Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2025/0019

 

 

 

 

 

 

Х.Чийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, гуравдагч этгээд Ж.Б

Нэхэмжлэгч: Х.Ч

Хариуцагч: Нийслэлийн Эрүүл мэндийн газар

Гуравдагч этгээд: Ж.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд Х.Чийг томилохыг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0830 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н

Гуравдагч этгээд Ж.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2024/0157/3

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Х.Чоос нийслэлийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд Х.Чийг томилохыг даалгах”-аар маргасан.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0830 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х.Чийг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилохгүй байгаа нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Х.Чийг уг албан тушаалд томилохыг нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад даалгаж” шийдвэрлэсэн.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

3.1. “...Миний бие тухайн үед эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд оролцох боломжгүй, хөдөлгөөн хориглосон, эмчилгээтэй байгаа талаарх баримт өгч, хүсэлтээ илэрхийлсэн ... байтал шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт заасан “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасны дагуу 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр товлосон хурлыг хийж, миний гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хэлэлцэхдээ дээрх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн, хэт нэг талыг барьж, хэргийн оролцогч нарын талуудын эрхийг хангалгүй, бүдүүлгээр, шударга бусаар хэргийг шуурхай шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.

3.2. ...Мөн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан “...хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу шүүн таслах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах байсан хууль зүйн зохицуулалтыг хэрэгжүүлж чадаагүй ... хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг үнэлсэн, ямар эрх зүйн дүгнэлт хийж байгаа нь тодорхойгүй, хийсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, ... хэргийн оролцогчтой холбоотой мэтгэлцэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар зохицуулсан хууль зүйн эрх, үүрэг зөрчигдсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

4. Гуравдагч этгээдээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

4.1. “...Нэхэмжлэгч Х.Ч нь бусад этгээдтэй хамтран Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалыг эрхэлж байхдаа тус төвийн даргаар ажиллаж байсан Ц.Л-гийн гарын үсгийг дуурайлган зурж, их хэмжээний буюу 402,925,000 төгрөгийг үндэслэлгүйгээр зарцуулж байгууллагад хохирол учруулсан болох нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд тус төвд хийсэн хяналт шалгалтаар тогтоогдсон.

4.2. Тухайн шалгалтын комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвөөс 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдөр уг асуудлаар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан байх бөгөөд тухайн гомдлын дагуу Авлигатай тэмцэх газарт 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Х.Чт холбогдуулан *********  дугаартай хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь нийслэлийн Прокурорын газрын 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1/2202 дугаартай хариу мэдэгдэх хуудас, мөн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 06/12055 дугаартай албан бичиг, мөн Авлигатай тэмцэх 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 03/13930 дугаартай албан бичиг зэрэг хэрэгт цугласан нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй Х.Чт холбогдох хэргийг мөрдөн шалгаж дуусахаас өмнө түүнийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар томилохыг даалгах хэрэг маргааныг хянан шийдвэрлэж, хэрэв шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гарсан тохиолдолд нэгэнт авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй Х.Чийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар томилох нь Төрийн албаны тухай хууль болон Авлигын эсрэг хуулийг зөрчих учраас шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх нөхцөл байдал үүсэх тул гуравдагч этгээд Ж.Бгийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасны дагуу Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй Х.Чт холбогдох хэргийг хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэл хугацаанд түүнийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар томилох тухай хэрэг маргааныг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр бичгээр, мөн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд амаар илэрхийлсэн.

4.3. Гэвч шүүхээс гуравдагч этгээдийн хүсэлтийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан бөгөөд яагаад хүсэлтийг хүлээн аваагүй талаар тайлбарлаж, талуудын мэтгэлцэх эрхийг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.

4.4. Мөн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, гуравдагч этгээдээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлтүүдийг гаргасаар байхад шүүх үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан, хэргийг хянан шийдвэрлэсэн нь талуудын мэтгэлцэх боломжийг хангахгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 830 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх, дараах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

3.  Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, 

 

3.1. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газрын захиалгаар төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Комисс байгуулах тухай” 594 дүгээр тогтоолоор байгуулагдсан комисс нийслэлийн Түргэн тусламжийн төв, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулжээ.

 

3.2. Маргаж буй Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сул орон тоонд нэхэмжлэгч Х.Ч, гуравдагч этгээд Ж.Б нар өрсөлдөж, хамгийн өндөр оноо авсан оролцогч Х.Чийг Салбар зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 605 дугаар тогтоолоор томилуулахаар нэр дэвшүүлсэн байна.

 

3.3. Гуравдагч этгээд Ж.Бгаас Салбар зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 605 дугаар тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд хандан “Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн нэр дэвшүүлж, санал болгох тухай 605 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад хууль болон зохих журмын дагуу тэнцсэн Ж.Бг нэр дэвшүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байх бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0175 дугаар шийдвэрээр “Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 23 дугаар зүйлийн 23.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Бгаас Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 605 дугаар тогтоолыг хүчингүй болгож, сонгон шалгаруулалтад хууль болон зохих журмын дагуу тэнцсэн Ж.Бг нэр дэвшүүлэхийг даалгаж” шийдвэрлэсэн.

 

3.4. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2024/0284 дүгээр магадлалаар “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5,  Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.1, 16.3.2, 16.3.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Бгаас Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн нэр дэвшүүлж, санал болгох тухай 605 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад хууль болон зохих журмын дагуу тэнцсэн Ж.Бг нэр дэвшүүлэхийг даалгах тухайшаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 220 дугаар тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

3.5. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн татгалзлалын үндэслэлээ “...Ж.Бгаас сонгон шалгаруулалттай холбоотой маргаан үүсгэсэн ... маргааны явцад актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж гарсан” хэмээн тайлбарлан маргасан боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ж.Бгийн нэхэмжлэлтэй Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд холбогдох захиргааны хэрэгт тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШЗ2024/0346 дугаар захирамжаар Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2023 оны 605 дугаар тогтоолын биелэлтийг түдгэлзүүлснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 221/ШТ2024/0084 дүгээр тогтоолоор хүчингүй болгон шийдвэрлэсэн,

Гуравдагч этгээдээс “...Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвөөс 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдөр дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан байх бөгөөд тухайн гомдлын дагуу Авлигатай тэмцэх газарт 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Х.Чт холбогдуулан *********  дугаартай хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ... нэгэнт авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй Х.Чийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар томилох нь Төрийн албаны тухай хууль болон Авлигын эсрэг хуулийг зөрчих учраас шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх нөхцөл байдал үүсгэнэ” хэмээн тайлбарлан маргаж байх бөгөөд хэрэгт авагдсан Авлигатай тэмцэх газрын 9 дүгээр сарын 02-ны өдрийн 03/13930 дугаар албан бичгээс үзвэл Х.Ч нь буруутай эсэх нь эцэслэн тогтоогдоогүй гэж үзэхээр байна.

 

3.6. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т зааснаар захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх”, 4.2.5-д зааснаар “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг баримтлах учиртай. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно” гэж заасныг хариуцагч энэ тохиолдолд зөрчсөн буюу Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сул орон тоонд нэхэмжлэгч Х.Ч, гуравдагч этгээд Ж.Б нар өрсөлдөж, хамгийн өндөр оноо авсан оролцогч Х.Чийг Салбар зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 605 дугаар тогтоолыг хариуцагчид хүргүүлсээр байхад томилоогүй, энэ талаарх шат шатны шүүхийн шийдвэрүүд гарч, хуулийн хүчин төгөлдөр болсон байхад “...Ж.Б маргаан гаргасан, Х.Ч Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа” гэх зэргээр татгалзсан нь хууль бус, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

3.7. Тухайн тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагыг Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Х.Чийг дээрх албан тушаалд томилохыг нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад даалгаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

3.8. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Авлигатай тэмцэх газраас 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “...Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 43 дугаартай албан бичгээр гаргасан гомдлыг тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалган, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хэрэг бүртгэлтийн *********  дугаартай хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа” гэх агуулга бүхий 03/13930 дугаартай албан бичгийг шүүхэд ирүүлсэн, давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Авлигатай тэмцэх газарт нэг удаа гэрчийн мэдүүлэг өгсөн талаараа тайлбарласан төдийгүй уг нөхцөл байдал нь маргаан бүхий сонгон шалгаруулалтын дараа үүссэн байх тул энэ үндэслэлээр нэгэнт сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авсан оролцогчийг нэр дэвшүүлж, санал болгох тухай Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх Салбар зөвлөлийн 605 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй учир гуравдагч этгээдээс гаргасан энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

3.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй байхаар хуульчилсан. Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан уг хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг буруутгах боломжгүй тул “...Авлигатай тэмцэх газарт хянагдаж буй хэргийг хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэл хугацаанд хэрэг маргааныг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан, талуудын мэтгэлцэх эрхийг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан” гэх гуравдагч этгээдийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

3.10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 01/1424 дүгээр албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Быг томилсон байх бөгөөд 2024 оны 8 дугаар сарын 13, 27-ны өдрүүдийн шүүх хуралдаанд “Хэргийн материалтай танилцах” хүсэлтийг гаргасныг шүүх тухай бүр хүлээн авч, тус өдрүүдийн шүүх хуралдааныг хойшлуулсан, шүүхээс 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 01/6512 дугаар албан бичгээр хариуцагчид “... итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцуулах тухай” албан бичгийг хүргүүлсэн зэргээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг хангаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхээргүй байна.

 

3.11. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд, маргааны үйл баримтад холбогдуулан хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул “хэргийн оролцогчдыг мэтгэлцэх эрхээр хангаагүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0830 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

  

            ШҮҮГЧ                                                    О.ОЮУНГЭРЭЛ

 

 

            ШҮҮГЧ                                                    З.ГАНЗОРИГ

 

 

            ШҮҮГЧ                                                     Д.ОЮУМАА