Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 153

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Иргэдийн төлөөлөгч: С.Золбоо,

Улсын яллагч Ш.Насанжаргал,

Шүүгдэгч Х.Алтансүх, түүний өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ханхөхий овогт Халтарын Алтансүхэд холбогдох эрүүгийн 201625020513 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Ханхөхий овогт Халтарын Алтансүх, Монгол улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 20-11 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд нь Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 28 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 110 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 28 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасныг баримтлан 2009 оны 07 дугаар сары 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 3168 дугаар тогтоолоор Х.Алтансүхийн эдлээгүй үлдсэн 02 жил, 02 сар, 16 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил, 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил, 7 сар, 17 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай /РД:ЖЮ86041978/;

Шүүгдэгч Х.Алтансүх нь 2013 оны 02 дугаар  сарын 19-ний өдөр дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байх хугацаандаа шунахай сэдэлтээр 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн автобусны буудал дээрээс хохирогч А.Билгүүний гадна хувцасны халааснаас IPHONE-5 маркийн гар утсыг нь хулгайлан авч хохирогч А.Билгүүнд 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Алтансүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тухайн хэрэг гардаг өдөр 13-14 цагийн хооронд хохирогчийн Ай фоне 5 загварын гар утсыг хулгай хийж авсан. Тухайн утсыг “Теди” худалдааны төв дээр 60.000 төгрөгөөр зараад маргааш өдөр нь цагдаад баригдсан. Хохирогчийн гар утсыг буцааж авч өгсөн.” гэв.

 

Хохирогч А.Билгүүн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр МУБИС-ийн автобусны буудал дээрээс 5 шар Офицеруудын ордон чиглэлийн автобусанд суух үедээ куртикны баруун халааснаасаа гар утсаа алдсан юм. Тэгээд автобуснаас буугаад тэр хавиар нилээн хайгаад олдохгүй болохоор нь 15 цагийн үед цагдаагийн газар очсон юм. Би 3,4 дүгээр хорооллын Тэди төвийн 2 давхрын лангуунаас 2016 оны 02 дугаар сарын эхээр 330.000 төгрөгөөр авч байсан тул энэ үнээр үнэлж байна. Миний алдсан гар утсыг 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын цагдаагийн газрын 4 дүгээр хэлтэс дээр дуудаж хүлээлгэж өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-19-21/,

 

Гэрч Э.Мягмарсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Таван шар офицеруудын ордон чиглэлийн автобусны урд хаалгаар суух үедээ халааснаасаа гар утсаа алдсан хэрэг дээр биечлэн сурвалжлага хийж ажиллахдаа Х.Алтансүхийг сэжиглэн 2016 оны 02 сарын 16-ны өдөр барьж шалгахад гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Х.Алтансүх нь манай сэжигтний бүртгэлд авагдсан этгээд болно ...” гэсэн мэдүүлэг /хх-22/,

 

Гэрч М.Олдох мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Алтансүхийн ээж байгаа юм. Миний хүү түргэн ааштай, цайлган тусархуу зантай хүүхэд юм. Тэр Дорнод аймгийн 10 жилийн 4 дүгээр дунд сургуулийн 3 дугаар ангийг төгсөөд сургуулиа хаячихсан юм…” гэсэн мэдүүлэг /хх-23,69/,

 

Шүүгдэгч Х.Алтансүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Автобусны буудал дээр явж байтал 17-18 настай охин байсан ба тэр охины хар өнгийн куртикны баруун талын халаасанд нь гар утас байгаа нь ил харагдаж байсан учир тухайн хүнийг автобусанд суух үед нь гар утсыг нь авчихсан юм. Тэр утсыг нь би буцаагаад хүлээлгээд өгчихсөн…” гэсэн мэдүүлэг. /хх-74/,

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-12/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-13/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-14/,

Шүүгдэгч Х.Алтансүхийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-33/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-32/,

Шийтгэх тогтоолын хуулбар, ялтныг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-39-51/,

Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай тогтоол /хх-68/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 541 дүгээр дүгнэлт /хх-72/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Х.Алтансүх нь 2013 оны 02 дугаар  сарын 19-ний өдөр дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байх хугацаандаа шунахай сэдэлтээр 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн автобусны буудал дээрээс хохирогч А.Билгүүний гадна хувцасны халааснаас IPHONE-5 маркийн гар утсыг нь хулгайлан авч хохирогч А.Билгүүнд 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

хохирогч А.Билгүүний “...2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ...автобусанд суух үедээ куртикны баруун халааснаасаа гар утсаа алдсан юм. ...утсаа 330.000 төгрөгөөр авч байсан тул энэ үнээр үнэлж байна. Миний алдсан гар утсыг 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын цагдаагийн газрын 4 дүгээр хэлтэс дээр дуудаж хүлээлгэж өгсөн…” гэх /хх-19-21/, гэрч Э.Мягмарсүрэнгийн “...халааснаасаа гар утсаа алдсан хэрэг дээр биечлэн сурвалжлага хийж ажиллахдаа Х.Алтансүхийг сэжиглэн 2016 оны 02 сарын 16-ны өдөр барьж шалгахад гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.” гэх /хх-22/ болон шүүгдэгч Х.Алтансүхийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Х.Алтансүхэд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Х.Алтансүх нь урьд нь Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 28 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасныг баримтлан 2009 оны 07 дугаар сары 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 3168 дугаар тогтоолоор Х.Алтансүхийн эдлээгүй үлдсэн 02 жил, 02 сар, 16 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан бөгөөд ялтай байдал дуусаагүй байхдаа,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил, 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 101 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил, 07 сар, 17 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэг “урьд нь хүнд …гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа буюу эдэлсний дараа дахин онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээд”-ийг онц аюултай гэмт хэрэгтэнд тооцно” гэснийг үндэслэн шүүгдэгч Х.Алтансүхийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх үндэслэлтэй байна.

 

Зүй нь шүүгдэгч Х.Алтансүх дээрмийн гэмт хэрэгт ял шийлгүүлж, 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 101 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил, 07 сар, 17 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацааг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт заасан “хорих газраас тэнсэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг” өршөөлд хамруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт заасан “хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй” гэх ялтай байдал нь дуусаагүй байх тул Х.Алтансүхийг анх удаа гэмт хэрэг үйдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Х.Алтансүх нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон нийт 191 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 291, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан хөхий овогт Халтарын Алтансүхийг дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Х.Алтансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Х.Алтансүхийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар Х.Алтансүхэд оногдуулсан 10 /арав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Х.Алтансүхийн цагдан хоригдсон 191 /нэг зуун ерэн нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Алтансүхэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Алтансүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ИДЭР

 

ШҮҮГЧИД                                                                 Б.ДУЛАМСҮРЭН

                                                                                                    

Б.МӨНХ-ЭРДЭНЭ