Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 67

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 31 өдөр            Дугаар 153/ШШ2019/00067               Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багт оршин суух, тоот регистрийн дугаартай, Яргайт овогт ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б., нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б. шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1968 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн. 1975 онд Ховд аймгийн Дөргөн сумын найман жилийн сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж суралцаад, 1976 оны хавар сургуулиасаа гарсан. Сургуулиасаа гарснаас хойш эцэг, эхийнхээ хамт мал маллаж амьдарч байсан. 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад малчнаар ажиллаж эхэлсэн ба 1989 оныг дуустал эцэг, эхийнхээ хамт тус нэгдлийн Агваш бригадад мал маллаж байсан.

Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэрийн бичилт дутуу, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас лавлагаа авахад зарим баримтууд дутуу гарч ирсэн учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б. нь 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагаа нотлохоор дараах баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1123 дугаартай лавлагаа,

-1985 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр нээлгэсэн ажилласан хоног, авсан хөлсийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Б. ын А0778020 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

-Б. ын нэр дээрх 1989 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн Баярын бичиг, БууБаатарын нэр дээрх 1985 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Диплом,

-Гэрч Р.Батсуурийн шүүхэд өгсөн “...би 1967-1991 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сухбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан. 1991 онд нэгдэл тарсан. Б. нь Баатар гэдэг айлын 3 дахь хүүхэд. Тэрээр Ховд аймгийн Дөргөн сумын сургуулийг төгссөн. Бид олон жил айл хөрш байсан. Б. нь багаасаа эцэг эхийн хамт Ховд аймгийн Дөргөн сумын Сухбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан бөгөөд тэрээр Үржин гэдэг хүнтэй суугаад нэгдэл тарах хүртэл мал малласан” гэх мэдүүлэг,

-Гэрч Р.Батсуурийн нэр дээрх 1984-1985 оны 70-р дансны хуулбар,

-Гэрч Ж.Төмөрхуягийн шүүхэд өгсөн “...1979 онд Ховд аймгийн Дөргөн сум байгуулагдаж, тус сумын Сээр бригадад хүний бага эмчээр миний бие ажилд орж, 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Б. нь Баатар гэдэг айлын 3 дахь хүүхэд. Тэрээр Ховд аймгийн Дөргөн сумын сургуулийг 1-р ангид суралцаад 2-р ангиасаа гарсан. Тэгээд 1978 оноос эцэг эхийн хамт Ховд аймгийн Дөргөн сумын Сухбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан бөгөөд тэрээр Үржин гэдэг хүнтэй суугаад нэгдэл тарах хүртэл мал малласан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хүсэлт гаргагч Б. нь Иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж, 1990-2000 оныг дуустал нөхөн тооцуулсан байна.

Хэрэгт авагдсан Б. ын нэр дээрх 1985 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг түүний эх хувьтай нь шүүх хуралдаан дээр тулгаж үзсэн бөгөөд тус хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилтэд засвар ороогүй, байгууллага бүр өөр, өөр бичгийн хэвтэй хүмүүс бичилт хийж байгууллагын тамга дарж баталгаажуулсан байх тул хэрэгт баримтаар үнэлсэн болно.

Энэхүү хөдөлмөрийн дэвтэрийг 1985 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлээс олгосон байх бөгөөд хөдөлмөрийн дэвтэрийн олгосон хэсэгт нэгдлийн дарга “Дэлгэр” гэж бичээд дээр нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэл гэсэн тамга дарсан байна. Тус дэвтрийн 2-3 дугаар хуудсанд Нэгдлийн даргын 1989 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот тушаалаар Сүхбаатарын зам нэгдлийн Сээр хэсэгт малчнаар ажиллуулав гэж бичээд дээр нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэл гэсэн тамга дарсан, дэвтрийн 12-13 дугаар хуудаст ажилласан хоног, авсан хөлсийн талаар бичиж “Пүрэв” гэж гарын үсэг зурж “олгов” гэсэн тамга дарсан байна.

Хүсэлт гаргагч Б. нь 1983-1985 онуудад эцэг Б.Баатарын хамт мал маллаж ажлын хөлс түүний эцэг Б.Баатарын нэр дээр бичигдэдэг байсан гэж шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбар нь үндэслэлтэй байх тул  хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1123 дугаартай лавлагаагаар Ховд аймгийн Дөргөн сумын Агваш бригадын 1983-1985 оны Б.Баатарын нэр дээрх 70-р дансны хуулбарыг нотлох баримтаар үнэлэсэн болно. Харин 1988-1990 оны 70-р дансны хуулбарууд нь хүсэлт гаргагч Б. ын нэр дээр бичигдсэн байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Б. нь 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Яргайт овогт Баатарынын 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА