Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2016/0652

 

Иргэн Д.*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцуулан Н.Батзориг, нэхэмжлэгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 593 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.*******ын гаргасан давж заалдах гомдлоор иргэн Д.*******ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Д.******* 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан хугацааны дараалсан 5 жилийг улсад нийт ажилласан хугацаанд оруулан тооцож 41 жил 1 сар /36.1+5/ жил болгож, тэтгэврийн нэмэгдэл олгохыг, Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт заасны дагуу тэтгэврийн алданги 1.005.699 төгрөгийг нөхөн төлүүлэхийг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 593 дугаар шийдвэрээр:

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заасныг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “...хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан байх хугацааны дараалсан 5 жилийг улсад нийт ажилласан хугацаанд оруулан тооцож 41 жил, 1 сар /36.1+5/ жил болгож, тэтгэврийн нэмэгдэл олгохыг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах, Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт заасны дагуу тэтгэврийн алданги 1005699 төгрөгийг нөхөн төлүүлэхийг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах тухай Д.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч Д.******* дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-ын 1/-д “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь газрын дор ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол өндөр настны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэсэн болзлыг хангасан. Би 1967-2003 онуудад хөдөлмөрийн хортой нөхцөлд 36 жил цаг уурын синоптик инженерээр ажилласан. Нийт ажилласан хугацаа 46 жил болно.

2.Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайдын 1995 оны 78 дугаар тушаалаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын “Хөдөлмөрийн хортой нөхцөл”-ийн 11-д “Цахилгаан химийн цагаар цаасаар цаг агаарын мэдээлэл авч боловсруулалт хийдэг синоптик инженер” гэж заасан байна.

Тухайн үед Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч Т.Мөнх-Эрдэнэ уг тушаалыг хүчингүй болсон гэж худал хэлсэн. Т.Мөнх-Эрдэнэ миний тэтгэврийг хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөр тогтоосон юм. Тэтгэвэрт гарах эрхтэй наашлуулсан 10 жилийг улсад нийт ажилласан хугацаанд оруулан тооцож насны тэтгэврийг нэмэгдүүлэн олгохоор заасан. Ийм учраас улсад нийт ажилласан хугацаа нь 36+10=46 жил болно.

3. Харин “БНМАУ-ын Тэтгэврийн хуулийг дагаж мөрдөх журам”-ын тухай БНМАУ-ын Бага хурлын тогтоолын 6 дугаар зүйлд 1921 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө хөнгөлөлттэй нөхцөлөөр тухайлбал газрын дор, хөдөлмөрийн хортой, халуун хүнд нөхцөлөөр насны тэтгэвэр тогтоолгох боловч үргэлжлүүлэн ажилласан эрэгтэйчүүдэд 60 нас, эмэгтэйчүүдэд 55 нас хүртэл ажилласан жилийг нь нийт ажилласан хугацаанд тооцож тэтгэврийг нэмэгдүүлэн олгохоор заасан. Ийнхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох боловч түүний дараа үргэлжлүүлэн эрэгтэй хүнд 60 нас, эмэгтэй хүнд 55 нас хүртэл ажилласан хугацааг тэтгэврийн нэмэгдүүлэх хугацаанд оруулахаар тогтоожээ.

Учир нь хуучин хуулиар насны хязгаар тогтоолгүй нэмэгдэл олгохоор тухайлбал, тэтгэвэрт гарахаар тогтоогдсон хугацаанаас цааш 10-аас доошгүй жил илүү ажиллавал тэтгэврийн 10%-ийг олгохоор заасан.

Иймд хуучин хууль мөрдөгдөж байхад тэтгэврээ нэмэгдүүлэн авахаар ажиллаж байсан хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах насыг 5 жилээр наашлуулснаас тухайн насанд хүртэл ажиллаж байсан хүмүүс цөөнгүй нь ойлгомжтой. Энэ заалтаар ийнхүү тэтгэвэр тогтоолгосон хүн үргэлжлүүлэн тэтгэврийн нийтлэг тогтоосон насанд хүртэл ажиллавал тэтгэврийг нэмэгдүүлж бодох тухай асуудлыг шийдвэрлэжээ.

...Улсын Дээд шүүхийн 1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Тэтгэврийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан тогтоолд “Тэтгэврийн хуулийн 9, 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу насны тэтгэвэр тогтоолгохдоо 25-аас дээш жил ажилласан эрэгтэйчүүд, 20-оос дээш жил ажилласан эмэгтэйчүүд уг хуулийн 15 дугаар зүйлийн 1-д заасан нэмэгдлийг авах эрхтэй. Тэгэхдээ эрэгтэйчүүд 60 нас, эмэгтэйчүүд 55 наснаас хойш ажилласан хугацааг нэмэгдэл бодох хугацаанд оруулж болохгүй” гэж заажээ.

4.1991 оны “БНМАУ-ын Тэтгэврийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай” БНМАУ-ын Бага хурлын 6 дугаар тогтоолд “1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө хөнгөлөлттэй нөхцөлөөр насны тэтгэвэр тогтоолгосон боловч үйлдвэрийн газар, байгууллагад үргэлжлүүлэн ажилласан эрэгтэйчүүд 60 нас хүртэл, эмэгтэйчүүд 55 нас хүртэлх ажилласан жилийг нь нийт ажилласан хугацаанд тооцож насны тэтгэврийг нь шинэчлэн тогтоохдоо БНМАУ-ын Тэтгэврийн хуулийн “насны тэтгэврийн нэмэгдэл” гэсэн 15 дугаар зүйлийг хэрэглэж байсугай” гэсэн заалттай байна.

Харин энэ үед Д.******* нь хуульд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох насны шаардлагыг хангаагүй, тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаагүй байна гэж шүүгч намайг буруутгасан. Үүнийг хяналтандаа авна уу. Миний бие 1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-ын 2/-т заасан журам болзлыг хангасан.

Мөн Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайдын 1995 оны 78 дугаар тушаалын ажил, мэргэлжлийн жагсаалт гэсэн хавсралтын 11-д “Синоптик инженер” гэсэн хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан болзлыг хангасан байна. Би 1992 онд 50 насандаа хөдөлмөрийн хортой, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байсан боловч тэтгэврийн хуулиар “эрэгтэй, эмэгтэй ялгаагүй өөрсдөө хүсвэл” гэсэн заалт байдаг учраас 61 нас хүртлээ ажилласан юм. Мөн 1991 оны Тэтгэврийн тухай хууль нь 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл мөрдөгдөж байсан.

5.Улсын Дээд шүүхийн 1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн “БНМАУ-ын Тэтгэврийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 9 дүгээр зүйлд “Тэтгэврийн хуулийн 9, 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу насны тэтгэвэр тогтоолгохдоо 25-аас дээш жил ажилласан эрэгтэйчүүд, 20-оос дээш жил ажилласан эмэгтэйчүүд уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан нэмэгдлийг авах эрхтэй. Тэгэхдээ эмэгтэйчүүдийн 55, эрэгтэйчүүдийн 60 наснаас хойш ажилласан хугацааг нэмэгдэл бодох хугацаанд оруулж тооцохгүй.

Мөн энэ тогтоолын 20 дугаар зүйлд Тэтгэврийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийг буцааж хэрэглэж, 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө тогтоогдсон тэтгэврийг шинэчлэн өөрчлөхдөө тэтгэвэр тогтоолгосны өмнө ажилласан сүүлийн 15 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилийн сарын дундаж цалингаас нь бодож тогтооно. Эдгээр хуулийн заалтууд нь буцаан хэрэглэж байгаа тул одоо хүртэл хүчинтэй байгаа. Үүнийг шүүх анхааралдаа авна уу.

6. Нийслэлийн Цаг уурын төвийн дарга Б.Нямдоржийн 2003 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр албан бичигт “Дагва овогтой ******* нь Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайдын 1995 оны 78 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн хортой нөхцөл”-ийн жагсаалтын 11 дүгээр зүйлд Цахилгаан химийн цаасаар цаг агаарын мэдээлэл авч боловсруулалт хийдэг синоптик инженер, операторч гэж заасны дагуу хортой нөхцөлд синоптик инженерээр 1967 оны 7 дугаар сараас 36 жил ажилласан тул Хөдөлмөрийн хуульд заасны дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгож өгнө үү” гэсэн.

7. Нууц төвийн Нисэхийн цаг уурын инженер ажилтай Д.*******ын 2000-2003 онд авч байсан хоолны мөнгөний тодорхойлолт 1404740 төгрөгийг хөдөлмөрийн бусад орлогод оруулан тооцож тэтгэврийн нэмэгдэл олгоогүй юм. Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад “Даатгуулагчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн дунджийн тодорхойлох журмын 2 дугаар зүйлийн “ё”-д “Аж ахуйн нэгж, байгууллагаас ажиллагчдынхаа байр, орон сууц, унаа, хоол, түлээ, нүүрсний үнийн талаар үзүүлж буй хөнгөлөлт зэрэг хөдөлмөрийн хөлстэй адилтгах бусад орлого” гэж заасан.

8. Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Д.******* нь 1967 оны 7 дугаар сараас эхлэн 2003 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 36 жил 1 сар синоптик инженерээр ажилласан байх бөгөөд 1997 онд 55 настайдаа 1967-1997 онд ажилласан хугацаагаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар тэтгэвэр тогтоолгох өргөдлөө нийгмийн даатгалын байгууллагад гаргаж, тэтгэвэр тогтоолгох боломжтой байсан боловч үргэлжлүүлэн ажиллаж 2003 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргаж 1998-2003 оны хоорондох таван жилийн цалинг сонгох, тэтгэвэр тогтоолгосон” гэжээ.

Д.******* нь 1967-2003 онуудад синопитик инженерээр 36 жил хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-ын 2/-т хуульчилсан заалтаар 1992 онд 50 настайдаа тэтгэвэр тогтоолгох эрхтэй байсан боловч тэтгэвэр тогтоолгоогүй үргэлжлүүлэн 1992-2002 онд буюу 50-60 нас хүртэл 10 жил нууц төвд ажилласан. Ийнхүү илүү ажилласан 10 жилээрээ тэтгэврээ нэмэгдүүлэн авах боломжийг хаагдуулж болохгүй.

Иймд учраас хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах болзлыг хангасны дараа тэтгэвэр тогтоолгоогүй үргэлжлүүлэн эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүртлээ ажилласан хугацааг тэтгэвэр нэмэгдүүлэх хугацаанд оруулж тооцно. Улсын Дээд шүүх ч ийм тайлбар гаргажээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Тэтгэвэр тогтоолгох өргөдөл, баримт бичгийг дор дурдсан хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад өгнө” 24 дүгээр зүйлийн 24.1-ийн 1/-д “өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагч тэтгэвэр тогтоолгон авахыг хүссэн хугацаандаа” гэж заасан. Би 2003 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өргөдлөө Нийгмийн даатгалын байгууллагад өгсөн. Энэ хугацаанд намайг 1992-2003 оны хороонд ажилласан гэдгийг баталж байна.

Би 2003 онд 61 настайдаа тэтгэвэр авах хүсэлт гаргасан тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид "хөдөлмөрийн хөлс" гэх/-ын 45 хувиар тогтооно”, 5 дугаар зүйлийн 2-д “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно” гэж заасан хуулийн шаардлагыг нийт 36 жил, тэтгэврийн 69 хувиар тооцсон. 1998-2003 оны хороонд таван жилийн цалингийн тодорхойлолтоор дундаж цалин 109547 төгрөг.

Өндөр насны тэтгэвэр тогтоох аргачлалыг жишээ нь дээр тайлбарлавал 20 жил шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр 49296 төгрөг /109547*45%/ 20 жилээс илүү ажилласан 16 жил /36-20/-д ногдох тэтгэвэр 26291 төгрөг /109547*16жил*1.5%/, даатгуулагч Д.*******д сард олгох өндөр насны тэтгэвэр 75587 төгрөг /49296+26291/ болно. Ийнхүү Д.*******ын тэтгэврийг хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөр үндэслэж тогтоосон байна.

Шүүгч Г.Мөнхтулга миний даатгалын 217779 дугаар тэтгэврийн дэвтэрт бичигдсэн шимтгэл төлсөн хугацаа 36.1 жил, сарын дундаж хөдөлмөрийн хөлс 109547 төгрөг, сарын тэтгэврийн хэмжээ 75587 төгрөг зэргийг нотлох баримтаар үнэлээгүй.

Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч Т.Мөнх-Эрдэнэ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2/-т заасныг зөрчиж анх удаа тэтгэвэр буруу тогтоож хохироосон.

9.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан журмын дагуу 1998-2003 оны хороонд 5 жилийн цалингийн дунджаар тодорхойлуулан 2003 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 93.444 төгрөгийн тэтгэвэр авахаар тогтоосон. Би 75587 төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон.

10.Би Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөлд 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хөдөлмөрийн хортой нөхцөлөөр хөнгөлөлттэй тогтоох тэтгэврийн нэмэгдлийн асуудлаар гомдол гаргасан. Хүн ам, бодлого хөдөлмөрийн сайдын 1995 оны 78 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийн хөнгөлөлттэй тогтоох хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын 11 дүгээр зүйлд “цаг уурын синоптик” гэж заасныг зөрчин тэтгэврийн нэмэгдлийг олгоогүй.

50 настайдаа хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохгүй үргэлжлүүлэн ажиллаж 60 нас хүртэл 10 жилийн хугацаанд ажилласан илүү жилээрээ нийт ажилласан хугацаанд нэмж тооцож, тэтгэвэр нэмэгдүүлэх хугацаанд оруулан тооцно. Тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан 10 жил*1,5=15% эсхүл 5 жил*1,5%=7.5%-ийн нэмэгдлийг 2003 онд тэтгэвэр бодуулсан 69% дээр нэмж 84% буюу 77% болгож өгнө үү гэсэн өргөдөл өгсөн. Улсад нийт ажилласан жил 46 буюу 41 жил болно.

Мөн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд өргөдөл өгсөн. Дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 19/299 дүгээр бичгээр хариу өгсөн. Үүний дараа Нийгмийн даатгалын ерөнхий газрын Даатгалын газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасан. Тус зөвлөлийн дарга Б.Батбаатарын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаар албан бичгээр хариу өгсөн.

Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Тэтгэвэр, тэтгэмжийн албаны дарга Л.Одгэрэлийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1015 дугаар албан бичгээр 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр өргөдөлд хариу өгсөн. Дээр дурдсан нотлох баримтуудаас үзэхэд миний тэтгэврийг анхнаасаа буруу тогтоож өгсөн. Миний улсад нийт ажилласан хугацаа 36 жил 1 сар, тэтгэврийн нэмэгдэл хугацаа жил нийлээд 36.1+10=46.1 жил болно.

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт БНМАУ-ын Тэтгэврийн тухай хууль, БНМАУ-ын Бага хурлын 1990 оны “БНМАУ-ын Тэтгэврийн хуулийг дагаж мөрдөх тухай” хуулийн 6 дугаар зүйл, Улсын Дээд шүүхийн 1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Тэтгэврийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан тогтоол, 1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулийн зохицуулалтаас үзэхэд хөдөлмөрийн нөхцөлийг үндэслэн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох тухай зохицуулалт нь ажилласан жилийг нэмэгдүүлэн олгох бус харин хөдөлмөрийн тодорхой нөхцөлд ажилласан эрэгтэй 60 наснаас өмнө, эмэгтэй 55 наснаас өмнө тэтгэвэрт гарах эрхийг баталгаажуулсан зохицуулалт байх бөгөөд нэхэмжлэгчийн улсад ажилласан 36 жил 1 сар /1 сарыг тооцоогүй, харин 36 жилийг тооцсон/-ыг бүрэн тооцож нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна гэж үзсэн.

Тэтгэврийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн агуулгаас үзвэл тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан иргэн өөрийн бүрэн ажилласан бөгөөд дундаж цалин, хөдөлмөрийн хөлс, орлого илүүтэй дэс дараалсан 5 жилээ сонгон авах эрхтэй. Гэхдээ энэ 5 жил нь тухайн хүний хөдөлмөрлөж байсан сүүлийн 15 жилийн дотор багтаж байх учиртай. Хэрэв уг хүн 60-аас дээш, 55-аас дээш насандаа илүү цалин орлоготой ажил хийж байгаад тэтгэврээ анх тогтоолгож байгаа бол уг хугацааг оруулан цалин, орлогоо тэтгэвэрт тогтоолгож болно. Яагаад гэвэл хуулиар тэтгэвэр бодуулах хугацааг тэтгэвэр авах эрхтэй болох настай холбоогүй. Тийм учраас тэтгэвэр авах хүсэлт гаргах наснаасаа цааш ажилласан хугацааны цалин, орлогыг тэтгэвэр бодуулах цалин, орлогод оруулан бодуулж болно. 60 нас хүртэл ажилласан хүн сүүлийн 15 жилээ 45 наснаас хойш ажилласан 15 жилийг сонгож аваад энэ дотроо багтаж дараалсан 5 жилээрээ тэтгэврээ бодуулна. Харин хөдөлмөрийн хүнд, хортой, халуун, газрын доорхи нөхцөлд ажиллаж байсан хүн өөрөө хүсвэл түүнд тухайн нөхцөлд ажилласан дараалсан 5 жилийн сарын дундаж цалин, хөдөлмөрийн хөлс, орлогыг бодож тэтгэвэр тогтоож болно гэж заасан.

Үүний гол агуулга нь хөдөлмөрийн дурдсан нөхцөлд ажилласан бол тэтгэвэр бодох 5 жил нь заавал түүний ажилласан сүүлийн 15 жилд багтаж байх алба байхгүй. Үүгээрээ хөдөлмөрийн хүнд, халуун, хортой, газрын доорхи нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийг онцлон анхаарч хөнгөлөлт үзүүлж байгаа.

12. Тэтгэвэр бодох хувийг 75% байхыг 69%-иар бууруулан бодсон, тэтгэврийн алданги 1005699 төгрөгийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд би улсад нийт 36 жил 1 сар ажилласан. 2003 онд 61 насандаа тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргаж 1998-2003 он хүртэл дараалсан 5 жилийн хөдөлмөрийн хөлсний дунджаар тэтгэвэр тогтоолгосон байна.

Миний улсад нийт ажилласан хугацаа 46 жил 1 сар. Тэтгэвэр бодуулах хувь 75%, сарын дундаж хөдөлмөрийн хөлс 136456 төгрөг, 2003 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 94154 төгрөгийн тэтгэвэр авахаар тогтоожээ.

Харин Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь шимтгэл төлсөн хугацаа 36 жил 1 сар 19 хоног. Сарын дундаж хөдөлмөрийн хөлс 109547 төгрөг, сарын тэтгэврийн хэмжээ 75587 төгрөг, тэтгэвэр олгож эхлэх 2003 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр миний тэтгэврийг 18567 төгрөгөөр дутуу тогтоосон байна. Иймд 1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Шүүхийн шийдвэрт “...нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийн хэмжээ, нэмэгдлийг тогтоохдоо түүний улсад ажилласан 36 жил 1 сарыг бүрэн тооцож нийт 69.125%-иар тэтгэврийн хэмжээг тогтоосон нь 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5%-иар, сар тутамд 0.125%-иар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно гэж заасны дагуу бодсон байх бөгөөд...” гэжээ. 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Тэтгэврийн тухай хуульд тэтгэврийн нэмэгдлийг сар тутамд 0.125%-иар бодож 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөхөөр заасан тул миний тэтгэврийн нэмэгдэлд сарыг тооцоогүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан хугацааг улсад нийт ажилласан хугацаанд нэмж тооцох хуулийн зохицуулалт байхгүй гэж үзжээ. Үүнийг тэтгэврийн хуулийн агуулгаар сэтгэн бодож, хөдөлмөрийн хортой нөхцөлөөр хөнгөлөлттэй тогтоох насны хувьд 5-10 жилээр хөнгөлсөн жилийг улсад нийт ажилласан хугацаанд тооцно. Үүнийг шүүх анхаарч хяналтдаа авна уу.

Миний нэхэмжлэлийн гол үндэслэл нь хөдөлмөрийн хортой нөхцөлөөр хөнгөлөлттэй тогтоох 50 насандаа тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй насны хувьд маргаан гарсан бөгөөд илүү ажилласан хугацаанд оруулан нэмж тооцож тэтгэвэр нэмэгдүүлэх хугацааны асуудал юм.

Ийм учраас шүүхийн журмаар улсад нийт ажилласан хугацааг 36+10=46 жил буюу 41 жилээр тогтоож өгнө үү гэж хүсэлт гаргаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн тэтгэврийн хувийн хэрэг, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 19/229, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаар албан бичиг, нэхэмжлэгч, хариуцагчийн бичгийн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас тус тус үзэхэд Д.******* нь 1967 оны 7 дугаар сарын 1-нээс 2003 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 36 жил 1 сар 19 хоног нислэгийн цаг уурын төвд синоптик инженерээр ажиллаж байгаад 2003 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгожээ. 

Нэхэмжлэгчийг ийнхүү тэтгэвэрт гаргах үед одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль дагаж мөрдөгдөж байсан, энэ хуулийн дагуу тэтгэврийг тогтоосон, харин уг хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2/-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэсэн нь гомдолд дурдсанчлан ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцох бус харин хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаад тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх иргэдийнхээс насны хувьд 5 жилийн өмнө тэтгэвэр тогтоолгох эрх олгосон зохицуулалт юм.

Өөрөөр хэлбэл уг хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу заавал 60 нас хүрэлгүйгээр 55 насандаа тэтгэвэрт гаргах эрх Цахилгаан химийн цаасаар цаг агаарын мэдээлэл авч боловсруулалт хийдэг синопитик инженерээр ажиллаж байсны хувьд нэхэмжлэгчид үүссэн, гэвч Д.******* энэ эрхээ эдлэлгүйгээр 2003 онд буюу 61 насандаа тэтгэвэрт гарсан, ийнхүү тэтгэвэрт гаргах хүртэл ажилласан жилийн цалин хөлсийг бүрэн авч байсан гэдэгтээ нэхэмжлэгч маргадаггүй.

Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайдын 1995 оны 78, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтад тус тус зааснаар цахилгаан химийн цаасаар цаг агаарын мэдээлэл авч боловсруулалт хийдэг синопитик инженер нь хөдөлмөрийн хортой нөхцөлд багтах ажил, мэргэжилд хамаарах боловч энэ нь нэхэмжлэгчийн улсад ажилласан 36 жилийг 41, эсхүл 46 жил болгон нэмэгдүүлэн, түүнээс тэтгэврийг тооцох эрх зүйн үндэслэл болохгүй. 

Өөрөөр хэлбэл тэтгэвэр бодох аргачлалын тухайд хөдөлмөрийн хэвийн болон хэвийн бус нөхцөлд ажиллаж байсан эсэхээс үл хамааран ижил буюу ямар нэгэн тусгай нэмэгдэл олгогдохгүй.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн сонгосон дараалсан 60 сард нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар тэтгэврийг тогтоосон, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн 16 жил тутамд 1.5 хувиар, 1 сард 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдлийг олгосон байх тул 69.125 хувиар тэтгэвэр тооцсоныг буруутгах боломжгүй. 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 593 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн  болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХУТЯА

ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН