| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2023/0018/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/36 |
| Огноо | 2023-01-03 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/36
2023 01 03 2023/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цасшихэр,
улсын яллагч Г.Билгүүн,
шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Чд холбогдох эрүүгийн 2206 00000 3700 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
0
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ч нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***ХХК-ийн *** нэртэй ломбардад зээлийн мэргэжилтнээр ажилд орж тус ломбардын зээлийн газрын эд зүйл, иргэдийн барьцаалан зээл авсан эд зүйл, байгууллагын бичиг баримт, эргэлтийн мөнгөн хөрөнгө болох мөнгийг хүлээн авч ажиллаж байсан боловч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн буюу бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 7,350,000 төгрөгийг хувьдаа захиран зарцуулж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Д.Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тухайн газарт зээлийн мэргэжилтнээр ажиллуулахаар зарын дагуу Б.Ч гэх эмэгтэй ирж уулзаад, тухайн үедээ миний бие уулзаад ажиллуулах боломжтой юм байна гэсний үндсэн дээр түүнд, ямар нэг барьцаа гэх зүйл авалгүй, 1 сарын 800.000 цалинтайгаар амаар тохиролцож тухайн 168 нэртэй барьцаат зээлийн газарт ганцааранг нь ажиллуулахаар болоод 168 нэртэй барьцаат зээлийн газрын эд зүйл, иргэдийн барьцаалан зээл авсан эд зүйл, байгууллагын бичиг баримт, эргэлтийн мөнгөн хөрөнгө болох мөнгийг хүлээлгэн өгч ажиллуулж эхэлсэн. Ингээд үүнээс хойш Б.Чийг ажиллуулж байгаад 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би өөрийн эхнэр О.Аийн хамт ** нэртэй ломбард дээр очоод байгууллагын эд хөрөнгө, иргэдийн барьцаалан зээл авсан эд зүйл, байгууллагын эргэлтийн мөнгийг тооллого хийж шалгахад Б.Ч нь түүний өөрийн Хаан банкны дансанд байсан байгууллагын 7.325.000 төгрөг нь байхгүй, ямар нэгэн хүнд барьцаалан зээл өгсөн зүйл байхгүй байсан тул Б.Чээс тухайн 7.325.000 төгрөгийг юунд хэрэглэсэн талаар асуухад надад болон манай эхнэр О.Ат өөрийн хувьдаа хэрэглэсэн, тухайн мөнгөөр машин авсан, гэрийн ахуйн хэрэглээнд хэрэглэсэн, байрны мөнгө, гар утасны мөнгө, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг хийж, өөрийн хувьдаа бид нарын зөвшөөрөлгүй авч хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. ...иймээс бид өөрийн 7.325.000 төгрөгийг Б.Чээс буцааж авмаар байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас),
Гэрч О.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр манай эхнэр Ч нь ломбардад ажилд орсон. Тэгээд Ч бид хоорондоо машин авах талаар ярилцахад Ча нь би захирлаас мөнгө асуугаад үзье гэж хэлсэн. Хэд хоногийн дараа нь Ч 5.000.000 төгрөг бүтсэн шүү гэж хэлсэн. ...машин хайж байгаад ахын найз гэх хүнээс нь тоёота кроун 171 загварын тээврийн хэрэгслийг 3.500.000 төгрөгөөр худалдан аваад үлдсэн мөнгөөр нь машинд засвар хийсэн, ...2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чийн захирал нь гэх эмэгтэй хүн над руу утсаар яриад “Чийн нөхөр нь үү, би Чд 6.000.000 төгрөг зээлсэн хүн байна. Эгч нь наад машины чинь бичиг баримтыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авмаар байна, та хоёр мөнгөө төлж дуусаад нэрээ шилжүүлж авна биз” гэж хэлсэн. ...Орой 19 цаг өнгөрч байхад Чийн захирал нь гэх эмэгтэй над руу залгаад “...манай ломбардад тооллого хийсэн чинь 7-8 сая төгрөг дутсан, надаас зээлсэн 6.000.000 төгрөг ороод ингэж дутаж байна, хүнд итгэхэд хэцүү болсон байна, одоо эхнэрийг чинь гэрт нь хүргэж өгье, чамд хүлээлгэж өгөөд ярилцъя” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Удалгүй Ч болон түүний захирал, захирлын дүү нь гэх эмэгтэй нар манай гэрт ирсэн. Тэгээд Чийн захирал нь “...би мөнгө огт зээлээгүй, та хоёр машин авсан юм чинь дутаасан мөнгөө яаралтай өгөөд машинаа буцаагаад аваарай” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),
Гэрч Ш.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Ч нь надад хэлэхдээ 2022 оны 10 дугаар сард барьцаан зээлдүүлэх газар ажилд орсон гэж байсан, тэгсэн чинь ажиллаж байх хугацаанд нь барьцаалан зээлдүүлэх газрын захирал нь хөдөө ажлаар явсан, тэр үедээ эргэлтийн мөнгө гэж үлдээсэн, тухайн мөнгөнөөс нь тодорхой хэмжээний мөнгийг нь өөрт аваад машин авсан гэж надад хэлээд байгаа юм. Гэхдээ би нарийн учрыг нь бол мэдэхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),
Шүүгдэгч Б.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ ... Тогтоолтой уншиж танилцлаа. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ... хохирогч Бын ХААН банкны **** тоот дансанд 2 удаагийн гүйлгээгээр нийт 7,350,000 төгрөгийг өгч хохиролгүй болгосон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 1, 2 дугаар хуудас),
Д.Бийн эзэмшлийн ХААН банкны *** тоот дансны хуулга
(хавтаст хэргийн 7 дугаар хуудас),
Б.Ч эзэмшлийн ХААН банкны *** тоот дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл” (хавтаст хэргийн 16-27 дугаар хуудас),
Шүүгдэгч Б.Чээс хохирогч Д.Бын эзэмшлийн ХААН банкны **** тоот дансанд 7.350.000 төгрөгийг хохирлыг нөхөн төлсөн баримт хавтаст хэргийн 52 дугаар хуудас),
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 50, 58-59, 60, 70 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар хуудас),
Иргэний оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас) зэргийг судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “...Шүүгдэгч Б.Ч нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** ХХК-ийн *** нэртэй ломбардад зээлийн мэргэжилтнээр ажилд орж тус ломбардын зээлийн газрын эд зүйл, иргэдийн барьцаалан зээл авсан эд зүйл, байгууллагын бичиг баримт, эргэлтийн мөнгөн хөрөнгө болох мөнгийг хүлээн авч ажиллаж байсан боловч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн буюу бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 7,350,000 төгрөгийг хувьдаа захиран зарцуулж завшсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Ч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Ч нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***ХХК-ийн*** нэртэй ломбардад зээлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус ломбардын эргэлтийн мөнгөн хөрөнгө болох мөнгийг завшиж, 7,350,000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Хөрөнгө завших” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан.
“Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчээс итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хэлэх ба “итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.
“Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.
Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч Б.Ч нь “***” ХХК-ийн *** нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд **** ХХК-ийн *** нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын эргэлтийн мөнгөн хөрөнгө болох 7,350,000 төгрөгийг өөрийн ХААН банкны **** тоот дансандаа хүлээн авч, захиран зарцуулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба шүүгдэгч Б.Ч ийн эзэмшлийн ХААН банкны ***** тоот дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр 7,350,000 төгрөгийн хохирол учруулсан нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Чийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчтой хохирол төлбөр талаар тохиролцсон, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь хохирогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
“***” ХХК-ийн *** нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт учруулсан 7,350,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Ч нь төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Б.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Б.Ч уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүх шүүгдэгч Б.Чд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чд 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Ч нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ