| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00800/И |
| Дугаар | 80 |
| Огноо | 2019-02-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 80
2019 оны 02 сарын 15 өдөр Дугаар 153/ШШ2019/00080 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 08-02 тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, овогтгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд их сургуульд холбогдох Ховд их сургуулийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрүүдэд явуулсан Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн бизнес менежментийн гэрээт багшийн ажил албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн эдийн засагч, статистикчийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Жаргалант суманд 1991 онд төрсөн. 2009 онд Хөдөө аж ахуйн их сургуульд Эдийн засагч, статистикч мэргэжлээр элсэн суралцаад, 2013 онд төгссөн. 2013 оноос 2014 он хүртэл Улаанбаатар эрдэм дээд сургуульд бизнесийн удирдлага магистрын анги төгссөн. 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд их сургуульд нягтлан бодогчоор 4 жил тасралтгүй ажилласан. Гэтэл Ховд их сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/315 дугаартай тушаалаар миний бие 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүүхэд асрах цалингүй чөлөө авсан байсан. Би 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр том охин Б.Номундарь, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр охин Б.Анударь нарыг төрүүлсэн. Миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасны дагуу удаа дараа хүүхэд асрах чөлөөг хүссэн бөгөөд надад байгууллагаас 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө өгсөн. Ховд их сургуулийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсныг би өнөөдрийг хүртэл мэдээгүй, надад албан ёсоор гардуулж өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасан 3 хүртэлх насны хүүхэдтэй. 2018 оны 2 дугаар сард захирал В.Сайнбаяр нь намайг дуудаж ажил албан тушаалыг чинь өөрчилнө, Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн бизнесийн удирдлагын тэнхимд эдийн засаг, статистикийн багшаар цаашид ажилла гэсэн. Улмаар Ховд их сургуулийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/15 дугаартай Гэрээт багшаар ажиллуулах тухай тушаал гаргасан. Тэгээд би 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж багшилсан.
Энэ хугацаанд 2018 оны 8 дугаар сарын 29-30-ны өдөр явуулсан Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн гэрээт багшийн бизнес менежментийн багшийн ажил албан тушаалын сонгон шалгаруулалтын асуултууд задарсан байсан бөгөөд шалгалтад оролцсон М.Даваажаргалд Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн эрхлэгч Т.Эрдэнэцэцэг нь шалгалтын 10 асуултыг өгч задруулсан байсан. Дээрх шалгалтыг зассан багш нар мэргэжлийн бус нягтлан бодох бүртгэлийн багш Т.Батчимэг, М.Сайханаа нар зассан бөгөөд мэргэжлийн бус багш нар зассанд гомдолтой байна. Шалгалтын оноогоо хүлээн зөвшөөрөхгүй байна, материалаа үзье гэж маргасан боловч надад үзүүлээгүй. Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн эдийн засагч статистикчийн багшийн ажил албан тушаалаас өнөөдрийг хүртэл чөлөөлөөгүй, чөлөөлсөн тушаал гаргаагүй байтал өнөөдрийг хүртэл миний Монгол улсын Үндсэн хуулинд заасан хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөнд гомдолтой байна. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх ёстой. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан тушаал гаргана. Ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилтанд олгоно. Иймд би Ховд их сургуульд холбогдуулан Ховд их сургуулийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрүүдэд явуулсан Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн бизнес менежментийн гэрээт багшийн ажил албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн эдийн засагч, статистикчийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Одоо миний бие нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Ховд их сургуульд холбогдуулан Ховд их сургуулийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрүүдэд явуулсан Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн бизнес менежментийн гэрээт багшийн ажил албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, Ховд их сургуулийн Санхүү албаны хөрөнгө орлого хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин нийт 3,978,425 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь өмнө шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой шинээр гаргаж өгөх нотлох баримт, санал хүсэлт байхгүй. Ховд их сургуулийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын хувийг ажилтан Л. д гардуулж өгсөн эсэх талаарх баримтыг хайгаад олоогүй. 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрүүдэд явуулсан Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн бизнес менежментийн гэрээт багшийн ажил албан тушаалын сонгон шалгаруулалт нь Ховд их сургуулийн багшийн ажлын журмын дагуу явагдсан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Иймд тус хэргийг хэрэгт цугларсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л. нь хариуцагч Ховд их сургуульд холбогдуулан Ховд их сургуулийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрүүдэд явуулсан Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн бизнес менежментийн гэрээт багшийн ажил албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн эдийн засагч, статистикчийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Л. нь Ховд их сургуульд холбогдуулан Ховд их сургуулийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрүүдэд явуулсан Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн бизнес менежментийн гэрээт багшийн ажил албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, Ховд их сургуулийн Санхүү албаны хөрөнгө орлого хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчиллөө.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Л. нь 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Ховд их сургуульд Инноваци технологи инкубатор төвийн нягтлан бодогчийн ажилд туршилтын хугацаагаар ажилд орж улмаар 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр тус сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль хариуцсан нягтлан бодогчоор жинхлэн ажиллаж, мөн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Ховд их сургуулийн орлого, эд хөрөнгө хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/315 дугаартай Ховд их сургуулийн захирлын тушаалаар 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүүхэд асрах цалингүй чөлөө авсан болох нь хэрэгт авагдсан Ховд их сургуулийн захирлын 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б/12 дугаартай “Ажилтан жинхлэн ажиллуулах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд их сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/315 дугаартай “Хүүхэд асрах чөлөө олгох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөдөлмөрийн гэрээ, Л. гийн 0735398 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Л. нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа буюу 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн бизнесийн тэнхимд гэрээт багшаар ажиллаж, мөн тус сургуулийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Санхүүгийн албаны хөрөнгө, орлого хариуцсан нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан Ховд их сургуулийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/15 дугаартай “Гэрээт багшаар ажиллуулах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд их сургуулийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Ховд их сургуульд холбогдуулан Ховд их сургуулийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:
Ховд их сургуулийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг ажил олгогч Ховд их сургууль нь ажилтан Л. д гардуулсан болох нь хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч Л. г Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд гомдлоо шүүхэд гаргасан байна гэж үзлээ.
Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2-д заасныг баримталж ажилтанг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ “Санхүүгийн албаны хөрөнгө, орлого хариуцсан нягтлан бодогч Л. гийн бичгээр гаргасан хүсэлтийг харгалзан үзэж түүнийг ажлаас чөлөөлсөн” гэж дурджээ.
Дээрх хуулийн заалтуудыг авч үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл тусгагдсан бөгөөд “ажилтан санаачилсан” гэж, 39 дүгээр зүйлийн 39.2-д хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах үндэслэлийг заасан бөгөөд “хүндэтгэн үзэх шалтгаантай эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно” гэж тус тус заажээ.
Гэтэл ажилтан Л. нь Ховд их сургуулийн Санхүүгийн албаны хөрөнгө, орлого хариуцсан нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдөх талаар бичгээр хүсэлт гаргасан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй, тэрээр бичгээр хүсэлт гаргасан эсэх нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн “...би ажлаасаа чөлөөлөгдөх талаар бичгээр хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа түр хугацаагаар гэрээт багшаар ажиллаж байсан...” гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Л. нь ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргаж байсан эсэхийг нотлохоор баримт хайгаад олоогүй. Түүний бичгээр гаргасан хүсэлт манай архив болон бичиг хэрэгт байхгүй байна...” гэх тайлбараар үгүйсгэгдэж байна. Иймд Ховд их сургуульд холбогдуулан Ховд их сургуулийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын үндэслэл нь нотлогдохгүй байх тул тус тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л. г Ховд их сургуулийн Санхүү албаны хөрөнгө орлого хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, мөн хугацаанд эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч Ховд их сургуульд даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Л. нь 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн бизнесийн тэнхимд гэрээт багшаар ажиллаж байсан болох нь тус сургуулийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/15 дугаартай “Гэрээт багшаар ажиллуулах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байх тул Л. гийн ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо хэрэгт авагдсан Л. гийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт дурдагдсан 2017 оны 9, 10 11 дүгээр сарыг үндэслэн тооцсон болно.
Ажилтан Л. гийн ажилгүй байсан 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааг тоолоход нийт 5 сар 7 өдөр байх бөгөөд энэ хугацаа дахь олговор 3,469,721 төгрөгийг хариуцагч Ховд их сургуулиас гаргуулж нэхэмжлэгч Л. д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 508,704 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л. гийн ажилгүй байсан 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон түүний Нийгмийн даатгалын дэвтэр болон Эрүүл мэндийн дэвтэрт тус тус бичилт хийхийг Ховд их сургуульд даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн дараагийн шаардлага болох 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрүүдэд явуулсан Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн бизнес менежментийн гэрээт багшийн ажил албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:
Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн бизнес менежментийн гэрээт багшийн ажил албан тушаалын сонгон шалгаруулалт 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрүүдэд Ховд их сургууль дээр явагдсан болох нь хэрэгт авагдсан ХИС-ийн НХУС-ийн бизнесийн тэнхимд багш сонгон шалгаруулалтын мэргэжлийн шалгалтын 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн протокол, ХИС-ийн НХУС-ийн бизнесийн тэнхимд багш сонгон шалгаруулалтын мэргэжлийн шалгалтын 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дүн, шалгаруулалтад оролцогчдын шалгалтын материалууд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байна. Харин тус сонгон шалгаруулалт нь холбогдох хууль, дүрэм, журмын дагуу явагдаагүй болох нь Ховд аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 38 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. Иймд 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрүүдэд Ховд их сургууль дээр явагдсан Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн бизнес менежментийн гэрээт багшийн ажил албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан Ховд их сургуулиас нэхэмжлэгч Л. г ажилд эгүүлэн тогтоосонтой холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нэхэмжлэгч Л. д олгох нөхөх олговор 3,469,721 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,466 төгрөг, нийт 140,666 төгрөгийг гаргуулан Хаан банк дахь Шүүхийн тамгын газрын улсын тэмдэгтийн хураамжийн 5866075974 дугаартай дансанд оруулах нь хуульд нийцнэ.
Хэрэгт авагдсан Ховд их сургуулийн захирлын 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б/12 дугаартай “Ажилтан жинхлэн ажиллуулах тухай” тушаалын хуулбар, Ховд их сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/315 дугаартай “Хүүхэд асрах чөлөө олгох тухай” тушаалын хуулбар, Ховд их сургуулийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/15 дугаартай “Гэрээт багшаар ажиллуулах тухай” тушаалын хуулбар, Ховд их сургуулийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, Ховд их сургуулийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/235 дугаартай тушаалын хуулбар, Ховд их сургуулийн захирлын 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/72 дугаартай “Туршилтын хугацаагаар ажиллуулах тухай” тушаалын хуулбар, Ховд их сургуулиас зарласан ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох хүмүүсийн бүртгэлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан заалтад нийцэхгүй байх тул дээрх материалуудыг хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Ховд их сургуулийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л. г Ховд их сургуулийн Санхүү албаны хөрөнгө орлого хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ховд их сургуулиас нэхэмжлэгч Л. гийн ажилгүй байсан 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх нийт 5 сар 7 өдрийн хугацаанд ногдох олговор 3,469,721 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л. д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 508,704 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л. гийн ажилгүй байсан 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг Ховд их сургуульд үүрэг болгосугай.
4.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан Ховд их сургуулиас улсын тэмдэгтийн хураамж нийт 140,666 төгрөгийг гаргуулан Хаан банк дахь Шүүхийн тамгын газрын улсын тэмдэгтийн хураамжийн 5866075974 дугаартай дансанд оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА