| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2023/0037/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/46 |
| Огноо | 2023-01-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч Б.Тогтох,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Сэрчинмаа,
Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Д.Доржханд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч *********************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********************холбогдох эрүүгийн 2338000000002 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *********************нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 8-10 тоотод өөрийн гэртээ 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох насанд хүрээгүй хохирогч ************г зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *********************нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 8-10 тоотод өөрийн гэртээ 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох насанд хүрээгүй хохирогч ************* зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2338000000002 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Хангарьд нь манай нөхрийн дүү Ганбаатарын хүүхэд юм...Миний хувьд Хангарьдыг зодож улмаар хөнгөн хохирол учруулж, өөрөө эмнэлгийн бус орчинд оёсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Энэ үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч *********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай ээж түлээгээр цохиж толгой хагалсан...Биеийн байдал гайгүй байна...Би ээжтэйгээ уулзмаар байна. Санаад байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-17-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч *********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эрүүл мэндийн даатгалын цахим системээс шүүж үзэхэд *********************нь 12 сарын 02, 05-ны өдрүүдэд амбулаторийн үзлэг, эмийн үйлчилгээ авсан байсан. Тухайн мөнгөн дүн нь 135,000 төгрөг болсон талаар гарч ирсэн. Түүний дагуу би байгууллагаа төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа. Тиймээс эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 135,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 9-р хуудас),
Гэрч *********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...10 настай *********************гэдэг хүү өөрийн хойд эх болох *********************д зодуулж толгой нь хагараад, хагалсан толгойг нь ********************* өөрөө оёдлын утсаар оёсон талаар хуралдсан. Энэ талаар *********************уулзаж ярилцахад *********************нь ярихдаа 2022 оны 11 сарын 24-ний өдөр гэртээ байхдаа өөрийн хойд эх болох *********************нь дүүгээ хараагүй, гэсэн шалтгаанаар толгойны баруун хэсэгт түлээний модоор цохиж хагалаад хагалсан, хэсгийг оёдлын утсаар оёсон гэж ярьсан. Энэ талаар өнөөдөр хамтарсан багийн гишүүд *********************тай уулзаж тодруулахад ********************* тайлбарлахдаа хүүг зодож, толгойг нь өөрөө оёсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20-р хуудас),
Гэрч *********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнөөдөр хамтарсан багийн гишүүд *********************тай очиж гэрт нь уулзахад ********************* тайлбарлан ярихдаа “би уурласан үедээ модоор цохисон юм аа” гэхээр нь би “та эмч биш байж яагаад өөрөө оёчихсон юм бэ” гэж асуухад ********************* би өөрөө оёсон гэж ярьсан. Мөн ********************* уулзаж ярилцахад ээжийнх нь талаар ярихад уйлаад байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23-р хуудас),
Гэрч *********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр үед толгой нь хагарсан оёдлын утсаар оёсон байхаар нь би сургуулийн нийгмийн ажилтан З.Мөнхжаргалтай уулзуулахад Хангарьд ярихдаа ээж толгой руу түлээгээр цохисон. Тэгээд өөрөө оёсон гэж ярьсан. Тэгэнгүүт хамтарсан баг хуралдаж энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26-р хуудас),
Гэрч *********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн эрхлэгч Дэлгэрмөрөн багш надад *********************толгойг танай эхнэр ********************* модоор цохиод хагалсан байна. Би одоо захиргаан дээр очиж хэлнэ. Чи хүүхдээ аваад яв гээд би Хангарьдыг гэр лүү аваад ирсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-29, 37-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 611 дугаартай дүгнэлтэд:
1. *********************биед духанд шарх, зулайн хуйх, дух, дагз, хүзүү, баруун далны зүүн шанаа, зүүн бугалга, шуу, зүүн гуя, зүүн чихний цайвар өнгийн сорви /шархны/ баруун шанаа, хацар, зүүн шанаа, зүүн хацарт бор өнгийн нөсөөт сорвитой /зулгаралтын/ бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн биеийн бусад хэсгийн сорви гэмтлүүд ондоо ондоо цаг хугацаанд мохоо зүйлийн олон тооны үйлчлэлээр тус тус үүсгэгдсэн байна.
3. *********************биед учирсан духны шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг, мөн биеийн бусад хэсгийн сорви гэмтлүүд тус тусдаа тухайн цаг хугацаандаа хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 20-р хуудас),
Сэтгэл зүйн дүгнэлт (хх-ийн 46-48-р хуудас),
Шүүх сэтгэц, эмгэг судлалын нэмэлт дүгнэлт шинжилгээ №02
Хөвсгөл аймгийн Тариалан сумын хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хх-ийн 80-81-р хуудас),
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 82-85-р хуудас),
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-ийн 86-97-р хуудас),
Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл (хх-ийн 99-р хуудас),
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 135,000 төгрөгийг нөхөн төлсөн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 72, 74-75-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2338000000002 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *********************нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 8-10 тоотод өөрийн гэртээ 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох насанд хүрээгүй хохирогч ****************** зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч *********************(хх-ийн 13-17-р хуудас), иргэний нэхэмжлэгч *********************(хх-ийн 9-р хуудас), гэрч *********************(хх-ийн 19-20-р хуудас), гэрч *********************(хх-ийн 22-23-р хуудас), гэрч *********************(хх-ийн 25-26-р хуудас), гэрч *********************(хх-ийн 28-29, 37-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 611 дугаартай дүгнэлт (хх-ийн 20-р хуудас),
Сэтгэл зүйн дүгнэлт (хх-ийн 46-48-р хуудас),
Шүүх сэтгэц, эмгэг судлалын нэмэлт дүгнэлт шинжилгээ №02 дугаартай дүгнэлт (хх-ийн 51-52-р хуудас),
Хөвсгөл аймгийн Тариалан сумын хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хх-ийн 80-81-р хуудас),
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 82-85-р хуудас),
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-ийн 86-97-р хуудас),
Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл (хх-ийн 99-р хуудас),
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 135,000 төгрөгийг нөхөн төлсөн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.*********************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч *********************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *********************нь насанд хүрээгүй хохирогч *********************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч Г.Хангарьд, хууль ёсны төлөөлөгч Х.Сэрчинмаа нар нь хохирол нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч Б.Мягмаржав нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 135,000 төгрөгийг нэхэмжилж байх ба Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 135,000 төгрөгийг нөхөн төлсөн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.*********************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *********************нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 75-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *********************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч *********************тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 7, нөхөр, 4 хүүхэд, ачийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2338000000002 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********************г 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *********************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 2338000000002 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********************д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР