Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2025/0010

 

 

 

 

 

 

 

                                “НП” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч З.Ганзориг

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Татварын улсын байцаагч Б.О, Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Г.Н

Нэхэмжлэгч: “НП” ХХК

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О, Ц.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн НА-252300000** дүгээр нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 760 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З

Хариуцагч Татварын улсын байцаагч Б.О, Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2024/0450/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “НП” ХХК-аас хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О, Ц.Б нарт холбогдуулан “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн НА-25320000029 дугаар нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 760 дугаар шийдвэрээр: “...Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1, 73 дугаар зүйлийн 73.1, 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.2, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 16 дугаар зүйлийн 16.1.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1 дахь хэсгийг тус тус баримтлан “НП” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн НА-252300000** дугаартай нөхөн ногдуулалтын актаас зөрчил хэсгийн 2, 3 дахь зөрчилд ногдуулсан 53,252,414.75 төгрөгийн торгууль, 21,284,941.54 төгрөгийн алданги, нийт 74,537,356.29 төгрөгийн төлбөрийг багасгаж, актын үлдэх хэсгийн 266,199,059.06 төгрөгийн төлбөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Татварын улсын байцаагч Б.О, Ц.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Г.Н нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Нэхэмжлэгч “Баянгол дүүргийн 20 дугаар хороо үйлдвэрийн тойруу Эрчим хүчний гудамж 16100-124-1 хаягт үйлдвэрийн оффисын барилга угсралтын ажлыг 2021-2022 онд гүйцэтгэж, улсын комиссын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б-192/2022 дугаар дүгнэлтээр ашиглалтад хүлээлгэн өгч 2021 оны 975,356,727.30 төгрөгийн орлогыг урьдчилж орсон орлого дансанд бүртгэсэн нь татвараас зайлсхийх үйлдлийн шинжгүй байна” гэж дүгнээд 2021 онд урьдчилж орсон орлого дансанд бүртгэлтэй 975,356,727.30 төгрөгийг тайлант оны орлогоор бүртгээгүй буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй гэж үзээд энэ зөрчилд ногдуулсан 14,066,633.69 төгрөгийн торгууль, 5,617,861.83 төгрөгийн алдангийг хасаж шийдвэрлэлээ мөн энэхүү зөрчлийг нэмэгдсэн өртгийн албан татварын суутгагчийн тайланд 2021 онд тусгаагүй зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй гэж үзээд энэ зөрчилд ногдуулсан 39,014,269.09 төгрөгийн торгууль, 15,581,323.72 төгрөгийн алданги нийт 53,252,414.75 төгрөгийн торгууль, 21,284,941.54 төгрөгийн алданги 74,537,356.29 төгрөгийг хүчингүй болгосон. Энэ нь Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн хууль бус шийдвэр болсон байна.

 

3.2. “МХ” ХХК-иас нэхэмжлэгч “НП” ХХК-ийн дансанд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэрээний урьдчилгааны төлбөр 51,076,667.00 төгрөг, бараа материалын урьдчилгааны төлбөр 290,754,564.00 төгрөг, гэрээт ажлын дундын төлбөр 134,802,500.00 гэх мэтчилэн гүйлгээний утгатай нийт 957,356,727.30 төгрөгийн орлого орсон байна. Энэхүү 957,356,727.30 төгрөгийн орлогыг санхүүгийн тайланд урьдчилж орсон орлогоор бүртгэсэн ба тайлант оны борлуулалтын орлогоор бүртгэж албан татвар ногдуулан тайлагнаагүй байсан тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл “Албан татвар ногдох орлого”, 7.4-д “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”, 7.4.1-д “үйл ажиллагааны орлого”, 12 дугаар зүйлд “Албан татвар ногдох орлогыг хүлээн зөвшөөрөх”, 12.1-д “Албан татвар төлөгч дараах нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө”, 12.1.2-т “ажлыг гүйцэтгэлийн хувиар” гэж заасныг мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл “Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж заасныг зөрчсөн гэж нөхөн ногдуулалтын актаар хариуцлага хүлээлгэсэн.

 

3.3. Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлд “Төлөх татварын хэмжээг бууруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг зохицуулсан бөгөөд энэхүү заалтыг үндэслэн нөхөн татвар, торгууль ногдуулсан”, дээрх хуулийн 84 дүгээр зүйлд “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тусгаж”, мөн 84.1 дэх хэсэгт “Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно” гэж заасан. Нөхөн татвар нь торгуультай хамт нэг хуулийн заалтаар зохицуулагдсан байхад анхан шатны шүүхээс нөхөн татварыг нь үлдээгээд торгуулийг хүчингүй болгож байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн дүгнэлт болсон. Татварын улсын байцаагчид Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу алдангийг тооцож нөхөн ногдуулалтын актаар хариуцлага хүлээлгэсэн.

 

3.4. Нөхөн ногдуулалтын актаас холбогдох 2 зөрчилд ногдуулсан алданги, торгуулийг хасахдаа шүүхийн шийдвэрийн 3.3.1-д тусгагдаж үндэслэлтэй байна гэж дүгнэгдсэн зөрчлийн 257,267.96 төгрөгийн торгууль, алдангийг нэмж 53,252,414.75 төгрөгийн торгууль, 21,284,941.54 төгрөгийн алданги 74,537,356.29 төгрөг гэж шийдвэрлэсэн нь тооцооллын алдаа үүссэн. Хасахаар шийдвэрлэсэн 2 зөрчлийн торгуулийн дүн 53,080,902.78 төгрөг, алдангийн дүн 21,199,185.55 төгрөг нийт 74,280,088.33 төгрөг байна.

 

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0760 дугаар шийдвэрийн нөхөн ногдуулалтын актаас зөрчил хэсгийн 2, 3 дахь зөрчилд ногдуулсан алданги, торгуулийг багасгаж шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангав. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч “НП” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Б.О нарт холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн НА-252300000** дүгээр нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

2.2. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Б.О нар нь “НП” ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийж дээрх нөхөн ногдуулалтын актаар

“1. 2018 онд 99,399,850.23 төгрөгийн, 2019 онд 140,330,742.12 төгрөгийн, нийт 239,730,592.35 төгрөгийн баримтаар нотлогдохгүй зардлыг татвар ногдох орлогоос хасаж, татвар ногдох орлого бууруулсан,

2. 2021 онд 975,356,727.30 төгрөгийн урьдчилж олсон орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнаагүй,

3. 2020 онд 4,287,799.36 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хоорондын орлогын зөрүү, 2021 онд 975,356,727.30 төгрөгийн, нийт 979,644,526.66 төгрөгийн урьдчилж орсон орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд тусгаагүй,

4. 2020 онд 362,999,500.00 төгрөгийн, 2021 онд 130,889,600.00 төгрөгийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал, тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй,

5. 2019 онд 50,934,989.75 төгрөгийн, 2021 онд 84,881,359.84 төгрөгийн тайлагнасан нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй гэх зөрчлүүдэд ...204,493,006.13 төгрөгийн нөхөн татвар, 93,181,531.48 төгрөгийн торгууль, 43,061,877.74 төгрөгийн алданги, нийт 340,736,415.35 төгрөгийн төлбөр төлүүлэх”-ээр тогтоосон байна.

 

2.3. Нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн НА-252300000** дүгээр нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

2.4. Улмаар нэхэмжлэгчээс маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба анхан шатны шүүх маргаан бүхий актаар тогтоосон 1 дэх зөрчилд ...Татварын алба татвар ногдох орлогоос хасаж тайлагнасан 2018 онд 99,399,850.23 төгрөгийн, 2019 онд 140,330,742.12 төгрөгийн, нийт 239,730,592.35 төгрөгийн зардлыг баримтаар нотлогдохгүй гэж үзсэн ба нэхэмжлэгч тухайлан яагаад хасагдах зардал болохыг, ямар баримтаар нотлогдож байгаа гэж үзсэнээ тайлбарлаагүй, баримт гаргаж маргаагүй тул энэ зөрчилд актаар нөхөн татвар, торгууль, алданги тогтоосон нь үндэслэлтэй гэж, 3 дахь зөрчилд ... 2020 онд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан хоорондын орлогын зөрүүнээс үүссэн 4,287,799.36 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд тусгаагүй зөрчилд... актаар 428,779.94 төгрөгийн татварыг нөхөн ногдуулж, 171,511.97 төгрөгийн торгууль, 85,755.99 төгрөгийн алданги тогтоосон нь үндэслэлтэй гэж, 4 дэх зөрчилд ... Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогыг олгохдоо хувь хүний орлогын албан татварыг тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж суутган, суутгасан албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөх үүрэгтэй тул албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 49,388,910.00 төгрөгийн нөхөн татвар, 19,755,502.00 төгрөгийн торгууль, 7,889,878.37 төгрөгийн алданги тогтоосныг үндэслэлтэй гэж, 5 дахь зөрчилд ...нэхэмжлэгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар тайлагнасан татварыг төсөвт төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байх бөгөөд уг зөрчлийн үндэслэл, торгууль, алдангийн хэмжээнд тухайлан үндэслэл, тайлбар, баримт гаргаж маргаагүй тул 13,581,634.8 төгрөгийн торгууль, 9,492,445,9 төгрөгийн алданги тогтоосон нь үндэслэлтэй гэж... зөрчил тус бүрд нэгэнт үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, ийнхүү шийдвэрлэсэнтэй нэхэмжлэгчээс маргаагүй байх тул энэ талаар дахин дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ. 

 

2.5. Харин анхан шатны шүүх дээрх актын 2 дахь зөрчлийн талаар ... 2021 оны урьдчилж орсон орлого дансанд бүртгэлтэй 975,356,727.30 төгрөгийн борлуулалтад актаар тавигдсан 35,166,584.23 төгрөгийн нөхөн татварын хувьд татварын ногдлын давхардал үүсэхгүй, ... 975,356,727.30 төгрөгийг тайлант оны орлогоор бүртгээгүй буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар тайлагнаагүй зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй болсон байна гэж дүгнээд зөрчилд ногдуулсан 14,066,633.69 төгрөгийн торгууль, 5,617,861.83 төгрөгийн алдангийг хасаж, 3 дахь зөрчлийн талаар ...тайланд 2021 онд тусгаагүй зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй болсон байх тул энэ зөрчилд ногдуулсан 39,014,269.09 төгрөгийн торгууль, 15,581,323.72 төгрөгийн алдангийг мөн хасаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

2.6. Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлд татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүн хэмжээг, 84 дүгээр зүйлд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мөн тодорхойлсон бөгөөд 84.1-д төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгохоор хуульчилсан.

 

2.7. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч “НП” ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “МХ” ХХК-тай 1,177,037,406.00 төгрөгийн үнэ бүхий “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, уг гэрээний дагуу тус компанийн Хаан банкны ************ тоот дансанд 2021 онд 9 удаагийн гүйлгээгээр 975,356,727.30 төгрөгийн орлого “МХ” ХХК-аас орсон тухай Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дүгээр тогтоолд тэмдэглэсэн, үүнийг нэхэмжлэгчээс үгүйсгэсэн баримтыг ирүүлээгүй үйл баримт тогтоогдож байна.

 

2.8. Гэтэл анхан шатны шүүх ...нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний 1,177,037,406.00 төгрөгөөс 2021 онд орсон 975,356,727.30 төгрөгийн орлогыг нягтлан бодох бүртгэлдээ урьдчилж орсон орлогод бүртгэсэн, актаар 2021 оны тайланд орлогыг дутуу тайлагнасан зөрчлийн 975,356,727.30 төгрөгөөс тус компанийн мөн хугацааны алдагдал 492,801,285.03 төгрөгийг бууруулсан дүнгээс 35,166,584.23 төгрөгийн нөхөн татвар, 14,066,633.69 төгрөгийн торгууль, 5,617,861.83 төгрөгийн алданги тооцсон, 2021 оны урьдчилж орсон орлого дансанд бүртгэлтэй 975,356,727.30 төгрөгийн борлуулалтад актаар тавигдсан 35,166,584.23 төгрөгийн нөхөн татварын хувьд татварын ногдлын давхардал үүсэхгүй буюу зөрчил гэж үзэж, нөхөн татвар ногдуулах үндэслэлтэй талаар дүгнэсэн атлаа “...зөрчилд ногдуулсан 39,014,269.09 төгрөгийн торгууль, 15,581,323.72 төгрөгийн алдангийг” хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

2.9. Тодруулбал, “НП” ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “МХ” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээндээ урьдчилгаа төлбөр, бараа материалын төлбөр, дундын төлбөр, ажлыг бүрэн гүйцэтгэснээр төлөх төлбөрийг тус тус гэрээний дагуу болон явцын гүйцэтгэлийн актыг үндэслэн тухай бүр төлөхөөр тохиролцож, улмаар 975,356,727.30 төгрөгийн орлого “МХ” ХХК-аас орсон, харин нэхэмжлэгчээс барилгын ажлыг гүйцэтгэж, 2022 оны 08 дугаар сарын 29-нд улсын комиссын дүгнэлтээр ашиглалтад хүлээлгэн өгсөн учир урьдчилж олсон орлогоор бүртгэсэн гэж тайлбарлаж байх хэрнээ дээрх орлогыг 2022, 2023 онуудад тайлагнаагүй болохоо өөрөө мэдүүлсэн байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийг 2021 онд орлого олсон гэж үзнэ. Нэхэмжлэгч урьдчилж орсон орлого гэж маргаж буй үндэслэлээ нотолсон баримтыг хяналт шалгалтын үед ирүүлээгүй байх бөгөөд шүүхэд ч мөн үгүйсгэж буй үндэслэлээ хангалттай нотлоогүй байна.

 

2.10. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “албан татвар төлөгчийн тухайн татварын жилд олсон орлогод албан татвар ногдоно”, мөн зүйлийн 7.1.4-д “албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлогод албан татвар ногдоно”, 12 дугаар зүйлийн 12.1.2-т “татвар төлөгчийн ажлыг гүйцэтгэлийн хувиар орлогыг зөвшөөрнө” гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна” гэж тус тус заасан тул хариуцагчаас “НП” ХХК-ийг 2021 онд ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээгээр орсон орлогоо тайлагнаагүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр нөхөн татварыг хүү, алдангийн хамт ногдуулсан нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл хэдэн хувийн урьдчилгаа авснаас үл хамааран орлого олж л байгаа бол тухай бүр тайлагнах нь хуулийн шаардлага юм.

 

2.11. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо “...Нөхөн татвар нь торгуультай хамт нэг хуулийн заалтаар зохицуулагдсан байхад анхан шатны шүүхээс нөхөн татварыг нь үлдээгээд торгуулийг хүчингүй болгож байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн дүгнэлт болсон. Татварын улсын байцаагчид Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу алдангийг тооцож нөхөн ногдуулалтын актаар хариуцлага хүлээлгэсэн” гэж тайлбарлаж байгааг үгүйсгэх боломжгүй бөгөөд урьдчилж орсон орлого нь гэрээний дагуу ажлаа бүрэн гүйцэтгээгүй, үйлчилгээ үзүүлээгүй, эсхүл ингэх боломжгүй тохиолдолд буцаан төлөх агуулгатай, энгийнээр тайлбарлавал, “НП” ХХК нь 2021 онд гэрээний дагуу урьдчилгаа төлбөр, гүйцэтгэсэн ажлын төлбөрийг авсан байх тул “2021 онд орлого олсон” гэж үзэж тайлан гаргах учиртай. Иймд 2021 онд гүйцэтгэсэн ажлын хувиар орлого орсон хугацаанаас тооцож актаар төлбөр ногдуулах нь зөв.

 

2.12. Анхан шатны шүүх татварын улсын байцаагч нар хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу явуулж, “НП” ХХК-ийг шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулж, холбогдох шаардлагатай баримт, мэдээллийг гаргуулан авч, ярилцлага хийж, сонсох ажиллагааг явуулж, гаргасан шийдвэрээ хүргүүлж, шийдвэр гаргах ажиллагааны журмыг хангасан талаар хангалттай зөв дүгнэжээ.

 

Иймд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрт “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 760 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1, 73 дугаар зүйлийн 73.1, 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.2, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 16 дугаар зүйлийн 16.1.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “НП” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О, Ц.Б нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн НА-252300000** дүгээр нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч улсын байцаагч Б.О, Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Г.Н нарын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА