийн 182-186/.

 

Түүнчлэн гэрч этгээд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дээр дурдсан гэрээнүүдийг нэхэмжлэгчтэй байгуулсны дараагаар түүнтэй утас болон фейсвүүк захидлаар холбогдон автозогсоолын төлбөрийг 1 жилийн дараа 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дотор төлөх нөхцөлтэй байсан тухай харилцан яриаг үгүйсгээгүй болно /х.х-ийн 113-116, 124-126, 150-152 хуудас/.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.-т “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж, мөн 198 дугаар зүйлийн 198.2.-т “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж тус тус заасны дагуу зохигчдын хооронд үүссэн үйл баримтыг учир зүйн үүднээс дүгнэвэл нэхэмжлэгч Н нь худалдан авахаар тохирсон 9.43 м.кв талбайтай автозогсоолын төлбөрийг нэн даруй буюу 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлөх боломжгүй байснаас түүний эзэмшилд уг автозогсоол шилжээгүй, нэхэмжлэгчид тухайн үед өөрийн автомашиныг байршуулахад автозогсоол хэрэгтэй байсан учраас ийнхүү 23,100,000.00 төгрөгийг төлөх хүртэлх хугацаанд 296 тоот автозогсоолыг 1 жилийн хугацаанд хөлслөхөөр тохирсон байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал 9.43 м.кв талбайтай автозогсоолыг худалдан авахаар тохирсны дагуу 23,100,000.00 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлөх санхүүгийн боломжтой байсан бол тэрээр 296 тоот автозогсоолыг 1 жилийн хугацаатай хөлслөх шаардлагагүй, автозогсоол худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн 70 хувийг төлөх хугацааг автозогсоол хөлслөх гэрээний хугацаатай ижил тохирсон гэх тайлбар үндэслэлтэй.

 

Иймд, зохигчдын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан автозогсоол худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч Н нь гэрээний зүйлийн үнээс 30 хувь 9,900,000.00 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлөх үүрэг хүлээсэн бол үлдэх 70 хувь буюу 23,100,000.00 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Гэвч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заажээ. Тайлбарлавал, аливаа этгээд өөрийн хүсэл зоригийг чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр хуульд нийцсэн гэрээг байгуулах эрхтэй бөгөөд хэлцлийн нөгөө талын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас аргагүй байдалд орсон, хяхан боогдсоноос гэрээ, хэлэлцээрийг байгуулсан тохиолдолд үүнийг хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн болон хуульд нийцсэн гэж үзэхгүй, энэ талаар тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно” гэж тодорхой зохицуулсан байдаг.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч К ХХК-иас “Энканто таун” орон сууцны хотхоноос орон сууцыг худалдан авах сонирхолтой иргэдэд автомашинтай эсэхээс үл хамаарч автозогсоол худалдан авах, аль эсхүл хөлслөх нөхцөлийг санал болгодог байна /х.х-ийн 55 хуудас/.

 

Хэдийгээр Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2.-т “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ” гэж заасан боловч гэрээний эрх тэгш байдал буюу хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг тухайн харилцаанд орж буй нөгөө этгээдийн шударга бус үйлдэл, эс үйлдэхүйгээр хязгаарлаж болохгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч К ХХК-иас өөрийн орон сууцыг сонирхсон этгээдэд худалдахдаа автозогсоолын хамт худалдах, худалдан авахгүй бол хөлслүүлэх зэрэг байдлаар захиран зарцуулж болох хэдий ч энэ нь зөвхөн орон сууцыг худалдан авах сонирхолтой этгээдийн орон сууц худалдан авах тэрхүү сонирхлыг хяхан боогдуулах байдлаар автозогсоолыг нэмж худалдаж байгаагаас гадна автомашингүй хүмүүсийн хувьд уг орон сууцнаас худалдан авах санал гаргах эрхтэй эсэхийг үгүйсгэж байна.

 

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1.-д “Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заасан.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, мөн гэрчийн мэдүүлгээр хариуцагч К ХХК-иас нийтэд санал болгодог тухайн нөхцөл нь стандарт нөхцөл буюу өөрчлөлт оруулах эрхгүй нөхцөл бөгөөд энэ хуулийн 200 дугаар зүйлийн 200.1.-д зааснаар хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон байх учиртай.

  

Гэтэл энэхүү стандарт нөхцөл буюу орон сууц худалдан авах сонирхолтой иргэд өөрт таалагдсан орон сууцыг худалдан авахдаа тэдгээрт шаардлагагүй  автозогсоолыг заавал худалдан авах, аль эсхүл хөлслөх зэргээр эдийн засгийн нэмэлт зардал гаргах, хүссэн зүйлээ худалдан авахдаа хүсээгүй зүйлийн хамт худалдан авах нөхцөл байдалтай тулгарч, ийнхүү худалдан авсан нь гуравдагч этгээдийн хувьд зөвшөөрсөн үйлдэл мэт харагдаж байгаа ч шударга бусаар хүлээн зөвшөөрөх нөхцөлийг тулгасан байна.

 

Нөгөө талаар Иргэний хуулийн 86 дугаар зүйлийн 86.1.-д “Эд юмсын бүрдэл хэсэгт хамаарахгүй боловч, гол эд юмст үйлчлэн аж ахуйн нийтлэг зориулалтыг хангахад чиглэгдсэн, түүнтэй орон зайн хувьд хамаарал бүхий хөдлөх эд хөрөнгө нь дагалдах зүйл байна” гэж зааснаар автозогсоол нь орон сууцанд хамаарах дагалдах зүйлс биш бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчид орон сууц худалдан авсан тохиолдолд автомашины зогсоолыг заавал худалдан авах тухай санал нь гэрээний талуудын эрх тэгш байдалд нийцэхгүй байна.

 

Иймд, нэхэмжлэгч Н болон хариуцагч К ХХК нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан автозогсоол худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56.1.1.-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэв.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар нэхэмжлэгч нь тус хүчин төгөлдөр бус гэрээний дагуу хариуцагчид 9,900,000.00 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4.-т “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэж, мөн 56.5.-д “Энэ хуулийн 56.1.-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж, түүнчлэн 56.6.-д “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

 

Нэгэнт зохигчдын хооронд байгуулсан гэрээ байгуулсан үеэсээ хүчин төгөлдөр бус тул хариуцагч К ХХК нь энэхүү гэрээний дагуу авсан 9,900,000.00 төгрөгийг нэхэмжлэгч Нд буцааж өгөх үүрэгтэй болно. Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагаас ашиглаагүй автозогсоолын ашиглалтын зардалд төлсөн 54,000.00 төгрөг, хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсны улмаас бусдаас авсан зээлийн хүүнд төлсөн 1,624,000.00 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгов.

 

Учир нь, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Н нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Худалдан хөгжлийн банк” ХХК-тай цалингийн зээлийн гэрээ байгуулж, нийт 10,000,000.00 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн хэдий ч тус зээлийг автозогсоол худалдан авах зориулалтаар бус шинээр худалдан авсан орон сууцандаа тавилга худалдан авах зорилгоор авсан байна /х.х-ийн 66-69 хуудас/.

 

Түүнчлэн ашиглаагүй автозогсоолын ашиглалтын зардалд төлсөн 54,000.00 төгрөгийн хувьд хэрэгт авагдсан төлбөр төлсөн эдгээр баримтууд түүний эзэмшилд шилжээгүй гэх 9.43 м.кв талбайтай автозогсоолтой холбоотой гарсан зардал болох нь тодорхойгүй, түүний хариуцагчтай байгуулсан автозогсоол хөлслөх гэрээний дагуу 296 тоот хаягт орших автозогсоолыг ашиглаж байсантай холбоотой гарсан зардал гэж үзэхээр байна.

 

Иймд, нэхэмжлэгч тал хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсны улмаас төлөх ёсгүй зээлийн хүүнд 1,624,000.00 төгрөг, ашиглаагүй автозогсоолын ашиглалтын төлбөрт 54,000.00 төгрөг төлсөн гэх тайлбар үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

 Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.-д “Газар, байшин болон орон сууц хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй” гэж заажээ. Гэвч талууд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан автозогсоол хөлслөх гэрээний 3 дугаар зүйлийн 3.6.-д заасны дагуу 296 тоот автозогсоолыг хөлслөхдөө 400,000.00 төгрөгийг тус гэрээ хожим дуусгавар болсны дараа төлбөр тооцоотой холбоотой ямар нэгэн асуудал гараагүй тохиолдолд буцаан өгөхөөр тохирсон байна.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчид уг автозогсоол хөлслөх гэрээний төлбөр болох 1,788,500.00 төгрөгийг дутуу төлсөн болон хожим төлбөр тооцооны талаар ямар нэгэн маргаан гарсан гэж мэтгэлцээгүй бөгөөд тэдгээрийн хооронд байгуулсан энэхүү гэрээ тус хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1.-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” гэсэн үндэслэлээр дуусгавар болсон байна.

 

Иймд, энэ хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гээд 492.1.1.-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж тус тус заасны дагуу хариуцагч К ХХК нь уг гэрээний дагуу авсан 400,000.00 төгрөгийг нэхэмжлэгч Нд буцааж өгөх ёстой юм.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

 

Хариуцагч К ХХК-иас нэхэмжлэгч Нд холбогдуулан талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан автозогсоол худалдах, худалдан авах гэрээний төлбөр 23,100,000.00 төгрөг, алданги 11,550,000.00 төгрөг, нийт 34,650,000.00 төгрөгийг нэхэмжилсэн

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тус компаниас нэхэмжлэгчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зохигчдын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан автозогсоол худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдсан 9.43 м.кв талбайтай автозогсоолын үлдэгдэл 70 хувь болох 23,100,000.00 төгрөгийг нэхэмжлэгч тал хугацаандаа төлөөгүй гэсэн.

 

Гэтэл талуудын хооронд байгуулсан тус гэрээ нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байсан.

 

Тодруулбал, тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар зөвхөн хүчин төгөлдөр гэрээний үүргийг нөгөө талаас шаардах эрхтэй бөгөөд үүний тулд зохигчдын хооронд энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1.-д “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл” байгуулагдсан байх учиртай.

 

Гэвч нэхэмжлэгч Н болон хариуцагч К ХХК нарын хооронд байгуулсан автозогсоол худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус тул 23,100,000.00 төгрөгийг алданги болох 11,550,000.00 төгрөгийн хамт шаардах эрхгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл нь эрх зүйн үр дагавар үүсгэх үндэслэл болохгүй юм.

 

Ийнхүү шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд зохигчдын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, уг гэрээний дагуу төлсөн 9,900,000.00 төгрөгийг автозогсоол хөлслөх гэрээний дагуу өгсөн 400,000.00 төгрөгийн хамт нийт 10,300,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1,678,000.00 төгрөгт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4.-т “гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно” гэж зааснаар нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 322,950.00 төгрөгийг төлөх ёстой байтал 173,350.00 төгрөг төлж, 149,600.00 төгрөгийг дутуу төлсөн байх тул үүнийг нэмж төлүүлэхээр болсныг үүгээр дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Н болон хариуцагч К ХХК нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан автозогсоол худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагчаас 10,300,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,678,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг үндэслэн хариуцагч К ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч Нд холбогдох 34,650,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,600.00 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331,200.00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 149,600.00 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, хариуцагчаас 335,600.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МАНДАЛБАЯР