Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 213/МА2017/00026

 

*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 131/ШШ2017/00758 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн 3.080.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нарын давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 4-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч *******гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр *******д өөрийн оюутны сургалтын төлбөр болох 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийг зээлийн гэрээ байгуулан 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл буюу 20 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч нь хугацаандаа зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувиар алданги тооцно гэж гэрээ байгуулан нотариатаар батлуулсан. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 10-аас эхлэн 0.5 хувийн алданги тооцож 1.250.000 төгрөгийн алданги буюу зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөө төлж барагдуулахгүй байна. Тухайн үед ******* нь мөнгөний хэрэг яаралтай гарсан цөөхөн хоногийн хугацаатайгаар гээд, зээлсэн боловч өдийг хүртэл өгөхгүй шалтаг тоочиж, олон удаа хойшлуулж намайг хохироосоор байна. Эвлэрүүлэн зуучлагчид хандаад эвлэрээгүй тул шүүхэд хандах болсон. Иймд сургалтын төлбөр болох 1.800.000 төгрөг, алданги 1.250.000 төгрөг, эвлэрүүлэн зуучлагчид төлсөн 30.000 төгрөг нийт 3.080.000 төгрөгийг *******гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр *******д 1.800.000 төгрөг зээлж гэрээг нотариатаар батлуулсан. Хүү тооцохгүй алданги 0.5 хувиар алданги тооцож 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дотор тухайн мөнгийг авахаар гэрээ байгуулсан. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 09-нөөс хойш ******* нь мөнгөө өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 0.5 хувийн алданги тооцож 3.080.000 төгрөгийг *******гээс нэхэмжилж байгаа. ******* нь надаас дээрх мөнгийг хэсэг хэсгээр авч байсан. Энэ мөнгө зээлсэн талаараа нөхөж хийсэн гэрээ хуурамч гэрээ биш. Улаанбаатар хотын нотариат хуурамч гэрээг баталдаггүй. Намайг 500.000 төгрөг *******гээс авсан гэсэн ямар ч нотлох баримт байхгүйгээр надаас нэхэмжилж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

******* нь надад 1.800.000 төгрөг огт зээлээгүй, надад тухайн цаг хугацаанд ийм их хэмжээний мөнгө төгрөг зээлэх ямар ч шаардлага байгаагүй. Энэ үед ******* сургуульд суралцаагүй байсан бөгөөд сургууль төгссөн диплом мөнгөөр авч болно гэж ярьдаг. ******* нь 2016 оны 09 дүгээр сарын 20-ны аав, ах хоёр ирэх гэж байгаа сургалтын төлбөрийн мөнгийг үрчихсэн. Зээлийн гэрээн дээр гарын үсэг зураад өгөөч гэхээр нь би *******аар зуруул гэсэн. Тэгэхэд ******* би ноднин жилийн сургалтын төлбөрийг үрсэн юм. Гэрийнхэн нь энэ талаар мэдчихнэ гээд гарын үсэг зураагүй, би 3 хоног гуйлгаж байгаад зурсан. Бид 3 найзууд байсан. Би ийм зүйл болно гэж бодоогүй. Би 1.800.000 төгрөгийг аваагүй гэжээ.

Хариуцагч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би 1.800.000 төгрөгийг *******гаас зээлж аваагүй. Тухайн үед ******* өөрөө сургалтынхаа төлбөр болох 1.800.000 төгрөгийг үрж дуусгасан. Тэгээд аав, ах хоёр нь аймгаас ирэх гээд байна. Надад туслаач гээд намайг ******* 1.800.000 төгрөгийг зээлсэн гээд хоёулаа гэрээ хийгээд аав, ах хоёрыг түр аргалчихъя гээд надтай гэрээ байгуулсан. Би *******д дараа нь ямар нэгэн асуудал гарахгүй биз гэхэд ******* дараа нь асуудал гарахгүй ******* бид хоёр өөрсдөө энэ асуудлыг шийднэ гэж хэлэхээр нь би *******д туслан гэрээ байгуулсан. Би биллъярд тоглож 1.500.000 төгрөг олж байсан. Тэгээд *******, ******* бид 3 энэ мөнгийг үрсэн учраас *******гаас 500.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасан. Мөн тухайн гэрээг ******* бид 2 ярилцаж хийсэн. *******гаас би 1.800.000 төгрөгийг зээлээгүй зүгээр найздаа туслах зорилгоор хийсэн гэрээ учраас хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гээс зээлийн гэрээний үүргийн 3080000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр *******, ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас *******гаас 500000 төгрөг гаргуулах. тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64230 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 85850 төгрөгийг тус тус төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 43750 төгрөгийг гаргуулж хариуцагчид, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 26450 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх гэрч *******ын мэдүүлгийг үндэслэл болгосон гэж үзэж байна. ******* нь надаас салсан өш хонзондоо миний эсрэг худал мэдүүлэг өгсөн байна. ******* нь мөнгө зээлэх, өгөлцөж авах үед ч цуг л явж байсан. Манай гэрийнхэн ч намайг шалгаж, шаардахгүй. Тухайн үед ах ажил нь буугаагүй байсан. Уул уурхайн ажилчид 11 сар гаргаж ажлаасаа буудаг. Манай аав, ах 2 барилгын материал авахаар 1 сарын эхээр хот орсон. Тэд энэ гэрээний талаар ч мэдээгүй.

******* нь 2017 оны 8 дугаар сарын 23-нд эвлэрүүлэн зуучлал дээр мөнгө авснаа хүлээн зөвшөөрч 1.800.000 төгрөгөө 2.300.000 төгрөг болгож, 2 хувааж төлье гэж байсан. Энэ талаар түүний аав Р.Жавхлан, миний аав, ээж, эвлэрүүлэн зуучлалын ******* нар ч сонсож суусан. Гэтэл бүр одоо бүр мөнгө аваагүй, худлаа тохиролцож гэрээ хийсэн гэж хэлээд байна.

Миний *******д мөнгөө зээлсэн болон урьдчилсан зээлсэн мөнгөн дээрээ гэрээ байгуулж баталгаажуулсан байхад яагаад шүүхээс дүр үзүүлсэн хэлцэл гэж дүгнэж, миний бусдад зээлдүүлсэн мөнгөө буцаан авах эрхийг хааж эсрэг шийдвэр гаргасныг ойлгосонгүй гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянаж, миний хохирлоо барагдуулах эрхийг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *******гийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ *******, ******* нарын хооронд 2016 оны 10 сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үнэлсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн, төрийн нэрийн өмнөөс гэрчийн чиг үүрэг гүйцэтгэсэн нотариатын үйлдэл хүчин төгөлдөр хэвээр байхад тухайн нотлох баримтыг хууль ёсны нотлох баримт биш, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа нь буруу байна.

Нотариатч нь үйлдэл нь хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн, төрийн нэрийн өмнөөс гэрчлэх чиг үүрэг гүйцэтгэдэг тусгай эрх бүхий ажилтан ба үүний гэрчилсэн бүх зүйл үнэн байх хуулийн шаардлагыг хүлээдэг ба харин хууль бус гэрээ хэлцэл гэрчилсэн бол түүнээс үүсэх үр дагаварыг нотариатч өөрөө хүлээдэг онцлогтой.

******* нь тухайн гэрээнд заасан үйл баримтыг хүлээн зөвшөөрч, үр дагаварыг нь ойлгосны үндсэн дээр гарын үсэг зурсан байгаагаа хүлээн зөвшөөрдөг. Үүгээр талууд тухайн үед хүсэл зоригоо илэрхийлсэн, хэн нэгний дарамт шахалтанд ороогүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Мөн 2017 оны 8 сарын 20-ны үеэр шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагч ******* гуайн өрөөнд 1.800.000 төгрөгийг бүрэн төлөхөө хүлээн зөвшөөрч алданги 500.000 төгрөг нийт 2.300.000 төгрөг хувааж төлөхөөр эвлэрэхээр ярилцаж байсан. Харин ******* 3 сая төгрөгөө бүгдийг нь авна эдгээр эвлэрэлд хүрч чадалгүй анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа юм.

Иймд: Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн №131/ШШ2017/00758 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Би тухайн үед ажил, хөдөлмөр, сургууль соёлгүй ар гэрээс ямар ч мөнгө ирдэггүй. Харин *******ын дүү гэдгээр энэ хоёртой амьдарч хоног өнгөрөөж байгаа хүнд 200.000 болон 500.000 төгрөгөөр 15 хоногийн дотор мөнгө надад өгсөн гэхэд итгэхэд бэрх байна. Нөгөө талаар Аруинзаяа нь хэлэмгий үг хэлтэй, тооцоотой надаас илүү боловсролтой хүн, надад мөнгө зээлүүлчихээд буцаж өгөөгүй байхад надад дээр дээрээс нь нэмж мөнгө өгөх хүн биш. Энэ 1.800.000 төгрөгийг дээрх өдрүүдэд ийм хэмжээгээр өгсөн гэдэг нь ёстой худлаа зүйл. Энэ их мөнгийг надад өгч байсан бол мөнгө өгсөн баримт үйлдэх нь яасан юм бэ? *******гаас ийм бодол, ухаан гарна. Миний хувьд 1.800.000 төгрөг аваагүй, худлаа гүтгэж байна. Би Ариунзаяагаас 1.800.000 төгрөг зээлээгүй аваагүй учир өмнөх шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******гийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд

гаргасан тайлбартаа:

Мөнгө зээлсэн болохыг эвлэрүүлэн зуучлагч *******ын өрөөнд 1.800.000 төгрөг өгөхийг зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэж байгаа боловч энэ нь *******гийн хүсэл зориг биш аав Р.Жавхлангийн хэлсэн үг байдаг. Мөн Р.Жавхлан нь хүүгээ ажил төрөлтэй байлгах үүднээс санаа бодлоо хэлсэн байдаг. Энэ эвлэрүүлэн зуучлалын уулзалтыг нотлохоос биш зээлийн маргааныг нотлохгүй юм. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан талаар ******* нь энэ гэрээг бодит байдалд хийгээгүй, ямар нэгэн мөнгө аваагүй, сургалтын төлбөр үрсэн байдлыг ар гэрээс нь нууж хайцаалах зорилгоор хийсэн гэдэг. Энэ талаар гэрчийн мэдүүлгээр энэ байдал бүрэн тодорхой болж байна. Иймээс иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл болохыг тодорхой харагдаж байдаг. Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн №131/ШШ2017/00758 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь *******гээс зээлийн гэрээний 1.800.000 төгрөг алданги 1.250.000 төгрөг бүгд 3.080.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч *******гээс шүүхэд гаргасан тайлбартаа “...******* нь сургалтын төлбөрийн мөнгө үрчихсэн хөдөөнөөс аав, ах хоёр нь ирэх гээд байгаа тул надад мөнгө зээлсэн болгож аргалах гэж зээлийн гэрээн дээр гарын үсэг зураад өгөөч гэж гуйсан тул гарын үсэг зурсан, бэлнээр мөнгө зээлж аваагүй...” гэж тайлбарладаг.

Мөн тухайн үед нэхэмжлэгч *******гийн найз ******* ч гэрчээр мэдүүлэг өгөхдөө “…*******гийн аав, ах хоёр нь хөдөөнөөс ирэх гэж байгаа сургалтын төлбөрөө үрчихсэн учраас гэрээ байгуулья гэж байсан. Зээлийн гэрээ хийхдээ мөнгө төгрөг өгч авалцаагүй..” гэсэн мэдүүлэг өгчээ.

Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулсан баримт байгаа боловч ******* нь 1.800.000 төгрөгийг *******д өгсөн гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд ******* нь бэлэн мөнгө өгснөө нотолж чадаагүй байна.

Хариуцагч шүүхийн эвлэрүүлэн зуучлагч *******ын өрөөнд 1.800.000 төгрөг төлөхийг зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсэн гэж нэхэмжлэгч тайлбарладаг боловч Р.Жавхлангаас гэрчээр өгсөн мэдүүлэгтээ /хх-ийн 97-98 дугаар тал/ “..би хүүгээ ажил төрөлтэй байлгая гэж бодоод 1.800.000 төгрөг өгөе гэж бодсон..” гэж мэдүүлдэг бөгөөд энэ нь ******* 1.800.000 төгрөг авсаныг нотлох нотлогоо биш юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэстэй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нарын давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 64.230 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ний өдрийн 131/ШШ2017/00758 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 64.230 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                   ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                                                 Г.УЛАМБАЯР