Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/55

 

 

 

 

 

 

    2023          01         16                                    2023/ШЦТ/55

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Д.Эрдэнэбаяр,

шүүгдэгч О.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт О-ын С-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр *** төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цаг уурын инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ** дүүргийн ** дугаар хороо, **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт О-ын С /РД:***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч О.С нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 12 цаг 54 минутын орчимд танил Г.О-ы цүнхэнд байсан “ХААН” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” /***” төвд байрлах “ХААН” банкны “АТМ”-д ашиглан *** тоот данснаас бэлэн 490.000 төгрөгийг гарган авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.С-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч О.С-д холбогдох хэргийг яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх шүүгдэгч О.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч О.С нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 12 цаг 54 минутын орчимд танил Г.О-ы цүнхэнд байсан “ХААН” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” төвд байрлах “ХААН” банкны “АТМ”-д ашиглан **** тоот данснаас бэлэн 490.000 төгрөгийг гарган авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  болох нь:

 

Шүүгдэгч О.С-ийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Г.О-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэрээсээ С-н хамт 11 цагийн орчимд хороолол орж дэлгүүр орох гээд явсан. Тэгээд хорооллын “**”  худалдааны төвд 12 цагийн үед орсон. Тэр газраас нэг пүүз, өмд авчихаад гарсан. Эмээлтээс наашаа хот орохоосоо өмнө Эмээлтэд байдаг “***” худалдааны төвийн “ХААН” банкны “АТМ”-ээс 800.000 төгрөг авчихаад 400.000 төгрөгийг нь буцаагаад данс руугаа хийсэн. Би бэлэн 400.000 төгрөг авч хотруу орсон. Миний дансанд 490.000 төгрөг үлдсэн. Тэр үед миний хажууд С хамт зогсож байсан. Хорооллоор явж байгаад үсчин орсон. Тэр үед миний цүнхнээс картыг минь авсан байж магадгүй. Дараа нь хоолны газар орсон ба хоолонд орж байх үедээ би эмийн сан орохоор гарах үед миний картыг буцаагаад цүнхэнд хийсэн байх. Би картаасаа мөнгө аваагүй байхад миний картаас зарлага гарсан байсан. Тэгээд 15 цагийн үед Эмээлт рүү буцсан. Би тэр өдөр дандаа бэлэн мөнгөөр тооцоо хийсэн, картаар тооцоо хийгээгүй. 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 10 цагийн үед дэлгүүрээс юм авах гээд хүүхдээ явуулахад манай хүүхэд над руу утсаар яриад “таны картанд дахь үлдэгдэл хүрэлцэхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гар утаснаасаа “ХААН” банкны орлого зарлагын гүйлгээгээ хартал миний данснаас 490,000 төгрөгийн гүйлгээ тэр өдөр гарсан байсан. Яг хэдэн цагийн үед гэдгийг санахгүй байна. Би 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хамт явсан С рүү ярьж дансанд байсан бүх мөнгө байхгүй болсон байна гэж хэлэхэд С “өө тийм үү, мэдэхгүй” гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш С надтай холбогдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дахь тал/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 9-11 дахь тал/,

Шүүгдэгч О.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2022 оны 05 дугаар сарын 06-ны өглөө О манайд орж ирээд төв рүү явах ажилтай, хамт явъя гэж хэлсэн. Өмсөж явсан хувцас нь муухай байсан учраас Баянгол дүүргийн “**” худалдааны төв рүү орохоор болоод Эмээлтийн “Шонхор” худалдааны төвийн “АТМ”-ээс 800.000 төгрөг авчихаад “АТМ” рүү 400.000 төгрөгийг нь буцаагаад хийсэн. Мөнгө аваад Баянгол дүүргийн “***” худалдааны төв рүү очиж О хувцас аваад хажуу талын үсчин орж үсээ угаалгасан. Үсээ угаалгаж дуусаад хажуу талын нэг өрөөнд орж хувцас өмсөх хооронд нь би цүнхнээс нь виза картыг нь авсан. Тэндээс гараад хажуу талын хоолны газар нэрийг нь мэдэхгүй байна, юм идэж байхад нь би гараад хоолны газрын хажуу талын эмийн сангийн “АТМ”-ээс 490.000 төгрөг данснаас нь авсан. Тэндээс гараад Эмээлт рүү автобусанд суугаад явж байхдаа О-ны картыг өмсөж явсан хүрмийнх нь халаасанд хийсэн... Тухайн мөнгийг би гэр бүлийн хэрэгцээнд болон хөдөө ажлаар явах гэж байсан тул түүндээ зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-рт/,

 

Шүүгдэгч О.С-ийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37-рт/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч О.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг яллагдагч О.С-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч О.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, О.С-д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх” үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

Хохирогч Г.О нь хохирол төлбөр хүлээн авсан, гомдол саналгүй талаарх баримт /хх-ийн 46-рт/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч О.С-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт О-ын С-ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. О.С-д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх” үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг О.С-д мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидийг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

8. О.С энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 
                             ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ