Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 82

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 19 өдөр            Дугаар 153/ШШ2019/00082              Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт оршин суух, тоот регистрийн дугаартай овогт гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л. шүүхэд гаргасан хүсэлтдээ:Би 1969 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөсөн. Бага боловсролтой. Бага наснаасаа одоог хүртэл мал маллан амьдарч байна. Аав Лханаажав, ээж Дуламжав нар мал малладаг байсан тул миний бие бага наснаасаа мал маллаж байсан. Социализмын үед бүх хүн хөдөлмөр эрхэлдэг. Малчин айлын хүүхэд мэдээ орсон цагаасаа мал маллаж, малын ашиг шим сүү цагаан идээ, арьс шир, ноос ноолууранд улсаас төлөвлөгөө өгдөг, улс орон ажлаа тав таван жилээр төлөвлөж шахуу төлөвлөгөөтэй ажилладаг байсан тул миний бие 15 наснаасаа эхлэн нэгдлийн гишүүнд элсэн хөдөлмөр өдөр тооцуулан ажиллаж эхэлсэн.

Миний бие тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч 1984 оноос хойш ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон, ажиллаж байсан үеийн 70 дугаар дансанд хөдөлмөр өдрийг бичихдээ өрхийн тэргүүний нэрээр буюу аав Д.Лханаажавын нэрээр бичигдсэн, тушаал, шийдвэр олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Надад байгаа баримтуудыг үндэслэн намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1984 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Л. гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Нэхэмжлэгч Л. нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч 1984 оноос хойш ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон, ажиллаж байсан үеийн 70 дугаар дансанд хөдөлмөр өдрийг бичихдээ өрхийн тэргүүний нэрээр буюу аав Д.Лханаажавын нэрээр бичигдсэн, тушаал, шийдвэр олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Л. г Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1984 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л. нь  Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1984 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагаа нотлохоор дараах баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн Д.Лханаажав, Л. нарын нэр дээрх 1985-1989 оны 70-р дансны хуулбарууд,

-Л. гийн нэр дээрх 1988 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Баярын бичиг,

-Л. гийн нэр дээрх 1987 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Баярын бичиг,

-Л. гийн нэр дээрх МХЗЭ-ээс Хөдөлмөрийн алдар мөнгөн медалиар шагнагдсан түр үнэмлэх,

-Л. гийн нэр дээрх 398039 дугаартай МХЗГ-ийн Бат илэрхийлэх,

-Л. гийн 1986, 1985 онд ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг,

 

 -Л. гийн төрсний  бүртгэлийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн лавлагаа,

-Л. гийн 0701256 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Ц.Адилбишийн шүүхэд өгсөн “...миний бие Ховд аймгийн Мянгад суманд төрж өссөн бөгөөд 1986 оноос эхлэн эцэг эхийн хамт Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1996 он хүртэл мал малласан. Л. нь Лханаажавын 3 дахь хүүхэд юм. Тэрээр 3-р анги төгссөн бөгөөд 1996 он хүртэл эцэг эхийн хамт Мянгад сумын Давшилт нэгдэлд мал малласан. Хэрэгт авагдсан 1986 онд авахуулсан зураг дээр баруун буланд зогсож байгаа эрэгтэй нь тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан Бат-Эрдэнэ, голд нь дээлтэй зогсож байгаа нь мөн малчнаар ажиллаж байсан Пүрэвсүрэн нар байна. Бусадыг нь танихгүй” гэх мэдүүлэг,

-Гэрч Х.Цагаанцоожийн шүүхэд өгсөн “би 1964 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. 1983 оны 6 дугаар сараас эхлэн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд эцэг эхийн хамт мал маллаж байсан. Тэгээд 1990 он хүртэл тус нэгдэлд тасралтгүй мал малласан. Л. гийн эцгийг Лханаажав, эхийг Дуламжав гэдэг. Тэрээр 3-р анги төгссөн бөгөөд нэгдэлд эцэг эхийн хамт мал маллаж, дараа нь Лхагва гэдэг хүнтэй суусан. Тэрээр нэгдэл тарах хүртэл мал малласан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хүсэлт гаргагч Л. нь Иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж, 1990-2000 оныг дуустал нөхөн тооцуулсан байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Л. нь  Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1984 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПЗ69010307 тоот регистрийн дугаартай, Ангитулам овогт Лханаажавынгийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1984 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА