Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 196

 

Д.Энхтүвшингийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Д.Энхтүвшин, гуравдагч этгээд Д.Агваан, гуравдагч этгээд Д.Агвааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1060 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0193 дугаар магадлалтай, Д.Энхтүвшингийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1060 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 17 дугаар зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.9, 13.10-д тус тус заасныг баримтлан Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэд хоорондын өмчлөлийн маргааныг эцэслэн шийдвэрлэсний дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг дахин бүртгэхийг даалгаж, Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын 30 дугаар байрын 22 тоот орон сууцны Ү-2204068936 дугаарт бүртгэгдсэн улсын бүртгэл болон гуравдагч этгээд М.Алимаагийн нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүх энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд тогтоосон хугацаанд захиргааны байгууллага бүртгэлийг шинэчлэн хийгээгүй бол уг бүртгэл хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0193 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1060 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 15 дугаар зүйлийн 15.2, 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Энхтүвшингийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 30 дугаар байрны 22 тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204068936 дугаарт Д.Агвааны өмчлөлд бүртгэсэн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн бүртгэл, М.Алимаагийн өмчлөлд бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэл, 2014 оны 12 дугаар сард зээлийн барьцаанд бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, уг орон сууцыг Д.Энхтүвшингийн нэр дээр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн 2 дахь заалтыг хасаж, 3 дахь заалтын дугаарыг 2 болгон “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гуравдагч этгээд М.Алимаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Энхтүвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ уг барилгын захиалагч Физик технологийн хүрээлэн ба гүйцэтгэгч “Ах дүүс анд” ХХК-ийг тус тус гуравдагч этгээдээр татсан. Гэвч эдгээр байгууллагуудад тус тус нягтлангаар ажиллахдаа уг барилгатай холбоотой бүхий л асуудлыг хариуцаж байсан. Н.Оюунцоог гэрчээр оролцуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.10.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Гэрч Н.Оюунцоо нь 2003 оны 08 дугаар сард Физик технологийн хүрээлэнгээс гаргахаасаа өмнө болон хүүгийнхээ “Ах дүүс анд” ХХК-д нягтлангаар ажиллахдаа уг барилгын ажлыг тус тус хариуцаж байсныг түүний мэдүүлэг болон Физик технологийн хүрээлэн ажиллагсадтайгаа байгуулсан “Орон сууц захиалан бариулах, худалдан авах тухай гэрээ” “Ах дүүс анд” ХХК-тай байгуулсан “Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч захиалагчийн хооронд байгуулсан гэрээ” хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гуравдагч этгээд Д.Агвааны шүүхэд гаргаж өгсөн төлбөрийн баримтуудын хуулбараас тус тус тодорхойлж болно.

Гэтэл захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалд тус гэрчийн худал мэдүүлгээс тус тус дурджээ. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэлийг бүрэн хангаагүйд, давж заалдах шатны шүүхийн магадлал нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоход тус тус нөлөөлжээ хэмээн үзэхээр байна.

Мөн улсын бүртгэлийн байгууллагад тухайн байрны орон сууцны өмчлөгчдийг тодорхойлж өгөх субьект нь гагцхүү иргэдтэй “Орон сууц бариулах, худалдан авах тухай гэрээ”-г байгуулж, “Ах дүүс-Анд” ХХК-тай “Барилга усралтын ажлын гүйцэтгэгч захиалагчийн хооронд байгуулсан гэрээ”-г байгуулж, иргэдийн хөрөнгөөр уг барилгыг бариулж, захиалагчийн үүргийг гүйцэтгэсэн Физик технологийн хүрээлэн юм. Харин тус барилгын ажлын гүйцэтгэгчээр ажилласан “Ах дүүс-Анд” ХХК нь өмчлөгчдийг тодорхойлох эрх зүйн чадамжгүй. Иймд тус компаниас орон сууцаа худалдан авсан гэх бодит бус гэрээ болон тус компанийн тодорхойлолт нь тухайн орон сууцны улсын бүртгэлийг хийхэд огт шаардлагагүй бөгөөд тэдгээрийг шаардах нь хууль бус хэмээн хариуцагч талд тухайн орон сууцны улсын бүртгэлийг хийхээс өмнө нэхэмжлэгч Д.Энхтүвшин би амаар болон бичгээр зохих баримтуудыг хавсаргаж шат шатанд нь хандсан. Гэтэл мэдсээр байж зөрүүдлэн зүтгэсээр гэрээнийхээ дагуу төлбөрөө бүрэн төлж, хууль ёсны өмчлөгч болсон тухай Физик технологийн хүрээлэнгийн тодорхойлолтыг бус харин хууль бус шаардлагыг нь биелүүлж, “Ах дүүс-Анд” ХХК-аас орон сууцаа худалдан авсан гэх бодит бус гэрээ, тус компанийн худлаа тодорхойлолт, Физик технологийн хүрээлэнтэй байгуулсан гэх хуурамч гэрээг бүрдүүлж өгсөн Д.Агвааны нэр дээр 22 тоот орон сууцыг бүртгэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-3.1.6, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтыг тус тус зөрчсөн хариуцагч талыг огт буруугүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй.

Тодруулбал, хэргийг хянан шийдвэрлэх явцад уг барилга баригдаж дуусаад, айлууд нь орж ашиглаж эхэлснээс хойш тус барилгын газар эзэмших эрхийн гэрчилгээг гүйцэтгэгч “Ах дүүс-Анд” ХХК өөрийн нэр дээр шилжүүлсэн нь тодорхой болсон. Мөн уг барилгыг өөрийн хөрөнгөөр барьж, айлуудад худалдаагүй, харин 2003 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Физик технологийн хүрээлэнтэй байгуулсан “Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч захиалагчийн хооронд байгуулсан гэрээ”–ний дагуу барилгын ажлыг л гүйцэтгэсэн. Айлуудыг гуйгаад байхаар нь тэрхүү хуурамч гэрээ болон тодорхойлолтыг нь хийж өгсөн гэж тус компанийн захирал М.Хатанбаатар мэдүүлж, өмчлөгчийг тодорхойлох эрхгүй субьект гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн “...татгалзах зүйлгүй” гэсэн агуулга бүхий албан бичгээрээ байр сууриа илэрхийлсэн нь бусдын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа гуравдагч этгээдэд шилжүүлсэн гэх үндэслэл болохгүй. Ийнхүү мэдсээр байж бодит бус, хуурамч баримт бичиг бүрдүүлэхийг шаардаж, тэрхүү хууль бус шаардлагыг нь биелүүлсэн л бол уг эд хөрөнгийн өмчлөгч хэмээн бүртгэл хийдэг төрийн алба гэж байх уу зэргээс хариуцагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүгчийн захирамж гарч, зөвхөн 2003 оны 05 дугаар сарын 04-нд Физик технологийн хүрээлэнтэй байгуулсан “Орон сууц бариулах, худалдан авах тухай гэрээ” болон тус гэрээнд тусгагдсан төлбөрийн тооцоогүй буюу өмчлөгч нь болохыг тодорхойлсон агуулга бүхий 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2/02 тоот Физик технологийн хүрээлэнгийн албан бичиг, өргөдөл зэргийг үндэслэн хариуцагч тал уг байрны 18 тоот орон сууцыг нэхэмжлэгч Д.Энхтүвшин, эхнэр Ө.Сарантуяа, охин Э.Эрхэм нарын нэр дээр улсын бүртгэлийг хийж нэхэмжлэлийн эхний шаардлага бүрэн хангагдсан.

Тус байрны 18 ба 22 тоот орон сууцыг өөрсдийн нэр дээр бүртгүүлэх бичиг баримтуудын бүрдэл нь яг ижил. Тодруулбал, Физик технологийн хүрээлэнтэй байгуулсан “Орон сууц бариулах, худалдан авах тухай гэрээ”-үүд болон тэдгээр гэрээнд тусгагдсан төлбөрийн тооцооны үлдэгдэлгүй буюу өмчлөгч нь болохыг тодорхойлсон агуулга бүхий Физик технологийн хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2/01, 2/02 тоот албан бичгүүд эдгээрийг 18 болон 22 тоот орон сууцыг өөрсдийн нэр дээр бүртгүүлэх хүсэлтдээ улсын бүртгэлийн байгууллагад, харин шүүхэд нэхэмжлэлийн үндэслэл болгон тус тус хавсаргаж өгсөн. Тус нотлох баримтууд нь хууль ёсны өмчлөгчийг тодорхойлох эрх зүйн чадамж бүхий этгээдийн албан бичгүүд юм.

Харин нэхэмжлэлийн 2 шаардлагын ялгаатай асуудал нь 22 тоот орон сууцны өмчлөгч нь Д.Энхтүвшин юм гэдгийг хариуцагч талд мэдэгдэж, нотолсоор байтал хуулиар хүлээсэн үүргээ умартан зөрүүдлэж, бусдад бодит бус, хуурамч бичиг баримтыг бүрдүүлэх боломж олгон тус орон сууцыг Д.Агвааны нэр дээр бүртгэсэн. Улмаар Д.Агваан нь захиргааны хэрэг үүсгэсэн захирамж гарч, эхний хурал болсноос хойш тус орон сууцыг бусдад арилжсан явдал юм. Ийнхүү гуравдагч этгээдийн эрх, ашиг хөндөгдөж тус шаардлагыг тусгаарлаж авч үзсэн нь хариуцагчийг буруугүй гэх үндэслэл болохгүй. Мөн хууль бус шаардлага тавьж өмчлөх эрхийг маань түдгэлзүүлж байснаа хариуцагч тал хүлээн зөвшөөрч, ижил нөхцөлтэй эхний шаардлага хангагдсаныг тооцох учиртай.

Гуравдагч этгээд Д.Агваан нь тус орон сууцыг Физик технологийн хүрээлэн болон Д.Энхтүвшингийн аль алинаас худалдан авсан гэж мэдүүлэх боловч гэрээ хэлцлийнхээ дагуу төлбөрөө төлөөгүй, эрх зүйн чадамж бүхий этгээдээр өмчлөгч гэдгээ тодорхойлуулаагүй. Өөрөөр хэлбэл хууль ёсны өмчлөгч гэдгээ нотлох үнэн зөв бодит баримтыг улсын бүртгэлийн албанд болон шүүхэд бүрдүүлж өгөөгүй. Мөн барилгын ажлыг гүйцэтгэгч компанид төлбөр төлж, тус орон сууцыг худалдан авсан гэх баримтыг мөн хариуцагч талд болон шүүхэд гаргаж өгсөн ч тэр нь бодит бус хуурмаг гэдгийг тэдгээрийн огноо болон төлбөрийн дүн, “Ах дүүс анд” ХХК-ийн захирал М.Хатанбаатарын буруугаа хүлээсэн мэдүүлгээс тус тус тодорхой харагдаж байгаа.

Энэ бүхэн анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт холбогдох нотлох баримтуудыг үнэлэхдээ маш хайхрамжгүй хандсаныг илэрхийлж байгаа болно. Иймд гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэргийн нөхцөл байдал тодорхой, маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримт хангалттай бүрдсэн байхад анхан шатны шүүх “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай” гэж дүгнэн маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасантай нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв дүгнэж, “Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 30 дугаар байрны 22 тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204068936 дугаарт Д.Агвааны өмчлөлд бүртгэсэн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн бүртгэл, М.Алимаагийн өмчлөлд бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэл, 2014 оны 12 дугаар сард зээлийн барьцаанд бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, уг орон сууцыг Д.Энхтүвшингийн нэр дээр бүртгэхийг даалгах” тухай Д.Энхтүвшингийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхийй болжээ.

Дээрх маргаж буй орон сууцны эрхийн улсын бүртгэлийн Ү-2204068936 дугаарт Д.Агвааны өмчлөлд бүртгэсэн хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах...”  13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “бүртгэлийн гэрчилгээ” гэх/ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана” гэж тус тус заасныг зөрчөөгүй, хууль ёсны байна.

Учир нь дээрх орон сууцыг өмчлөх эрхээ баталгаажуулахаар улсын бүртгэлийн газарт гаргасан Д.Агвааны хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгүүд нь хуульд заасан шаардлагыг хангасан, бүртгэл хийхээс татгалзах үндэслэл байгаагүйг давж заалдах шатны шүүхийн магадлалд нотлох баримтуудад үндэслэн тодорхой дүгнэжээ.

Захиргааны хэргийн шүүх харьяаллын дагуу зөвхөн маргаж буй бүртгэлтэй хамаарах захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь холбогдох хуульд нийцсэн эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар дүгнэж, шийдвэр гаргах учиртай.

Иймд маргаж буй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 30 дугаар байрны 22 тоот орон сууцыг Д.Агвааны нэр дээр бүртгэсэн бүртгэл нь холбогдох хуульд нийцсэн талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Дээрх байдлаар Д.Агваан нь орон сууцны өмчлөгч болохыг бүртгэсэн гэрчилгээ хүчинтэй байхад Д.Агваан, М.Алимаа нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Орон сууцны арилжааны гэрээ”-г үндэслэн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн бүртгэл, 2014 оны 12 сарын зээлийн барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэл зэргийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Маргааны үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлээ Д.Энхтүвшин-Физик технологийн хүрээлэн, Д.Агваан-“Ах дүүс анд” ХХК-ийн хооронд тус тус байгуулсан орон сууц захиалан бариулах, худалдах худалдан авах гэрээг үндэслэн тайлбарлаж, маргасан бөгөөд  эдгээр гэрээ, нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн хооронд үүссэн өмчлөх эрхийн талаарх харьяаллын бус асуудлаар захиргааны хэргийн шүүх дүгнэх боломжгүй.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж дүгнэх талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг давж заалдах шатны шүүх зөв хэрэгжүүлсэн байна.

Иймд “...шүүх шийдвэрээ гэрч Н.Оюунцоогийн гаргасан худал мэдүүлэгт үндэслэсэн” гэж нэхэмжлэгчийн гомдолдоо дурдсан нь үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн маргаж буй 22 тоот орон сууцны тухайд Д.Агвааны нэр дээрх бүртгэл хүчинтэй байх тул уг орон сууцны өмчлөгчөөр Д.Энхтүвшинг давхардуулан бүртгэх нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шаардлагад нийцэхгүй, үүнийг 18 тоот орон сууцыг бүртгэх ажиллагаатай адилтган тайлбарлаж, захиргааны байгууллагыг буруутгах учиргүй.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар нь өмчлөх эрхээ нотолсон, хуулиар тодорхойлсон бичиг баримтуудыг үндэслэн өмчлөх эрхийг баталгаажуулж, гэрчилгээг хуульд заасан журмын дагуу олгохоос биш өмчлөх эрхийг өөрөө тодорхойлох үүрэггүй болно.

Дээр дурдснаас үзвэл “... гэрч Н.Оюунцоогийн худал мэдүүлгийг үндэслэсэн, ... бичиг баримтын бүрдэл яг ижил байхад Улсын бүртгэлийн байгууллага нь 18 тоот орон сууцны бүртгэлийг зөвшөөрсөн атлаа 22 тоотыг бүртгээгүй байгаа...” гэх нэхэмжлэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын дагуу нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, маргаанд хамааралтай Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0193 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                        М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Л.АТАРЦЭЦЭГ