Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 857

 

 

 

 

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2019/00857

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х ХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: Хд холбодох,

 

Хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Манай компанийн хувьд дотооддоо буудай тарьж, гурил үйлдвэрлэдэг, хариуцагч Хны сонгон шалгаруулалтад дотооддоо өөрийн үйлдвэрийн тэжээл нийлүүлэх, мөн ОХУ-аас тэжээл оруулж ирэх зорилготой оролцсон. Энэ тендерт тус компанийг ******* гэж хүн төлөөлсөн ба бидний төсөл шалгарч, хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдгтэй 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өвс тэжээл, импортлон нийлүүлэх үйл ажиллагаанд баримтлах бодлогын гэрээг байгуулсан юм.

 

Уг сонгон шалгаруулалтын зорилго нь Хнаас өөрийн чиг үүрэгт хамаарах ажил үүргээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгох, үүнээс аж ахуйн нэгжүүд ашиг олох, үр дүнд нь малчид, фермерүүд өвлийг өнөтэй давах зорилготой байсан ба төсөл захиалагчийн зүгээс бодлогын гэрээгээр зохицуулалт хийх, Мнь санхүүжилт олгох үүрэгтэй байсан.

 

Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хувьд бодлогын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох зорилготой. Талуудын маргаж буй гэрээг нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захирал Д байгуулах ёстой байтал огт танихгүй Б гэж хүн гарын үсэг зурсан, ийм хүн манай компанид ажилладаггүй, харин Б гэж хүн ажилладаг, магадгүй эдгээр хүмүүсийн нэрийг буруу бичсэн байх гэж таамаглаж байна.

 

Мөн бид зээлийн гэрээний дагуу 5,000,000,000.00 төгрөгийн санхүүжилт авсан байж өөр ямар үндэслэлээр маргаж байна вэ гэвэл хариуцагч Хнаас бодлогын зохицуулалт хийнэ гэж итгээд ашиг олох зорилгоор уг сонгон шалгаруулалтад оролцсон. Гэтэл манай компанийг зээлээ авч тэжээлээ оруулж ирж, борлуулалтаа хийх гэтэл хүндрэл учирсан. Учир нь, ОХУ-д тэжээлийн олдоц ховордож, үнэ нэмэгдсэн бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хил, гаалиар орж ирэх тэжээлийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн тухай хуулийг баталсан.

 

Уг шийдвэрээс болж тэжээл импортлох нь бүх иргэн, аж ахуйн нэгжид нээлттэй болж, зах зээл дээр өрсөлдөгч бий болсноор борлуулалт багассан гэж хэлж болно. Яамны зүгээс бодлогын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтын хурлын тэмдэглэлээс харж байхад тухайн үед зах зээл дээр 51,000 тонн тэжээл хэрэгцээтэй байсан боловч хилээр 280,000 тонн тэжээл орж ирсэн.

 

Мөн өнгөрсөн жил шүлхий өвчин их гарсан тул хорио цээрийн дэглэм тогтоосноос болж тэжээлээ сумдад борлуулж чадахгүй болсон. 2017 оны 10 дугаар сард *******гийн зүгээс Хөвсгөл аймгийн сум дундын шүүхэд манай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргасан.

 

Бид, бодлогын гэрээнээс үүссэн асуудлын талаар шүүхэд хариу тайлбар гаргахад зөвхөн зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг шийднэ гэсэн бөгөөд бодлогын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгосноор зээлийн гэрээгээр авсан зээлийг алданги төлөхгүй буцаан өгөх үр дагавар үүснэ.

 

Иймд, анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү” гэв.

 

Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа, мөн тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Хны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 457 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ӨТСШ/17/11/01 тоот дугаартай өвс тэжээл, импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтыг зарласан.

 

Уг сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Х ХК-иас 2017 оны 11 дүгээр сарны 07-ны өдөр төслийн материал ирүүлж, оролцсон ба тус компанийг ******* гэж хүн төлөөлсөн. Ингээд тухайн тендерт нэхэмжлэгчийн материал шалгарч, 5,000,000,000.00 төгрөгийг хүүгүй авсан. Гэтэл нэхэмжлэгч компаниас Хыг бодлогын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж маргаж байна.

 

Манай яамнаас сум, орон нутагт шаардлагатай өвс, тэжээлийн судалгааг гарган орон нутгийн удирдлагуудад мэдээлэл хүргүүлж, борлуулах арга хэмжээг аж ахуйн нэгжтэй хамтарч авсан. Мөн төслийн сонгон шалгаруулалтаар сонгогдсон компаниудтай хамтарч нэг цэг дээрээс хямдралтай үнээр борлуулалт хийсэн.

 

Бодлогын гэрээгээр нэхэмжлэгчид зээлийн гэрээ байгуулах эрхийг олгосон ба гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Хэрэв зөвхөн тендерт шалгарсан аж ахуйн нэгжийг татвараас чөлөөлөх тохиолдолд ашиг сонирхлын зөрчил үүсэх тул Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор бүх нийтэд нээлттэй болгосон ба эдгээр гэрээг байгуулахаас өмнө нь уг хуулийг баталсан байдаг. 

 

Гэвч бодлогын гэрээгээр аж ахуйн нэгжүүдэд хүүгүй зээл олгож, тэдгээрт маш том дэмжлэг үзүүлсэн байхад алдангийг төлөхгүй байх үүдээс ийм нэхэмжлэл гаргаж байна. Шүлхий өвчин гарснаас хохирол учирсан гэж тайлбарласан, гэтэл үүнийг гэрээгээр зохицуулахдаа эрсдэл үүссэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгж хариуцна гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь бодлогын гэрээг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээнд гүйцэтгэх захирал Д гэж хүн гарын үсэг зурж, зээлийг авч ашигласан. Мөн тус компанийн гүйцэтгэх захирлын гарын үсэгтэй албан тоотоор манай яам болон *******д хандаж, зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар санал хүсэлтээ тавиагүй тул эдгээр гэрээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХК-иас хариуцагч Хд холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба тус хэрэгт шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулахдаа “талуудын хооронд байгуулсан гэрээнд компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан, гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгосноор алдангийг төлөхгүйгээр зээлийг буцаан өгөх үр дагавар үүснэ” гэсэн.  

 

Гэвч шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х ХК, хариуцагч Х болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Мнар 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өвс, тэжээл импортлон нийлүүлэх үйл ажиллагаанд баримтлах бодлогын гэрээг байгуулжээ /х.х-ийн 9-12 хуудас/.

 

            Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Хнаас өвс, тэжээл импортлох болон үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ӨТСШ/17/11/01 тоот тендерт оролцож шалгарсны үндсэн дээр тус гэрээг байгуулсан байна. Тодруулбал, нэхэмжлэгч тал хүчин төгөлдөр бус гэж маргаж буй энэ гэрээг байгуулснаар Оросын холбооны улсаас малын тэжээл импортлоход шаардагдах 5,000,000,000.00 төгрөгийг 9 сарын хугацаанд хүүгүй зээлэх эрхтэй болжээ.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х ХК нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох М-тай зээлийн гэрээ байгуулж, малын тэжээл импортлох зориулалтаар 5,000,000,000.00 төгрөгийг 9 сарын хугацаатай, хүүгүй зээлэхээр тохирсон байна /х.х-ийн 13-15 хуудас/.

 

            Тус өвс, тэжээл импортлон нийлүүлэх үйл ажиллагаанд баримтлах бодлогын гэрээ, түүний хавсралт, мөн зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.8.-д зааснаар нэхэмжлэгч тал нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвар орохгүйгээр дараах аймгуудад дор дурдсан хэмжээтэй хивэг, хорголжинг нийлүүлэх үүрэг хүлээжээ. Үүнд:

 

  • Хөвсгөл аймагт: 3,200 тонн хивэгийг 1 тоннын 367,400.00 төгрөгөөр, 1,500 тонн хорголжинг 1 тоннын 384,100.00 төгрөгөөр, нийт 1,751,830,000.00 төгрөгийн үнэ бүхий хивэг, хорголжин,

 

  • Дундговь аймагт: 2,500 тонн хивэгийг 1 тоннын 417,500.00 төгрөгөөр, 200 тонн хорголжинг 417,500.00 төгрөгөөр, нийт 1,127,250,000.00 төгрөгийн үнэ бүхий хивэг, хорголжин,

 

  • Өмнөговь аймагт: 2,500 тонн хивэгийг 1 тоннын 459,250.00 төгрөгөөр, 200 тонн хорголжинг 459,250.00 төгрөгөөр, нийт 1,239,975,000.00 төгрөг, нийлээд 4,119,055,000.00 төгрөгийн үнэ бүхий хивэг, хорголжинг нийлүүлэх үүрэг хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өвс, тэжээл импортлон нийлүүлэх үйл ажиллагаанд баримтлах бодлогын гэрээнд нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй буюу итгэмжлэл олгогдоогүй этгээд гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж маргасан.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дуламсүрэнгээс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б-д Хнаас өвс, тэжээл импортлох болон үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендерт нэхэмжлэгчийг төлөөлөх эрхийг олгосон байтал тэдгээрийн байгуулсан гэрээнд нэхэмжлэгчийг төлөөлж Б гэж хүн гарын үсэг зуржээ /х.х-ийн 107 хуудас/.

 

Гэвч талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг гэрээнд *******ийн нэрийг андуурч Б гэж бичсэн гэсэн үйл баримтын талаар маргаагүй ба  нэхэмжлэгч Х ХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр Д.Дуламсүрэнг бүртгэсэн, тус компаниас 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ӨТСШ/17/11/01 тоот тендерт оролцох хүсэл зоригоо илэрхийлсэн байна /х.х-ийн 16, 106 хуудас/.

 

Тодруулбал, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэж, мөн 83.8.-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж тус тус зааснаар Д нь нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд мөн байна.

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.-д “Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно” гэж, мөн 62.3.-т “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж тус тус заажээ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч Х ХК-ийг тус тендерт төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-д олгосон итгэмжлэлд гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгосон талаар тодорхой дурдаагүй боловч тэрээр нэхэмжлэгчийн тендерт оролцсоны зорилго болох өвс, тэжээл импортлон нийлүүлэх үйл ажиллагаанд баримтлах бодлогын гэрээнд гарын үсэг зурсан байх тул энэхүү үйлдлийг буруутгах боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3.-т “Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж, мөн 65 дугаар зүйлийн 65.1.-д “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж тус тус заасны дагуу Б-г төлөөлөх эрхгүй байсан гэж үзэхгүй.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч Х ХК болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Мнарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд нэхэмжлэгчийг төлөөлөн гүйцэтгэх захирал Д гарын үсэг зурж, гэрээний зүйл болох 5,000,000,000.00 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй.

 

Тодруулбал, зохигчдын маргаж буй өвс, тэжээл импортлон нийлүүлэх үйл ажиллагаанд баримтлах бодлогын гэрээнд ийнхүү нэхэмжлэгч тал итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан гарын үсэг зурсны дараагаар тухайн гэрээний үр дагавар болсон зээлийн гэрээг тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх гүйцэтгэх захирал байгуулсан байх тул нэхэмжлэгчийн гэрээ, хэлэлцэлд төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан гэсэн тайлбартай нийцэхгүй байна.

 

Энэ нь, Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2.-т “Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч тал өвс, тэжээл импортлон нийлүүлэх үйл ажиллагаанд баримтлах бодлогын гэрээний үр дагавар болох зээлийн гэрээг хүлээн зөвшөөрснийг илэрхийлж байна.

 

Иймд,  нэхэмжлэгчийг эрх бүхий этгээд гэрээ, хэлэлцээрт төлөөлсөн, уг гэрээний үр дүн буюу зээлийн гэрээг хүлээн зөвшөөрсөн байх тул энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс талуудын хооронд байгуулсан гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.-д зааснаар захиргааны гэрээ хэмээн тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт гаргасан.

 

Гэвч зохигчдын хооронд үүссэн маргаан нь ӨТСШ/17/11/01 тоот тендертэй холбоотой бус буюу захиргааны гэрээг дуусгавар болгох, өөрчлөх, цуцлах, илт хууль бус болохыг тогтоолгохтой холбоотой биш, харин тэдгээрийн хооронд байгуулсан гэрээний хүчин төгөлдөр эсэх тухай маргаан болно.

 

Нэхэмжлэгч Х ХК-иас уг нэхэмжлэлийг гаргахдаа нэхэмжлэлийн үнийг тодорхойлох боломжгүй учраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200.00 төгрөг төлөх хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д “Нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх буюу урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно” гэж зааснаар 70,200.00 төгрөгийг төлүүлсэн.

 

Гэтэл нэхэмжлэгч тал тэжээл импортлон нийлүүлэх үйл ажиллагаанд баримтлах бодлогын гэрээний дагуу нийт 4,119,055,000.00 төгрөгийн үнэ бүхий хивэг, хорголжинг нийлүүлэх үүрэг хүлээсэн байх тул дээр дурдсан хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4.-т “гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно” гэж зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нийт 20,753,225.00 төгрөгөөс дутуу төлсөн 20,683,025.00 төгрөгийг нөхөн төлүүлэхийг үүгээр дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Х ХК-ийн гаргасан хариуцагч Хд холбогдох өвс, тэжээл импортлон нийлүүлэх үйл ажиллагаанд баримтлах бодлогын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 20,683,025.00 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

               

    

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МАНДАЛБАЯР