Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/84

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         01            17                                          2023/ШЦТ/84

                                                                                               

                                                           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж, шүүгч Г.Хатанцэцэг, шүүгч Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цасшихэр,

иргэдийн төлөөлөгч Х.Ганцэцэг,

улсын яллагч Г.Чанцалдулам,

шүүгдэгч Б.С , түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.С-  д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 03491 2821 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

0

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С  нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 03-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шар хадны 20 дугаар гудамж 317-18 тоотод Ш.Б тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар цээжин тус газарт хутгаар хутгалж эрүүл мэндэд хэвлийн өмнөд ханыг гэмтээн хэвлий хөндийд нэвтэрсэн, хатгагдсан шарх, хэвлий хөндийн цусан хураа /400мл/, хэвлийн зүүн сарвууны ар хэсгийн өнгөц хатгагдсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.С  шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Хохирогч манай төрсөн эгчийн нөхөр, 7 дугаар сарын 03-ны өдөр очоод нэг шил архи ууснаа мэдэж байгаа. Болсон үйл явдлыг санахгүй байгаа. Бид хоёр маргалдаагүй. Өс хонзонгийн асуудал, бодож, санасан зүйл байхгүй. Хэрэг гарснаас хойш Бадарчтай уулзаагүй. Уулзахаар гэхээр надтай ярьдаггүй, эгчтэй ярихаар өөртэй ярь гэдэг. Очих гэхээр зүрх хүрэхгүй байгаа. Гэм буруу дээр маргах зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Хэргийн газарт үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь 0 тоот байх ба уг тоот нь ертөнцийн зүгээр урагшаа харсан ногоон өнгийн гүйдэг дааман хаалгатай блокоор барьсан хашаа байсныг шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Хашаанд үзлэгийг явуулахад хашааны баруун буланд тоосгоор барьсан хүн амьдрах зориулалт бүхий сууц байв. Хашааны хэсэгт ертөнцийн зүгээр урагтаа харуулж барьсан цагаан өнгийн бүрээстэй гэр байв. Хэрэг учрал болсон гэх байшингийн хаалга нь ертөнцийн зүгээр урагшаа харсан цэнхэр өнгийн модон хаалга дэлгээтэй байв. Уг хаалгаар ороход үүдний хэсэгт буюу амбаар эд зүйлийг тойруулж өрж тавьсан байв. Амбаараас гэр лүү орсон хаалга нь баруун тийш харсан цэнхэр өнгийн модон хаалгаар уг хаалгаар дамжин байшин ороход гал тогооны хэрэгсэл агуулах бор шаргал өнгийн шкаф байв. Шкафын тавцан дээр гал тогооны хэрэгслүүдийг эмх замбараагүй байрлуулсан. Гал тогооны өрөөний зүүн урд хэсэгт шар өнгийн хулдаасан дээр ус асгарсан байх ба модон хүрэн өнгийн шилтэй, ажлын хэсэгт нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирдсон байсныг гэрэл зургаар баталгаажуулав. Хутганы урт 23 см, бариул 11 см, ажлын хэсэг 12 см байв. Хутгийг үзлэгийн тэмдэглэлд тусган хураан авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн том өрөөнд явуулахад ертөнцийн зүгээр урд талд нь улаан шаргал өнгөтэй модон ширээ байх ба тавцан хэсэгт “Хараа” нэртэй 0,75 литрийн савлагаатай архины шил байсныг шинжээч мэргэжилтэн гэрэл зургаар баталгаажуулж гарын мөр илрүүлэхээр нунтаг ашиглан багсаар ажиллахад гарын мөр 2 ширхэг илэрснийг өнгөгүй наалдамхай тууз ашиглан бэхжүүлэн авав. Том өрөөний ертөнцийн зүгээр баруун талд хүрэн, цагаан өнгийн оруулгатай “Алаг” буйдан байх ба буйдангийн ертөнцийн зүгээр урд хэсэг нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирдсон байсныг шинжээч мэргэжилтэн гэрэл зургаар баримтжуулав. Өрөөний зүүн талд шаргал өнгийн модон  шкаф тавиуран дээр зурагт байв. Үзлэгийг оролцогч нарт танилцуулав.” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-12 дугаар хуудас)

Эд зүйлд үзлэг хийсэн: “Уг эд мөрийн баримт нь нийт, 23 см урттай ажлын хэсэг нь 12 см, бариул хэсэг нь 11 см урттай, бор өнгийн модон бариултай хутаг байв. Хутганы гадаргуугаас  хэрэгт ач холбогдолтой ул мөр, эд мөрийн баримт илрүүлэх зорилгоор криминалистикийн шинжээч, цагдаагийн ахмад Д.Дашзэвэжийн оролцуулсан нунтагт, багс ашиглан үзлэг хийхэд ажлын хэсэгт мөр үгүй, бариул хэсэг нь модон гадаргуутай,  гарал мөр илрэх боломжгүй гадаргуутай байсныг үзлэгийн тэмдэглэлд тусган  үзлэгийг 15 цаг 40 минутад дуусгав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

Хохирогч Ш.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 03-ний өглөө 07 цагийн орчим Б.С  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай үл таних нэг залуугийн хамт орж ирсэн бөгөөд тухайн үед манай гэрт манай эхнэр Оюунчимэг, охин Тунгаа нар байсан тэгээд эхнэр, охин хоёр 9 цагийн орчимд Нарантуул зах руу ажилдаа явсан бөгөөд Б.С  нэг шил 0.5 литрийн Хараа архитай ирж бид 3 хувааж уугаад С тай хамт ирсэн залуу 10 цагийн орчим гэр лүүгээ явж С бид хоёр нэг шил 0.5 литрийн Хараа архи хувааж уугаад удалгүй С гэр лүүгээ явлаа гэж хэлээд гадагш гарсан боловч хашаан дотор хэвтэж байсан тул буцаж оруулж ирсэн. Тухайн цаг үед цаг хэд болж байсныг санахгүй байна. С дэлгүүр явж дахин 1 шил 0.5 литрийн архи авч орж ирсэн. Тэгээд бид хоёр архиа хувааж уусан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. ... тухайн хүн явсны дараа гаднаас хүн нэмж ирээгүй, С бид хоёр хоёулхнаа байсан. ... надад учруулсан гэмтлийн С л учруулсан байх...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24, 26 дугаар хуудас),

Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 сарын 03-ний өдөр өглөө 9 цагт төрсөн эцэг Бадарчийн гэрт ээж Одончимэгийн төрсөн дүү С ирсэн аавтай хамт архи ууж байсан. ...19 цаг 50 минутын орчим манайх хоол хийгээд төрсөн эцэг Барагчийг хоол ид гээд гэрт нь ороход аав Бадарч том өрөөний орон дээр дээш харсан цээжнээс нь цус гарч байсан. Өмсөж байсан фодволкыг сөхөөд харахад цус болсон байсан ба С сандал дээр хөлөө ачаад сууж байсан огт юм дугарахгүй байсан. Би шууд түргэн тусламж болон цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-З0 дугаар хуудас),

Гэрч Ж.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...болсон үйл явдлын талаар охин Болортуяагаас сонссон ба намайг гэртээ ирэхэд нөхөр Бадар орон дээрээ дээшээ хараад хэвтчихсэн байсан. ... тэр өдрөөс хойш С тай утсаар холбогдож “яаж байгаа юм бэ миний дүү” гэж хэлтэл харин тийм ээ эгчээ согтуудаа тийм юм болчихжээ, эгчийгээ зовоочихлоо гэж хэлээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),

Гэрч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би гэртээ нөхөр хүүхэдтэйгээ байж байтал өглөө 08 цаг 30 минутын үед хадам ээжийн төрсөн дүү С хадам аавын гэр лүү согтуу орж байгаа харагдсан. Тэгээд би нөхөр хүүхэдтэйгээ гэртээ байсан ба С ах хадам аав Бадарчтай гэрт нь архи ууж байсан. Тэгээд 17 цагийн үед манай нөхөр Мөнхдалай хадам аавын гэр рүү ороод удалгүй буцаж орж ирээд “Би С г алнаа” гэж хэлэхээр нь би “Яасан бээ” гэж асуутал “Аавыг хутгалаад хаячихсан байна” гэж хэлсэн. Тэгээд бид 2 түргэн тусламж дуудаад, Мөнхдалай намайг "Чи аавынх руу ороод байж бай гэж хэлсэн. Тэгээд би дотогшоо ортол С архинаасаа уугаад сууж байсан ба хадам аав Бадарч орон дээр хэвтэж байснаа "С чи намайг ингэж болохгүй” гэж хэлсэн. Тэгтэл С босож ирээд архины шил бариад "Пизда минь чамайг гүйцээчихье’ гээд дайрахаар нь би С гаас архины шилийг нь булааж аваад буцааж ширээн дээр тавиад С ахыг болиулсан. Тэгээд удалгүй хадам ээж хадам дүү орж ирээд араас нь эмнэлэг болон цагдаа нар ирсэн...гаднаас ямар нэг хүн ерөөсөө орж ирээгүй. С ах анх ирэхдээ нэг танихгүй хүнтэй ирсэн. Тухайн хүн удахгүй яваад өгсөн байшин дотор хадам аав Бадарч, С л байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн 710 дугаар: “... Ш.Б ийн биед хэвлийн өмнөд ханыг гэмтээн хэвлий хөндийд нэвтэрсэн, хатгагдсан шарх, хэвлий хөндийн цусан хураа /400мл/, хэвлийн зүүн сарвууны ар хэсгийн өнгөц хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх хэвлийн өмнөд ханыг гэмтээн хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа /400мл/ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин хэвлийн зүүн сарвууны ар хэсгийн өнгөц хатгагдсан шарх гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37- 39 дүгээр хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 02/545 дугаар: “... №1 гэж дугаарласан дакто хальсан дахь 1 ширхэг гарын мөр нь Баясгалан овогтой С н зүүн гарын эрхий хурууны хээний дардастай ерөнхий болон, зурагт улаан өнгийн будагчаар зурж, ижил цифрээр дугаарлан тэмдэглэсэн доорх хувийн шинжүүдээрээ тохирч байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 99-107 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.С  нь 2022 оны 07 сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 20-317 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи уусан Ш.Б ийг хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Ш.Б  2022 оны 07 сарын 03-ны өдрөөс хойш эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ үйлчилгээний нийт 3.515.030 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.С гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 111-114 дүгээр хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),

Ш.Б ийн өвчний түүх (хавтаст хэргийн 64-88 дугаар хуудас),

Эрүүл Мэндийн Даатгалын  Ерөнхий газрын гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл (хавтаст хэргийн 118 дугаар хуудас),             

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 113 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45 дугаар хуудас),

Таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 46-47, 48-54 дүгээр хуудас),

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас),

Б.С н хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (хавтаст хэргийн 62 дугаар хуудас), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 714 дүгээр гүйцэтгэх хуудас, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол (нийт 2 хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.С  нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 03-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шар хадны 20 дугаар гудамж 317-18 тоотод Ш.Б тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар цээжин тус газарт хутгаар хутгалж эрүүл мэндэд хэвлийн өмнөд ханыг гэмтээн хэвлий хөндийд нэвтэрсэн, хатгагдсан шарх, хэвлий хөндийн цусан хураа /400мл/, хэвлийн зүүн сарвууны ар хэсгийн өнгөц хатгагдсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иргэдийн төлөөлөгч “гэм буруутай” гэх дүгнэлтийг гаргасан.  

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.С  нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 03-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шар хадны 20 дугаар гудамж 317-18 тоотод Ш.Б тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар цээжин тус газарт хутгаар хутгалж гэмтэл учруулсан байна.

Хохирогч Ш.Б ид Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн 710 дугаар дүгнэлтээр “хэвлийн өмнөд ханыг гэмтээн хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа /400мл/” гэмтэл тогтоогдсон ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.  

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.С н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан ба 2 дахь хэсгийн 2.4 дахь хэсэгт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг зааж өгчээ.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Б.С  нь хохирогчийн цээжин тус газарт хутгалсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хохирогч Ш.Б ид Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн 710 дугаар дүгнэлтээр “хэвлийн өмнөд ханыг гэмтээн хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа /400мл/” гэмтэл тогтоогдсон байх бөгөөд дээрх цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн зэрэг  тогтоох журмын 3.1.11-т заасан хүнд амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн Тайлбарт: “-Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно.

Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэжээ.

Хутга” нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай ба хүйтэн зэвсэгт хамаарах тул шүүгдэгч Б.С  нь хохирогч Ш.Б ид зэвсэг хэрэглэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.С  нь хохирогч Ш.Б ийн цээжин тус газар нь хутгалсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүнд хохирол хоёрын хооронд шалтгаан холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.С н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “зэвсэг хэрэглэн” үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэдийн төлөөлөгч “гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдав.

Хэрэг гарах болсон шалгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Б.С  нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэх муу зуршилтай, мөн ахуйн хүрээний архидалтаас болж гарчээ. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,

513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж,

мөн 513.2 дахь хэсэгт “Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй” гэж тус тус заасан.

Хохирогч Ш.Б  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гомдол, санал, нэхэмжлэх зүйл гэсэн.

Харин иргэний нэхэмжлэгч Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газраас хохирогч Ш.Б ид үзүүлсэн эмчилгээ, үйлчилгээний төлбөрт 3,515,030 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлсэн байх ба, төлбөрийн баримт 118 дугаар хуудаст авагдсан байна.

Иймд шүүгдэгч Б.С гаас 3,515,030 төгрөгийг гаргуулан Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газарт олгож, хохирогч Ш.Б  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч нь хохирол төлбөр барагдуулахтай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулах тухай хүсэлт гаргаагүй болохыг дурьдав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.С  нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Б.С д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагч “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар заалтад зааснаар хүчингүй болгож 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай. Оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Тэрээр цагдан хоригдсон хоноггүй.” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Улсын яллагчийн саналыг сонслоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Нэгдүгээрт шүүгдэгчийн харааны эмгэгээс болж ял эдлэх нь хүндрэлтэй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч гомдол, санал нэхэмжилснийг дурдсан. Иргэний нэхэмжлэлийг төлөхөө манай үйлчлүүлэгч төлөхөө илэрхийлсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж ял шийтгэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирогч гомдол, саналгүй, хохирол, төлбөр нэхэмжлээгүй, мөн иргэний нэхэмжлэгчийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн” тул дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэж өгнө үү гэх дүгнэлтийг гаргасан.

Хэдийгээр хохирогч Ш.Б  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх боловч түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд түүнд учирсан хохирол, хор уршгийг хохирол, төлбөр нэхэмжлээгүй учраас арилсан гэж үзэхгүй тул дээрх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна.  

Иймд шүүгдэгч Б.С н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн санаатай хэлбэрээр, хутгаар буюу хүйтэн зэвсэг хэрэглэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу амь насанд аюултай гэмтэл учруулсан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Мөн шүүгдэгч Б.С д Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрлэсэн байх ба дээрх шийтгэх тогтоол нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болсон байна.

Шүүгдэгч Б.С  нь шүүхээс тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.С д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгав.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.С н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.С-  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.С д 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Шүүгдэгч Б.С д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С гаас 3,515,030 төгрөгийг гаргуулан Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газарт олгосугай.

7. Хохирогч Ш.Б  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.С н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

11. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.С д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

ДАРГАЛАГЧ

                                              ШҮҮГЧ                                      М.ТҮМЭННАСТ

                    

 

                                         ШҮҮГЧИД                                     Г.ХАТАНЦЭЦЭГ

 

 

                                                                                                 Э.ЧИНГИС