| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 105/2015/0667/Э |
| Дугаар | 30 |
| Огноо | 2018-01-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ш.Эрдэнэбилэг |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 30
Д.С-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 395 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 829 дүгээр магадлалтай, 201726020819 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.С-, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-ийн С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.С-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.С гаргасан гомдолдоо “Миний бие 2017 оны 05 дугаар сараас “Бат амгалан өргөө” ХХК-д няравын ажил эрхэлж, өөрийн удирдлага дор 10 хүнийг ажиллуулж барилгын засал чимэглэлийн ажлыг үнэн шударгаар хийж, олсон орлогоороо өмнө бусдад учруулсан хохирлоо төлсөн. 2006 оноос эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа бөгөөд уг хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байгаа. Гэтэл прокурор өмнөх хэрэгтэй холбогдуулан миний ялыг хэвээр үлдээж байгаад гомдолтой байна. Хохирогч Батбаяраас чин сэтгэлээсээ дахин уучлалт гуйж байна. Үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөвөөр мэдүүлж, учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Одоо бусдад төлөх ямар нэгэн өр төлбөр байхгүй. Нөхөр маань бусдын гарт амь насаа алдаж, хүүхдүүдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй юм. Цаашид шударгаар хөдөлмөрлөж, хүүхдүүдийнхээ сурлагад анхаарч, гэмт хэргээс хол байхыг хүсч байна. Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд хамааруулах эсхүл хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.С нарт холбогдох эрүүгийн хэрэг хянагдаж байна. Хууль хэрэглээний хувьд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах асуудлыг зохицуулсан бөгөөд уг зүйлийн 1-д “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү. Шинээр гэмт хэрэг үйлдсэн юм биш 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч А.Батбаярыг залилсан асуудал байдаг. Иймээс шүүгдэгч Д.С-гийн эрх зүйн байдал дордох тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг урьдчилан судалж үзэхэд шүүгдэгч Д.С 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бусдын өмчлөлийн байрыг түрээслэж А.Батбаярыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 13,000,000 төгрөгийг авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хязгаарлан хассан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.С-д ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугийн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.С-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Баянгол дүүргийн Прокурорын газраас Д.С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэсний дараа Нийслэлийн прокурорын газраас Д.С нарт холбогдох 20831293 тоот залилах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Д.С-гийн холбогдсон нэг төрлийн дээрх хоёр хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нэгтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Учир нь гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт хуульчилсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул Д.С-д тус тусдаа оногдуулсан ялуудыг нэгтгэхэд дээр дурдсан аргыг хэрэглэх үндэслэлгүй юм.
Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.
Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ.
Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна.
Өөрөөр хэлбэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулж яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлаагүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй бөгөөд эрхгүй юм.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан “шүүгдэгч Д.С-д холбогдох хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэх” талаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 395 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 829 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.С-д холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Д.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН