Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 51

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 25 өдөр               Дугаар 153/ШШ2019/00050             Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 16-16 тоотод оршин суух регистрийн дугаартай овогт гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг, 4075293 тоот регистрийн дугаартай, “Номин шилтгээн констракшн” ХХК-д холбогдох гэм хорын хохирол 1,262,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, иргэдийн төлөөлөгч А.Айжулдыз, нэхэмжлэгч Н., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагчийн төлөөлөгч Б.Батболд нар оролцов.                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Шахмал түлшний үйлдвэрийн үйлдвэрлэсэн нүүрс түлэх явцад нүүрсний цогноос дэлбэрэлт явагдаж үүний улмаас цогтой нүүрс үнс, нурам буудаж миний эрүүл мэнд болон эд хөрөнгөнд ихээхэн хэмжээний хохирол учруулсан. 2018 оны 2 дугаар сарын 15-ны өглөө 08 цаг өнгөрч байхад урд шөнө нь хийсэн нүүрсний үнсээ авах гээд пийшингийн амаа онгойлгож харахад цаанаа улаан цогтой байсан. Үнсээ авах гээд хутгатал өөдөөс үнс нурам миний нүүр лүү буудаж, миний нүд юм харахаа больсон. Тэгээд би гар утсаа аваад гарын мэдрэмжээрээ утсаа тэмтэрч байж охин руугаа залгаж болсон явдлыг хэлсэн. Миний нүд маш ихээр хорсож өвдөж юм харж чадахгүй байсан. Тухайн үедээ нүд сохорчихлоо гэж бодсон.

Ингээд хүүхдүүд ирж яаралтай эмнэлэгт очиж эмнэлгийн тусламж авсан. Нүдээ цэвэрлүүлээд эмчилгээ хийлгээд юм харж эхэлсэнд би маш их баярласан. Миний хүү энэ асуудлаар Цагдаагийн байгууллагад хандсан боловч гэмт хэргийн шинжгүй байна гэсэн үндэслэлээр шалгахаас татгалзсан шийдвэр гаргасан. Миний нүдний хараа тэр үеэс хойш эрс муудаж, одоо ч нүдний байнгын эмчилгээтэй байна. Мөн тэр үед улаан цогтой үнс буудаж цацарснаар гэрийн эд хогшил түлэгдэж гэмтэж ашиглалтаас гарсан.

Өмнө нь би боловсруулаагүй түүхий нүүрс түлдэг байсан. Насаараа л нүүрс түлж амьдарч байхад ийм асуудал гарч байгаагүй. Шахмал түлшний үйлдвэр нь үйлдвэрлэлийн технологийн ямар нэгэн алдаа гаргаснаас л ийм эрсдэлтэй нөхцөл байдал болсон. Иймд Н. миний бие нь тус үйлдвэрийн газраас өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг хуулийн дагуу гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Миний эрүүл мэндэд учирсан хохирлыг мэдээж нөхөн төлж сэргээж чадахгүй, Би өндөр настай хүн. Тэр явдлаас болж айж цочирдож сэтгэл санаа тогтворгүй болсон. Одоо гал түлэхээсээ ч айдаг болсон. Одоогоор гарсан бодит хохирлыг тооцвол эм, эмчилгээний зардал 802,950 төгрөг, турк хивс 3*4 хэмжээтэй 170,000 төгрөг, Солонгос савхин дээл 140,000 төгрөг, Солонгос хивс 6*3 хэмжээтэй 150,000 төгрөг нийт 1,262,950 төгрөг.

Иймд хариуцагчаас 1,262,950 /нэг сая хоёр зуун жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийн хохирлыг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Батболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манай  шахмал түлшний үйлдвэрээс 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 'Шонхорын хүлэг транс” ХХК нь бидний үйлдвэрлэдэг шахмал түлшнээс 30 тонныг худалдан авч Ховд аймгийн Жаргалант сумын 12 багийн орлого багатай, амьдралын түвшин доогуур 120 гаруй айл өрх, иргэдэд сар шинийн баярыг тохиолдуулан ард иргэддээ тусламж үзүүлэн нэг айл өрхөд 250 кг шахмал нүүрс үнэгүй өгч тараасан. Яг энэ үеэр нэг залуу нүүрс авч байсан хүмуүсийн дунд их муухай чанга дуугаар манай үйлдвэрлэсэн шахмал түлшийг түлж байтал түлж байсан нүүрс нь дэлбэрээд ээжийн нь нүүр түлэгдэж, хөмсөг нүд нь түлэгдээд ээж юм харахаа больчихлоо үйлдвэрийн дарга нь хаана байна гээд орилоод байсан. Тэгээд өдий гурван жил шахмал нүүрс үйлдвэрлэж үйл ажиллагаа явуулахдаа нэг ч ийм зүйл болоогүй учраас маш их гайхаж бас түр зуур цочиролд орсон. Тэгээд би тэр залуутай уулзаад ямар учиртай яг юу болсон талаар асуутал, танай хийсэн нүүрс чинь дэлбэрээд ээжийн нүүр нүд, хөмсөг түлэгдээд, ээжийн гэр орон үнсэнд түлэгдээд хамаг эд зүйлс авах юм байхгүй болсон танай нүүрснээс боллоо гээд дайраад байсан. Тэгээд би тэр залуутай хамт ирсэн залуугийн хамт гурвуулаа ээжийнд нь очсон. Ээжийнд нь очиход ээж нь алчуураар нүүр, нүдээ дараад сууж байсан. Амар мэндийг нь асуугаад юу болсон талаар асуухад, орой шөнө унтахдаа түлсэн нүүрснийхээ унтарч байсан галынхаа үнсийг өглөө нь авах гээд хутгатал үнс нь дэлбэрээд нүүр лүү нь цацарсан гэсэн. Би орой нь гал түлж байхад дэлбэрээгүй нүүрс, өглөө нь шатаад дуусчихсаныхаа дараа унтарчихсан гал яахаараа дэлбэрчихдэг байнаа гэж маш их гайхсан. Тэгэхдээ гэрт нь үнсний цацарсан тоос байсан. Гэхдээ гэрт тухайн үед түлэгдсэн зүйл юу ч байгаагүй. Би тэгэхэд таны түлж байгаа манай нүүрс хаана байна гээд гэрийн гадна гарч үзэхэд бидний үйлдвэрлэсэн нүүрс юу ч байгаагүй. Манай нүүрсний шатсан үнсний өнгө нь бор өнгөтэй, маш нунтаг үнс нь маш бага гардаг тул тэр айлын үнсний хог дээр манай нүүрсний үнс байна уу гээд үзтэл ерөөсөө манай нүүрсний үнс байгаагүй. Зөвхөн том бүхэл чулуутай үнс, мөн саарал өнгөтэй нунтаг үнс холилдсон хогнууд байсан. Мөн тэр айлын зуухан дотор болон гадна үнсний хогон дээр нь шатаасан бог малын яснууд нилээд байсан. Тэр эмээ хөмсөг түлэгдчихлээ гээд байсан болохоор нь хөмсөг, нүдийг үзсэн чинь эмээ угаасаа хөмсөггүй, шивээс хийлгэсэн хиймэл хөмсөгтэй байсан. Тэгээд эмээг эмнэлэгт очиж эмчид үзүүлье гэхээр би эмчид үзүүлчихсэн эмч намайг цусаа шүүлгэ гэж хэлсэн. Би олон удаа очиж цусаа шүүлгэнэ надад 5,000,000 төгрөг өг гээд нэхээд байсан.

Энэ эмээ манай үйлдвэрлэж байгаа шахмал нүүрсийг огт худалдан авч түлдэггүй мөртлөө 50 кг-ийн уутны ёроолд хагас дутуу шатсан болон огт шатаагүй хэдэн ширхэг шахмал нүүрсийг хийчихсэн байсан. Түүнийгээ цагдаа дуудаж үзүүлээд байцаагчид өгөөд, биднийг гүтгэн худлаа мэдээлэл өгсөн байна лээ. Би өмнө нь нүүрс түлээд гал галлаж байгаа айлд нүүрс дэлбэрч байна гэж нэг ч.удаа сонсож байгаагүй. Хүмүүсээс тийм зүйл байдаг юмуу гэж асуухаар асаж байгаа нүүрс дэлбэрдэггүй гэх юм.

Хөшөөтийн уурхайн нүүрсээр хийсэн манай үйлдвэрийн шахмап нүүрс нь ямар ч хөө тортоггүй, утаа бага гардаг, үнс бага гардаг учраас тэсэрч дэлбэрэх зүйл үгүй юм. Мөн манай шахмал нүүрсний орц найрлага нь Хөшөөтийн уурхайн цэвэр чулуугүй нунтаг нүүрстэй эрдэнэшишийн цардуулыг маш бага хэмжээгээр хольж үйлдвэрийн аргаар боловсруулж хийдэг. Эрдэнэшишийн цардуулыг хүнсний ургамалаас гаргаж авдаг тул хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ямар ч сөрөг хор хөнөөлгүй, тэсэрч дэлбэрэх зүйлгүй, аюулгүй бүтээгдхүүн юм. Бидний үйлдвэрлэж байгаа шахмал нүүрс болон бэхжүүлэгч эрдэнэшишийн цардуулын бүтэц, найрлага нь хүмүүст болон байгальд ямар нэгэн сөрөг нөлөөгүй, аюулгүй бүтээгдэхүүн гэж нотлогдсон. Бүтээгдэхүүнийхээ дээжийг ШУА-ийн Хими, химийн хүрээлэнгийн лабораторт өгч шинжилгээ хийлгэж, шинжилгээнийхээ хариунуудаа авсан бөгөөд шахмал нүүрснийхээ Монгол улсын стандартыг хангаад МН8 5679:2014 тохиролын гэрчилгээг авсан.

Н.Нямаагийн үнс авч байсан хувин, сав дотор нь гар чийдэн, цагны хуруу батерей болон өөр дэлбэрч болзошгүй зүйл байсан ч байхыг бас үгүйсгэх аргагүй шүү дээ. Настай хүн анзааралгүй хогон дээрээ үнсээ авсан ч юм билүү. Тэгээд ч энэ хүний ярьж байгаагаар урд шөнийн түлсэн нүүрс өглөө нь унтарч байгаа галын хөрсөн үнс дэлбэрлээ гэхэд би огт итгэхгүй байна. Энэ эмээ анхнаасаа л биднээс их хэмжээний мөнгө нэхсэн бөгөөд одоо ч л бас мөнгөө нэхсээр л байна.

Энэ хүн манай үйлдвэрлсэн нүүрсийг нэг ч удаа худалдан авч байгаагүй. Зуухан дотор манай нүүрс түлж байсан гэх нэг ч нотолгоо, манай нүүрсний нунтаг бор үнс байгаагүй. Дандаа бүхэл чулуутай нүүрсний бүхэл чулуутай үнс, нунтаг саарал үнс мөн зуухан дотор нь бог малын дутуу шатсан яснууд байсан. Гадаа үнсний хогон дээр нь бас чулуутай нүүрсний хаягдал үнс, нунтаг саарал үнс болон нилээд хэмжээний тарианы шприц, бог малын дутуу шатсан яснууд нилээд хэмжээний байсан. Тэгэхээр энэ айл зуухандаа яс байнга түлдэг юм байна лээ.

Тухайн үед гэрт нь ирж үзэхэд нунтаг үнсийг санаатайгаар цацсан юм шиг надад санагдсан. Гэрт хэрвээ галтай цог үнэхээр дэлбэрсэн бол гэрийн ханын хөшиг болон орны бүтээлэг бусад даавуун эдлэл, хивс зэрэг зүйлүүд түлэгдэж цоорох ёстой гэтэл тэнд тийм юу ч байгаагүй. Галын урдуур тавьдаг хуучин жижиг хивсээ гадаа гаргаж тавьсан байсан. Энэ хүн савхин дээл, турк, солонгос хивснүүд түлэгдэж цоорсон гэж байна. Тэр үед тийм түлэгдэж цоорсон эд зүйлс юу ч байгаагүй.

Намайг очсоны дараа манай эхнэр Н. гэдэг хүний гэрт нь очсон. Тэр үед зуухан дотор нь тэсэрч дэлбэрэх зүйлгүй гэрт нь үнс бургисан байдалтай байсан гэсэн. Хөмсөг сормуус нь шатсан нүд юм харахгүй байна гэхэд нь нүдний дусаалга дусааж өгөхөд нүүр, нүдэнд нь түлэгдэж цэврүүтсэн зүйл огт байгаагүй. Гэрийн гадна түлж байгаа нүүрс нь 800 кг-аас 1 тн орчим бүхэл нүүрс, бургас зэрэг байсан. Гадна үнсний хогон дээр нь манай бор өнгийн үнсний хог байгаагүй, үнсний хогон дээр нь хэрэглэсэн эмийн шилнүүд, дутуу шатсан бог малын яснууд их байсан. Тэр үед Н. гуай хатгаа авч гэрээрээ тариулж байгаагаа манай эхнэрт хэлсэн байсан. Өглөө босож халуун үнсээ авах үед нь эмийн битүү фалкан буюу антибиотокын битүү шил хог хаягдал дээрээ үнсээ авч хийн, тэр шил нь хог авдаг хувин сав дотроо дэлбэрсэн байх гэж бодож байна. Мөн тэр хүн цайвар арьстай , өтгөн үс хөмсөгтэй биш, хөмсөггүй, хөмсөгөө шивүүлсэн байсан. Мөрдөн байцаагч очиж үзээд хэлэхдээ “хүчтэй дэлбэрэлт болоогүй, гэрээр дүүрэн гал цог нурам цацарч гэрийн эд зүйлсийг цоолж түлсэн зүйлгүй үнс бужигнасан байдалтай байсан” гэж хэлсэн. Тэр өдөр Анхаа эмчид үзүүлсэн байна лээ. Тэгээд Анхаа эмч намайг цусаа 5,000,000 саяар шүүлгээд нүдэндээ дусаа гэж хэлсэн гэсэн. Тэр мөнгийг өгвөл гомдолгүй гэсэн. Дараа нь цагдаагийн дүгнэлт гарахад Н. гуай манай эхнэр лүү утсаар залгаж 40,000 төгрөг өгчих эгч нь гомдолгүй гэсэн. Бид зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл бид буруугүй учраас. Тэр үзсэн эмчээс нь асуухад наад хүн чинь гайгүй ээ орхи, орхи гэхээр нь Т. гуайтай ярилцсан чинь эхэндээ гомдоллоод байснаа “за, за миний дүү ажлаа бод би гайгүй ээ” гэж хэлээд манай эхнэрийг явуулсан байсан.

Иймд энэ үйлдэл нь бидэнтэй адилхан түүхий бүхэл нүүрс зардаг бидний өрсөлдөгч хүмүүсийн явуулгаар шуугиан дэгдээж, бидний компани, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, бидний нэр хүндийг унагааж хар пиар хийж, үйлдвэрийг зогсоох зорилготой байна. Тийм учраас манай компаний зүгээс дээрхи зүйлүүдийг үндэслэн энэ нэхэмжлэлийг ямарч үндэслэлгүй зүйлээр биднийг гүтгэн доромжилж байгаа учраас бид энэ нэхэмжлэлээс татгалзаж байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч А.Айжулдыз дүгнэлтдээ: Нэхэмжлэгч Н. гийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учирсан, түүнийг төлж барагдуулах ёстой гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н. нь хариуцагч “Номин шилтгээн констракшн” ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол 1,262,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Н. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийг “Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг Шахмал түлшний үйлдвэр” гэж бичсэн бөгөөд иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжид хариуцагч “Шахмал түлшний үйлдвэр” гэж гарсан. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Шахмал түлшний үйлдвэр” нь “Номин шилтгээн констракшн” ХХК болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдсон тул нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу тус шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШТ2019/00006 дугаартай шүүхийн тогтоолоор хариуцагчийг сольсон болохыг дурдлаа.

Шүүх хуралдаанд хариуцагч “Номин шилтгээн констракшн” ХХК-ний төлөөлөгч нэхэмжлэлийн хувийг өмнө гардан авсан, дахин нэхэмжлэлийн хувийг гардан авах шаардлагагүй, нэмж нотлох баримт гаргаж өгөхгүй гэсэн тайлбарыг гаргасан тул шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д зааснаар шүүх хуралдааныг ажиллагааг шинээр эхлэн явуулсан болно.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Н. нь 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн өглөө Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 16-16 тоотод байрлах гэртээ урьд шөнө түлсэн пийшингийн үнсээ автал үнсний нурам буудаж Н. гийн нүүрэн хэсэгт гэмтэл учирч тус гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, гэмт хэргийн шинжгүй  болох нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 5/13 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” Прокурорын тогтоолын хуулбар, 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар, Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 5/23 дугаартай мэдэгдэх хуудасны хуулбар /хх-16/, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...Шахмал түлшний үйлдвэрийн үйлдвэрлэсэн нүүрсний үнсийг авах үед цогтой үнс, нурам буудаж миний эрүүл мэнд болон эд хөрөнгөнд хохирол учруулсан тул хохирлоо гаргуулна” гэж, хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй “...Н. нь манай үйлдвэрийн шахмал түлшийг түлээд пийшин нь буудаж түүний нүүр түлэгдсэн эсэх нь нотлогдохгүй байна” гэх үндэслэлээр талууд маргасан болно.

“Номин шилтгээн констракшн” ХХК нь шахмал түлш үйлдвэрлэдэг болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 1611005136 дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “Номин шилтгээн констракшн” ХХК-ний дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, МоЭнКо ХХК-ний 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01/119 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэгдсэн лабораторийн сорилтын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 228 дугаартай дүнгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Стандарт, хэмжил зүйн газрын Тохирлын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Шинжлэх ухааны академи Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2/221 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Шинжлэх ухааны академи Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2/232 дугаартай Шинжилгээний дүнгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Харин “Номин шилтгээн констракшн” ХХК нь өөрийн үйлдвэрлэсэн шахмал түлшний галлагааны горимын талаар үйлчлүүлэгчид мэдээлэл өгөөгүйн улмаас хариуцагч байгууллагын шахмал түлш ашиглаж байсан иргэн Н. гийн нүүрэн хэсэгт гэмтэл учирсан болох нь Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 5/10 дугаартай “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай” прокурорын мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-41/, Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 5/13 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” Прокурорын тогтоолын хуулбараар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл “Номин шилтгээн констракшн” ХХК нь шахмал түлш худалдан борлуулах цэгүүдэд худалдан авагч, үйлчлүүлэгч нарт галлагааны горим, стандартын талаар мэдээлэл өгөөгүй, шахмал түлшний савлагаан дээр галлагааны горим, аюулгүй ажиллагааны стандартын талаар санамж байрлуулаагүй ашиглах талаар зааварчилгаа өгөөгүй, худалдан авагч нарт мэдээллийн хэрэгслээр анхааруулах мэдээлэл сурталчилгаа хийгээгүй болох нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...эдийн засгийн боломжоос шалтгаалан шахмал түлшийг гурилын уутанд хийж зардаг. Уутан дээр лого, зааварчилгаа байхгүй. Угаасаа хүмүүс сонирхож уншдаггүй юм байна лээ” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...шахмал түлшний уутан дээр ямар нэгэн лого, бичиг байгаагүй, энгийн шуудайнд хийсэн байсан” гэх мэдүүлэгээр нотлогдож байх бөгөөд худалдан авагч нарт галлагааны горимын талаар мэдээлэл хийгээгүй үйлдэл нь хэрэглэгч  болох Н. гийн биед гэмтэл учирсан үйл явдал хоорондоо шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Н. нь өөрт болон эд хөрөнгөнд учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй бөгөөд түүний улмаас учирсан гэм хорыг хариуцагч байгууллага хариуцан арилгах нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Н. нь дээрх үйл явдлын улмаас учирсан гэм хорын хохиролд 1,262,950 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гаргасан хавтаст хэргийн 5-7 дугаар хуудсанд авагдсан гэрэл зургийн хуулбар, хавтаст хэргийн 10 дугаар хуудаст авагдсан эмчийн үзлэгийн тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлагыг хангаагүй, хавтаст хэргийн 8, 9 дүгээр хуудсанд авагдсан амбулаториор эмчлүүлэгчдийн картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт бичигдсэн эмийг нэхэмжлэгч нь авсан талаарх баримтгүй, хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудсанд авагдсан 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэсэн бичвэртэй И баримт-ууд нь хэн тухайн эм, эмчилгээний эд зүйлийг авсан болох нь тодорхойгүй, эдгээр эм, эмчилгээний эд зүйлсийг хэрэглэх талаар бичигдсэн эмчийн бичиггүй, хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд авагдсан И баримтын бичвэр арилсан байна.

Нэхэмжлэгч Н. гийн шүүхэд гаргасан эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой дээрх бүх баримтууд нь бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байх бөгөөд эд хөрөнгөнд учирсан хохирол гэх 3*4 хэмжээтэй 170,000 төгрөгийн үнэтэй турк хивс, 140,000 төгрөгийн үнэтэй Солонгос савхин дээл, 6*3 хэмжээтэй 150,000 төгрөгийн үнэтэй Солонгос хивсийг нэхэмжилсэн  боловч үүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н. гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Номин шилтгээн констракшн” ХХК-д холбогдох гэм хорын хохирол 1,262,950 /нэг сая хоёр зуун жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Н. гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,900 /гучин дөрвөн мянга есөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Монгол улсын стандартын хуулбар /хх-38-40/, зааварчилгаанд хамрагдсан хүний бүртгэлийн хуулбар /хх-42/, аюулгүй ажиллагааны зааварын хуулбар /хх-43-45/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангаагүй тул тус хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н. гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Номин шилтгээн констракшн” ХХК-д холбогдох гэм хорын хохирол 1,262,950 /нэг сая хоёр зуун жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н. гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,900 /гучин дөрвөн мянга есөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МАРИНА

 

                                  ШҮҮГЧ                                                  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

 

                                  ШҮҮГЧ                                                  С.ОЮУНЖАРГАЛ