Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
Хэргийн индекс | 105/2022/1748/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1837 |
Огноо | 2022-12-19 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | М.Сансарсайхан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1837
2022 12 19 2022/ШЦТ/1837
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цасшихэр,
улсын яллагч М.Сансарсайхан,
хохирогч Х.Г,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гд холбогдох эрүүгийн 2206 00000 3113 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
0
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Галмандах нь Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр Цайзын уулзварын хойд талд 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч Х.Гтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохиж зүүн нүдний ухархайн доод хананын хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Ажил тараад манай ажлын Б гээд залуу гэрт очъё гээд гарч явсан. Дэлгүүр орсон. Б 2 пиво авсан. ... би 2 пиво бариад гарцаар зам хөндлөн гарч байсан. Приус аймар хурдтай орж ирсэн. Тэгээд би дайрлаа шүү дээ, яаж яваад байгаа юм бэ гээд арын гупер дээр нь цохисон. Бууж ирээд намайг шууд түлхэж унагаасан. Би хоёр гартаа 2 пиво барьсан учир шууд савж унасан. Шууд хойшоо савж түлхсэн. Би босож ирээд чи яагаад намайг түлхэж байна вэ гэхэд чи машины цохилоо гээд над руу дайраад байсан. Би машиныг чинь эвдсэн бол төлөөд өгье, чи яасан гэж намайг түлхэж байна вэ гэхэд чам шиг гуйлгачин үхсэнээрээ төлдөг юм гээд бид хоёр маргалдсан. Тэгээд хэсэг маргалдаж байгаад салаад явсан. Тэгтэл араас дахиад элдвээр хэлсэн. Тэгээд бид хоёр заамдалцсан. Намайг доороо оруулаад нухсан. Эргэж босож ирээд дахиад муудалцаад байж байхад Баагий ирээд салгасан. Би Баагийг салгах хооронд нэг цохисон. Би санаатай цохиж зодоогүй. Уг нь Замын Хөдөлгөөний дүрэмд зам хөндлөн гарч байгаа хүнд зам тавьж өгнө гэсэн заалт байдаг. Чам шиг гуйлгачин юугаараа төлдөг юм гээд хараагаад байсан.” гэв.
Хохирогч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Б.Г өөрийгөө өмөөрөх байх, маргалдсан гэвэл маргалдсан. 3 дугаар эгнээнд явж байсан машин зэрэгцээд явж байгаад хурдаа сааруулангуутаа зогссон. Би зогсох гэтэл цаад буланд нь хүн явж байхаар нь би угаас зөөлөн явж байсан учир урдуур нь өнгөрсөн. Тэгтэл бөгсөн дээр юугаар цохисон нь мэдэхгүй, пивотой явж байсан гэдгийг одоо сонсож байна. Пивоор цохисон юм байна. Би гарцаас 5 метр хүрэхгүй газар шууд зогссон. Тэгээд буугаад пиво барьсан учир согтуу байна гэж бодоод очтол үнэртүүлсэн юм шиг байхаар нь түлхсэн чинь өөрөө л хий гишгээд ойчсон байх. Би хүчтэй түлхээгүй. Би явах гэтэл хойноос босож ирээд маргалдаад заамдалцаад байж байтал найз нь байхаар нь явах гэтэл хажууд явж байсан эхнэр, нөхөр хоёр та хэд болиоч гэхэд бүр агсраад дайрч ирээд миний машины цонхон дээр цохисон. Миний жилетикийг урьсан. Эхнэр төрөх дөхсөн учир машинаас бууж ирж чадаагүй. ... өнхөрч ойчсон үнэн. Гэхдээ боож унагаагаад сандайлж суусан гэсэн асуудал байхгүй. Найз нь дахиж ирээд салгахаар нь тавьтал энэ хоёр ташаа руу өшиглөснөө яг найзынхаа цаанаас гарч ирээд нүүр лүү цохихоор нь хөөе чи нүүр лүү цохичихлоо байж бай цагдаа дуудна гэтэл найз нь хэрэггүй хөгшөөн цагдаагаар яах гэсэн юм би одоо аваад явлаа гэхээр нь нэг цохиулчихлаа гэж бодоод машинд суутал хоёр хараад эхэлсэн. Тэгэнгүүт эхнэртэйгээ яриад гэр лүүгээ аятайхан явж байгаад харья гээд явсаар байгаад 16-ын буудлын хойно очтол даралт ихсээд гэр лүүгээ харь чадахгүй болохоор бариач дээр очтол наадах чинь барихгүй юм байна гэсэн. Тэгээд 3-аас хойш би эмнэлгээр явахаар өөр аргагүй болсон. Цагдаад мэдэгдэх битгий хэл өөрийн нүдээ яая даа гээд, эхлээд хувийн эмнэлэг, дараа нь нэгдүгээр эмнэлэг гээд, тэгээд явсаар байгаад эхнэр 14-нд төрөөд би 15-нд хагалгаанд орсон. 3 хоногт хэвтээд гарахад нүд хоёр хардаг хэвээрээ байсан. Гадуур бараг 10 хоног эмчлүүлсэн. ... арай гайгүй болоод ирэхлээр нь цагдаад мэдэгдсэн. ... эмнэлэгт хийхэд 1,500,000 төгрөгийн имплант гэж авсан байсан, эм тарианы мөнгийг мэдэхгүй байсан. Тэгж байгаад 2,500,000 төгрөг болох юм шиг байна гээд өргөдөл дээрээ биччихээд 10 сар гартал прокурорт шилжих хүртэл эм тариа гэж явсан. Би эмийн сангаас эм тариа авчхаад НӨАТ аа уншуулчхаад хаяад байсан. ... одоо хүртэл миний нүд аргадаг. Утсаа 10 минут оролдох гээд суухаар л нүд бүрэлздэг. ... 4 сая төгрөг нэхэмжилж байгаа баримттай байгаа, 7, 8 сарын ганц хоёр баримт орсон байж магадгүй. Тэрийг хасаж болно. Бусдаар яг л баримтыг нь өгсөн. Цагдаа баримтаар нотлогдсон зардлаа нэхэмжилнэ шүү гэхээр нь би баримтаа гаргаж өгсөн байгаа. Би бензин зардал, ажил алдсаны зардал гэж нэхээгүй. Би 2 сая төгрөг гэж дөнгөж хагалгаанаас гараад удаагүй байсан тул барагцаагаар хэлсэн. Тэрнээс хойш харшлын эм, ямар ямар эм ч билээдээ, янз янзын эм нэмэгдсээр байгаад яваад өгдөг юм байна лээ. Одоо би дусаалга дусаадаг, эмийн гаж нөлөө засах гэсэн эм уугаад эмчилгээ хийлгэсээр явж байна. Одоо гомдол ч гэж юу байх вэ, тухайн хүн маань өөрийнхөө бурууг ойлгож байгаа байх, яах вэ өөрийгөө өмгөөлж хамгаалах нь хүний эрх, гэхдээ өөрийгөө ойлгоод хүнийг цохих, гар хөлөө түрүүлж хөдөлгөхөөс илүү хэл амаа ололцоод зохицоод салах хэрэгтэй. ... би эмчилгээний зардал, миний хамар, уруул, шүд мэдээгүй байгаа. Шүүх эмнэлгийн эмч хэлэхдээ наадах чинь 1 жилийн дотор мэдээ орохгүй болж үхжиж эхэлдэг гэсэн. Дахиж шүүх эмнэлгээр явах бол хандаарай дахиж мэдрэлийн юуг чинь бичихгүй гэсэн. Ирээдүйд эрүүл мэнд маань улам дордвол нэхэмжлэх эрхийг маань нээлттэй үлдээж өгнө үү. Одоогоор бол гомдоод байх юм юу байх вэ. Би өнөөдрийг хүртэл 4,000,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Х.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Цайзын уулзвар дээр автомашин жолоодоод явж байтал гарцын хажууд явган хүн 2 метрийн цаана ирж байхаар нь урдуур нь өнгөртөл миний машиныг нэг хүн цохих юм уу өшиглөсөн бололтой дугарсан. Тэгээд замын хажууд руу зогсоод буугаад хартал нэг залуу байсан. Очоод яаж байгаа юм гэхэд нөгөө залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхаар нь түлхчхээд явах гэхэд хойноос зууралдаад, маргалдаад явуулахгүй байсан. ...Тэгээд би машин руугаа явж байтал араас гүйж ирээд машин цохиод байхаар нь дахиад нөгөө залуутай барьцалдаж аваад явган хүний замын хажуугийн байшин руу холдуулах үед найз нь явчихсан байсан. Нөгөө согтуу залуу миний желитик урчихаар нь би гарыг тавиулаад салаад холдох үед нөгөө найз нь ирж явсан. Тэр үед дахиж надтай барьцалдаж авсан ба найз нь бид хоёрын дундуур орж ирэх үедээ миний нүүрэн тус газарт зүүн нүдний доод хэсэгт нэг удаа цохисон. Намайг нэг удаа гараараа цохичхоод ташаа хэсэг рүү 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),
Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г үл таних хүнтэй маргалдаж байгаад дахиад газарт ноцолдоод уначихаар дахиад салгаж байхад баруун гараараа нэг удаа тэр хүний нүүр рүү цохичихсон. Тэгээд удалгүй хоорондоо маргалдаж байгаад нөгөө залуу цагдаа дуудах гээд байхаар нь би гуйж болиулаад Гыг салгаж тэврээд аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 12330 дугаар: “...Х.Гын биед зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),
Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 65-77 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37 дугаар хуудас),
Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),
УБТЗ-ын Зорчигчийн Вагон депогийн тодорхойлолт (хавтаст хэргийн 40 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар хуудас),
Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 43 дугаар хуудас),
Б.Гын хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),
Б.Галмандахаас хохирогч Х.Г 1,000,000 төгрөгийг хүлээн авсан гэх гар бичмэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “...Шүүгдэгч Б.Г нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Цайзын уулзварын хойд талд 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч Х.Гтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохиж зүүн нүдний ухархайн доод хананын хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Хуулийн зүйл анги, гэм буруу дээр маргахгүй. Харин шүүгдэгчийг прокурор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн мэт яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгдэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байхад хохирогчийн үгээр нэг талыг барьж яллаж байна. ... энэ хэрэг гарахад хохирогчийн буруутай байдал нөлөөлсөн, гарцын хажууд явж байсан, явган зорчигчийг өнгөрүүлээгүй, шүүгдэгч гарцаар гарч байсан нь тодорхой байхад шууд гаргаагүй, машинаасаа бууж ирээд түлхсэн зэргээс хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн нь харагддаг. ... шүүгдэгч нь эхнээсээ гэм буруугаа хүлээж мэдүүлгээ өгсөн байдаг. ... 9 дүгээр сарын 22-ны өдөр анх Гыг дуудаж гэрчээр мэдүүлэг авснаар энэ хүнийг гэмтээснээ мэдсэн. Түүнээс хойш шүүхэд шилжих хүртэл хохирлын баримт ирсэн юм уу гэж бид хоёр асуудаг байтал ирээгүй, өгөхгүй байгаа гэдэг байсан. Төлнө, юу ч гэсэн баримтаа харьчихъя гэсэн. ... прокурор би мартсан байна лээ гэсэн. Тэгж болохгүй шүү дээ. ... 4 сая орчим төгрөгийн баримтыг харахад даатгалаас 1,820,000 төгрөг төлөгдөөд өөрөө 321,320 төгрөгийг төлөөд өөрөө хагалгаанд орсон байх үндэслэлтэй байсан, 7,8 дугаар сарын баримт байсан, 1,500,000 төгрөгийн баримтыг 2 хийсэн байсан. Тэгэхээр би 1,500,000 төгрөгийн баримт үндэслэлгүй, өөрөөр хэлбэл имплант хийлгэсэн эсэх талаар баримт байхгүй. ... тэгэхээр өвчний карт авчирсангүй. ... Иймд үндэслэлтэй баримтаар хохирлоо тооцож, төлөхөө илэрхийлж байгаа, эдгээр баримтыг хасаж тооцож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр Цайзын уулзварын хойд талд 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр шүүгдэгч Б.Г, хохирогч Х.Г нар нь явган хүний гарцаар зам тавьж өгөөгүй, машиныг цохилоо гэх шалтгаанаар хоорондоо маргалдан шүүгдэгч нь хохирогчийн нүүр хэсэгт нь гараараа цохиж гэмтэл учруулсан байна.
Хохирогч Х.Гд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 12330 дүгээр дүгнэлтээр “зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Гхын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Б.Г нь хохирогч Х.Гын нүүрэн тус газарт цохих үйлдлээр эрүүл мэндэд халдаж, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Х.Гд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 12330 дүгээр дүгнэлтээр “зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Г нь хохирогч Х.Гын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Мөн хэрэгт авагдсан баримтаар хэрэг гарахад шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаарх баримт авагдаагүй ба бүрэн гүйцэт нотлогдохгүй байх тул архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээгүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч, шүүгдэгч нарын хооронд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас болж, хэн аль нь уур бухимдлаа барьж чадаагүйгээс болж гэмт хэрэг үйлдэгджээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хохирогч Х.Гаас нийт 3,524,644 төгрөгийн зардлын баримтыг гаргаж өгснийг шинжлэн судлаад давхардсан зардлын баримт, 7, 8 дугаар сарын зардлын баримт, ЭМДГ-аас төлөгдсөн төлбөр зэргийг хасаж шүүгдэгчээс 2,301,110 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөр зорилгоор ажлын 1 хоногийн завсарлах хүсэлт гаргасан бөгөөд уг хугацаанд шүүгдэгчээс 1,000,000 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг дурдаж, үлдэх 1,301,110 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогч Х.Г нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Б.Гаас холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, урьд ял шийтгэгдээгүй, хувийн байдал, хохирлоос 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, ажлаа хийж байгаад гараа хугалсан, акттай байгаа, шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзаж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.
Шүүгдэгч Б.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй гэх хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гаас 1,301,110 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Гд олгосугай.
5. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 1,000,000 төгрөгийг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Х.Г нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Б.Гаас холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ