| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2018/05040/и |
| Дугаар | 864 |
| Огноо | 2019-03-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 864
| 2019 оны 03 сарын 22 өдөр | Дугаар 101/ШШ2019/00864 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О-ийн гаргасан,
Хариуцагч: У-д холбогдох,
620,088.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, хариуцагч У, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай байгууллага 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч У-г 59 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр томилсон боловч тэрээр удалгүй өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн юм.
Энэ талаар хэрэгт авагдсан тус байгууллагын даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/1237 тоот тушаалд тодорхой дурдсан. Гэвч энэ тушаалын дагуу шийдвэр гүйцэтгэгчид өгсөн хувцас, хэрэгслийг буцаан авахаар болсон хэдий ч хариуцагч тал өнөөдрийг хүртэлх хугацаанд тооцоо нийлэхгүй, хувцасыг өгөхгүй байна.
Бид, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн дүрэмт хувцас, чимэг хэрэгслийг хураан авах, тооцоо хийх журмын 7 дугаар зүйлийн 7.3.-т “уг тооцоог хийгээгүй буруутай этгээдээр төлүүлнэ” гэж зааснаар 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ...... дансанд 620,088.00 төгрөгийг шилжүүлсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШЗ2019/01421 тоот захирамжаар манай байгууллагаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 620,088.00 төгрөгийг тус байгууллагын ахлах нягтлан бодогч С хувиасаа төлсөн байдаг.
Гэвч хариуцагч тал хувцас, бусад хэрэгслийг манай байгууллагаас ажлын зориулалтаар авсан учраас байгууллагын зүгээс уг төлбөрийг нэхэмжилж байна. Иймд, хариуцагч Уас дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч тал тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би, тус байгууллагад хувцасыг буцааж өгөхгүй. Учир нь, хариуцагч тал намайг ямар ч зөрчил гаргаагүй байхад миний ажил, хувийн тэмдгийг хурааж авсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн захирамжаар нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн байхад ажил хүлээлцсэн тайланг өгөхгүй байна.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн дүрэмт хувцас, чимэг хэрэгслийг хураан авах, тооцоо хийх журмын 7 дугаар зүйлийн 7.3.-т “хувцасны тооцоог хийгээгүй буруутай этгээдээр үнийг төлүүлнэ” гэж зааснаар нэгэнт 620,088.00 төгрөгийг төлчихсөн юм бол яагаад надаас нэхэмжилж байгааг ойлгохгүй байна.
Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд эвлэрэх хүсэлтэй ирсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэргүйгээр тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг хүүхдийн минь дансыг битүүмжилсэн байна. Уг төлбөрийг С төлсөн байх тул нэхэмжлэгч талд нэхэмжлэх эрх байхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О-с хариуцагч Уд холбогдуулан 620,088.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба тус хэрэгт шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулахдаа “хариуцагчид хүлээлгэн өгсөн дүрэмт хувцасны үнэ 620,088.00 төгрөгийг түүний өмнөөс холбогдох байгууллагад төлсөн тул хариуцагчаас буцаан нэхэмжилж байна” гэсэн.
Гэвч шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/429 тоот тушаалаар хариуцагч У-г нэхэмжлэгч О-д шийдвэр гүйцэтгэгчээр томилж, улмаар 2018 оны 09 дүгээр 28-ны өдрийн Б/1237 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна /х.х-ийн 6 хуудас/.
Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 270 дугаар зүйлийн 270.1.-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, шийдвэр гүйцэтгэгч, хорих байгууллагын алба хаагчаас бүрдэнэ” гэж, мөн 270.2.-т “Шийдвэр гүйцэтгэгч нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчээс бүрдэнэ” гэж тус тус заасны дагуу хариуцагч У-г О-ийн 59 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан талаар зохигчид маргаагүй.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/1237 тоот ажлаас чөлөөлөх тухай, мөн нэхэмжлэгч О-ийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/46 тоот ажил хүлээлцэх тухай тушаалд тус тус зааснаар хариуцагч У-ын хариуцсан ажил, түүнд хүлээлгэн өгсөн хувцасны тооцоог хийж дуусгахыг даалгасан байна /х.х-ийн 14 хуудас/.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байгууллагын даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/49 тоот тушаалаар баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн дүрэмт хувцсыг хураан авах, тооцоо хийх журмын дагуу байгуулагдсан комисс нь ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчийн дүрэмт хувцасны тооцоог нийлж, дуусгах үүрэгтэй ажээ /х.х-ийн 13 хуудас/.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Уд нийт 1,065,005.00 төгрөгийн үнэ бүхий иж бүрэн дүрэмт хувцас олгосон ба хариуцагчийг ажлаас чөлөөлөгдөх өдрийн байдлаар элэгдэл хорогдол тооцсон дүнгээр 620,088.00 төгрөгөөр бүртгэсэн байна /х.х-ийн 7 хуудас/.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 278 дугаар зүйлийн 278.2.-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нь цэргийн цол, дүрэмт хувцастай байна” гэж, мөн 280 дугаар зүйлийн 280.1.-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас халагдсан, чөлөөлөгдсөн, өөр ажилд томилогдсон, сонгогдсон тохиолдолд түүний цол, дүрэмт хувцас, үнэмлэх, таних тэмдэг, хувийн дугаар бүхий тэмдэг, галт зэвсэг, тусгай хэрэгслийг хураан авна” гэж, түүнчлэн 280.2.-т “Алба хаагч биеийн эрүүл мэндийн байдлаар үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр албанаас бэлтгэлээр чөлөөлөгдсөн бол ёслолын дүрэмт хувцас, цолыг түүнд хадгалуулна” гэж тус тус заажээ.
Тодруулбал, шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч буюу шийдвэр гүйцэтгэгч ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай үнэмлэх, таних тэмдэг болон дүрэмтэй хувцастай байх, тухайн ажилтан ажлаасаа чөлөөлөгдсөн, өөр ажил, албан тушаалд томилогдсон тохиолдолд дүрэмт хувцасыг буцаан өгөх үүрэг хүлээж, гагцхүү ажилтан хүндэтгэн үзэх буюу өвчний учир ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, тэтгэвэр тогтоох насанд хүрсэн, алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тохиолдолд ёслолын дүрэмт хувцасыг хадгалуулах журамтай ажээ.
Гэтэл хариуцагч У нь өөрийн хүсэлтээр О-ийн 59 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн атлаа дүрэмт хувцасыг хүлээлгэн өгөөгүй ба нэхэмжлэгчээс түүнд холбогдуулан хувцасыг бус, харин үнэ гэж элэгдэл хорогдол тооцсон дүнг хасч нийт 620,088.00 төгрөгийг нэхэмжилж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/194 тоот тушаалаар батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн дүрэмт хувцас, чимэг хэрэгслийг хураан авах, тооцоо хийх журмын 7 дугаар зүйлийн 7.3.-т “Ерөнхий газрын комисс халагдсан, чөлөөлөгдсөн албан хаагчийн дүрэмт хувцасыг хураан аваагүй, эдлээгүй хугацааны төлбөрийг барагдуулаагүй салбар, нэгжийн дарга, ерөнхий нягтлан бодогч /нягтлан бодогч/-оор дүрэмт хувцасны үнийг төлүүлнэ” гэж заажээ /х.х-ийн 8-12 хуудас/.
Тайлбарлавал, тус журмын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2.-т тус тус зааснаар халагдсан болон өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ажилтны дүрэмт хувцасыг хураан аваагүй, аль эсхүл эдлээгүй хугацааны төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд салбар, нэгжийн дарга, нягтлан бодогч нь тус төлбөрийг барагдуулах үүрэг хүлээсэн байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын маргаж буй 620,088.00 төгрөгийг ............ дансанд 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлсэн байна /х.х-ийн 15 хуудас/.
Гэтэл тус 620,088.00 төгрөгийг нэхэмжлэгч О-с төлөөгүй, харин уг байгууллагын ахлах нягтлан бодогч Ч.Саранцэцэг төлсөн байна /х.х-ийн 72, 75./.
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1.-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заасан.
Тодруулбал, хариуцагч У-ын төлбөл зохих 620,088.00 төгрөгийг тийнхүү нэхэмжлэгч О-с төлсөн тохиолдолд төлсөн хэмжээгээр хариуцагчаас буцаан нэхэмжлэх эрхтэй юм.
Гэвч уг 620,088.00 төгрөгийг нэхэмжлэгч тал төлөөгүй бөгөөд тус байгууллагын ахлах нягтлан бодогч С төлсөн байх тул нэхэмжлэгчийг бусдын өрийг сайн дураар төлж, зардал гаргасан гэж үзэхгүй. Нэхэмжлэгчээс уг төлбөрийг төлсөн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болон буцаан авах авлагаар бүртгэсэн авлага, өглөгийн тайланг хэрэгт өгөөгүй, энэ талаар тодорхой үндэслэл бүхий тайлбар өгөөгүй.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д “төсвийн байгууллагын нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө” гэж заажээ.
Нэхэмжлэгч Онь төрийн байгууллага албан газар байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-зааснаар улсын төсвөөс санхүүждэг байгууллага учраас тэмдэгтийн хураамжид төлсөн 19,250.00 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР