Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2019/ДШМ/24

 

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

                        Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                              Н.Энхнаран

Прокурор                                                   Э.Идэрбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Д.Урансувд

Шүүгдэгч                                                    Б.Б нар оролцов.

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Батсайхан даргалж шийдвэрлэсэн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Б-т холбогдох эрүүгийн 19210003700204 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын …-ний өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалтын ... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Б.Б.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалтын … тоотод оршин суух хохирогч У.Н-ийн байшингаас 32 инчийн “ELKO” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн орчимд хохирогч Ж.О-ын Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах “ЕF” дэлгүүрийн гадна талын зогсоол дээр байсан “MUSSO” маркийн ... УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээс “SAMSUNG J-7” маркийн гар утсыг хулгайлж, бусдад 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолоор:

1/ Шүүгдэгч Боржигон овогт Б.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Батбаярыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4/ Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Б-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж,

5/ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас бусдад учруулсан гэм хорын хохиролд нийт 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, ... тоотод оршин суух, Иншөөбү овогт Ж.О-т олгож, хохирогч У.Н нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Б-ыг хохирогч У.Н-д төлөх төлбөргүй болохыг дурдаж, ...шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Б.Б намайг анхан шатны шүүхээс 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 350 000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.О-т олгож шийдвэрлэсэн. Миний бие анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон. Хууль мэдэхгүйгээс хохирол төлбөрөө төлөхгүй бол ял хүндэрнэ гэж санаагүй шүүх хуралдаанд оролцсон. Миний хувьд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах шатнаас зөвшөөрдөг бөгөөд энэ талаар маргаагүй. Миний хувьд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа өмгөөлөгч авсан, өмгөөлөгч хохирлоо барагдуулах зөвлөгөө өгсөн. Үүний дагуу хохирлоо төлсөн. Мөн би гэмт хэрэг үйлдсэн талаараа эцэг эхдээ хэлээгүй байсан бөгөөд үүнээс болж 70 гаруй настай аав ээж хоёр минь хямарч гал түлдэг, нүүрс мод гэх ажил ихтэй амьдралд үлдэж байгаад харамсаж байна.

Шүүх шийтгэх тогтоолд ЭХЕА-ийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Би ЭХЕА-ийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамрагдана гэж ойлгож байна. Би өмнө үйлдсэн гэмт хэрэгтээ зохих ялаа эдлээд эрүүгийн хариуцлага хүлээгээд дууссан. Шүүх хуралдаанаас хойш хохирогчид учирсан хохирлыг төлсөн ба энэ нөхцөл байдал болон ял хөнгөрүүлэх байдал, миний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг минь харгалзан үзэж 2 жилийн хорих ялыг минь ЭХЕА-ийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж багасгаж өгнө үү. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй, архины хэрэглээгээ ч болино. Одоо би үлдсэн хэдэн насанд нь аав ээжийгээ хайрлаж ач тустай байхыг чин сэтгэлээсээ хүсч байна. Шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.Урансувдын хамт биечлэн оролцоно” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Би 70 гаруй насны аав, ээж болон бие муутай ахын хамт дөрвүүлээ амьдардаг. Хууль мэдэхгүй учир өмгөөлөгч авч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд гаргасан тайлбар болон саналдаа: ...Б.Б анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон учир хохирлоо төлж ялаа хөнгөрүүлэх хуульд заасан боломжийг ойлгоогүй. Ингээд 2 жилийн хорих ял авсан. Энэ ялыг хөнгөрүүлэх хуульд заасан ямар нөхцөл байдал байдаг юм бол гэдэг үүднээс гомдлоо гаргасан. ... Б.Б нь гэмт хэргийн зүйлчлэлийн асуудал дээр огт маргаагүй. Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн. Хувийн байдлын хувьд 70 гаруй насны аав, ээж, хөгжлийн бэрхшээлтэй Баваасан гэж ахынхаа хамт амьдардаг. Б.Бын хувьд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т давж заалдах шатны шүүхэд ялыг хөнгөрүүлэх эрхийг олгосон. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялын хоёрны нэгээс багагүй ял оногдуулах хуулийн зохицуулалт байгаа учир энэ хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж ялын хэмжээг багасгаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Идэрбат гаргасан дүгнэлтдээ: ...1.Шүүгдэгч Б.Б нь хулгайлах гэмт хэргийг удаа дараа үйлдсэн байдал нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болохгүй гэж үзэж байна. 2.Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий боловч хохирол төлбөрөө төлөөгүй байсан учир ял хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх боломжгүй байсан. 3. Анхан шатны шүүхээр гэм буруугийн хурлыг хийх үед учруулсан хохирлоо төлөөгүй байсан. Шүүх хуралдааны дараа хохирлыг төлж байгаа нь хохирлыг төлөх байсан уу, үгүй юу гэдэг дээр эргэлзээ төрүүлж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдол байхгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлттэй байна гэв.      

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Б.Б-т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

  Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалтын … тоотод оршин суух хохирогч У.Н-ийн байшингаас 32 инчийн “ELKO” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, мөн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн орчимд хохирогч Ж.О-ын Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах “ЕF” дэлгүүрийн гадна талын зогсоол дээр байсан “MUSSO” маркийн ... УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээс “SAMSUNG J-7” маркийн гар утсыг хулгайлж, бусдад 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч У.Н, Ж.О нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээнүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Энэ хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах үндэслэлгүй байх тул шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын “ял хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь шийтгэх тогтоол гарсны дараа хохирогч Ж.О-т 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөг бэлнээр төлснийг /хх-ийн 120/ магадлалд дурдах нь зүйтэй.          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн  1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Б-ын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 10  дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч Б.Б нь шийтгэх тогтоол гарсны дараа хохирогч Ж.О-т 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг бэлнээр төлснийг дурдсугай.          

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД                                               З.ЭНХЦЭЦЭГ

                                                                Ж.ДОЛГОРМАА